📅

Н.ЦОГТ: УУРХАЙН АНХНЫ “0” ХЭСГИЙН ШОРООГ ХӨНДСӨНДӨӨ БАХАРХДАГ

🕔 2017/08/18 15:29

Н.ЦОГТ: УУРХАЙН АНХНЫ “0” ХЭСГИЙН ШОРООГ ХӨНДСӨНДӨӨ БАХАРХДАГ

 

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож буй. Бид 10 жилийн түүх өгүүлсэн буландаа Эрдэнэс Монголын анхдагчуудын нэг Нацагдоржийн Цогтыг урьж ярилцсан юм.

Та бол "түүх”. Тэгэхээр яаж анх энэ уурхайтай холбогдсон талаар яриагаа эхлэх үү?

Би 2010 оны наймдугаар сард анх анхны автосамосвалыг Улаанбаатараас Тавантолгой хүртэл хөлөөр нь хүргэж байсан. Тэгээд Тавантолгойн Цогт-Цэцийгээс цааш уурхайн талбай дээр техникийг хүргэж Эрдэнэс Тавантолгойн уурхайн анхны шороог хөндөж байлаа. Үүнийг "0" хэсгийн шороо гэж хэлдэг юм л даа. Эх орны их баялгийн түүчээ болсон энэ уурхайн анхны "0” хэсгийн шороог хөндсөндөө би үргэлж бахархаж явдаг.

Би Завхан аймгийн Алдархаан сумын хүн. Өмнө нь уул уурхайн салбарт ажиллаж байсан. Би Вагнер Ази компанид түрээсэнд явдаг байлаа. Нэг өдөр Вагнер Азиас "Тавантолгой руу хоёр машин хүргэх ажил байна” гэж ярилаа. Очиж уулзаад уурхайд шинээр ажилчид авах гэж байгаа тухай сонссон юм. Ингэж л анх холбогдсон. Ингэж л миний ажил эхэлсэн дээ. Тэр үед би 32 настай байлаа. Тухайн үед Эрдэнэс Монгол компанийн дарга Энэбиш гэж хүн байсан. Ажилчдаа бүртгэж аваад, хүн болгонтой гэрээ хийсэн. Би бэлгэшээгээд гэрээгээ хадгалчихсан байгаа. Анхны түүхэн үйл явдалд оролцсондоо цаг үргэлж баярлаж бахархдаг даа.

Н.ЦОГТ: УУРХАЙН АНХНЫ “0” ХЭСГИЙН ШОРООГ ХӨНДСӨНДӨӨ БАХАРХДАГ

Анхдагчуудаас дурдахгүй юу?

Эксковаторчин Оргил, Баасанжав, Галмандах, бульдозерийн оператор Болд, Түмэнбаяр, автосамосвалын оператор Сонгообек, Лхагвадаш, Насанбуян, Төгсбаяр, Энхболд, Оргилболд, анхны уурхайн дарга Нацагдаш, анхны Хөдөлмөрийн Аюулгүй байдлын ажилтан Цэнгэлжаргал гээд ер нь тэр үеэс өнөөдрийг хүртэл хамт ажиллаж байгаа уурхайн анхдагчид, анхны шороог ачиж өгсөн найз нөхдөөрөө би бахархаж явдаг. Бидний арван оператораас гадна Монголын анхны уулын мастер С.Баярхүү анхны нарядыг бичсэн. Анхны нарядаа өгч биднийг ажилд гаргаж байлаа. Хөгжлийн үүцийг задалсандаа манайхан бүгдээрээ л их бахархацгаадаг. Бусаддаа ч их нэр хүндтэй байдаг. Бие биенийгээ арван хуруу шигээ мэддэг хуруу дарам цөөхүүлээ байсан бол одоо өргөжин тэлээд маш өнөр олуулаа болжээ бид.

Анхны эксковатор одоо ч үүргээ гүйцэтгэж байгаа юу?

Анх Liebherr 9.84 маркийн эксковатар байлаа. Нэг хутгахдаа 7,5 куб метр буюу 14-15 тонн орчим хутгана. Бас CAT 365 эксковатор, CAT D9 бульдозер, Liebherr 764 бульдозер зэрэг техникүүдээр уурхайн ажил эхэлж байсан.

Уурхайн ажил эхэлснээс хойш хэдэн жил өнгөрч байна?

Бид Эрдэнэс Монгол компанийн анхны ажилчид болж гэрээлэн ажиллаж байлаа. Сүүлд нь Эрдэнэс Тавантолгой компани болж нэр нь өөрчлөгдсөн юм. Цаг хугацаа гэж хурдан юм. Нэг мэдсэн найман жил өнгөрсөн байна. Тухайн үед бид уурхайгаа дэлхийн хэмжээний ийм том бүтээн байгуулалт болох юм гэж төсөөлөөгүй.

Тэр үеийн сонин сайхан түүхээс өгүүлээч...

Сонин сайхан түүх гэвэл зөндөө л ярих юм байдаг. Дандаа л бидний өдөр тутмын амьдралтай холбоотой л сэдвүүд л дээ. Санаанд тод үлдсэн дурсамж гэвэл, тэр үед Ерөнхий сайд Сү.Батболд есөн яамны сайдтайгаа очиж бидний ажилтай танилцаж байсан. ТӨХ-ны дарга Сугар миний эксковаторын шанаганд шампанск хагалаад ”Монгол улс үүцээ задаллаа” гэж хэлж байлаа. Тэр үйл явдал миний зургийн архивт байдаг юм.

Ер нь түүх гэснээс анх би уурхайн шороог хөндөж байхдаа "энэ сайхан талыг, энэ сайхан байгаль дэлхийг ингэж ухаж байгаа чинь нь зөв үү буруу юу” гэж өөртөө хэлж байж билээ. Ер нь хэцүү байсан. Уурхайтай ойрхон Хайрхан уул байдаг юм. Нутгийнхны ярьдгаар их догшин нутаг. Нуугаад яахав, онгон дагшин хөрс хуулахдаа тухайн үед хамгийн түрүүнд "надад муу юм тохиолдох вий” гэж эмээж байсан. Дотоод сэтгэл эмзэглэн, хангай дэлхийдээ сүслэн залбирч байсан ч "энэ бол улсын маань хөгжлийн төлөө юм шүү, агуу том бүтээн байгуулалтыг эхлүүлж байна шүү” гэсэн бодол маань улам зоригжуулж байлаа. Ард түмнийхээ амьдралын том ирээдүйг босголцсон гэдэг утгаараа тийм айдас мартагдсан.

Н.ЦОГТ: УУРХАЙН АНХНЫ “0” ХЭСГИЙН ШОРООГ ХӨНДСӨНДӨӨ БАХАРХДАГ

Уурхайчин байх гол чанар юу вэ?

Уурхай маань өдрөөс өдөрт өргөжиж байна. Бид гол нь аюулгүй эрсдэлгүй л ажиллах ёстой. Уурхай бол хувь хүнээс маш их сахилга хариуцлага, хувийн зохион байгуулалт шаарддаг. Бас бидний хувьд ажил дээрээ үр бүтээлтэй ажиллах сэтгэл хичээл зүтгэлтэй байх ёстой. Бидэнд нэг минут битгий хэл нэг секунд ч чухал шүү дээ. Бид чинь нэг сая дахь тонн нүүрсийг 2010 онд багтааж нүүрсний складанд гаргаж экспортлоход бэлэн болгож байсан. Ерөөсөө 4 сар гаруйн хугацаанд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид ямархуу ачаалалтай мэрийлттэй ажиллаж байсан бэ гэдэг нь энэ юм. Хүнд машин механизмтай харьцаж байгаа болохоор хүнд хэцүү бэрхшээл байлгүй яахав. Гэхдээ бид нэгд, уурхайгаа гэсэн сэтгэл байдаг учраас хоёрт, нэг хамт олон болж гар нийлчихсэн учраас хүнд бэрхшээлийг ажрахгүй анзаарахгүй давдаг. Анх бол хүнд л байсан. Би хоёр сар шахуу ажиллаад, гэртээ харьж долоохон хоног амарчихаад уурхай руугаа буцаж байлаа. Ээлж байхгүй байсан л даа. Тэгээд хоёр сарын дараагаар ажилчид нэмж авч гурван ээлжээр ажилладаг болсон юм. Амьдрал баян. Энэ хугацаанд дутагдах юмгүй сайхан л амьдарч байна. Цаашдаа уурхайн бүтээн байгуулалт, улсынхаа хөгжлийг өөдрөгөөр харж байгаа. Дэлхийн хэмжээний уурхай болох цаг тун удахгүй ирнээ


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?