📅

Лев Толстой ба “Адууны түүх”

🕔 2017/11/28 11:18
 
 Лев Толстой ба “Адууны түүх”
Л.ТОЛСТОЙ ЯАГААД "АДУУНЫ ТҮҮХ”-ИЙГ БИЧИХ БОЛОВ…
 
Оросын төдийгүй дэлхийн алдарт зохиолч Лев Толстой амьдралынхаа 29 жилийг "Адууны түүх” жүжигт зориулсан байдаг. Хреновскийн адууны аж ахуйн Холстомер нэртэй морины түүхийг анх Толстойн дотны найз, ах дүү Александр ба Михайл Стахович нар түүнд ярьж өгчээ. Энэ үеэс сэдэл авсан зохиолч бүтээлээ эхлүүлэхийг хүссэн боловч тухайн цагийн нэрт яруу найрагч Михайл Александрович Стахович энэ түүхээр зохиол бичээд эхэлчихсэн байв. Гэвч хэзээ нэгэн цагт зохиол бичнэ гэсэн бодол зохиолчийн сэтгэлээс гараагүй тухай нэгэн дурсамжиндаа ярьсан байдаг. 1858 онд Стахович 38 насандаа амиа алдсан юм. Энэ явдлаас хойш таван жилийн дараа  Лев Толстой бүтээлийг үргэлжлүүлэн бичиж эхэлжээ. Ийнхүү 29 жилийн дараа бүтээлдээ цэг тавьж амжилгүй таалал төгссөн юм. Хожим гэргий нь зохиолуудыг нь эмхтгэж байгаад дуусгаж амжаагүй "Холстомер”-ийн нооргыг олж хэвлүүлснээр "Адууны түүх” мэндэлсэн түүхтэй.
 
МОНГОЛЫН ТЕАТРТ ЛЕВ ТОЛСТОЙН АНХНЫ БҮТЭЭЛИЙГ ӨЛГИЙДЛӨӨ
 
Монголын театрын урлагт нэгэн өөр өнгө төрх, уур амьсгал, үзэл санааг ханхлуулсаар мэндэлсэн бүтээл бол "Адууны түүх” юм.  Энэ жүжиг 60 гаруй жилийн түүхтэй манай театрын урын санд Лев Толстой гэсэн нэрийг дархалж чадлаа. Монгол хүмүүн адууг дээдлэн шүтдэг уламжлалтай. Морин дэл дээрээс дэлхийн талыг эзэгнэж явсан баатарлаг түүх зөвхөн манайх. Тэгвэл манай театрын урын санд адууны түүхийг өгүүлэх жүжиг заавал байх ёстой. Гэвч "Энэ хэмжээний бичигдсэн зохиол хараахан алга” гэж жүжгийн орчуулагч Н.Пүрэвдагва хэлсэн юм. Үнэхээр эрдэнэт хүлгээ дээдэлдэг манай ард түмэн адууны тухай театрын бүтээлгүй байна гэдэг эмгэнэл. Харин үүнийг энэ цаг үед "Адууны түүх”-ээр нөхсөн нь цагаа олжээ.
 
ШААЗГАЙ АЛАГ ТӨРӨӨД ЭЗЭНДЭЭ ГОЛОГДСОН ТАВИЛАН
 
Унага төрлөө. Чилгэр урт хөл, соотон чихтэй. Хорвоо дэлхийг таньж ядан хоёр хөл дээрээ тэнцэхээр тэмүүлэх нь хөөрхөн. Даанч алаг эрээн юм. Дөнгөж төрсөн үеэсээ зодуурын амтыг мэдэрч, эзэндээ гологдов. Цөөн зоосоор зарагдаж, харийн нутгийг зорив. Гэхдээ түүний эзэн Жанжин хүлгийн дээд хурдан ажнай болохыг нь түвэггүй танина. Олон уралдаанд түрүүлж, түмний манлай болж явахдаа сүргийн чимэг болсон Хулангоотой учирдаг. Гэвч тэр зүйл болоогүй бол би сүргийн манлай хүлэг байх байсан юм хэмээн гуниглан зогсох Данагар. Энэ бол жүжгийн нэгээхэн хэсэг.
 
АРДЫН ЖҮЖИГЧИН Г.МЯГМАРНАРАН ТАЙЛАНГАА ТАВИЛАА
 
 
"Адууны түүх” жүжгийг анх 1975 онд ЗХУ-ын театрт тавьсан байдаг. Энэ үед Холстомерийн дүрийг Оросын алдарт жүжигчин Евгений Лебедев бүтээсэн юм. Тэрээр энэ дүрээрээ дэлхийн театрын урлагт өөрийгөө дархалж, төрийн шагнал хүртсэн түүхтэй. Тэгвэл манай театрын тайзнаа Ардын жүжигчин Г.Мягмарнаран бүтээлээ. Амьдралынхаа хором бүрийг энэ урлагт зориулсан эрхэм жүжигчин энэ дүрээрээ эх орныхоо үзэгчдийн өмнө тайлангаа тавьсан юм. Хөгшин адуу Данагар өнгөрсөн амьдралаа хүүрнэн ярихад нүдэнд нь гуниг харагдана. Гэвч тэрээр өөрийнхөө тухай цагтаа аргамаг хүлэг явсан юм шүү гэхэд бахдал төрөм үнэн харагдаж байв.
 
ЛЕВ ТОЛСТОЙ ӨӨРӨӨ ХОЛСТОМЕР
 
Жүжигт нийгмийн амьдралыг адгуусны нүдээр харж дүрсэлжээ. Өнгө мөнгөнд хууртсан хүмүүний амьдрал ямар худал хуурмаг, үнэ цэнэгүй болохыг жүжгийн төгсгөлд илэрхийлнэ. Харин үүнийг өөрийнхөө амьдралаар баталсан хүн нь зохиолч өөрөө байв. Лев Толстой амьдралынхаа сүүлийн жилүүдэд сэтгэл гутралд оржээ. Тиймээс нийгэм, хүн төрөлхтөнтэй хамт байхаар гэрээсээ  гараад дэрсэн малгай, модон шаахайтайгаа нас барсан гэдэг. Тиймээс судлаачид "Адууны түүх”-ийг Лев Толстойн өөрийнх нь намтар гэж үзэх нь бий.
 
 
Ч.Гантулга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?