📅

Д.Сүхбаатарын баримал толгой сэгсэрсэн нь

🕔 2019/01/28 12:49

Монгол нутаг газар хөдлөлийн идэвхтэй бүс бөгөөд 1957 оны 12 дугаар сарын 4-ний өдөр болсон Их Богд уулын газар хөдлөлт манай гариг дээр тохиосон асар хүчтэй цөөхөн газар хөдлөлтийн нэг байсан бөгөөд энэ хөдлөлтийн улмаас дэлхийн тэнхлэг хазайсан гэх нотолгоо байдаг аж. Их Богдын газар хөдлөлтийн хүч 10-12 балл байсан гэдэг. Тэр өдөр тэнгэрт бүртийх ч үүлгүй цэлмэг сайхан байжээ. Гэтэл өдрийн 11 цагийн үед гэнэт тоос шороо манарч, их дуу чимээ нүргэлэн, газар асар хүчтэй донсолсон байна. Хэдхэн хормын дотор газарт хэдэн зуун километрээр үргэлжлэх ан цав үүсч, газар хагарчээ. Энэхүү үүссэн хагаралыг 400 км урт гэж үздэг ч Оросын эрдэмтэд 700 км хэмээн судалгааны тайландаа дурдсан нь бий. Газрын энэ хагаралд олон тооны мал амьтан унаж үхжээ. Энэ газар хөдлөлтийг биеэр мэдэрч нүдээр харсан хүмүүс бий. Хэдэн жилийн өмнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутгаар явж байхдаа ахмад настан Н.Доржнамжимтай уулзаж тэрхүү газар хөдлөлтийн талаар товч хөөрөлдөж байв. Доржнамжим тэр үед 7-8 настай хүүхэд байжээ. Бага үдийн алдад гэнэт их битүү чимээ гарч гэр доргих шиг болсон. Хүмүүс юу болов гээд гарахад тэртээд харагдах Богд хайрханы орой дээр тэнгэр тулсан тоос шороо татаж, гэрийнх нь ойролцоо хэд хэд хэдэн газраас ус олгойдож байсан гэдэг. Улаанбаатар хотод оршин суугаа өндөр настан Адъяа гуай энэ талаар ярихдаа:
-"Тэр өдөр хоёр ч удаа газар хөдлөлт болсон. Эхлээд нэлээд хүчтэй хэрнээ эвдрэл сүйтгэл авчирахааргүй хөдлөлт болсон. Тиймээс Богд сумын албан хаагчид болон сурагчид бүгд гадаа гарчихсан байх үеэр хоёр дахь их хүчтэй хөдлөлт болсон учир хүний амь насны хохирол бага байсан гэдгийг тодотгосон юм. Газар хөдлөх үеэр уулын чулуу бэлрүүгээ ихээр өнхөрсөн бөгөөд холоос харахад олон хар сарлаг уулын уруу тоос шороо татуулан бууж байх шиг харагдсан. Энэ чулуунд даруулж хүн мал ан амьтан амь үрэгдсэн хэмээн ярьсан юм.

1957 оны 12 дугаар сарын 4-нд орон нутгийн удирдагчид Улаанбаатарт ирээд төрийн ордонд хуралдаж байжээ. Энэ үеэр Ховд аймгийн дарга Олдох үг хэлж байх үеэр тайзны ард байсан Д.Сүхбаатарын цээж баримал толгой сэгсэрчээ. Олдохын ярьж байгааг Сүхбаатар зөвшөөрөхгүй байна гэсэн шог яриа ч гараад амжиж. Гэвч энэ нь Их Богдын газар хөдлөлт Улаанбаатарт мэдрэгдсэн нь тэр байжээ. Тэр үед Намын Төв Хорооны даалгавараар Их Богдод болсон байгалийн гамшгийг газар дээр нь очиж үзэж танилцсан тухайн үеийн Намын Хянан шалгах Хорооны дарга асан Т.Гэндэн энэ тухайд хэрхэн дурссаныг сонирхоё. Газар хөдлөлтийн улмаас хоёр аймгийн дөрвөн сумын төв газрын хөрснөөс арчигдсан байв. Намхан шавар байшин нурлаа ч аюул багатай юм. Их Богд уулнаас өнхөрсөн чулуу 10-аад км зайтай байсан эзгүй гэрийг цөм цохьсон байв. Сүрхий гарз гэвэл Богд уулын аманд худгаас рашаан авч байсан Батсүх гэдэг залуу худагтаа дарагдаж амь алдсан... хэмээн өгүүлжээ. Ер нь энэ үеэр нийтдээ 30 орчим хүн эндсэн гэх олон улсын байгууллагаас гарсан тооцоо бий. Энэ явдлын дараа газраас ус оргилж 30 гаруй км урт урссан гол дөрвөн жилийн дараа татарчээ.

Мөн Их Богд уулын Бахар хэмээх уулын оргил орой хэсэг тасарч унахдаа хоёр голын хөндийг хааснаар эдүгээ "Оюу", "Номин" нэртэй үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгожээ. АНУ-ын Үндэсний газар зүйн нийгэмлэгийн тооцоолсноор маш хүчтэйд тооцогдох дэлхий нийтэд тохиосон 170 газар хөдлөлтийн 4 нь Монголд тохиосон байгаа юм.
http://www.zaluu.com/read/2h2f3g7cc

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?