📅

Ц.Давааням: Үйлдвэрлэл Технологийн паркаа хөгжүүлье гэвэл бүтэц зохион байгуулалтыг нь өөрчлөх хэрэгтэй

🕔 2016/03/10 10:16

Дархан-Уул аймгийн "Үйлдвэрлэл Технологийн Парк”-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваанямтай ярилцлаа.

-Танай парк анх хэзээ ямар зорилгоор байгуулагдсан бэ? Үйл ажиллагааны чинь гол чиглэл юу вэ?

-Манай парк чинь 2007 онд байгуулахдаа шинэ дэвшилтэт технологи дамжуулж нэвтрүүлэх, нутагшуулах, экспортын болон импортын бүтээгдэхүүнийг орлох үйлдвэрүүдийг бий болгох, жижиг дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байр бий болгох, байгаль орчинд ээлтэй, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан. Энэ бол манай компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь. Мөн уул уурхай, хөдөө аж ахуй, мал аж ахуйн түүхий эдээ орчин үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэлийг бий болгож эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэх зорилготой. Үүнд төр засгаас эрх зүйн орчныг нь бий болгосноор үйлдвэр технологийн паркийг ажиллах  эрх зүйг нь бий болгож үйл ажиллагаа явуулах бүх нөхцлийг нь заагаад өгчихсөн. Засгийн газраас, орон нутгаас ямар дэмжлэг хэрэгтэй вэ? гэхээр газар нутаг бүсээ бий болгох, төрөөс олгож байгаа газар нутаг дээр нь дэд бүтцийг бий болгоход шаардагдах хөрөнгө мөнгөнд нь, үнэт цаас ч юм уу? олон улсын байгууллагуудын зээлээр ч юм уу? баталгаа гаргах үүргийг хариуцаж түүнийгээ гэрээгээр ч юм уу? гадаад дотоодын компаниудын хөрөнгө оруулалтаар ч юм уу? бий болгох зорилгоор хийгдсэн л дээ.

-Ингэхээр эрх зүйн актууд бүрэн бүрдсэн гэсэн үг үү? Танай паркийн хувьд газрын асуудал нь бүрэн шийдэгдсэн үү?

-Эрх зүйн орчин бүрэн шийдэгдсэн. Өнөөгийн байдлаар манай паркийн үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэлийн гурван бүтэц байгаа. Энэ нь нийтдээ нэгдүгээр бүс нь хүнд үйлдвэрлэлийн бүс, хоёрт нь хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн бүс, гурав дахь нь шинжлэх ухаан мэдээллийн байгууллагуудын бүсэд нийтдээ 1839 га талбайд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт ямар ямар чиглэлээр нэгж компаниуд ажиллаж байна вэ? гэхээр манай Дарханд уул уурхай хар төмөрлөгийн үйлдвэрлэл явж байна. Хүдэр боловсруулах металийн үйлдвэрлэл, төмөр зам бетон дэрний үйлдвэрлэл, хөнгөн бетон блок, шохойн үйлдвэрлэл, нүүрс боловсруулах үйлдвэрүүд ажиллаж байна. Мөн нэхий, нэхий эдлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, мах, сүүний гэсэн чиглэлээр нийт 11 үйлдвэр үйл амжиллагаагаа явуулж байна.

-Шинжлэх ухаан технологийн бүс гэлээ, тэр бүсэд ямар чиглэлийн салбарууд хамаарч байна вэ?

-Тэр бүсэд бүх шатны боловсролын сургуулиуд, шинжлэх ухааны байгууллагууд хамаардаг. Их дээд сургуулиуд болон эрдэм шинжилдгээний байгууллагууд ямар зорилготой вэ? гэхээр үнэхээр энэ үйлдвэрлэлийн орчинд шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, шинэ хүнсний болон аж үйлдвэрийн эко бүтээгдэхүүн хийх, турших зэргээр ажиллаж байна.

-Шинэ эко, брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилгоор ажиллаж байгаа гэлээ. Өнгөрсөн хугацаанд яг энэ чиглэлээр шинээр гаргасан ямар бүтээгдэхүүн байна вэ?

-Яг өнгөрсөн хугацаанд гэвэл манайх 2012 онд бид ажиллах тусгай зөвшөөрлүүдээ авсан. Түүнээс хойш Дарханд ажиллаж байсан хуучин үйлдвэрүүддээ үндэслээд үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд энэ маань дөрвөн жилийн хугацаанд нэлээд амжилтууд гарсан. Нэхий эдлэлийн үйлдвэрт шинэ техник технологиуд орж ирж шинэ бүтээгдэхүүнүүд нэмэгдсэн гэх мэтээр жишээ авч болно. Гэхдээ бидний санаанд хүрсэн хэмжээнд очоогүй. Яг ажлын байр бий болсон уу? гэхээр бас сайн бий болоогүй. Өнөөдөр улс орон ч гэсэн эдийн засгийн хувьд хүндхэн байгаагаас зарим үйлдвэрүүд хэвийн ажиллаж чадахгүй байгаа зэрэг шалтгаанууд нөлөөлж байгаа.

-Тэгвэл энэ байдлаас яаж гарах вэ? гэдэг талаар ямар нэгэн юм сэдэж хийж байгаа ажил байна уу? Ингээд л байгаад байх уу?

-Цаашид яаж ажиллах вэ? гэдэг талаар манай ҮТП-д шинээр баг бүрдээд аймгийн Засаг дарга, түүний тамгын газартай хамтарч шинэлэг юм хийе гэж тохиролцоод шинээр бизнес төлөвлөгөө боловсруулаад явж байна. Ямар төлөвлөгөө вэ? гэхээр аймаг маань өөрөө цаг агаар, байгалын хувьд цэвэр ус, цэвэр агаартай таатай орчинтой, дэд бүтэц хөгжсөн бизнес явуулах боломж бүрдсэн газар. Наад захын жишээ дурдахад л эрчим хүч цахилгааны гурван эх үүсвэртэй. ОХУ-аас, төвийн эрчим хүчнээс, Дарханыхаа цахилгаан станцаас гэх мэтээр. Мөн цэвэршүүлэх байгууламжтай, цахилгаан холбооны шилэн кабелаар холбогдсон. Энэ нь олон улс, хот хооронд, аймаг сумуудтай холбогдсон. Үүн дээр бизнесийн нөхцлийн хувьд давуу тал гэвэл Дарханд үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөц хангалттай байдаг. Бид үүнд судалгаа хийж үзэхэд ямар салбарыг аль  чиглэлээр хөгжүүлж ажлын байрыг их хэмжэээгээр бий болгож болох вэ? гэдэгт эхний ээлжинд малын гаралтай түүхий эд, мах, сүү, дайвар бүтээгдэхүүн, арьс шир зэрэг. Малчдаа дэмжихийн тулд сүүний чиглэлээр дорвитой үйлдвэрлэл явуулах. Одоо чинь гадаадаас хуурай сүү аваад үйлдвэрлэл явуулж байгааг болиулж дотооддоо үйлдвэрлэдэг болох. Манай малчид чинь жилийн гуравхан сард нь малынхаа сүүг аваад бусад улиралд сүүгүй болчихдог. Үүнийг улирал бүр сүүгээ саадаг болгох ёстой. Өвөр Монгол 18 жилийн өмнө яг манай одоогийнх шиг байсан бол одоо жилийн дөрвөн улиралд малаа төллүүлдэг болсон шиг бид тийм болох учиртай. Бид зөвхөн мал аж ахуй биш газар тариалангаа ч ингэж хөгжүүлмээр байна.

-Та түрүүн гадаадын хөрөнгө оруулалтыг татах ёстой гэж байсан. Энэ чиглэлээр одоо хийгдэж байгаа юм юу байна? Ямар чиг хандлагатай байгаа вэ?

-Сая манай улс Японы Засгийн газартай хамтарч ажиллахаар болсон. Япон улс импортоор авдаг татвараа мах, сүү, үр тарианд тэглэе гэсэн. Гэхдээ зөвхөн Монголд үйлдвэрлэсэн тариа будаа, монгол малын гаралтай түүхий эдийг гээд заагаад өгчихлөө. Тэхээр ийм сайхан бизнесийн таатай орчин бүрдэж байна. Үүнийг л төр засгийн оролцоотойгоор зохион байгуулж хийх ёстой боллоо. Ингэснээр бүгд ажлын байртай, орлоготой болно. Газар тариаланд л гэхэд жишээ нь жимсний хаан чацаргана байна. Энэ чацаргана манай Дарханы хаана нь ч ургана, газар нь ч байна. Тухайлбал нэг өрхөд нэг га газар өгөе л дөө. Тэгвэл 30 мянган өрх гээд тооцвол хэчнээн болох вэ? Нэг өрх найман тонн чацаргана авлаа гэхэд түүнийг нь бид боловсруулаад өгөе л дөө боломж байгаа л байхгүй юу? Чацарганаар юу хийх вэ гэвэл гоо сайхны бараа, эм гээд зөндөө юманд хэрэглэж болно. Үүнтэй адил зөгий үржүүлж болно. Энэ мэт олон жишээ байна. Тиймээс малчдаа, тариаланчдаа анхаарая гэж байгаа. Энэ нь зөвхөн манай аймаг төдийгүй Сэлэнгэ, Булган, Орхон, Төв аймаг зэрэг байгаль орчин, гол ус, цэвэр агаар, эко орчин нөхцөлтэй бүс нутагт хэрэгжүүлэх боломжтой.

-Дархан-Уул аймгийг "Төвийн бүсийн тулгуур төв” ч гэдэг, бас ”Хойд бүсийн төв” ч гэж ч нэрлэдэг л дээ. Тэхээр яагаад өнгөрсөн дөрвөн жилд хөрөнгө оруулалт олигтой орж ирсэнгүй вэ? Яагаад энэ паркийн ажил олигтой явагдсангүй вэ? Та сая шинээр бизнес төлөвлөгөө боловсруулж байна гэлээ. Энэ 2016 онд болон дараагийн жилүүдэд танай паркийн чиглэлээр орж ирэх томоохон хөрөнгө оруулалтууд байна уу?

-Энэ дээр бид бас ярьж байгаа. Үүнд хэд хэдэн шалтгаан байгаа. Нэгд манай парк маань зуун хувь төрийн өмчит компани. Энэнд дарга, боловсон хүчний асуудлыг аймгийн ИТХ-аас шийддэг. ТУЗ-ийн гишүүдийг ИТХ-аас томилдог. Тиймээс улс төрийн тогтворгүй байдлаас болж эсрэгээр нь байнга солигдож байдаг нь нөлөөлдөг. Боловсон хүчин нь гэхэд л арай гэж нэг хөл толгойгоо олж ажлын дөр сууж байтал л дараагийн дарга нь ирж солигддог гэх мэтээр баг байхгүй улс төрийн албан тушаалаар явсаар байгаад үйл ажиллагаа нь зогсонги болчихсон. Жишээ нь Сайншандын аж үйлдвэрийн парк гээд л орон даяар л шуугиж бөөн юм болж байсан гэтэл өнөөдөр үйл ажиллагаа нь зогссон. Менежмент нь буруу байсан энэ мэтээр бүтэц зохион байгуулалт нь буруу. Тэхээр энэ бүтэц зохион байгуулалтыг өөрчлөе гэдэг дээр бид бодлого боловсруулж байгаа. Сайн менежментийг хувийн хэвшлийнхэн л хийдэг. Хувийн хэвшлийнхэн чинь сайн менежмент хийж чаддаг, ашиг орлого олж чаддаг. Төр чинь угаасаа сайн менежмент хийж чадахгүй. Тиймээс төрийн оролцоог багасгая, менежментээ сайн хийж ашиг олох, ажлын байр бий болгох чиглэлээр удирдлагын багт хувийн хэвшлүүдээ татаж оруулая гээд бүтэц зохион байгуулалтадаа  төр хувийн хэвшлийн хамтарсан байдлаар хийе гээд бичиг баримтаа бүрдүүлээд аймгийн ИТХ-д оруулахаар бэлтгэж байна.

-Ойрын үед танай аж үйлдвэрийн паркийн чиглэлээр хөрөнгө оруулалт орж ирэх үү? Шинээр хөрөнгө оруулолт орж ирвэл ажлын байр ч бий болно, шинэ шинэ бүтээгдэхүүн гарч эхлэнэ гээд эерэг тал гарна биз дээ?

-Үүн дээр бидний бодож төлөвлөж байгаа ажил гэвэл саяны хэлдэг хувийн хэвшилтай хамтарна гэдэг маань хөрөнгө оруулалт хийх хөрөнгө мөнгө босгох зорилготой. Ялангуяа дотоодынхоо компаниудтай уяад энэ дээр та нар мөнгө босгоод паркийн үйл ажиллагааг чиглүүлээд сайжруулаад юм хийгээд явуулъяа, өнөөдөр газрыг нь олгоход аймгийн Засаг дарга бэлэн байгаа. Тэгвэл бид энэ газрыг нь сонгоод дэд бүтцийг нь яаж байгуулах вэ? гэдэг тэр судалгаануудыг нь хийж гаргаад үүнд ийм төслүүд байна ийм ийм бүтээгдэхүүн гаргана гэдгийг сурталчлаад тэндээс хөрөнгө татах бүрэн бололцоотой. Энэ дээр бид их итгэлтэй байгаа л даа. Гол нь дээр миний ярьсан бүтэц зохион байгуулалтыг хийчихвэл бид компаниудаа олж татан оролцуулах боломж өндөр байгаа.

-Таны ярьж байгаа эдгээр асуудлууд гадаадад зарлагдсан уу? Тухайлбал энэ бүсийн төчнөөн га газарт тийм зориулалтын ийм үйлдвэр баригдана, төчнөөн хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй гэх мэтээр?

-Бид үүнийг чинь л хийх гээд "Дархан-хөгжил” гэсэн олон улсын форум, чуулга уулзалтыг аймгийн Засаг даргын санаачлагаар хийхээр бэлтгэж байна.

-Тэгвэл одоо болох гэж байгаа энэ эдийн засгийн чуулга уулзалтаас танай парк чухам ямар үр дүн гарахыг хүлээж байгаа вэ?

-Бид их олон үр дүн гарахыг хүсэн хүлээж байна. Үүнд аймгаас гаргаж байгаа хэд хэдэн төсөл бий. Жишээ нь: "Гудамж”, "Дугуйн зам” болон паркад зэрэг олон төслүүд бодитой хэрэгжих үндэслэлтэйгээр төлөвлөгдсөн. Эдгээрийг хийх тэр дундаа паркийнхаа чиглэлийг тулгуур болгож энэ форумыг хийж байгаа гэж ойлгож болно. Үндсэндээ бидний хүсч байгаа тэр бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө оруулалтыг татах зорилго агуулж бидэнд дэд бүтэц, эрх зүйн орчин, татварын хөнгөлөлт, үнэгүй газар зэрэг ийм таатай нөхцөл байна та нар хөрөнгө оруулж үйлдвэрээ барь гэх мэтээр уриалах юм.

-Танай парк ийм том ажлыг амжуулж цаашид авч явах боловсон хүчин, орон тоо чинь хангалттай байж чадах уу?

-Энэ үнэхээр чухал асуулт байна. Биднийг яг санаа зовоож байгаа асуудал энэ мөн. Үнэндээ манай парк чинь гуравхан хүний орон тоотой л ажиллаж байна. Энэ гурван хүн яагаад ч дийлэхгүй. Үүнийг Засаг даргатайгаа, шинжлэх ухааны байгууллагуудтайгаа, хувийн хэвшилтэйгээ, компаниутайгаа хамтарч зөвшилцөж байж энэ том юмны цаана гарна. Тиймээс л энэ зохион байгуулалтыг хийж баг байгуулж ажиллавал үр дүнд хүрнэ. Иймд манай паркийн боловсон хүчин, орон тооны асуудлыг маш богино хугацаанд л шийдвэрлэх шаардлагатай байна.

Б.Норовсамбуу


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?