📅

Сурвалжлага: Алтны олборлолтод улайрах бус авдарлах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна

🕔 2017/10/31 15:51

Танилц: Монгол Улсад алтны арилжаа явагдаж буй үнэн түүх

Алтны 68 хувийн татвараас хойш хөлд орох гэж тэнцэж буй алтны арилжаа энэ сард 16.8 тоннд хүрэв. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 хувиар өссөн үзүүлэлт гэлээ тийм хангалттай тоо биш. Монголбанк энэ онд иргэд, аж ахуйн нэгжүүдээс 20 тонн алт худалдан авах зорилт тавин ажиллаж байгаа. Үүнийхээ төлөө чамгүй зүйл хийж, хэрэндээ л хичээж байх шиг. Гэсэн ч бүх зүйл тэдний санаснаар хэрэгжиж, алтны урсгал шууд Монголбанкыг чиглэхгүй байгаа нь нууц биш. Алтны арилжааны хууль эрх зүйн орчин, татвар, хураамж, шат дамжлага гээд олон хүчин зүйл Монголбанкыг зорих алтны урсгалын голдирлыг өөрчилдөг.

 

Үүнийг ч албаныхан үгүйсгэдэггүй. Алтны хууль бус худалдаа, хил дамнуулан наймаалцах үзэгдэл хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад харьцангуй багассан боловч бүр зогсоогүй байгаа. Энэ нь Монголбанкинд тушаагдах алтны хэмжээнд нөлөөлдөг талаар хэдэнтэй сонсож, хэвлэлийн хуудаснаас уншиж байв.

 

Түүнээс бус манай улсын алтны арилжаа хэрхэн явагддаг, Монгол Улсад алт олборлож буй аж ахуй нэгж, байгууллага, иргэд алтаа хэрхэн, хаана тушаадаг, тэдэнд ямар саад бэрхшээл байдаг, алтныхан Монголбанкыг бус алтны ченжийг сонгоод байгаа шалтгаан, Монголбанкны худалдан авах алтны хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх боломж байгаа зэргийг сонирхож байсан удаагүй. Тиймээс Монгол Улс дахь алтны арилжаа хэрхэн явагддагийг сурвалжлах эрэлд гарлаа.

 

Сорьцын баталгаажуулалт банкыг зорих алтны урсгалд тээг болж байна

 

"Байгалийн алт худалдаж авна, хайлуулна” гэх бичиг хаа сайгүй харагддаг олны нэрлэж заншсанаар Урт цагааны гудамжийг зорив. Эрлийн үзүүрээ ч зөв олжээ. Алт авна, хайлуулна гэх бичигтэй нэлээд олон хаалга татсаны үр дүнд хөдөө орон нутгаас ирж, алтаа тушааж буй орон нутгийн алтны ченжтэй таарав. Тэрбээр нэрээ нууцалж, зураг авахуулахгүй гэх болзолтойгоор мэдээлэл өгсөн юм.

 

Алтны ченж хийгээд 10 гаруй жил болж буй гэх М нь орон нутагтаа алт олборлож буй аж ахуйн нэгж, иргэдээс /нинжа/ газар дээрээс нь алт худалдаж аваад Улаанбаатарт ирж, Урт цагааны ченж нарт борлуулж ашиг олдог нэгэн аж. Тэрбээр алтны нинжа нараас нэг гр алтыг 90-95 мянган төгрөгөөр худалдаж аваад хотод ирж 95-98 мянган төгрөгөөр борлуулдаг байна.

 

Түүнээс алтаа яагаад Монголбанкинд тушаадаггүй, ченжийг сонгодог талаар тодруулахад "Бид алтны бичил уурхай болон нинжа нараас байгалийн алт худалдаж аваад түүнийгээ хотын ченж нарт зардаг. Энэ нь маш хялбар байдаг юм. Өөрөөр хэлбэл нинжа нараас авсан алтаа хотод авч ирээд ямар нэгэн нэмэлт зардал, чирэгдэлгүйгээр өөрсдөө ашигаа нэмээд ченж нарт тушаадаг.Монголбанкинд тушааснаас нэг их зөрүү гардаггүй болохоор ченжийг сонгодог. Нөгөөтэйгүүр бид банкинд өр, зээлтэй байдаг учраас банк тушаасан алтны мөнгөнөөс өр, зээлээ суутгах гээд байдаг. Харин бид тухайн мөнгөө эргэлдүүлж байж өр төлбөрөө өгвөл ашигтай. Тиймээс банкыг сонгохгүй байгаа юм” гэх хариултыг өгөв.

 

Алтны арилжаа алт олборлогчоос ченж, ченжээс ченжий гарт хүрч байна

 

Алтны арилжаа ийнхүү ченжээс ченжийн гарт дамжин явагддаг бол алт олборлогчоос ченжийн гарт хүрэх бас нэгэн зам байдаг аж. Тодруулбал бид Урт цагааны алтны ченж нартай уулзаад явж байхад мөн олборлосон алтаа "хулгай”-гаар худалдахаар явж байсан нэгэн аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй таарсан юм.

 

Тухайн иргэний компани нь ашиглалтын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж учраас олборлосон алтаа банкинд тушааж, нийт тогтоогдсон нөөцөөсөө хасуулах зарчмаар үйл ажиллагаагаа явуулж, татвар хураамжаа төлдөг байна. Гэсэн ч зарим үед татвар хураамж, сорьцын албаны хүнд суртал, явдал чирэгдэл зэргээс болоод банкыг бус ченж нарыг сонгож, "хулгай”-гаар алтаа тушаадаг гэдгээ биднээс нуулгүйгээр хуучлав.

 

Харин банкыг бус ченжийг сонгож байгаа шалтгаан нь үнэхээр тулгамдсан асуудал болдог эсэхийг лавлахад "Бид олборлосон алтнаасаа нөөц ашигласны татварт 2.5 хувийг төлдөг. Энэ нь боломжийн татвар. Гэхдээ бидний төлдөг татварыг зөвхөн үүгээр ойлгож болохгүй. Алтны компаниуд нийт олборлон тушаасан алтныхаа хэмжээнээс хамаараад газар, ус ашигласны төлбөр төлдөг. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн хариуцлагын татвар гээд маш олон төрлийн татвар, хураамж төлдөг. Ер нь бол нийт олборлож байгаа алтны 75-80 орчим хувь нь тухайн алтыг олборлоход гарах зардал болдог нь хулгайгаар алтаа тушаахад нөлөөлдөг гэж ойлгож болно. Уг нь Монголбанкинд алтаа тушаавал сорьц нь арай өндөр, үнийн хувьд илүү өгөх боломжтой. Гэтэл яарч сандарсан, мөнгөний хэрэгцээ яаралтай гарсан үед олборлосон алтаа банкинд тушаах нь чирэгдэл ихтэй байдаг гэдгийг тэрбээр хэлж байсан юм.

 

Тодруулбал Монголбанкинд алт тушаахад заавал сорьцын хяналтын албаар баталгаажуулсан байх шаардлагатай байдаг аж. Үүний тулд 1-2 хоног шаардагддаг нь хөдөө орон нутгаас ирж буй алтныханд тээг болдог байна. Мөн сорьцын хяналтын алба баталгаажуулж байгаа алтнаас дээж авдаг учир багахан хэмжээний алт баталгаажуулахад ихэнх нь тэндээ шингээд алга болчихдог нь мөн л банкыг бус ченжийг сонгох нөхцлийг бүрдүүлдэг талаар алтныхан өгүүлж байв.

 

Иргэдийн тушаасан нийт алтны 80 орчим хувь нь ченж нарын гараар дамжжээ

 

Манай улсын алтны арилжаанд ченж нар голлох байр суурийг эзэлдэг нь энэ бүхнээс илхэн харагдаж байна. Хуулиар зохицуулаагүй ч хэдийнэ байр сууриа олж, бууриа зассан алтны ченж нар нэгдэн "Хувиараа алт арилжаалагчдын нэгдсэн холбоо”-г байгуулжээ. Тэд өнгөрсөн жил улсад 60 орчим тэрбум төгрөгийн татварыг нөөц ашигласны төлбөрт төлж, Монголбанкинд нийт 8 тонн алт тушаасан байна. Түүнчлэн иргэдийн тушаасан нийт алтны 80 орчим хувь нь ченж нарын гараар дамжиж банкинд хүрсэх байх юм.

 

Тэгвэл алтныхан банкыг бус ченж нарыг сонгох шалтгаан, тэд чухам юуг давуу байдал болгон ашиглаад байгааг холбооныхоноос тодруулахад "Алтаа зарж байгаа хүмүүс түргэн шуурхай үйлчилгээ, үнийн уян хатан бодлого мөн санхүүгийн дэмжлэгийг гол шалгуураа болгодог юм шиг санагддаг. Мөн бид алтаа тушааж байгаа хүмүүс ямар нэгэн шаардлага тавидаггүй, хайлуултын хувьд хорогдол маш бага. Сорьцыг усан жингийн аргаар гаргадаг нь сорьцын хяналтын албаны сорьцоос нэг их зөрдөггүй зэрэг нь биднийг сонгох шалтгаан болдог гэж ойлгодог” гэх хариултыг өгч байлаа.

 

Харин тэд алт тушааж буй хүмүүс банкыг сонгохгүй байгаа гол шалтгааныг мөн л Сорьцын хяналтын газартай холбон тайлбарлаж байв. Улсдаа ганцхан байдаг тус үйлдвэрийн хүчин чадал муу, тоног төхөөрөмж нь хуучирсан зэргээс болж алтны улиралд ачааллаа даадаггүй  байна. Тиймээс сорьцын хяналтыг газрыг өргөтгөх, эсвэл зах зээлийн өрсөлдөөнт байдлыг бий болгож, салбар газруудад харьяалагддаг болгох цаг нь болоод байгааг хэлэх хүн олон байсан юм. Түүнчлэн хуульд өөрчлөлт оруулж, "Монголбанкны эрдэнэсийн санд тушаагдах алт зөвхөн Сорьцын хяналтын албаар баталгаажсан байна" гэх заалт зэргийг өөрчилж чадвал Монголбанкыг шууд зорих алтны урсгал нэмэгдэх боломжтой гэж харж байгаа юм.

 

Үнэт металлын сорьцын хяналтын газарт анхаарал хандуулахгүй бол үүдээ барьж мэдэх нь

 

Стандартчилал, хэмжил зүйн газрын харъяа Үнэт металлын сорьцын хяналтын газар үнэхээр ачааллаа даахгүй байна уу эсвэл улсдаа ганцхан байдаг учраас монопол байдлаа ашиглаад хүнд суртал гаргаад байдаг уу гэдгийг сонирхохоор Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо Тариалан эрхлэгчдийн дэмжих сангийн хашаанд байрлах Үнэт металлын сорьцын хяналтын газарт очив.

 

Ид ачааллын үед өнгөрсөн болоод тэр үү тус газарт 30 орчим хүн бүтээгдэхүүнийхээ сорьцыг баталгаажуулахаар дугаарлаж байв. Өглөө эрт ирсэн хүмүүс нь эхнээсээ баталгаажуулах бүтээгдэхүүнээ хайлуулах дамжлагад өгч амжжээ. Харин сүүлдэж ирсэн иргэд нь өнөөдөр амжихгүй бол бас нэг өдөр алдах нь ээ хэмээн халаглан суув. Учир нь 10 цагаас хойш хайлуулахаар өгсөн бүтээгдэхүүний сорьц тухайн өдрөө гардаггүй учир заавал маргаашийг хүлээх болдог аж. Мөн өглөө өгсөн бүтээгдэхүүний сорьц өдөр гардаг тул алтаа баталгаажуулахаар ирсэн хүмүүс буцаж очиж баталгаажуулсан бүтээгдэхүүнийхээ сорьцын бичгийг авч, улмаар тухайн бичгээрээ банкинд алтаа тушаадаг байна. Энэ бүх дамжлага нь банкыг бус ченжийг сонгох шалтгаан болсон мөн л нүднээ илт.

 

Сорьцын хяналтын газарт ирж буй бүтээгдэхүүний ихэнх хувийг иргэд болон аж ахуйн нэгжээс ирж буй алт, дотоодын гоёл чимэглэлийн үйлдвэрүүдийн хийсэн алт мөнгөн эдлэл эзэлдэг байна. Тус газар нь ид ачааллын үед өдөрт 120-150 кг алт хайлж, шинжилгээ хийдэг аж. Гэтэл 2011 оноос хойш тухайн байгууллагын тоног төхөөрөмжинд шинэчлэлт хийгдээгүйгээс зарим үед эвдэрч доголдох, үүнээсээ болоод иргэдэд удаан үйлчлэх тохиолдол гардаг нь иргэдийг бухимдуулдаг байхыг үгүйсгэхгүй гэдгийг ч тус газрын ажилчид хэлж байсан.

 

Үнэт металлын сорьцын хяналтын газар өнгөрсөн жил улсад нэг тэрбум гаруй төгрөгийн төсөв төвлөрүүлсэн боловч эргээд тус газрын багаж, төнөг төнхөөрөмжийг шинэчлэх ажилд нэг ч төгрөгийн төсөв баталж өгөөгүй байна. Харин цаашид энэ байдлаараа үргэлжилвэл улсдаа ганц байдаг сорьцын хяналтын газар үүдээ барьж, аюулын харанга дэлгэх нөхцөл ойрхон байгааг тэд нуугаагүй юм.   

 

Харин иргэдийн хэлээд буй хүнд суртал, шат дамжлагын багасгах талаар ямар ажил хийж байгаа талаар албаны хүнээс тодруулахад "Манай байгууллага ид ачааллын үед буюу зургадугаар сарын нэгнээс аравдугаар сарын нэгний хооронд өглөө 7:30 цагаас эхлэн сорьцын бүтээгдэхүүнээ хүлээн авч, хайлуулан баталгаажуулах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ нь иргэдэд хүрсэн үйлчилгээ болсон. Мөн манай газрын дэргэд Голомт банк салбараа нээж, иргэдийн баталгаажуулсан алтыг Монголбанкны ханшаар худалдан авч байгаа нь мөн л иргэдэд үйлчилгээг ойртуулж байгаа хэрэг” гэдгийг хэлж байсан.

 

Үнэт металлын сорьцын хяналтын газарт нь Монголбанктай хамтран сорьцын баталгаажуулалтын бар кодыг шууд банк руу илгээдэг ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж. Нэлээд олон жил яригдсан энэхүү ажил хөрсөн дээр буувал алтаа баталгаажуулж буй иргэдийн явах шат дамжлага багасаж, ченжийг бус банкыг сонгох шат нэгээр ахих боломж бүрдэх юм.

 

Алтны олборлолтод улайрах бус авдарлах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна

 

Энэ бүхнээс харахад алтны арилжааг боловсронгуй болгож, төгрөгийн баталгаа, улсын гадаад валютын нөөцийг тодорхойлох стратегийн нөлөөтэй алтны урсгалыг төв банкандаа төвлөрүүлэхийн тулд улсдаа ганц байгаа Үнэт металлын сорьцын хяналтын газрыг өргөтгөж, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлага тулгараад байгааг холбогдох албанхан анхааралдаа авах буй за. Ер нь алтны нөөцөө нэмэгдүүлэхэд зөвхөн олборлолтод улайрах бус олборлосон алтаа авдарлах боломжийг бүрдүүлэх нь хамгийн чухал гэдгийг энд дахин өгүүлье.

 

Б.Батчимэг

Эх сурвалж: 24tsag.mn

http://www.24tsag.mn/content/156453.shtml

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?