📅

Арбитрын шүүхийн шийдвэрийг шууд биелүүлэх албагүй

🕔 2018/03/15 09:05

 

Арбитрын шүүх гэж хадны мангаа, шийд­вэрийг нь биелүүлэхгүй бол дааж давшгүй ялд унана гэдэг мэдээлэл сүүлийн хэдэн долоо хоног үргэжлэн өрнөж байна. Ийм мэдээлэл шуураад байгаагийн цаана Өмнөд Африкийн "Стандарт” банкнаас гаргасан 109 сая ам.долларын нэхэмжлэхтэй холбогдуу­лан Лондонгийн Арбитрын шүүхийн  шийд­вэр байгаа билээ. Эдийн засгийн гол хөшүүрэг болсон "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг  барьцаалж их хэмжээний  зээл авсан гэх хэрэг нэлээд дуулиантай үргэлжилж байгаа. Хэргийн батлан даагчаар "Эрдэнэт” үйлдвэрийг, харин хариуцагчаар Монголын Засгийн газрыг татсан байна.

Арбитрын шүүхийн шийдвэр ирсэн учраас "Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжилж,  өдөрт хэдэн сая ам.долларын хүү, алданги төлөхөөр болж байгаа талаар УИХ-ын зарим гишүүн  ч шуурхай мэдээлэл хийж байв. Гэхдээ монголчуудын хэлдэгчлэн юманд учир суманд гичир гэж бий. Арбитрын шүүхийн шийдвэр гарсан ч, татвар төлөгчдийн мөнгөөр шууд төлбөр хийхгүй байх эрх зүйн боломж Монгол Улсад байна.

 

АРБИТРААС БИД ЯАГААД АЙХГҮЙ БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай олон улсын конвенц 1958 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ.  Энэ  конвенцид нэгдэн орсон улс орнуудын нэг нь Монгол.  Чухамхүү энэхүү конвенцын заалтуудаас Арбитрын шүүхийн шийдвэр бол хадны мангаа биш, харин ч эсрэгээрээ хариуцагч талын эрх ашгийг хамгаалах зохицуулалт байгаа гэдэг нь харагдаж байгаа юм. Тухайлбал, Конвенцын тавдугаар зүйлийн 2-т зааснаар "Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх орны эрх бүхий байгууллага дараахь тохиолдолд түүнийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхээс татгалзаж болно” гэжээ.  Үүнд,

-Тухайн орны хууль тогтоомжоор уг маргааны объект нь арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зүйл байж болохгүй бол,

-Арбитрын тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх явдал нь тухайн орны нийтийн дэг журамд харшилж байвал,

-Арбитрын бүрэлдэхүүн буюу арбитрын хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа талуудын байгуулсан хэлэлцээрт нийцээгүй эсхүл ийм хэлэлцээр байгуулаагүй бол,

-Арбитрын шийдвэр гаргасан орны хуулийг зөрчсөн, арбитрын шийдвэр талуудын хувьд эцсийнх болоогүй эсхүл шийдвэр гаргасан буюу хууль тогтоомжийг нь хэрэглэсэн улсын эрх бүхий байгууллагаас шийдвэрийг хүчингүй болгосон буюу шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн  бол… гэсэн хэд хэдэн заалтаар Арбитрын шийдвэрээс татгалзаж болно гэдгийг заажээ.

Тэгэхээр конвенцын дагуу бол Арбитрын шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх албагүй юм.  Ялангуяа "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан гэх хэргийг бид дотооддоо шалгаж дуусаагүй, эзэн холбогдогч нар нь тодорхой болоогүй энэ нөхцөлд Арбитр биднээс шүүхийн шийдвэрийн биелэлтийг  нэхэх боломжгүй болж байна  гэдэг эндээс харагдаж байгаа юм. Нөгөө талаар зээл авсан үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэх асуудалд Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэдгийг тус газраас мэдээлсэн.

Тэгэхээр "Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлээд, Монгол Улсын төрийн сангаас сая саяар нь доллар "Стандарт” банк руу шилжүүлэхээс өөр аргагүй болоод байна гэж сүржигнэлийг дагаж хуйлралгүй, харин Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай олон улсын конвенцын заалтын эрхээ хамгаалж,  Ш.Батхүүгийн тавьсан өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхгүй байх гарц гаргалгааг Засгийн газар хийх ёстой болж таарч байна.

 

АРБИТРЫН ӨМНӨХ МАРГААНУУД

 

Манай улс өмнө нь Олон Улсын Арбитрын шүүхэд хэд  хэдэн удаа дуудагдаж байв.  Тухайлбал  хамгийн анх "Буян” компани  "Марубени” корпорациас зээл авч,  өрнийхөө 18 сая ам.долларыг төлөхгүй луу унжсанаар "Марубени” корпораци Монголын Засгийн газрыг Английн шүүхэд дуудаж байжээ. Энэ хэргийг Арбитрын шүүх хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газарт уг хэрэг ямар ч холбогдолгүй гэсэн шийдвэрийг 2005 онд гаргасан байдаг.  Мөн

Италийн "Алстом Пауэр” компани "ТЭЦ-3” цахилгаан станцтай маргаан дэгдээж Арбитрын шүүхэд хандаж байжээ. Тоног төхөөрөмж нийлүүлсний зардлаа нэхэмжилсэн энэ хэрэг хоёр тал эвлэрснээр нааштай шийдэгдэж байсан.  Мөн Арбитрт дуудагдаж байсан хэргүүдээс хамгийн алдартай нь "Хан ресурс” компани манай Засгийн газрыг хариуцагчаар татсан хэрэг байв. Монгол Улсын Засгийн газар 2009 онд Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Хан Ресурс” компанийн Дорнод аймаг дахь ураны ордын лицензийг цуцалсан билээ. Үүнтэй холбоотойгоор "Хан Ресурс” компанийн зүгээс 2011 онд Олон улсын Арбитрын шүүхэд хандсанаар маргаан багагүй хугацаанд үргэлжилсэн бөгөөд Олон улсын Арбитрын шүүх "Монгол Улсын Засгийн газар "Хан ресурс” компанийг хохироожээ” гэсэн шийдвэрийг гаргасан байдаг. Улмаар 2013 оны арваннэгдүгээр сард дахин шүүх хурал болж хохирлын хэмжээг хэлэлцсэн бөгөөд "Хан Ресурс” компани хохирлоо 358 сая ам.доллар гэж тооцсоноо шүүхэд мэдүүлж байжээ. Эцсийн шийдвэрийг арбитрын шүүх 2015 оны гуравдугаар сарын 3-нд гаргаж, Монгол Улс нөхөн төлбөр төлөх ёстой гэж шийдвэр гарсанаар манай улс ихээхэн хэмжээний нөхөн төлбөр төлөх шаардлагатай болсон юм. Гэхдээ Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед төлбөр тооцооны асуудлыг талуудтай дахин нягтлан хэлэлцэж байгаад анхны гаргасан тооноос ихээхэн бууруулж байсан нь саяхны баримт.  Энэ бол  Арбитрын шүүхийн шийдвэрийг шууд хэрэгжүүлэхгүй, дахин авч хэлэлцэх боломж байгаа гэдгийг нэг жишээ.

 

Ш.БАТХҮҮГИЙН АРД ХЭН БАЙСНЫГ, БАС АРБИТРЫН ШҮҮХИЙН ДАГУУ "ЭРДЭНЭТ”-ИЙГ ГАДААДЫНХАНД АЛДАХ НЬ ГЭЖ "БАЯРЛААД” БАЙГАА ЭЗНИЙГ Ч ОЛОХ ЁСТОЙ

 

2009 оны долдугаар сарын 8-ны өдөр "Жаст групп” ХХК нь "Стандарт” банктай 36 сая ам.долларын "Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр "Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 75 сая ам.доллар болгож нэмэгдүүлсэн, 2010 оны наймдугаар сарын 5-ны өдөр "Жаст групп” ХХК нь "Стандарт” банктай дахин 27 сая ам.долларын "зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны арвандугаар сарын 20-ны өдөр "Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 34 сая ам.доллар болгож нэмэгдүүлсэн. Дээрхийг нэгтгэвэл 2009-2010 онд "Жаст групп” компани "Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан байна.  Энэхүү зээлийг авахдаа "Жаст групп” зээлийн батлан даагчаар Эрдэнэт үйлдвэр оролцсон гэсэн материал бүрдүүлсэн гэдэг нь тодорхой болсон. Харин ингэж бүрдүүлсэн баримт материалдаа тухайн үед үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ч.Ганзориг, орлогч захирал Фоменко, хуулийн хэлтсийн дарга Мөнхжаргал нар болон Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар нарын гарын үсэг болон "Эрдэнэт” үйлдвэрийн тамгыг хуурамчаар үйлдсэн гэдгийг нь олон улсын болон Монголын шүүхийн шинжээчид тогтоосон. Мөн Ш.Батхүү нь энэ бүхнийг хуурамчаар хийсэн батлан энэ бүхнээс гарах үр дагаврыг зөвхөн "Жаст групп” хариуцна гэдгээ 2013 оны зургадугаар сарын 19-нд "Эрдэнэт” үйлдвэрийн захирал Даваацэрэнд хандан албан тоотоор мэдэгдэж байсан баримт нь бас байна. "Эрдэнэт” үйлдвэрийг зээлийн батлан даагчаар оролцуулсан гэх хэлцэл явагдаагүй гэдэг нь  дээр дурдсан Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай олон улсын конвенцын хоёр болон тавдугаар зүйл зүйл заалтын дагуу  арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзах нэг үндэслэл байж болохоор  мэт. Товчхондоо бол Арбитрын шийдвэр гарчихсан төлөхөөс өөр аргагүй боллоо гэж дээр дооргүй шуугиж, дуулиан болгохоосоо илүүтэйгээр эрх зүйн хүрээнд Монгол Улсынхаа эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг гарц гаргалгааг хайх ёстой.

Ш.Батхүү гэдэг хүн баахан гарын үсэг хуурамчаар бүрдүүлээд гадаадын банкнаас зээл авчихсан түүнийгээ төлж чадахгүй байгаагийн хариуцлагыг "Эрдэнэт” үйлдвэр улмаар Монгол Улсын Засгийн газар татвар төлөгчид үүрэх ёсгүй. Арбитрын шүүхийн шийдвэр гарчихсан гэдэг нь Ш.Батхүүг хариуцлагаас чөлөөлж, татвар төлөгчдийг өрд унагах ч ёсгүй. "Сүхбаатар” кинон дээр гардаг шиг "Үгүй ээ цаад эзэн нь хэн бэ” гэдэг шиг Ш.Батхүүгийн ард хэн байсан болоод энэ хүн ингэж хууль бус зүйл хийснийг тодорхой болгож, хариуцлага тооцох ёстой. Мөн  Арбитрын шүүхийн дагуу "Эрдэнэт”-ийг гадаадынханд алдах нь гэж "баярлаад” байгаа цаад эзнийг ч бас олох ёстой.  Өр худалдаж авна гэж нэг жишиг бий. "Стандарт” банкны өрийг худалдаж авсан хэсэг бүлэг Монголын Засгийн газрыг шахаж, Ш.Батхүүгийн төлөх өрийг татвар төлөгчдөөс гаргуулах гэж оролдож байж магадгүй гэсэн хардлагын үзүүр гарч ирж байгаа билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?