📅

Су.Батболдын улстөр

🕔 2018/11/29 11:27

Хотын дарга Су.Батболд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихлөө. Өргөдөл бичсэн шалтгаан нөхцөлийг нь үнэлэх гэж оролдоё.

МАН-ын улс төрийн цаг агаар
МАН-ын Засгийн газар, 65 гишүүнтэй УИХ дүнгээ тавиулахад жил хагасын хугацаа, намынх нь 100 жилийн ой тохиоход 2 жил үлдээд байна. МАН М.Энхболд, У.Хүрэлсүхийн тал болж хуваагдаад, бүх шатанд ялчихаад хоёр дахь Засгийн газраа огцруулах хэмжээнд хүрээд байна. 2020 оны сонгууль болоход жил хагасын, Ерөнхийлөгчийн сонгууль болоход 2 жил хагасын зай үлдсэн. Иргэдийн МАН-д байтугай төрд итгэх итгэл нь суларсан ийм нөхцөлд Ардын намынхан төрийн ажилдаа биш дотоод зодоондоо эрэмгийлж байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэхийг УИХ энэ баасан гарагт шийднэ. Огцруулахгүй үлдсэн МАН-ын дотоод зөрчил Засгийн газрыг нь тогтвортой байлгах уу. Огцрууллаа гэхэд дараагийн Засгийн газрын ажлыг хийлгэх үү. Өс хонзон, цаг хугацааны хайчин галд байгаа өнөөгийн МАН-ын лидерүүд болох У.Хүрэлсүх, М.Энхболд нар АН-ын дэмжлэггүйгээр Засгийн газрын хувь заяагаа шийдэхгүй.
Монгол Улсын хүн амын тал нь суудаг Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг Ерөнхий сайдын саналаар огцруулах эсэхийг НИТХ ирэх долоо хоногийн мягмар гарагт шийднэ. НИТХ Засгийн газрын хувь заяа хааш эргэхээс шалтгаалж хотын даргын асуудлыг шийдэхээр хурлаа завсарлууллаа. Гэтэл Су.Батболд албан тушаалаа хүлээлгэж өгье гэж У.Хүрэлсүх сайдад өргөдлөө өгчихлөө. Үүгээрээ Су.Батболдын хугацаа хожсон улстөр хийж байгаа юм биш үү.

Хувь албан тушаалтнуудын санал
11 сарын 12-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын дарга С.Амарсайханд хотын дарга Су.Батболдыг "чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэх үндэслэлээр огцруулах саналтай байгаагаа хүргүүлсэн. Энэ нь Засгийн газрыг тогтоол биш бөгөөд Ерөнхий сайдаар ажиллаж байгаа У.Хүрэлсүхийн л санал.
У.Хүрэлсүх Ерөнхий сайд хэвээр үлдвэл энэ нь Монгол Улсын Ерөнхий сайдын санал хэвээр үлдэх учир НИТХ ирэх мягмар гарагт хэлэлцэж л таарна. Харин У.Хүрэлсүх Ерөнхий сайдаасаа буувал хотын дарга Су.Батболдыг огцруулах санал иргэн У.Хүрэлсүхийн л санал болж үлдэнэ. Учир нь, дараагийн Ерөнхий сайд одоогийн Нийслэлийн Засаг даргатай хамтарч ажиллах "дуртай” ч байгаа юм уу, хэн мэдлээ.
Су.Батболд өчигдөр бас л Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 12 сарын 10-ны өдрөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Монгол Улсын Засгийн газарт биш У.Хүрэлсүх гэдэг Ерөнхий сайдад гаргасан хотын даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт У.Хүрэлсүхийг огцорсны дараа хүчинтэй юу. Бас л түрүүнийх, дараагийн Ерөнхий сайд "Энэ У.Хүрэлсүхэд гаргасан хүсэлт байна. Би Су.Батболдтой ажилламаар байна” гэвэл яах вэ.

НИТХ-ын хүлээлт
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал С.Амарсайханы тал, Су.Батболдын тал болж хуваагдсан. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 17 нь Су.Батболдын, 17 нь С.Амарсайханы талд, үлдсэн 11 нь АН-ынхан. Хотын даргыг огцруулах эсэх тамга бас л АН-ын гарт. Харин НИТХ дахь АН-ынхан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийнхээ үйл хөдлөл болон МАН-ын хоёр талаас юу сарвайхыг л хүлээж байгаа болов уу. Төсөв ч батлаагүй байна, төсөв дээр тойрогт нь юу тавихыг Ардчилсан намынхан хүлээж байгаа нь мэдээж.
Нийслэлийн Засаг дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдад гаргасан хүсэлтдээ, "12 сарын 5-ны дотор Нийслэлийн 2019 оны төсвийг батлуулахаар хуульчилсан” гэжээ. Өөрөөр хэлбэл, хотын төсвийг баталсны дараагаар хотын даргын хүсэлтийг Ерөнхий сайд болгоох учиртай болж байна. НИТХ Су.Батболдыг чөлөөлвөл тэр л биз, чөлөөлөхгүй бол тэр л биз. Мань хүн ерөнхийдөө л "Засгийн газрыг огцруулбал хотын даргыг огцруулна шүү” гэсэн У.Хүрэлсүхийг барьцгүй болгочих шиг боллоо. Сүх далайтал үхэр амар гэдэг шиг Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдтэл хотын парламент хүлээзнэх нь ээ.

Хоёр талтай хожлын нүүдэл
Су.Батболд УИХ, Засгийн газарт хэд хэд ажиллаж, улстөрд удсан улстөрч. "Ерөнхий сайдтайгаа ойлголцож, хамтарч ажиллах чухал учраас намайг хүлээн зөвшөөрөхгүй бол ажлаа өгчихье өө” гэж хүсэлт гаргаснаараа өөртөө ашигтай улстөр хийлээ. Хувь улстөрчийнх нь хувьд ч, одоогийн МАН-ын дотоод зөрчилтэй холбосон ч ашигтай тусч байна.
Нэгт, МАН-ын дарга У.Хүрэлсүх Засгийн газраа авч үлдэхийн тулд заавал АН-тай тохироо хийх шаардлагатай. АН-тай тохирч чадаад Засгийн газраа үлдээж чадвал У.Хүрэлсүх Ерөнхий сайдын санал хүчинтэй бөгөөд ирэх мягмар гарагт хотын даргыг чөлөөлөх саналаа хамгаалж НИТХ-ын хуралд оролцоно. Нэгэнт АН-тай тохирсон бол НИТХ дахь АН-ын бүлэг С.Амарсайханы талд кнопоо дарж Су.Батболдыг чөлөөлж болох юм. Гэхдээ хотын төсөвт хэний тойрог дээр юу тавихаас их зүйл шалтгаална даа. Су.Батболд огцорлоо гэхэд "Би Засгийн газрын тогтвортой байдал, хот-засгийн хамтын ажиллагааг бодож өргөдлөө аль эрт өгчихсөн хүн” гээд нэр цэвэр үлдэнэ. Өөрийнхөө ажлыг тайлагнана. Энэ өнцгөөсөө хожил нь Су.Батболдын л талд.
Хоёрт, АН-тай тохирч чадалгүй Засгийн газраа огцруулбал Ерөнхий сайд биш болсон У.Хүрэлсүхийн саналыг НИТХ-аар хэлэлцэх үү, үгүй юу гэдгээ С.Амарсайханы тал дахиад бодох хэрэгтэй болно. Дараагийн Ерөнхий сайд нь 12 сарын 10 гэхэд томилогдсон байж таараад "Би Су.Батболдыг ажиллуулах байр суурьтай байна” гэсэн бичгээ НИТХ руу өгчихвөл яах вэ. НИТХ нэгэнт Су.Батболдын ажлыг 85 хувийн гүйцэтгэлтэй хангалттай гээд үнэлчихсэн. Энэ зарчмаа бариад, улс төрийн нөхцөлөө анхаараад Су.Батболдыг огцруулахгүй гэсэн шийдвэр гаргаж болно. Энэ нөхцөлд ч Су.Батболд "Би албан тушаалтай зууралддаггүй хүн. Авна гэвэл өгч л орхино” гэж улстөр хийж магадгүй. Бас л өөрт нь хожоотой.

Newspress.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?