📅

Тарааж бутрааж л байвал улс хөгжих гээд байгаа юм уу

🕔 2018/05/02 09:27

 

Зарим нэг цахим сайт УИХ-ыг тараах нь зөв үү, буруу юу гэсэн асуудлаар санал асуулга эхэлчихсэн харагдана. Өөр бас хэн нэгэн энэ асуудлаар санал авч байгаа гэсэн мэдээлэл байна билээ.   Монголын улс төр 2018 оныг АН-ын дарга С.Эрдэнийн Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах  хугацаатай шаардлага гэгчээр эхэлж байсан билээ. Одоо түүнийгээ эргэн амилуулж байх шиг байна.

...УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга өмнөх 7 хоногт хоёр сайдыг огцруулахаар Засгийн газарт шаардлага тавьж байгаагаа мэдэгдсэн.  Гар бариад бугуй барив гэгчээр өнгөрөгч даваа гарагт энэ асуудал хүрээгээ тэлж  "Хоёр сайдынхаа асуудлыг нэг тийш цэгцэлж чадахгүй бол бид Засгийн газрыг огцруулах шаардлага тавихад бэлэн байна” гэсэн мэдэгдлээр солигдов.  Эх орон, эдийн засаг, аж  амьдрал, бодлого  ярихын оронд иймэрхүү тулга тойрсон яриа л зарим улс төрчдийн илэрхийлэл болж байна.

Хаа очиж энэ хавар улс төр халуурч бүлээрэх нь гайгүй байсан юмсан, харин адаг сарынхаа шинэдээр  тараах, огцруулах  сэдвээр "сүүлээ шарваж” байгаа нь энэ бололтой.    

УИХ-ыг тараах тухай ярьж хэлж яваа хүмүүст хандаж  "Парламент бол томилолт биш сонголт шүү” гэж хэлмээр санагддаг. Ард түмний төлөөлөл, иргэдийн өөрсдийнх нь сонголтын институци.  Тэгэхээр  үүнд хүндэтгэлтэй хандах  учиртай. Иргэдийнхээ сонголтыг нь хүндэтгэнэ гэдэг улс төрийн том соёл, ёс суртахуун байж таарна. Тэгснээс  сэтгэлийн хөөрөл, хоосон баримжаа, улстөрийн халуурлаар  хандаад байх асуудал огтоос биш. УИХ-ыг тараачихвал "улс шиг хөгжиж, хүн шиг амьдрах ” бүтээгүй мөрөөдөл, хэрэгжээгүй амлалт нь амилах гээд байгаа юм уу, хаашаа юм.  

М.Энхболдын тэргүүлсэн парламент сонгуульт хугацааныхаа тэн хагасыг ардаа орхиж байна. Сайн муу ажиллаж байгааг нь иргэд ирэх сонгуулиар дүгнэж цэгнэнэ, яарах хэрэггүй. Тэгэхээр одоо УИХ-ыг тараах тухай ярих нь гарман дээр  морио солихтой адил болно гэсэн үг.

УИХ-ыг тараах гэж улайрах нь учир шалтгаантай улс төр явж байгаагийнх. Монголын эрх ашиг лав биш. Бүтэхгүй асуудал, биелэхгүй мөрөөдлөөрөө улс төр хийж, улс орноо дор нь дэвхцүүллээ гээд зорьж зүтгээд байгаа тэр хүмүүс хүссэнээ хүртэж эс чадна.

Монголынхоо төлөө морь нохой мэт зүтгэнэ гэж  сонгогдчихоод гарсан хойноо эрх ашгийн эрэмбэ гэгчийг умартаж, нам, хэсэг бүлгийн эрх ашгийн төлөө улс төр хийгээд байвал  улс төрчийн ой санамж энэ хэмжээнд байгааг л харуулна.

Сурсан юмыг сураар боож болдоггүй гэж үнэн юм байна. Ардчилсан Нам эрх барьж байхдаа ярьдаг сэдэв, хийдэг ажил нь Засгийн газраа унагах тухай байв. Н.Алтанхуягийн үед жаахан ч гэсэн нүүр тахлах ажлаа амжуулж хийснийг эс тооцвол АН-ынхан огцорсон Засгаа тойрсон томилгоон дээрээ хэрэлдэж, хэлэлцсээр сонгуульт хугацаагаа дуусгасан. 

Барьсан гэр рүүгээ чулуу шидэж нураах нь тэдний хувьд гэм биш зан,  сурсан тоглоом, гаршсан ажил гэдэг нь үнэн аж. Анхнаасаа тийм байж.  Тодруулбал 1996 онд Засгийн эрх мэдлийг анх удаа  Ардчилсан хүчин дангаараа бүрэлдүүлсэн 4 жилийн хугацаандаа өөрсдийн Засгийн газраа дөрвөнтөө огцруулж байсан билээ.  Тэр жишиг нь дадал зуршил болтлоо тогтож, үүнийгээ хүний өөрийн хэний ч Засаг байсан санаж санагалзаад байдаг бололтой юм.

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө санхүүгийн боломж дундуурхан байгаа, зарим нэг томоохон бүтээн байгуулалтаа эхлүүлэхээр зорьж зүтгэж буй үед Засгийг огцруулж, парламентыг тараах тухай  ярьж  байгааг эх оронч санал санаачлага гэж харах хүн цөөхөн байх.   "Соль”-ийг солив гэдэг шиг Засаг солигдсноор сайжирч, сайн сайхан болж байсан жишээ нэгээхэн ч үгүй. Товчхондоо бол олохоосоо алдах нь их байсаар ирсэн тэр л жишиг давтагдана.

Тарж бутарч, талцаж хэрэлдээд хөгждөг  бол Монгол цойлохгүй юмаа гэхэд  "цоорох”  байлаа. Харин тэр тоолонд хөгжил хөшиж, эдийн засаг царцаж байсан байх.

М.Нэргүй

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?