📅

М.Энхболдыг огцрууллаа... Тэгээд яана гэж???

🕔 2019/01/28 13:10

Зарим нэгний тэсэн ядан хүлээж байсан өдөр маргааш болж, хамаг бүхний "гай” болсон М.Энхболд огцрох гэж байна. Төв талбай дээр хэдэн мянга хүн цугларч, жагсаал цуглаан хийж, эдүгээ зарим нь өлсгөлөн зарлаад байгаа урт удаан хугацааны "тэмцэл”-ийн үр дүн гарч байна гэж хэлж болох. Урт удаан гэж хэлэхгүй байхын ч аргагүй, зөвхөн л энэ хүнээс болж улс орон тэр чигтээ хямраад байгаа юм шиг ширүүн тэмцэл өрнөж, хэзээ ч түүнийг нүүр тулж хараагүй, бүр ямар ч мэдээлэлгүй байсан хүмүүс  ч гэсэн өстөн дайсан мэтээр үзэн ядмаар их давалгаа үүссэн. Нөгөөдөх нь ч бас хорвоогийн хамгийн "гүргэр” хүнээр тодортлоо гүрийсэн.

Өнгөрсөн долоо хоногт ч гэсэн огцруулахад зориулсан хуулийн төслийг "Мягмар гаригт хэлэлцэх боломжтой” гэснийхээ төлөө дахиад бөөн бухимдал үүсгэв. Уг нь пүрэв гаригт хүлээж авсан хүсэлтийг баасан гаригт УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэж, хэлэлцэх асуудлын хуваарьт оруулна. Даваа гаригт намын бүлгүүд, мягмар гаригт байнгын хороод хуралддаг учраас мягмар гаригт байнгын хороогоор оруулаад чуулганы хуралдаанаар хэлэлцүүлье л гэсэн хэрэг байх. Гэтэл М.Энхболд дахиад хугацаа хожиж, хуйвалдаан хийх гэж байна гэсэн хэрэг мандаж, үнэн худал нь мэдэгдэхгүй  ”Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах "наймаа”-г амжуулахын тулд цаг хойшлуулж байж гэж шуугиад амжив. Мягмар гаригт асуудлыг хэлэлцэхийг хүлээж тэвчээгүй тэмцэгчид баасан гаригт өлсгөлөн зарлаж эхлэв.  

"М.Энхболдын эсрэг таван загал” нэр өгчихмөөр болоод байгаа таван гишүүн ч мягмар гаригт М.Энхболдыг огцрохгүй бол өлсгөлөнд нэгдэх сурагтай. Янз нь огцрохгүй байх вий гэсэн айдас тэдэнд байгаа бололтой. Гэхдээ УИХ-ын даргыг огцруулах "ажил” ерөнхийдөө шуудрав бололтой.

Ингэхэд "Намар аа гэж юу сэн билээ” гэдэг шүлэг шиг УИХ-ын дарга гэдэг албан тушаал юу сан билээ. Хэдийгээр төрийн гурван өндөрлөг гэж цоллодог ч уг нь УИХ-ын дарга гэдэг бол УИХ-ын үйл ажиллагааг удирддаг ердөө л спикер, санал өгөх дээрээ тулбал нэг кноп. Хууль батлах, шийдвэр гаргах эрх мэдэл нь УИХ-ынх. Спикерийн хувьд илүү эрх мэдэл түүнд үгүй. Дээх нь үедээ бол УИХ-ын дарга өөрийн болоод намынхаа эрх ашгийн үүднээс давуу нөхцөл байдал үүсгэх ёсгүй гэсэн зааг, хэм хэмжээ байв. Саяхандаа л гэхэд өдгөөгийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, тэр үеийн УИХ-ын даргыг хувийнхаа байр суурийг спикерийн ширээнээс илэрхийлсэн гэсэн шүүмжлэл өрнөж л байв. Харин одоо УИХ-ын даргыг огцруулчихбал бүх асуудал шийдэгдчих юм шиг домог өрнөж байна.

Ингэхэд М.Энхболдыг огцрууллаа гээд асуудлууд шийдэгдэх үү? Түүнийг огцрууллаа гээд утаа багасах уу, түгжрэл шийдэгдэх үү гэсэн "мааз” шахуу асуултыг эс тооцоход МАНАН бүлэглэл устах уу, ЖДҮ-гийн хэргүүд шийдэгдэх үү, бүр наад зах нь  60 тэрбумын гэгдэх хэрэг шийдэгдэх үү гэдэг үнэндээ эргэлзээтэй. Үнэндээ эрх ашгаараа сүлэлдэж, нэг сүлжээ болсон МАНАН-ын доторх тэмцлийн л  зөрчилдөөн л гэж харагдаад байгаа гэвэл хилсдэхгүй болов уу?

Үнэндээ МАНАН Монголын ард түмний амьдралд нөлөөлж байна уу гэвэл? Яалт ч үгүй тийм. Гуравхан сая хүнийг ийм бухимдалтай, ийм том асуудлуудтай амьдруулж, үнэндээ амьдаар нь хатааж чадаж байгаа ганцхан "гавьяа” тэднийх. Цаашид ч асуудлууд шийдэгдэх гэрэл гэгээ, найдвар үнэндээ алга.

Угийн "аядуу зөөлөн”, дээр нь одоо "гүргэр” нэр нэмэгдээд байгаа М.Энхболдын оронд ямар ч алтан бөгс, мөнгөн цээжтэй, ухаан боловсролтой хүнийг томилоод асуудал өөрчлөгдөнө гэж найдах хэрэг бараг байхгүй. Зөвхөн хэний фракци унаж, хэний фракцийн хүн томилогдох вэ л гэсэн асуудал, алалцаан төдий. Их л сайндаа "Эр таван загал гишүүн" ялсан баатрын царай гаргана биз. Олон нийтийн хувьд онцын ялгаа байхгүй, бууз банш, Цагаан сарын бэлтгэл ажилдаа умбан орцгооно биз. Харин дараа нь яах бол?

Жич:УИХ-ын дараагийн дарга хэн байх тухай нэг их таавар хэлэлцээд ч хэрэггүй? "Хөшиг"-ний ард хэдийнэ шийдэгдсэн биз. Товчхондоо "тайван амгалан байцгаа" л юм биз дээ. 

А.Туяа

ЭХ СУРВАЛЖ: Infomongol.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?