📅

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан малчдад туслах хандивыг гардууллаа

🕔 2016/02/23 14:32
 

Хөдөлмөрийн яам, харьяа байгууллагынхан өвөлжилт хүндэрсэн аймаг, сумын малчдад туслах аяныг салбарын хэмжээнд өрнүүлж эхэлсэн. Аяны эхний ээлжинд цугласан хандивын мөнгө, эд материалын зүйлсийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өнөөдөр МУЗН-ийн Гамшгийн менежментийн багт гардуулан өглөө.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий зэрэг 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см хүрээд байгаа төдийгүй бусад аймгуудад ч нөхцөл байдал таагүй болох хандлагатайг Онцгой байдлын албанаас мэдээлж байгаа. Энэ нөхцөлд Монгол Улсын гол баялаг болсон мал сүргээ маллан, улс эх орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулан зүтгэж буй малчин түмэндээ халуун сэтгэлээр туслах нь монгол хүн бүрийн үүрэг хэмээн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан уриалж төрийн байгууллагуудаас хамгийн түрүүнд энэ аяныг салбарынхаа хэмжээнд өрнүүлснээр бага биш мөнгө хөрөнгө, эд материалын туслалцааг малчдад үзүүлж буйгаа хандив гардуулах үеэр хэллээ.

Хөдөлмөрийн яамны хамт олон "Малчдад туслах аян”-ы хүрээнд нэг өдрийнхөө цалинг хандивласан бол яамны харьяа 37 МСҮТ, Политехник коллежийн багш ажиллагсад, оюутан сурагчид малын нэмнээ, элгэвч, төлийн уут 1379, бээлий 1316 ширхгийг оёж, хивэг тэжээл 155 шуудай, өвс 509 боодол, хужир 200 кг, саван 686 ширхэг зэрэг 21,5 сая төгрөгийн 29 нэр төрлийн ахуйн болон хүнсний зүйлсээс гадна бэлнээр 9,9 сая төгрөг цуглуулсан нь нийтдээ 31,5 сая төгрөгийн хандив болсныг Г.Баярсайхан сайд дуулгалаа. "Малчдад туслах аян”-ыг нийслэл, дүүрэг, аймгийн Хөдөлмөрийн хэлтсүүдээс гадна харьяа хоёр агентлаг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд өрнүүлж буй бөгөөд аймаг орон нутгийнхаа Онцгой байдлын албаар дамжуулан тусламжаа малчдад илгээх ажлыг ойрын өдрүүдэд хийх юм.

Мөн Хөдөлмөрийн яамны зүгээс малчдад нэн хэрэгцээтэй эсгий гутал 100 хосыг худалдан авснаа энэ өдөр МУЗН-т хүлээлгэн өгсөн. Эдгээр хандивыг өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байгаа МУЗН-ийн Гамшгийн менежментийн багийнхнаар дамжуулан малчдад хүргэх юм байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?