📅

НЭР БҮХИЙ 12 ШҮҮГЧИЙН АСУУДЛЫГ ҮХЦ РҮҮ БУЦААХААР БОЛЖЭЭ

🕔 2018/06/11 12:32

НЭР БҮХИЙ 12 ШҮҮГЧИЙН АСУУДЛЫГ ҮХЦ РҮҮ БУЦААХААР БОЛЖЭЭ

 

2013 оноос хойш эхэлсэн нэр бүхий 12 шүүгчтэй холбоотой хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Албан тушаалаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэх шүүгчид аргаа барахдаа Үндсэн хуулийн цэцэд хандсан байсан юм. Харин тус газраас эдгээр шүүгчидтэй холбоотой хэргийг Дээд шүүх рүү шилжүүлээд сураг тасарсан юм.   

                    
Тэгвэл Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр боллоо.

Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн "Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай гомдлыг хянан шийдвэрлэсэн тухай” 11 дүгээр магадлалтай холбогдуулан Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас гаргасан хүсэлтийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн дээрх магадлалаар нэр бүхий 12 шүүгчийг албан тушаалд нь буцаан томилоогүйтэй холбогдуулан эрх нь зөрчигдсөн тухай маргааныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд анхан шатны журмаар харьяалуулан шийдвэрлэхээр тогтоосон байсан юм.
 
"Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад "Монгол Улсын Дээд шүүх хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй” байхаар заасан. Иймд хуулиар харьяалал тогтоогоогүй, өөрөөр хэлбэл, УИХ-аас тусгайлан хууль баталж харьяалуулаагүй маргааныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим анхан шатны журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна.

Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд "Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож, холбогдох шүүхэд шилжүүлнэ” гэжээ. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дээрх магадлалд "... Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд анхан шатны журмаар харьяалуулан шийдвэрлүүлэхээр тогтоосугай” гэсэн нь Үндсэн хуулийн цэц хэргийн харьяаллын зэрэгцээ шүүхийн харьяаллыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамтай хамт тогтоосон байна” гэж Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас үзжээ.

Иймээс Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн "Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай гомдлыг хянан шийдвэрлэсэн тухай” 11 дүгээр магадлалаар шилжүүлсэн асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд буцаахаар тогтов.

О.Сайханскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?