“Загалмайлсан эцэг”-ээс сэдэвлэсэн карьер
Яруу найрагч Г.Аюурзана Френсис Форд Копполагийн "Загалмайлсан эцэг” киноны хоёрдугаар ангийг замгүй олон удаа үзсэнээ нэгэнтээ ярьсан нь бий. Манай Ерөнхийлөгч ч энэ шидээвэр бүтээлийг алдарт зохиолчоос дутахгүй олон үзсэн гэдгийг, үзэхээр барахгүй сайтар суралцсан гэдгийг үйл хэрэг, үйлдлээс нь харж болно. Уг кинон дээр Дон Вито Корлеонегийн гарааны бизнес нь "Женко” хэмээх оливийн тос импортлох компани байдаг. Ирээдүйн Ерөнхийлөгч маань урдаас камер, хойноос машин зөөж босгосон компаниа энэ киноноос зээлдэн нэрлэсэн нь гангстерийн давилуун мөрөөдөл төдийхөн зүйл байгаагүйг өнөөдрийн карьер нь тодхон харуулж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрд ороод амжуулсан ажлыг тоочвол цаас, нерв хүрэлцэхгүй учраас яруу найрагч Б.Галсансүхийн "Загалмайлсан эцэг” хэмээх алдартай шүлгийн хэдэн мөрөөр илэрхийлэх саналтай байна.
"Загалмайлсан эцгүүд зүүдлэхгүй, зогсохгүй, зөрчилдөж
Заналцаж, занчилдаж, зорилго нь ханавч зорилго
Хүсэл нь хэзээ ч ханахгүй, дуусахгүй, хүнд гар
Хүйтэн царайт, халуун сэтгэлт, хар шилт
Хэнд ч ойлгогдохгүй, хэнийг ч ойлгох, хачин нууцлаг, хамгаас нуугдагч
Хуулиар дархлагдсан хулгайч - улстөрч гэдгийг ойлгосон
Хүйтэн цустай байвал хамгаас хүчтэйг ухаарсан...”
"Загалмайлсан эцэг” кинон дээр Дон Вито Корлеоне хүний хүч чадал, авьяасыг тун чадамгай ашиглаж харагддаг. Х.Баттулга уг киноноос үнэхээр сайн суралцсан гэдгийг хүнийг үнэхээр сайн ашиглаж байгаагаас нь харж болно. Түүний арга барил хүчийг нь өөрийнх нь эсрэг ашигладаг жүдогийн техникийг санагдуулам. Түүнтэй хамтарч байсан олон улстөрчид анхандаа ашиглаж байна гэж бодоцгоож байсан ч эцэстээ ашиглуулаад л хоцорсон.
Хэрэгтэй хүндээ хэрэгтэй үедээ Х.Баттулга хэрхэн өгөөмөр хандахаа мэднэ. Медиад хангалттай хүч хаясныхаа үрээр тэр хамгийн хэрэгтэй үедээ ардын баатар болж, эхлээд нам дотроосоо, дараа нь ард түмнээс олонхийн санал авч Ерөнхийлөгч болж чадсан. Тэр Ерөнхийлөгч болж чадсанаар өнөөгийн улс төрд хэрхэн уран нүүж болдогийг, улмаар УИХ-ыг гацах хэмжээнд нэг намыг талцуулж чаддаг гэдгээ харууллаа.
Х.Баттулгад шинэ хуучин хоёр сүх бий. Анхандаа түүний сүх ган байлаа. Харин одоо хүрэл болжээ. Хүрлээр цутгасан сүх ажил хийхэд тохиромжгүй ч, энд тэнд авч явахад үзэмж сайтайг хар бор ажлын зухаас нухлуулж үзсэн хүн юу эс андах билээ. Хашир улс төрийн бурхинуудыг мад тавьдаг түүний нууц нь ердөө л энэ хал үзэж, халуун чулуу долоосон амьдралын ухаан. Манай цагаан захтнуудын ард түмнээсээ тасран холдсон зайгаар Х.Баттулга амьдрал ярьсаар, амьдралд нь ойрхон юм ярьсаар орж ирээд оройд нь гарч суучихаад байна. Одоо түүний "татгалзах аргагүй санал”-ыг сонсохоос яалтай. Татгалзах аргагүй саналуудын хамгийн даацтай нь, Үндсэн хуулиа, тогтолцоогоо өөрчлөх. Гэхдээ Үндсэн хуулийн бус аргаар шүү...
О.Балдан-очир