📅

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ҮНЭТ МЕТАЛЛЫН СОРЬЦЫН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХААР БОЛОВ

🕔 2018/03/20 12:14
ДАРХАН-УУЛ АЙМАГТ ҮНЭТ МЕТАЛЛЫН СОРЬЦЫН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХААР БОЛОВДархан-Уул /МОНЦАМЭ/.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралд Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс алтыг сорьцлох, худалдан авах зорилго бүхий /лаборатори/ нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулах тухай асуудлыг оруулж хэлэлцэн дэмжлээ.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2018 оны 1 дүгээр сарын байдлаар 160 гаруй алт арилжаалагч (ченж), бичил уурхайчид алтны худалдаанд оролцож, 60 ААНБ, 372 иргэний 4800 ширхэг 19,5 тн алтан гулдмайд шинжилгээ хийж, 107 ААН, 205 иргэний 18,9 тн алтыг хайлсан гэсэн тоо баримт бий. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцсэний эцэст Дархан-Уул аймагт алт сорьцлох, худалдан авах зорилго бүхий нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулснаар орон нутагт Ашигт малтмалын нөөц ашигласны 2,5 хувийн татвар /АМНАТ/-ыг суутган төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж, 100 хувийн саналаар баталлаа.

Харин алтыг сорьцлох, худалдан авах зорилго бүхий /лаборатори/ нэг цэгийн үйлчилгээний төвийг Цагдаагийн байгууллагын хамгаалалтад шилжүүлэх, бүрэн камержуулах, шаардлагатай өрөө, тасалгаа, тоног төхөөрөмжөөр бүрэн хангах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөв.

Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлэхээр болсон "Алт-2” үндэсний хөтөлбөрт "Үнэт металлын сорьцын хяналтын байгууллагыг бэхжүүлж техник технологийг шинэчлэх, алт олборлолтын томоохон бүс нутагт сорьцын салбар лабораторийг аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэст түшиглэн байгуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоог сайжруулах” гэсэн ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан. "Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Монголбанктай хамтран шийдвэрлэх бөгөөд алт олборлолтыг нэмэгдүүлж, бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алтыг худалдан авах эрхзүйн орчныг сайжруулах зорилготой юм.
Монгол Улсын хэмжээнд ганцхан Монгол банкинд үнэт металл сорьцолдог аж. Ачаалал багасгах үүднээс Дархан-Уул, Баянхонгор аймгуудад үнэт металл сорьцлох төвийг ийн байгуулахаар төлөвлөж байна.
 

Л.Отгонбаатар
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?