📅

Д.Жамъян: “Монголын нууц товчоо” бол задаргаа хийгдээгүй бүтээл шүү дээ

🕔 2018/03/13 08:00
 Д.Жамъян: “Монголын нууц товчоо” бол задаргаа хийгдээгүй бүтээл шүү дээ

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Дамдины Жамъянтай төсөрхөн ярилцлаа.

-Өөрийн чинь зохиол бүтээлийг олон түмэн уншигчид сайн мэднэ. Хаад, хатдын сэдэвтэй хэд хэдэн романыг чинь уншсан. Гэхдээ ямар ямар зохиол бичив дээ?
-Монголын хаадын оюун санааны чиглэлээр бас бус 10 гаруй роман бичсэн. "Чингис хааны мэнгэ”, "Хубилай цэцэн хаан”, "Тэнгэрийн чулуу”, "Хулан хатан” гээд л. Цэргийн хэлмэгдлийн тухай "Шинельтэй хүмүүс”, философи сэтгэл зүйн чиглэлээр "Сарны шувуу” роман гаргалаа.

-"Алмасын хот айл” гэж  зохиолыг чинь уншсан. Сонин ч юм. Бас бодитой үнэн мэт санагдсан шүү?
-Ховд аймгийн Булган сумынхан алмас харлаа тэгээд тэр алмасыг барьсан чинь ах дүүгийнх нь хүн байсан гэсэн домог байсан. Үүнээс үндэслэн бичсэн юм. Өгүүллэг бол зөндөө л бичлээ.


-Зохиолыг чинь уншиж байхад зөгнөлт ч юм шиг санаа төрөөд байдаг юм билээ?
-Зөгнөлт ч бишээ. Зөн билгийн зохиол гэвэл ононо байх. Тийм чиглэл байдгийг би бүр эрт "Улаанбаатарын мэдээ” сонинд ажиллаж байх үедээ олж авсан.

Зөгнөлт ч бишээ. Зөн билгийн зохиол гэвэл ононо байх. 

-Олж авсан гэдгээ тайлбарлавал…?
-Ардчиллын эхлэл гарч ирж зах зээлд орж юм өөр болсон. "Ариун библи”, "Куран” гээд шашны гүн ухааны зохиолууд олддог цаг ирэв. Тийм зохиолуудаар хүмүүс ч цангасан байлаа. Тэдгээрийг шимтэн уншаад ирэхээр сэтгэлгээ огт өөр болдог. Хүн төрөлхтний анхдагч сургаалууд, уран зохиолын эхлэл энэ юм байна гэж ойлгогддог. Угаас хүмүүний сэтгэл санаанд оршдог бүхэн үлгэр домгоос эхтэй гэдгийг мэдүүлж өгдөг юм байна. Эндээс л зохиолд зөн билгийн арга чиглэл байх нь гэж миний хувьд мэдэрсэн юм.


-Тэгвэл энэ чиглэлээр бичиж байсан зохиолч байдаг уу?
-Дээхнэ үеэс их Бодоо байна. Сүүлийн үеийнхэнээс Гүр Нямдорж гэдэг авьяаслаг залуу байв. Ер нь Монголын өмнөх үеийн уран зохиол бүхэлдээ аж байдлын сэдэвтэй байж. Арга ч үгүй юм. Сэтгэлгээний талын бүтээлийг таашаадаггүй үзэл суртал гэдэг юмаар хааж боож байсан цаг.


-Сэтгэлгээний зохиол бичихэд бэлтгэл, эр зориг гэж бас байхнээ дээ?
-Үүх түүхээ, тэр дотор "Монголын нууц товцоо”-г сайн унших ёстой. Миний хувьд МНТ”-ыг лав 30-40 удаа уншсан байх. Тэгээд Чингисээс эхлээд зохиолын баатруудтайгаа сайн "танилцсан”. Энэ хүн чухам хэн бэ гэдгийг лавшруулж бодно. Өгөөдэйн тухай роман дээр гэхэд ердөө л Тулуй тэр хоёрын зөрчлийг гол шугамаа болгосон. Цааш нь ах дүү хоёр яагаад зөрчилдөх болов. Үнэхээр Тулуй чин сэтгэлээр Өгөөдэйг хаан болсны дараа ахынхаа амь насыг хамгаалах гэхдээ өөрийгөө егүүтгэсэн юм уу. Эсвэл яалт ч үгүй хоорондын зөрчлөөс болов уу. Нэг бол хааны зарлигаар цаазлуулсан хэрэг үү. Ингэж л үгнээс үг, утгаас утга гэдэг шиг сэтгээд байхаар нэг юманд хүрэх юм шиг… Энэ юу гэсэн үг вэ гэвэл. МНТ-оос авсан нэг баримтыг тэгж баяжуулж сэтгэж чадвал түүх бүрэн болно. Энэ миний түүхэн зохиолын чиг шугам.


-Та тэгэхээр Монголын нууц товчоо бол зөвхөн баримт төдий зохиол гэх гээд байнаа даа?
-Тайлбар хэлье л дээ. "Монголын нууц товчоо” бол огт тайлагдаагүй, задаргаа хийгдээгүй зохиол юм. "Ариун библи” шиг, "Куран судар” шиг дэлгэрэнгүй болоогүй бүтээл. Тухайлбал, Батцагаан нэртэй хүмүүн төрлөө гэдэг. Гоомарал, Бөртэй чоно хоёр нүүн ирээд Добу мэргэн Алангуаг эхнэрээ болгож суулаа гэж явсаар Хамаг Монголын хаан Тэмүүжин болсон гээд л… Энэ тухай яаж зохиол бичих вэ гэхээр түүхэн санаа бүхнийг ургуулан бодож задлахыг зорих учиртай. Энэ нь зөн билгийн чиглэл. Би "Галданбошигт хааны тухай” нэг роман бичсэн.

Энэ хүний тухай түүхэнд "Уг хүн уулгалан дайрдаг, алан хяддаг, аюултай нөхөр байж. Халхыг даваад Манжтай байлдаж яваад сүйрсэн тухай бичсэн бий. Тэгвэл миний романыг уншснаар Галданбошигт бол буддын гүн ухааны таван эрдмийг нэвтэрхий мэдэж гэгээрсэн. Богд Зонховын тухай судалж байсан ганц монгол. Ширээт ламын суудалд заларч байсан гээд… Гэтэл нөгөө гэгээрсэн хүн чинь байлддаг цэрэглэдэг хаан хүн болсон. Бас буддын ухаанд суралцаж байхдаа сэлэмний эрдэмд мундаг суралцсан хоёр талтай нэгэн гэдгийг миний романаас уншиж болно.


-Өөрөө уншигчид миний зохиолыг яаж хүлээн авч байнав гэж анзаардаг уу?
-Уншигч ч зохиолч ч уншдаг л юм билээ. Гэхдээ өөр өөрийн хэмжээнд л хүлээж авдаг шиг байгаа юм. Зарим нөхөд энэ Жамъяан худлаа юм бичээд байна. Нууц товчоонд байхгүй юмыг зохиогоод л гэж ярьдаг гэдэг. Энэ бол зөн билгийн зохиолыг ойлгоогүй хүний үг. Би тэглээ гэж эмзэглэдэггүй. Нэг хааны нэр, фон дээр хүний оюун санаан дээр үндэслэн шинэ зохиол бүтээж байгаа юм. Нэг жишээ хэлье. "Өгөөдэй хаан” роман дээр нэг эмэгтэй чонотой нийлээд агуйд амьдарч байгаа хэсэг бий. Хүүхэн ч чонондоо хоолыг өгөх, чоно нь хамгаалагч үйлийн эзэн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хүн байгалийн шүтэлцээ тийм аугаа гэдгийг хэлж байгаа юм. Бас "Чингис хаан” яагаад ялагдашгүй байсан бэ гэвэл мөн л байгалиа чанд танин мэддэгт байсан гэж болно.

-Саяхан нэг зохиолчийн ярилцлагыг уншлаа. Тэр хүн манай зарим зохиолч XIII  зууны үеийн зохиолч болох гээд их мэрийх юм. Монголын нууц товчоо чинь зохиогч нь тодорхой биш зохиол үүнийг далимдуулаад байх шиг гэжээ. Би бодохдоо та мэтийг л хэлж байна гэж ойлгосон?
-Би хүн өөр өөрийн толгой дахь хэм хэмжээгээр юмыг хүлээж авдаг гэж дээр хэлсэн дээ. Энэ л байхгүй юу. XIII зууны үеийн монголчуудын түүх бол онцгой. Яагаадав гэвэл Монголын мандал бадралын үе. Тэгэхээр үүнийг баяжуулж зохиол бүтээл үлдээх нь зөв гэж би боддог. Монголын нууц товчоо бол хүн төрөлхтний бүтээсэн гүн ухааны номлолуудтай эн зэрэгцэхүйц оюун санааны бүтээл. Гэхдээ задаргаа хийгдээгүй. Нэрэндээ хүртэл нууц гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүтээлийн нууцыг задалж зөн билгээрээ хөгжүүлэх хэрэгтэй юм л даа. Зүгээр зохиолд гардаг хаан, хатны нэрийг хараад л Монголын нууц товчоог хуулж бичлээ гэвэл ухвар мөчид хэрэг.

-Нэг зүйлийг лавламаар санагдлаа. Чингис хаан, Өгөөдэй хаан л гэнэ. Тэр ер нь хүнээс өөр онцгой бодьгал юм уу?
-Чухал асуулт байна. Ингэж асуудаг хүн бараг таардаггүй юм. Тэгвэл хаан гэхээр тусдаа хүн бишээ. Бидэнтэй адил уйлдаг дуулдаг, гутарч гунидаг, баярлаж хөөрдөг, наргиж цэнгэдэг. Гэтэл зарим нь хүн гэдэг талыг орхиод хаан гэдэг үлгэр домгийн мэт хиймлээр ойлгодог шиг байна. Энд нэг зүйлийг хэлчихье. Тийм нарийн юмыг мэдэхгүй, сэтгэхгүй байж мэдэмхийрч, дэмийрдэг хүмүүс бий. Тийм нөхдөөс "тэр хаан чухам хэн юм бэ?” гэж асуувал юу ч хэлж чадахгүй дээ.

-Тэгвэл өнөөгийн төрд зүтгэж буй нөхөд тухайлбал УИХ-ын гишүүд түүхэн зохиол уншдаг болов уу. Та ийм ажиглалт хийсэн үү?
-Хөөрхийс дөө. Тэд юу ч уншдаггүй юм шиг санагддаг.


-Уг нь тэд чинь олон сургууль соёл дүүргэсэн өндөр боловсролтой гэж байгаад гарч ирсэн шүү дээ?
-Үгүй ээ нөхөр минь. Боловсрол гэдэг чинь хоёр янз. Би тэгж ойлгодог. Хүн бага дунд, дээд гээд олон сургууль дамжиж суралцдаг. Тэгснээр тархины боловсрол гэж юм олж авдаг. Нөгөөх нь оюун ухааны боловсрол. Үүнийг амьдралаасаа бас их уншсанаар олж авдаг жинхэнэ боловсрол юм шүү дээ. Тэр дотроо уран зохиолыг өөрийн болгож уншсан, ухаарсан хүн өөрийгөө ойлгодог хүндэтгэж, хайрладаг болдог. Тэгснээрээ бусдыг буруутгах гэж оролддоггүй, бусдын бүтээл рүү нулимахын оронд эргэцүүлж бодох чадвартай болдог.


Уран зохиолыг өөрийн болгож уншсан, ухаарсан хүн өөрийгөө ойлгодог хүндэтгэж, хайрладаг болдог.

-Зарим нөхөд зохиолчдод сэтгэлгээний ижилсэл гэдэг юм бий болж гээд өөрөө би л өөр гэх санаа хэлсэн байх нь бий?
-Тиймээ. Ижилсэл байхаас яах юм. Хүн бүгд л нэгдүгээр ангиас эхлээд 11, 12 дугаар ангид адилхан хичээл үздэг. Их, дээд сургуульд ч адил. Хэдэн самбар өлгөсөн танхимд лекц сонсоно. Дотуур байранд сууна. Иддэг хоол явдаг газар ч адилхан. Ийм байхад тэр сэтгэлгээний ижилсэл гэдэг чинь  "үйлдвэрлэгдээд” байгаа хэрэг.


-Одоо зохиолч, яруу найрагчид их олон болж. Чанаргүй уранбүтээлч олширлоо гэж хэлбэл ямар вэ?
-Тэр чинь буруу. Би боддог юм. Яахав 500 зохиолч байна гэж бодьё. Тэр дотроос тав нь сайн зохиолч болж тодорно. Тэгвэл 495 нь дунд хийгээд доод түвшний зохиолч байхнээ. Үүнээс юуг харж болох вэ гэвэл. Тэр 495 чинь байгаагаас шалтгаалж таван сайн зохиолч гарч ирж байгаа  юм. Хөгжлийн диалектик гэдэг энэ л дээ. Жишээлбэл Дамдинсүрэнгийн Урианхай гэдэг хүн өнөө үед олон тодорч байна. Нөгөө талаар энэ хүнд онцлог бий. Оюуны, гүн ухааны ном судар их уншдаг. Тиймээс бодол ухааны цар хүрээ нь биднээс илүү, сэтгэлгээ уужуу байдаг болов уу.


-Нэг сонин зүйл хэлэхэд Дожоогийн Цэдэв гуай "Говь-Алтай 300 муу зохиолчтой, гурван сайн зохиолчтой гэж хэлээд заримыг эгдүүцүүлсэн удаатай юм гэдэг?
-Бас л диалектикийн хууль үйлчилж байгааг хэлсэн хэрэг. Тэр 300 зохиолч гэдэг "хөрс шороо”-ноос чинь л Л.Түдэв, Ч.Лодойдамба, М.Цэдэндорж гээд аугаа хүмүүс "ургасан” биз дээ. үүнийг л баталсан үг байна.


-Нэг, хоёр шүлэг бичээд яруу найрагч, нэг халтар хултар өгүүлэг гаргаад л зохиолч гээд цээжээ дэлдэгчид олширчээ. Энэ цаг үеийн төрх юм уу. Эсвэл мань мэт шиг урсгал, чиглэлийг нь ойлгохгүй байна уу?
-Алив бүтээлд олон урсгал, чиглэл бий болж. Абсурд ч гэнэ үү Авангард ч гэнэ үү. Гэтэл ийм юм байх ёстой юм шиг байна. Хүний оюун санаа даанч хязгааргүй юм. Зөв, буруу гэж хэлж боломгүй. Хэн нэгэн хүний толгойг нь хөл, хөлийг нь толгой гээд бичиж байхад түүнийг таашаадаг нэг хэсэг байх жишээтэй. Ер нь хэнийг нь зохиолч хэнийг нь зохиолч биш гэсэн хэмжүүр байхгүй. Гагцхүү зохиолчийг бүтээлээр нь үнэлэх, нэрлэх болов уу?


-Д.Жамъяан гэдэг хүн энд тэнд шагнал хамж суудаг хүн байна гэсэн яриа байх юм?
-За яахав ярьж л байг. Юунаас болж ингэж ярив гэвэл би "Алтан өд” мэтэд л ордог. Энэ жил хүүрнэл зохиолын төрөлд шалгарч "Алтан өд” шагнал авсан. Энэ бол сорилт. Үүнд юуны буруу гэж. Үүнээс өөр баясах юм алга шүү дээ. Тэгснээр тэр олон би зохиолч гээд байгаа нөхдийн дунд өөрийгөө хаа явааг олж харья л даа. Миний бүтээл бусдаас ялгагдаж байна уу гэдгийг уншигчдад мэдүүлье. Өнгөрсөн жил Шинжлэх ухааны академиас "Хувилай” хааны нэрэмжит шагналаа өгч л байна лээ. Би авахгүй гэхүү. Авсан. Үүнээс юунд ичих вэ дээ.


Д.Цэрэннадмид

ЗУУНЫ МЭДЭЭ


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?