📅

Г.Галбадрах:Хариуцлагатай уул уурхай хүнээ нэгд тавьдаг...

🕔 2018/09/14 12:51

Г.Галбадрах:Хариуцлагатай уул уурхай хүнээ нэгд тавьдаг...

 

Мэргэжил бүхэн сайхан гэж нэг сайхан хэлц үг бий. Улс орны маань эдийн засгийн салбарыг нэгэн жарнаар тогтохгүй хугацаанд "ширлэх” уул уурхайн салбарт залуу  насны амьдралаа зориулсан Монгол Улсын Гавьяат, ахмад уурхайчин Г.Галбадрахтай уулзаж ярилцлаа. Тэрбээр Увс аймгийн хар Тарвагатай, Өмнөговь аймгийн Таван толгой, Төв аймгийн Төгрөг нуур, Алтайн хүдэр Таян нурууны уурхайн даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.

-Уул уурхай гэхээр нэг их мөнгө гэж хардаг болж. Ахмад уурхайчнаас асуухгүй өнгөрч болохгүй байх. Өвгөдөөс өвлүүлсэн баялгаар улс орон маань дэлхийн энд яригдаж байна. Гэвч онооноос илүү алдаа их байх шиг, энэ салбарт?  

-Би олон уурхайд ажиллаж байсан хүн. Очсон газар болгоныхоо ажлыг "босгодог” байснаараа бахархдаг. Ажил хийж байхдаа ашиг хонжоо харж яваагүй ээ. Одоо бодох нь ээ,  хувьцаа энэ тэр сонирхож байгаагүйдээ хааяа нэг харамсах ч гэх үү, сэтгэгдэл төрдөг л юм. Харамсах сэтгэгдэл төрдгийн учиг, ажиллаж амьдарч явсан уурхайнуудынхаа талаар таагүй мэдээлэл, мэдэхгүй улсын ярианаас болж хий шуугиж байхыг хараад эмзэглэдгээс л ихэвчлэн болох юм. Товчхондоо мэддэг зүйлийн маань талаар мэдэхгүй улс мэдэмхийрч буйг гаднаас нь хараад бухимддаг.

-Та орон нутгийн олны нэрлэж заншснаар орон нутгийн Тавантолгойн уурхайн даргаар хэдэн оны үед ажиллаж байсан юм бэ?

-Би 1981-1986 он хүртэл Тавантолгойн уурхайн даргаар ажилласан хүн. Тавантолгойг одоо орон нутгийнх гээд байдагт дургүй. Би энэ уурхайдаа хайртай учраас эцэг, эх уурхай гэж боддог. Хүмүүс жижиг Тавантолгой, орон нутгийн гэж жижигрүүлж хүний тархинд нэг юм хийгээд байна. Тавантолгой 60 жилийн ойгоо хийх гэж буй "эх”  уурхай. Нарийн яривал эцэг уурхай... Монгол хүний жудгаар бодсон ч эцэг уурхай руугаа ингэж элдвээр давшлах нь зохисгүй харагддаг. Лиценз нэртэй цаасаар хувааж авчихаад, миний талбай руу, чиний талбай руу орчихлоо гэж хэрэлдээд байх нь муухай санагддаг. Үнэндээ миний хувьд уурхай руу очилгүй олон жил болсон учраас яг юу болж байгааг мэдэхгүй.  Олонхийн адил хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авч байна. Тэгээд уурхайчин, тэнд ажиллаж байсан хүний хувьд,  за хуучин Тавантолгойн хил хязгаар байжээ, тэрийг нь тойруулаад баахан компаниуд лиценз нэрээр авчихаж гэсэн л ойлголттой явдаг. Лиценз нэрээр авсан нь ч, эх Тавантолгой ч ялгаагүй ард түмний өмч. Харин эцэг, эх Тавантолгой жаахан нүүрс гаргаад, Өмнөговийнхоо ард түмэнд өгөөд байна. Ашгийг нь 400 хэдэн тэрбум гэж мэдээллэж байгаагаас харахад, ашигтай ажиллаж байна. Ашгаа ард түмэнд тарааж, улсдаа жишиг болохуйц татвар төлөөд байна. Тэгвэл нөгөө бусад Тавантолгойнууд нь юу тараачихсан юм бэ, хэнд юу өгчихсөн юм бэ. Бодоод үз л дээ. Иргэн бүрт хувь хүртээж, 1072 хувьцаа өгнө гээд л байсан. Иргэдэд ашиг өгөх болохоор өнөө хувьцааных нь үнэ 325 төгрөг болчихдог. Гэтэл эх Тавантолгойн нэгж хувьцааны үнэ ес, арван мянган төгрөг болсон гэх мэдээ гардаг. Сонин санагдаад байдаг юм. Дашрамд хэлчихэд би олон уурхайн даргаар ажилласан ч гэсэн Тавантолгойн уурхайн нэг ч хувьцаа байхгүй. Баянтээгийн уурхайн даргаар ажиллаж л байсан. Бас л нэг ч хувьцаа байхгүй. Хувьцааны ач холбогдолыг ч нарийн сайн мэдэхгүй юм. Хааяа тэр үед нь авчихгүй яав гэх бодол төрдөг л юм, юуг нь нуухав. Тавантолгойн хувьцааг сонирхоод харж л байсан. 98-100 төгрөг гэж байсан санагдана. Миний харамсах сэтгэл тэр. Өөрийн хувиас...

-Нэгэнт яриа маань уул уурхайн салбартай холбоотой учраас лавлах юм бас байна. Тухайлбал уулын ажлын төлөвлөгөөгүйгээр зургаан жил үйл ажиллагаа явуулсан гэж УИХ-ын гишүүн мэдэгдэл хийлээ. Байж болох асуудал уу?

-Тийм юм хаа ч байхгүй. Уулын ажлын төлөвлөгөөгүйгээр уурхай зургаа долоон жил үйл ажиллагаа явуулна гэж дэлхийд ч байхгүй шүү. Хэрвээ үнэхээр тийм юм бол салбарын яамтай нь ярь. Хэдийгээр энэ цагт яамны сайдын албыг улс төрийн албан тушаал гэх болсон ч тэрний доор мэргэжлийн хүн ажиллаж л байгаа... Жил болгон уулын ажлын төлөвлөгөө баталж байж тухайн уурхай үйл ажиллагаа явуулдаг журамтай атал яагаад төлөвлөгөөгүйгээр зургаа, долоон жил ажиллуулсан юм бэ. Хаахгүй, зогсоочихгүй яасан юм бэ. Ямар ч үндэслэлгүй зүйл ярьж, шуугиан тариад нийгэм нь тэр чигээрээ нэг жижигхэн орон нутгийн Тавантолгой дээр овоолж хаяад байдаг. Яагаад тэр яамны хүмүүсийг шалгахгүй байгаа юм бэ. Шалгах ёстой биз дээ. Ашиг сонирхол байна уу гэж... Үнэндээ нэг жил ч уулын ажлын төлөвлөгөөгүй явах эрх байхгүй. Хаах ёстой. Зогсоох ёстой. Гэтэл тав зургаан жил явсан гээд байдаг... Дахиад хэлэхэд, тэр явуулсан хүн нь хэн юм бэ. Яагаад тэр үед явуулсан юм бэ. Тэрэнтэй нь "ноцолдох” хэрэгтэй, тийм биз дээ. Айлын хашаатай хонийг нь зүгээр хотлож, бэлчээрлэж явахад нь аваад байж болохгүйтэй агаар нэг ш дээ. Хонь ачаад явчихлаа гээд хэрүүл шуугиан болно биз. Аан, аваад явчихдаг юм гээд суугаад байдаг малчин байх уу даа. Угаасаа уулын ажлын төлөвлөгөөгүйгээр уурхай үйл ажиллагаа явуулдаг гэдэг шиг "үлгэр” байхгүй.

-Тэрнээс гадна бас нүүрсний хулгай гэж шуугиад байгаа?

-268 мянга, 340, 390 мянган тонн нүүрс хулгайлчихлаа, аваад явчихлаа. Тэр нь дор хаяж 60 тэрбум төгрөгний хөрөнгө. Ард түмний хөрөнгийг хулгайлж аваачаад гаргачихлаа л гэх юм. Хулгайлсныг нь, хэн хулгайлсныг нь хэн нотлох юм бэ. Ямар шүүхээр тогтоолгосон юм бэ... Энэ нэг асуудал. Тэгвэл яагаад хулгайч гэж орилоод байна вэ? Энэ өөрөө их сонин асуудал. Жишээлбэл 280 мянган тонн  нүүрс хулгайлсан гээд бодъё. Орчин цагт нэг ачихдаа 100 тонны даацтай машинаар ачдаг болсон гэж яриад байгаа. Тэгвэл 2800 машин нүүрсийг яг яаж хулгайлах вэ. Зүгээр бод л доо. Дүүрч 20, 200 машин нүүрсийг хулгайлчихдаг юм байж гэж бодъё. 100 тонноор гэхээр нэгдүгээр ангийн хүүхэд 2800 машин нүүрсийг хулгайлж ачаад, луйвардаад Хятадын хил рүү гаргаж гээд бодоод олчихно. Ингэхэд тэр машинууд нь сансараар нисээд байна уу... Нөгөөтэйгүүр хятадууд чанга улс. Тэгж оруулах аргатай байна уу. Эс бөгөөс олон улсын тийм мундаг хулгай хийдэг арга чарга байна уу? Сонин санагдаад байгаа юм, надад. Их сонин сэтгэхүй байхгүй юу. Үнэн бол ингэж хулгай хийж болдог гээд олон улсад жишээ болгомоор байна. Монголд дэлхийд байхгүй хулгай гарлаа гээд.../инээв/ Сонин, Амьдралгүй зүйл л яриад байгаа юм даа. Хулгайлсан нүүрс нь 60 тэрбумын үнэ хүрнэ. Тэр мөнгөөр өчнөөн цэцэрлэг, төчнөөн сургууль барина энэ тэр гээд л яриад байна. Би телевизээр сонссон юмаа л ярьж байна. Гэтэл тэр нүүрсийг чинь гаргахад хөрс хуулалт хийнэ. Нүүрсээ гаргахын тулд гурваас дөрөв дахин их хөрс хуулж, тэрийгээ ачиж зайлуулж байж нүүрсэндээ хүрнэ. Тэрний зардал гэж нэг юм гарнаа даа. Гэтэл шууд нэг тонн нүүрс 30 доллар гэж үржүүлээд л 60 тэрбум төгрөг яриад байдаг. Ядаж зардлыг нь хасаад бодоосой. Авдранд байсан алт хулгайлж, банкинд байсан валютыг офшор луу гаргаж байгаа биш. Газрын гадаргуу дээр овоолчихсон нүүрсийг шууд ачаад гаргах бол нэг тонн нүүрсийг тэр мөнгөөр нь үржүүлээд тодорхой  тоо хэлж болно. Гэтэл нүүрсийг ухаж гаргаад, тээвэрлэж зөөгөөд, хүнд цалин хөлсийг нь өгөөд бөөн зардал гаргана. Татвар төлнө. Тэрний ард ашиг нь гарна. Бодит үнэн энэ. Уул уурхайн ажлыг амар хялбар гэж харж болохгүй. Би бол энэ бүх дуулиан шуугианыг зүгээр л тархи угаалт явуулж байна гэж ойлгодог.  Мэдэхгүй хүн 60 тэрбум хүрэх нүүрс хуссан гэж сонсоод яаж ямар аргаар яаж гэдгээс илүүтэй пөөх ямар их нүүрс хулгайлчихсан юм бэ  гэж уулга алдана.  Хулгайлах боломжгүй юмыг хулгайлсан гээд байхаар мэргэжлийн, мэдэх хүний хувьд ядаж зардал чирэгдлийг нь хасаж бодож болдоггүй л юм байх даа гэж бодмоглох юм. /инээв/

-Дээр нь бас гарал үүслийн бичиггүй хилээр гаргасан ч гэж ярьсан шүү дээ?

-Монгол чинь тусгаар тогтносон улс шүү дээ. Яагаад гарал үүслийн бичиггүй юмыг гаалиар гаргачихдаг юм бэ. Тэр үед хэн байцаагч, хэн гаалийн дарга байсан юм бэ. Тав зургаан жил 2800, 340 мянган тонноор ярих юм бол 3400 машин гарал үүслийн бичиггүй нүүрсийг гаргачихдаг нь яаж байгаа юм бэ. Тэр үед ажиллаж байсан байцаагчидн ь юугаа хийж байсан юм бэ. Яагаад ядаж нэг нь гарал үүслийн бичиггүй юм байна гээд хаалт хийгээгүй юм бэ. Ямар учиртай юм бэ. 60 тэрбум... Ний нуугүй хэлэхэд манайд нэг юм гараад ирэхээр л зэрэгцээд өөр шуугиан тариад сарниулдаг болчихсон. 60 тэрбумаар албан тушаал наймаалцсан гэх асуудал бичлэг, нотолгоотой гараад ирсэн чинь зэрэгцээд л 60 тэрбум төгрөгийн нүүрсний хулгай гарч гээд шуугиад эхэлсэн. Нэг ажил хаялт зарлахаар нөгөө талд нь огт өөр зүйл ярьж, наадах чинь худлаа, минийх зөв гээд хасах нэмэх цэнэг шиг юм болгоод алга болчихдог. Албан тушаалын 60 тэрбумтай зэрэгцээд Тавантолгойн 60 тэрбум гээд шуугиад уналаа. Хүмүүс юун адилхан 60 тэрбум бэ гээд толгой нь эргэчихдэг. Нэг ийм аргаар л аливаа асуудлыг сарниах анхаарлын төвөөс гаргах ажиллагаа яваад байдаг болж. Жишээ нь намайг Тавантолгойн уурхайн даргаар 1981 онд очиход дөрөвдүгээр пластнаас 200-30 метрийн хажууд гэр хороолол нь, 800-гаад метрийн зайд  тосгон нь байсан юм. Яг орд дээрээ гэсэн үг шүү дээ. Тэгээд би уурхайн тосгоныг хойшоо найман км-ийн  зайтай нүүлгэсэн. Одоо ч уг суурин дээрээ байгаа. Нүүлгэхэд асар их хэл ам болж, онцгой байдал зарлаж байж билээ. Тэр үед чинь хятадууд ороод ирнэ гэж айлгадаг байлаа... Хятадууд ороод ирвэл яах вэ, иргэний хамгаалалтын шугмаар яаж хурдан нүүлгэх вэ гээд бөөн юм болсон. Иргэний хамгааллын дарга нь Наранхүү гэж хүн байсан. Тэгж л иргэний хамгаалалтын шугмаар 72 цагийн онцгой байдал зарлаж, Цогт-Цэций сумын цэргийн ангитай хамтарч эгээ л дайн болж байгаа аятай сүйд болж байж нүүлгэсэн. Нэг айлд 10 цэрэг хуваарилаад, юмыг нь ачина. Тэр үеийн айл одоогийнх шиг их юмгүй. Сайн л бол нэг муу үүдний амбаар байх. Тэгж байж л одоогийн байгаа суурин дээр буусан. Одоо дөрөвдүгээр платын цаахан зургаа долоон км-ийн цаана овоолготой. Тухайн үед бид Дундговь, Өмнөговь, Дорноговиос гадна хотын III цахилгаан станц руу нүүрс өгдөг байсан юм. Нэг муу  ямбий краз бас нэг шанагатай... Дийлэхээ байгаад яаманд хүсэлт гаргаж, дөрөв, найман км-ийн цаана овоолготой байлаа гээд ялгаа ялга. 20, 30 жил болсон ч хүрэхгүй юм байна гээд овоолгоо наашлуулж, дөрвөн км дээр тогтсон. Атал одоо тэр овоолгыг ачаад газрыг нь ухаад нүүрсийг нь ухаад авчихсан. Тэгээд одоо яах вэ. Тухайн үед буруу тооцоолсон гээд надтай хариуцлага тооцох уу. Тухайн үед нүүлгэн шилжүүлсэн уурхайчдын тосгоныг өнөөдөр нүүлгэх тухай яригдаж байна. 30-40-н жилийн дараа... Одоо би тэр тосгоныг нүүлгэснээрээ буруутан болох уу.  Өнөөдөр тэр тосгоны ойролцоо өнөөх олон хуваагдсан Тавантолгойнууд чинь овоолгоо хийгээд л явж байна. Гайхмаар... Яагаад энэ талаас нь харж ярьдаггүй юм бэ. Тэнд хүн амьдарч байна. 30-40 жил болчихсон эцэг уурхай нь байж байна. Тэр юу ч биш, "чепуха” юу. Нэг хүн гарч ирж орилоод л хамаг асуудлыг самраад хаячихдаг. Энэ маягаараа бол нөхөр Галбадрах, 40-өөд жилийн өмнө нүүлгэхдээ дутуу нүүлгэсэн одоо ахиж нүүлгэх зардлыг гаргуул гэх юм байна л даа. Тэр үед ганц муу краз, нэг шанагатай л уурхай байсан юм. Одоогийнх шиг 100 тонноор нь ачдаг машины тухай мөрөөдөж ч байгаагүй. Хөндлөнгөөс бас ч гэж мэргэжлийн хүн, уг уурхайн нөхцөл байдлыг мэддэг хүний хувьд харахад ийм л юм яригдаад байгаа юм. Уг нь уурхайн асуудлыг жаахан хүнлэг талаас нь, уян хатан байдлаар харж, хандах ёстой. Нөгөөтэйгүүр уул уурхай гэдэг шинжлэх ухаан... Уул уурхай гэхээр эксватороор ороод ухаж, тэсэлж аваад ачаад зарчихдаг, товчхондоо хэн  дуртай нь хийчихдэг зүйл шиг ойлгоод байх шиг. Тийм биш ээ. Уул уурхай бол шинжлэх ухаан. Дэлхийд уул уурхайн шинжлэх ухаан гэж байна, цаана чинь. Уул уурхайд шинжлэх ухаанчаар хандах ёстой. Нэг дээр нэмэх нь хоёр тэнцүү гурав гэдэгтэй адилхан... Яагаад уулын ажлын төлөвлөгөө хийдэг юм бэ, тэгвэл... Шинжлэх ухааны үндэстэйгээр тэр уулын проектыг хийчихээд тэрнийхээ дагуу явдаг юм. Тэрнээс биш, хэн дуртай нь мөргөцгийг цөмлөж аваад л ачаад явчихдаг юм биш. Ер нь тэгээд эсрэг тэсрэг хоёр улс, хилийн маргаан будилаан гаргаад байгаа биш.  Улс төржиж болохгүй. Бүгдээрээ нэг орд дээр байна. Бүр нарийн ярих юм бол энэ ордыг бүхлээр нь нэг ТЭЗҮ хийгээд энэ хэсгийг та нар, энийг нь бид гэж хуваагаад маргаангүй ажиллах ёстой. Лиценз гэж цаасаар бүхэл ордыг хэд хуваачихаад маргаад байдаг. Дунд нь хөрс, нүүрс үлдэнэ. Томоор нь ТЭЗҮ-г нь хийчихээд хувааж болно шүү дээ. Угаасаа технологи нь тийм юм. Улс, яаманд том бодлого зангиддаг, том улс байдаг юм бол томоор нь харж бассейнаар ТЭЗҮ-г нь хийчихээд энэ хөрсийг нь чи хуулаад нүүрсээ ав энийг чи гэж зохицуулах ёстой. Тэнд маркшейдэр байна. Маркшейдэргүй уурхай гэж байхгүй. Хичнээн хөрс хуулж, нүүрс гаргав гэж сар бүхэн хэмжилт хийж цаасан дээр байгаа юмыг газар дээр буулгаж байдаг. Сар бүхэн... Жилд ганц биш шүү. Уул уурхайн ажил явагдах зарчим энэ. Гэтэл уулын ажлын төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулсан ч гэх шиг... Шинжлэх ухааны үндэслэлгүй, байж боломгүй, болгож ч болохгүй зүйлийг л бодит мэт шаагих юм даа.

-Мэдэхгүй хүн бол эргэлзэхээр л юм сонсогдох юм байна шүү дээ?

-Мэдэхгүй хүн, хүний хэлснээр ажил хийх хэцүү. Улс төрийн албан тушаал гээд салбарын сайдаар мэргэжлийн бус хүн тавьчихдаг. Ажлаа авангуут нэг нөхөр ирж нэг юм хэлнэ, нөгөөх нь огт өөрийг ярина. Өөрөө мэдэхгүй хүн аль нэг талыг нь бариад л шийдвэр гаргана. Харин мэргэжлийн хүн байвал хоёр, гурван хүний хэлснийг олон талаас нь бодоод дундаас нь нэг юм гаргана. Эрүүл мэндийн сайдаар сэтгүүлч мэргэжилтэй хүнийг томилчихдог. Тэр хүн сайн, ухаантай, мундаг зохион байгуулагч байж болно. Гэхдээ л эрүүл  мэндийн салбарын асуудалд мухардана. Зөвлөх авна. Товчхондоо хүний толгойгоор дүгнэж байж шийдвэр гаргана. Тэр хүний буруу биш... Мэргэжлийн бус учраас. Хэрвээ мэргэжлийн эмч байх юм бол ногоотой шөлийг нь ууж, номыг нь үзсэн учраас гаргах дүгнэлт огт өөр л гарна. Сүүлийн үед улс төрийн албан тушаал гээд нэг ийм балай юм хийдэг хэвшил болчихлоо. Улс төрийн албан тушаал байж бололгүй л яахав. Хамгийн гол нь мэргэжлийн хүн л томилчих хэрэгтэй юм байгаа юм. Тэгж гэмээнэ нь улс оронд ч  хэрэгтэй. Тэгэхгүй нам, улс төр, энэ тэрний хүн гэдгээсээ салахгүй зууралдсаар  байгаад нэг мэдэхэд цөмрөөд бүгдээрээ унана. Мөнгөтэй нь ч, офшортой нь ч унана. 20-30-н жил ярилаа, юу ч олж авч чадсангүй. Өнөөдөр жижиг Тавантолгой дээр "үзээд” л байна. Жаахан баримжаатай ярих хэрэгтэй. Хэтэрхий хөөрч байгаад хэрэгт орох бий вий.  Санжжав гээд миний нэг яруу найрагч найз байсан юм. Ардын жүжигчин Түмэндэмбэрэлтэй сууж байсан. Хөдөө хонь хариулж явсан хүүхдийг эхнэрээ болгож авчирсан. Түмэндэмбэрэл ч сайхан дуулна. Хотод ирээд Москва, Прагад ч дуулсан.  Тэр үед "Хун” гэж шүлэг бичсэн юм. Москва, Прагийн тэнгэрт  нисэж явнаа хун шувуу, цэгээ мэдэхгүй хөөрчихөөд цагаа болохоор ойчив оо гэж... Бодоод байх нь ээ, хүн бас нэг баримжаатай нисэхгүй бол... гэж бодогдоод байдаг юм... Тэтгэвэртээ гарсан ч ажиллаж амьдарч байсан уурхайн асуудал хөндөгдөхөөр анзаарч чагнаж л суудаг юм байна. Ажиллаж байсан учраас илүү мэднэ. Уурхайн плас гэдэг чинь 13 давхар таваг тавьсан юм шиг давхарга байдаг юм. 70-80 км үргэлжилнэ. Тийм том бассейн байхгүй юу. Сонирхуулахад, Тавантолгой чинь монгол инженерүүдийн хийсэн хамгийн анхны том хайгуул. Хайгуул хийх үе би тэнд уурхайн даргаар ажиллаж таарсан юм. Сэдрагчаа геологийн дарга байсан.  Хамгийн гүн өрөмдөж, хамгийн сайн хийгээд тэр үед эдийн засгийн эргэлтэнд оруулъя гээд Социалист хамтын нөхөрлөлийн орнуудад тайлагнасан. П.Очирбат, Ч.Хурц яамны сайд байсан. Гэтэл Социалист хамтын нөхөрлөлийн орнууд монголчуудын хийсэн хайгуулыг хүлээн зөвшөөрөхгүй гээд "дээрэлхсэн”. Тэгээд оросын Геологийн яамны нөөцийн сайд нь өөрөө хүрч ирж үзэж хараад Оросын геологийн яамны шийдвэрээр хүлээн зөвшөөрөгдөж, дэлхий нийт,  нөхөрлөлийн орнууд ч хүлээн зөвшөөрсөн. Түүнээс биш MCS ч хийсэн юм биш. Зарим улсууд худлаа ярьдаг юм билээ. Хийсэн ч юу байхав сүүлд нь өөрчилсөн юм байгаа биз. Үнэн түүх нь энэ. Эцэст нь хэлэхэд, ах нь яагаад Тавантолгойн IPO  гарах үеэр л яагаад гэнэт ийм янз бүрийн юм яриад, сенсацилаад байдгийг мэдэхгүй. Ямар ч байсан зэрэгцээд л бужигнуулаад унадаг. Би сайн санаж байна. Тавантолгойг гадны компаниудад өгнө, монголчуудад өгөхгүй, авч чадахгүй гээд хэсэг шуугихад монголчууд, бид өөрсдөө тендерт оролцоё гээд хоёрхон хоногийн дотор хоёр тэрбум төгрөг босгож "Монгол 999” гэдэг компани байгуулж байсан. Монголчуудад мөнгө байхгүй ээ, гадныханд өгнө гэж байсан юм шүү. Тэр үед би хүртэл нэг сая төгрөг өгсөн. Үүгээр юу хэлэх гэээд байна вэ гэвэл монголчуудад над шиг сэтгэл байгаа юм. Өөрийнхөө юмыг өөрсдөө авах сэтгэл тэмүүлэл мэдээж боломж ч бас бий. Тэгсэн өнөө тендер чинь таг болчихсон. Монгол 999 нь ч юу болсон юм бэ бүү мэд... Энийг чи судлаарай... Ер нь нэг юм болохоор Тавантолгой дээр нэг юм үүсдэг. Энэ давхцал одоо давтагдаж байна. IPO  хийх гэхээр л хулгай зэлгий болоод анхаарал сарниулах ажиллагаа явагдаад эхэлдэг. Өнөөдөр тэнд байгаа бүх овоолгыг зөөх шаардлагатай л байгаа. Бүгдээрээ л нүүрсний ордон дээр байгаа ш дээ. Нүүрсний ордгүй газар хэн овоолго хийсэн юм бэ. Тэгсэн атлаа тэр орд дээр гээд хэрэлдээд байх. Нэг нөхөр баахан лиценз тараасны гор нь энэ. Тэгж яривал MCS, Эрдэнэс Тавантолгой ч ард түмнийх...  Ийм л байна. Тэгсэн атлаа тэнд 30, 40 жил болчихсон уурхайчдын тосгон, уурхайчдын гэр бүл, үр хүүхдийн талаар нэг ч дуугарахгүй. Ард түмний төлөө гарсан УИХ-ын гишүүд ч дуугардаггүй. Тавантолгойн тосгон болохоо байлаа гэж дуугарсан төрийн түшээг би л лав сонсоогүй. Улстөрчид, хариуцлагатай уул уурхай гээд яриад байдаг. Хариуцлагатай байх ёстой. Байгалиа нөхөн сэргээх ёстой. Хариуцлагатай уул уурхай гэхээр нөхөн сэргээх тухай л ярьдаг. Гэтэл хариуцлагатай уул уурхай гэдэг бол байгаль болон хүний эрүүл мэндийг нөхөн сэргээх явдал. Энэ хоёр нийлж байж хариуцлагатай уул уурхай болно. Онцгой анхаарах асуудал шүү, энэ. Манайхан нөхөн сэргээнэ гэхээр хүнээ мартчихдаг. Гэтэл хариуцлагатай уул уурхай гэдэг чинь хүнд аюулгүй байх ёстой. Сүүлд нь байгальд хохиролгүй аюулгүй байх хэрэгтэй. Тэгж байж уул уурхай "явна”. Гэтэл бид хүмүүсээ хаячихсан. Хүний эрүүл мэнд хэрхэн хохирч байгааг үл тоодог. Энийг нэг ч хүн ярьдаггүй, дуугардаггүй. Социализмын үед малаа ярьсаар хүнээ хаячихсан гэж баахан хашгирдаг байсан бол одоо ч ялгаа алга. Байгалиа яриад бас л хүнээ хаячихсан. Тэнд хүн үхэж л байна гэдэг ч тоодоггүй. Гадаадад уул уурхайд нэг хүн үхвэл тэр уурхай хаагдана. Хүн үнэтэй капитал. Тэр үнэтэй капиталыг тоохгүй. Өнөөдөр жижигхэн ч бай тэр тосгонд, гурав дахь үеийн уурхайчид ажиллаж байна. Анхаарах асуудал шүү, энэ...

 



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?