Дарханчууд “цахим оффис”-той болжээ
Телевиз, радиогийн үйлчилгээ тоон системд шилжиж байгаа энэ үед техник, технологийн хөгжил, дэвшлийг даган иргэд ч бас твиттер, фейсбүүк гээд цахим ертөнцтэй нөхөрлөх болсон. Үүнийг дагаад хот, хөдөөгийн төрийн байгууллагууд техник технологио сайжруулж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээгээ цахимжуулж, аль аль талдаа ажлаа хөнгөвчлөөд байна. Энэ ажил хөдөөд ямар байгаатай танилцахаар бид Дархан-Уул аймагт сурвалжлага хийсэн юм. Нийслэлийн дараа орох хоёрдогч том хот хэмээн нэрлэдэг Дархан хотынхон энэ онд 55 жилийн түүхт ойг тэмдэглэнэ. Ойгоо угтаад дарханчууд олон ажил төлөвлөн ажиллаж байна. Ирэх гуравдугаар сард л гэхэд "Дархан хөгжлийн форум”, "Дархан их урлаг-II” төслийн нээлт гээд хоёр том ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
"Залуусын хот” хэмээн нэрлэгддэг Дарханд нийт хүн амын 64.5 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг. Тиймдээ ч нийслэлээс дутахааргүй хөл хөдөлгөөнтэй байдаг. Ялангуяа, төрийн байгууллагаар орж, гарах иргэдийн хөл хөдөлгөөн тасардаггүй. Гэтэл биднийг саяхан очиход төрийн үйлчилгээгээ цахим системд шилжүүлж, иргэдэд хүссэн мэдээллээ нэг цэгийн үйлчилгээнээс авдаг боломжийг олгохоор ажиллаж байв. Энэ талаарх мэдээллийг сонирхвол, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар байгууллагынхаа дотоод удирдлагын Ханлиг системийг нэвтрүүлэхээр туршиж байгаа аж. Энэхүү "Ханлиг” программ нь байгууллагын үйл ажиллагааг нэг цэгээс зохион байгуулж, төрийн байгууллагынханд ажлын бүтээмж өндөртэй ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм байна.
Дарханчуудын ажлыг хөнгөвчилж, "Цахим оффис”-той болгож өгсөн энэ систем нь үнэхээр төрийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх олон боломжийг олгожээ. Тухайлбал, үйл ажиллагааны өөрчлөлт шинэчлэлтээс хамааран зарим алба, хэлтэст ажлын байрны сул орон тоо гардаг. Үүнийг иргэд цаг тухайд нь харах боломжийг олгоно. Мөн ажилтан бүрийн гүйцэтгэж буй ажлууд энэ системд тэмдэглэгдэж, жагсаалт үүсдэг. Ахлах мэргэжилтнүүд нь хариуцсан ажилтныхаа ажлын гүйцэтгэлийг жагсаалтаар дамжин харах, хянах боломжтой болжээ. Хэрэв шинэ үүрэг даалгавар өгөх бол өрөөнөөс өрөө дамжин гүйх шаардлага алга. Шууд л цахим системээрээ мэдээлэл дамжуулахад, тухайн мэргэжилтэнд сонордуулга маягаар мэдээлэл автоматаар хүргэгдэх аж.
Төрийн байгууллагаар бичиг, цаасны ажил хөөцөлдөж буй иргэд төрийн албаныхны хүнд суртлыг баллуурдах аргаа хайгаад олдоггүй. "Цайны цаг боллоо” гээд хаалгаа түгжээд алга болдог, эсвэл хоорондоо юм яриад, идэж уугаад дуусдаггүй гээд байнга л шүүмжилдэг. Тэгвэл Дархан-Уул аймагт нэвтрүүлэхээр туршиж буй энэ систем төрийн албан хаагчдын цаг ашиглалтыг яс бүртгэдэг юм байна. Ажилтнууд нь өөрийнхөө цагийн бүртгэлийг ч бас "Ханлиг” системээс харах боломжтой. Мөн өвчтэй, чөлөөтэй, хоцорсон эсэхээ хянах боломжтой юм байна. Түүнчлэн хөрөнгө оруулалт, хүний нөөц, байгууллагад ирсэн болон явсан бичиг баримт, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, өгсөн үүрэг, даалгаврууд, түүний хэрэгжилт, биелэлт гээд шаардлагатай зарим мэдээллийг байгууллагын ажилтнууд бүгд өөрсдийнхөө нэвтрэх эрхээр ороод харах боломжтой болжээ.
-Дархан-Уул аймгийнхан төр, иргэн хоорондын ажлыг хөнгөвчилсөн цахим программтай болж байгаа юм байна. Энэ цахим систем хэзээнээс нэвтэрч эхлэх вэ. Энэ талаарх мэдээллийг өгөөч?
-"Ханлиг” программ нь байгууллагын үйл ажиллагааг нэг цэгээс зохион байгуулж, ажлын цагийг хэмнэх, өндөр бүтээмжтэй ажиллахад зориулагдсан прогррамм. Энэ систем нь "Нью Медиа” группын бүтээгдэхүүн бөгөөд төрийн албаныханы ажлыг хөнгөвчилөх олон боломжуудыг олгох зорилгоор оны эхнээс туршиж эхэлсэн. Гуравдугаар сар гэхэд бүрэн нэвтрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Сүүлийн үед зарим аймгууд иргэдийнхээ дуу хоолойг сонсох, төр иргэн хоёрыг хооронд нь холбох ажлыгнэлээд идэвхитэй хийдэг болж. Иргэний танхимын үйл ажиллагаа нь ч идэвхжсэн байна. Танай аймагтиргэдийнхээ дуу хоолойг сонсох, чирэгдлийг нь хөнгөвчилсөн өөр ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Манай аймгийн ЗДТГ-т иргэдийг сонсох 7037-1212 дугаарын утас ажиллаж байна. Мөн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд иргэдээ сонсох 7037-0199 дугаарын утас ажиллаж байна. Иргэний танхимын хувьд төрийн байгууллагуудыг иргэдтэй холбох гүүр болж ажилласаар ирсэн. Нээлттэй хэлэлцүүлгүүдэд хэлтэс агентлагийн дарга нарыг оролцуулж, иргэдийн асуултад шууд хариулт өгөх зарчмыг баримтлан ажиллаж байна. Он гарсаар банкны зээлийн хүүг бууруулах асуудлааар, 2016 онд хийх бараа ажил үйлчилгээний худалдан авалт сэдвээр хэлэлцүүлэг хийж, иргэдийн саналыг сонсоод байна. Иргэдээс ирсэн зарим өргөдөл гомдлын хариу аль нэг алба, хэлтэс дээр очоод саатдаг байсан бол "Ханлиг” систем хэрэгжсэнээр өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн болон бусад холбогдох тэмдэглэл нь тодорхой бүртгэгдээд, тэмдэглэл маягаар хөтлөгдөөд явна гэсэн үг.
-Танай Мэдээлэл технологийн албанаас энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ямар ажлууд байнавэ. Албаныхаа үйл ажиллагааг товч танилцуулаач?
-Төрийн нэгдсэн сүлжээ, интернет үйлчилгээ, мэдээ мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах нь манай албаны үндсэн зорилго. Хийсэн зүйлээ байнга мэдээлж, иргэдийн санал санаачилгыг сонсч, үйл ажиллагаандаа тусгаж ажиллавал төрийн үйлчилгээ жинхэнэ утгаараа иргэдэд хүрнэ. Тэр хэрээр иргэдийн бухимдал багасна гэж үздэг. Аймгийн ИТХ, ЗДТГ-аас манай албаар дамжуулан гаргасан бодлого шийдвэр мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж байна. Фейсбүүк, darkhan.gov.mn цахим хуудсаар өдөр бүр мэдээллийг түгээж байгаагийн зэрэгцээ "Дарханы мэдээ”сонинг сар бүр гаргахаар төлөвлөж байна. Сониндоо тухайн сард зохион байгуулсан ажлаа тавьж танилцуулна. Хамгийн гол нь хөдөө орон нутгийн иргэддээ төрийн байгууллагаас гарч буй бодлого шийдвэр, үйл ажиллагааны мэдээллийг хүргэхийн тулд сонин гаргахаар шийдвэрлэсэн. Мөн одоо ажиллаж байгаа аймгийн албан ёсны цахим хуудсаа шинэчлэн вэбэд суурилсан цаг хугацаа хэмнэсэн, шууд боловсруулах үйлдэлтэй болгохоор ажиллаж байна.
Б.Энхтуул
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин