📅

УИХ-ын даргад Ц.Нямдоржийг зүтгүүлэхээр тохиролцжээ

🕔 2019/01/25 11:56

УИХ-ын 40 гишүүн чуулганы хуралдааныг сар гаруй хугацаанд бойколж, Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр УИХ-ын даргыг гишүүдийн олонхоор чөлөөлдөг байх төсөл УИХ-аар батлагдсан. Хууль өнөөдөр /2019.01.25/-өөс албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжихтэй зэрэгцэн УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурснаар, УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолыг УИХ-д өргөн барина. Өөрөөр хэлбэл, 39 гишүүн дэмжиж, гарын үсэг зурснаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх тогтоолын төслөө гардуулна.

УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөл ч бэлэн болж, аль хэдийнэ 40 гишүүн гарын үсэг зурсан өнөөдөр 09.00 цагт өргөн барихад бэлэн болсон гэнэ. Энэхүү тогтоол нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн бланкан дээр бичигдсэн бөгөөд утга нь:

" Улсын Үндсэн хуулийн 27.1 дэх хэсэг, УИХ-ын тухайн хуулийн долдугаар зүйлийн 7.1.3, аравдугаар зүйлийн 10.2.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж байна” гэжээ.

Ингэхдээ УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 штрих.3-т заасан журмын дагуу хэлэлцүүлж өгнө үү гээд УИХ-ын нэр бүхий 40 гишүүний гарын үсэгтэй тогтоолыг боловсруулжээ. Уг  бичигт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Д.Мурат, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Г.Солтан, Д.Сумъяабазар, Д.Тогтохсүрэн, А.Сүхбат, Б.Жавхлан нарын нийт 40 гишүүн гарын үсэг зурсан гэж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлсэн.

УИХ-ын даргыг огцруулахтай зэрэгцэн МАН дотор дараагийн УИХ-ын дарга хэн болох вэ гэдэг марафон өрнөсөн. Үүн дотор УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ц.Нямдорж нарын хоёр ч сайдын нэр яригдаж байв. Нас, туршлагын хувьд хэн хэн нь боломжтой гэж үзэж байсан бөгөөд энэ нь зөвхөн У.Хүрэлсүхийн талаас санал болгосон нэрс. Нөгөө талаас ч мөн хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлэхээр ярилцсан гэсэн мэдээлэл ч бий. Н.Энхболд, Ц.Нямдорж нарын аль нэг нь болно гэсэн таамаг, яриа ч улс төрийн хүрээнд яригдаад удаж буй. Тэгвэл хамгийн сүүлд ярилцсан "тохироогоор” УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын дарга болгохоор болжээ. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс "дэмжээгүй” гэх бор шувуу Төрийн ордонд нисэж байна. Тэгэхээр УИХ-ын даргад Ц.Нямдоржийг дэмжвэл, түүний оронд хэн нэгэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлаар "шагнуулах” боломж гарч ирнэ. Түүнээс гадна МАН-ын хоёр талаас гарсан ажлын хэсгийн дунд Зам тээврийн хөгжлийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамдыг 27-ын фракцид өгөх тохироо хийгдсэн гэх албан бус яриа ч бий. Ямартай ч дараагийн УИХ-ын дарга томилогдвол бас нэгэн сайдын суудал эзгүйрэх нь. Харин энэ сайдын суудлыг тохироонд өгөх үү, шагналд өгөх үү гэдэг нь одоогоор тодорхой бус байгаа юм.

Ш.Чимэг

 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?