📅

У.Хүрэлсүхэд эвдрэх эрх байхгүй

🕔 2017/11/23 11:09

Хүнийг эвдэж, хэн ч биш болгохдоо гарамгай улс төрийн хүчин бол МАН. Хамгийн гашуун жишээ нь Н.Энхбаяр. Хамгийн урамгүй баримт нь С.Баяр. Сү.Батболд ч бас энэ жагсаалтыг үргэлжлүүлсэн. Өр тэглэсэн үндэсний баатар Энхбаяр, Атрын гуравдугаар аяны ардын баатар Баяр, Кембриж Батболд гээд л эл цуваа үргэлжилнэ. МАН-ын бялдуучид эрх мэдлийн оргилд хүрсэн тэднийг тэнгэр өөд тэнхээ уралдуулан шидчихээд хайр найргүй хаяж орхидог тусгай технологитой.

 

Газарт хага ойчиж, гаслах нь хүртэл гөлөг болсны дараа юу ч болоогүй юм шиг дараагийн хүүхэлдэйгээ гоёж эхэлдэг ханилгаагүй араншинтай. Энхбаяр, Баяр...нарын үе үеийн эрх мэдэлтнүүдийн нэрээр амьдралаа босгож, албан тушаалд хүрч, араа шүдээ хурцалсан хүн олон. Ард түмнээс нь таслан, арав, хориулхнаа тойрон зогсож байгаад л амжуулна шүү дээ. Бялдуучдын үсэрсэн шүлс, үмхийрсэн үзэл бодлын торноос ямар ч аавын хүү мултарч чадаагүй. Олон ч сайхан залуу хэн ч биш болж, хэлтгий зам руу халтирсан.

 

Тэдний хувьд үе үеийн Ерөнхий сайд саалийн үнээ, цаг цагийн намын дарга нар хуруу хүүхэлдэй л гэсэн үг. Монголын улс төрд нэгэнт бий болсон энэ замналыг Хүрэлсүх өөрийнхөө үед тасдаж чадах уу? МАН-ын Их хурлын төлөөлөгчдийн нижигнэсэн алга ташилтыг сонсоод өөрийг эрхгүй ийн бодов. Н.Энхбаярыг тойрон суучихаад тохуутай нижигнүүлж байсан яг тэр танил алга ташилт. С.Баярын өмнөөс харан ярайтал эгнэж суучихаад ярсхийтэл нэгэн хэмнэлээр нижигнүүлсэн яг тэр алга ташилт.

 

Сүүлийн долоон жилийн түүхэн дэх хамгийн сайн мэдээ гэвэл хамтарсан, эвлэрсэн нэрээр нам холилдож, сэм сүлбэлддэг хуйвалдаан дуусч, парламентад 65 гишүүнтэй МАН нэг үзэл бодол, нэг зүг чигийн дор нэг тулгуурт хүчин болж нягтарлаа. Эрх мэдлийг авсан шиг авлаа, эргээд тооцоо нийлэх ганц эзэнтэй боллоо. Өчигдөрхөн тэд лидер төрүүлэв. Лидерээ магтав. Мандуулав.

 

Гоё индэр дээр гоёж байгаад гаргав. Өмнөх лидерүүд өнгөлөг мөнгөлөг энэ л замыг туулж, энэ л зарчмыг дагасан. У.Хүрэлсүхийн он тоолол Монголын улс төрд албан ёсоор эхэллээ. Үүнтэй зэрэгцэн түүний нэр, нүүр, нөлөөгөөр хүүдэгнэгчид өнөөдрөөс ажилдаа орсон. Нэг л юм ойлгомжтой байна. Бусдын замаар алхсан ч бусадтай адил эвдрэх эрх Хүрэлсүхэд байхгүй. Учир нь түүний өвөрт Монголын ард түмний төрдөө итгэх сүүлчийн итгэл найдвар бий.

 

Нийтлэлч Р.Эмүжин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?