Хэний үгийг хэн хэлж байгаа нь сонин бус. Гэхдээ...
УИХ-ыг тараах асуудлаар өчигдөр "Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ны ерөнхий зохицуулагч А.Эрдэнэбаяр мэдээлэл хийлээ.
Парламентыг тараах тухай салхи урьд нь Ерөнхийлөгчийн институцийн зүгээс үе үесхэн сэвэлздэг байв. Үүнийг нь УИХ дахь цөөнхийн бүлгийнхэн уухайлан түрдэг. Гэхдээ хаа очиж, хаврын синдром энэ сэдвийг тойрч сэвэлзээд байсан нь сонин.
УИХ гэдэг бол томилгооны бус сонголтын байгууллага. Өөрөөр хэлбэл Монголын сонгуулийн насны 1,5 сая орчим иргэд өөрсдийнхөө сонголтоор байгуулсан институци буюу ард түмний төлөөллийн байгууллага. Тийм болохоор тарааж бутраана хэмээн амныхаа зоргоор ярьдаг сэдэв биш. Хэдийгээр монголчууд улстөржихдөө гаргуун ч гэлээ цөөн хэдэн хүний хүсэл зоргоор парламентаа тарааж, иргэдийнхээ сонголтыг үнэгүйдүүлэх дээрээ огт тулаагүй.
"Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо” гэж Төрийн бус байгууллага байдгийг өчигдөр анзаарлаа. Тэд одоогийн УИХ-ыг энэ 2018 ондоо багтааж тараах шахуу "төлөвлөгөөтэй” ажиллах гэнэ. Улс төрөөр халуурлаа халуурлаа гэхэд ингэтлээ "дэмийрч” болдог л юм байх даа гэж бодогдмоор. Нийгэмд мэдээлэл өгөхдөө эхлээд бодож тунгааж бодитой эсэхээ тооцохгүй бол адаг сүүлд нь онигоонд ороод төгсдөг нь гэм биш зан. Зүгээр л үлдэх мөргүй хоосон улс төр болдог. Монголын улс төр тойрсон акциуд ихэнхдээ ийм л замаар замхардаг. Нам бусчуудын холбооны мэдээлэл ч бас үүнээс хазайна гэдэг юу л бол. Харж л байя.
Ерөнхийлөгчийн, цөөнхийн бүлгийн үгийг тэд давтлаа. Аливааг олон давтах тусмаа ой тойноос зугуухан алсарч ач холбогдол, итгэл үнэмшлээ гээдэг ёсон буй.
Сонгогчдын эрхэнд бүдүүлгээр халдсан тус холбооныхон УИХ-ыг тараах шалтгаанаа доорхи байдлаар илэрхийлжээ.
-Гадаадын эдийн засгийн алуурчдын захиалгаар өндөр хүүтэй зээл авч Монгол Улсын нийгэм, эдийн засагт хортой аюул заналхийлж байна гэжээ.
Үнэхээр тийм үү гэдгийг тодотгох үүднээс ганцхан жишээг энд дурдая. УИХ-ын хуралдаанаар зээлийн асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт "БНСУ-аас 30 жилийн хугацаатай, жилийн 0,2 хувийн хүүтэй, эхний 10 жил үндсэн зээлээс чөлөөлсөн хөгжлийн зээл авах гэж байна. МАН эрх барьсанаасаа хойш донор улсуудаас урт хугацаатай, бага хүүтэй хөгжлийн зээл авч байна. Гэтэл АН эрх барьж байхдаа, тухайлбал Чингис, Самурай бонд зэрэг баахан мөнгө босгосон. Жилийн хамгийн багадаа 5 хувийн хүүтэй. Ингээд харьцуулахаар 25 дахин өндөр хүүтэй байх юм. Мөн АН 4 их наяд төгрөгийг хэвлэж, зах зээлд нийлүүлж, төгрөгийн ханшийг унагаасан”гэдгийг сануулж байсан.
Зөвхөн энд дурдагдсан зээлийн хүүгээс гэхэд өдөр шөнө шиг ялгаа харагдаж байна. УИХ-ыг тараах "эх оронч” санаачлага гаргагчид АН эрх барьж байхдаа өнөөгийнхөөс 25 дахин өндөр хүүтэй бонд гаргах шийдвэр гаргаж байсан парламентаа тараах санаачлага яагаад гаргаагүй юм бэ. Тэр үед хаана нь байсан бэ гэж асуумаар.
Тавхан үгэндээ танигдаад байна аа гэдэг шиг Та бүхний гаргаж ирсэн УИХ-ыг тараах үндэслэл чинь энэ мэтээр босгон дээрээ бүдэрнэ.
УИХ-ыг тараах санаачлага гаргагчид мөн Оюутолгой компаниас Монгол Улс 51 хувь эзэмших аль эсвэл лицензийн гэрээг бүр цуцлах дээр санал нэгдээд байгаа аж. Ийм тэнгэрийн юм ярих хэрэг байгаа юм уу. 51 хувь байтугай 34 хувийнхаа оролцооны санхүүжилтийг гаргаж чадахгүй хөрөнгө оруулагчдаасаа зээлж байгаа гэдгээ анзаарч мэдэж байгаа шинж алга. Одоо тэгээд 51 хувийг нь эзэмших юм гэнэ. Тэр бүтээн байгуулалтынхаа хөрөнгө санхүүг хаанаас гаргана гэж бодож байгаа юм бол. Тус холбооныхон өнөөдөр 10 цагаас Оюутолгой компанийн үүдэнд улс төрийн суулт зохион байгуулна гэж байгаа.
Ийм сансрын санаа Оюутолгойг зогсоож чадахгүй ч хөрөнгө оруулалтыг Монголоос дайжуулахад даарин дээр давс гэгч болдогоороо урхаг уршигтай.
Аливаа жагсаал, мэдээлэл бүхэн цаанаа нууц эзэн, захиалагчтай гэлцдэг. Өнөөдөр Монголын улс төрд ийм л жишиг яваад байгаа. Парламентыг тараах байтугай асуудлаар таг чиг байсан Нам бусчуудын холбоо гэх танихгүй таваариш хаанаас гэнэт амилав гэдэг нь сониуч зан бас хөдөлгөөд байна.
Гэхдээ асуудлын гол нь хэний үгийг хэн хэлж байгаадаа бус. Иргэдийн сонголтыг эс ойшоож, улс төрийн соёл, мэдрэмжгүй хандлага нь Монголыг муухай харагдуулж, үндэсний эв нэгдлийг сулруулж байдагт хор уршиг нь оршино.
Г.Хантулга