📅

Дарханчууддаа сар шинийн мэнд дэвшүүлье!

🕔 2016/02/11 12:18

Дарханчууддаа сар шинийн мэнд дэвшүүлье!Гал бичин жилийг угтаж буй энэ мөчийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон хувиасаа сар шинийн мэнд дэвшүүлж, өнгөрч буй жилийн тань өлзий буян арвижиж, угтах жилийн тань үйлс хийморь бадран ураг төрөл, удам угсаагаараа урт наслаж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг бэлгэдэн мэндчилье.

 Улиран одож буй Хөхөгчин хонь жилд манай аймгийн төр захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хамтын хүч, хөдөлмөрөөр аймаг орон нутгийн ажил амьдрал шинэ сэргэг үйл явдлаар арвижин баяжиж, өөрсдийн боломж бололцоонд тулгуурлан олон бүтээн байгуулалтын эхлэлийг шинээр тавьж чадлаа.

Аж үйлдвэрийн салбарт 106,1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 191,6 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, иргэдийн маань хувийн хадгаламж өнгөрсөн оноос 7,6 тэрбум төгрөгөөр буюу 7,8 хувиар өслөө. Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, Сар шинийн босгон дээр улсын сайн малчин, тэргүүний тариаланчид тодрон, хөдөө аж ахуйн салбарынхан маань амжилт бүтээлээр дүүрэн байна. Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хур бууж, Дарханчууд бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачууд маань авъяас билгээрээ улсдаа манлайлан, багш, дасгалжуулагч, тамирчид маань гавъяатын буухиаг үргэлжлүүлсэн гээд амжилт дүүрэн жил байж түүхийн хуудсыг зузаалан үлдээлээ.

Дарханчууд бидэнд ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, аймгийнхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилт зэрэг бодлогын томоохон баримт бичгүүдээ боловсруулж орон нутаг, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө олон томоохон ажлуудыг хэрэгжүүлэх эхлэлийг тавих түүхэн жил ирж байна. Гал бичин жилдээ Та бид олсон ололтоо бататган түүчээлж, тавьсан зорилтоо амжилттай бүрэн хэрэгжүүлж, эрүүл саруул энх тунх амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн барья. Та бүхний минь оюуны мэлмий гэгээн тунгалаг, өлмий бат орших болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан хотын захирагч А.Энхболд

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?