📅

Дээл өмсөхөд дэг жаяг гэж бий

🕔 2016/02/04 15:01
Дээл өмсөхөд дэг жаяг гэж бийҮндэснийхээ дээл хувцасаар гоёж, гангарах сайхан. Гэвч бид хэрхэн зөв өмсөх талаар мэдлэгтэй билүү. Тэгвэл өвгөдөөс уламжлан ирсэн цөөн хэдэн ёс, жаягийг "Ур Ундрах" компанийн захирал А.Алтантуяа зөвлөжээ. 

1. Монгол хүн дээлээ өмсөөд бүсээ бүслээд малгайгаа тавиад золгодог.

2.Энгэрээ товчлохгүйгээр хүнтэй золгодоггүй.

3.Дээшээ харсан захтай дээл өмсөх хэрэгтэй. Дээшээ харсан зах нь дэвжин дэлгэрэх билэгдлийн чанартай юм.

4.Цагаан сараар богино ханцуйтай дээл өмсөж байгаагүй. Учир нь гарын шуугаа гаргаж хүнтэй золгодоггүй юм.

5. Өвдөгнөөс доогуур урттай дээл хувцас өмсөөрэй. Мөн эмэгтэй хүн хөлөө ачилгүйгээр хоёр хөлөө нийлүүлээд өвдгөө хучаад суудаг.

6.Монгол дээл өмсөөд үсээ задгай тавьчихаар зохимжгүй харагддаг.

7. Хүн өөрийн төрсөн жилийн мэнгийг мэдэх хэрэгтэй. Мэнгэний өнгөөрөө дээл хийлгэж өмсвөл таны царайнд зохих болно. Жишээлбэл би дөрвөн ногоон мэнгэтэй хүн. Тэгэхээр ногоон өнгийн дээл надад зохино гэсэн үг.

8. Богино хүзүүтэй хүнд босоо захтай дээл зохидоггүй учраас мөөрөлжин захтай дээл сонгох нь зохимжтой. Мөрөөлжин зах гэдэг нь лам захтай гэсэн үг.

9. Монголчууд дээр үеэс 33 үндэстэн ястныхаа дээл хувцсыг өөрсдөө оёж өмсдөг байсан. Буриад хүн буриад, баяд хүн баяд хувцсаа өмсөх хэрэгтэй.

10. Залуучууд өөртөө зохисон, ногоон, цэнхэр зэрэг тод өнгийн хувцас өмсөх нь зохимжтой.

11. Нас тогтсон хүмүүсд төлөв даруу өнгөтэй буюу шаргал, тосон бор өнгөтэй дээл зохино.

12. Охид хүүхнүүд жижигхэн цэцгэн хээ,  40 нас дөхсөн хүн дугуй хээтэй дээл өмсвөл нүнжигтэй харагддаг.

13. Үстэй малгайг үстэй эсвэл ноолууран дээлэн дээр өмсвөл сайхан харагдана.

14. Эрэгтэй хүн баруун талдаа бүсний цацгийг нь унжуулаад нар зөв ороогоод бүслэх ёстой.

15. Монгол хүн хэзээ ч бүсээ хүнтэй сольж, дор хаяж болдоггүй.

16. Хүүхдэдээ уужим чөлөөтэй, өнгөлөг дээл өмсгөж ирсэн. Баривч өмсгөөд бүсийг нь нар зөв ороогоод баруун талд нь бүсэлдэг. Ингэснээр гэдэс гүзээг нь даарахаас хамгаалдаг юм.

17. Монголчууд 25 насанд "нас бие гүйцнэ" гэж ярьдаг. Эхлээд хямд төсөр юм өмсөж байгаад 25 нас хүрээд торго дурдан, 50-60 насандаа очиртой торго өмсдөг байсан.

Мандах төрийн малгай

Бүтэх төрийн бүс

Дэвжих төрийн дээл

Тулах төрийн гутал

Хан төрийн ханжаар /хантааз/ гэж нэрлэж ирсэн сайхан уламжлалтай.

Дээлээ өмсөөд, товчоо товчлоод, бүсээ нар зөв ороох хэрэгтэй. Миний Монголын ард түмэн жил ирэх тусам үндэсний ёс заншил, өв уламжлалаа дээдэлж сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж хүсэн ерөөе.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?