📅

Хоёр даргын хоёр араншин

🕔 2016/03/07 11:44

MAH, МАХН хамтран тэмдэглэсэн Эх орончдын баярын дараа тус хоёр намын даргын хэлсэн үгийг олон нийт, намын гишүүд нь анхааралтай уншиж, анализ дүгнэлтээ хийж байна. Үгэн доторх үгийг уншчихдаг ухаантнуудын ажигласнаар М.Энхболд ба Н.Энхбаярын хэлсэн үгнээс тэдний зан араншингийн ялгааг мэдэрч болох гэнэ.

Тухайлбал, Н.Энхбаяр үгээ эхлэхдээ нэгэн сонин сайхан мэдрэмж төрж буйгаа хуваалцаж, "Миний өмнө сайн таньдаг байсан хүмүүс өнөөдөр өндөр албан тушаалд оччихоод ааш араншин нь хувиран өөрчлөгдөж, би тэднийг ч, тэд нараар дамжин Монголоо ч танихаа байчихдаг болсон” гэсэн юм. Тэр энэ "гашуун” мэдрэмжийг гадаадад эмчлүүлж байгаад ирэхдээ мэдэрчээ. Энэ үгээрээ Н.Энхбаяр нэг талаар хамтран засаг барьж буй АН- ынхныг хэлж буй байх. Нөгөө талаар өөрийг эзгүйд намыг нь телөөлөн өндөр албан тушаал хашиж байсан эрхэм журмын нөхдөө хэлж байгаа мэт олон хүнд санагджээ. Тэрбээр БНСУ-д удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны аравдугаар сард эх орондоо ирсэн.

Түүнийг ирэхэд МАХН-ынхан буюу Н.Энхбаярын өөрийнх нь томилсон хүмүүс өндөр албан тушаал хашиж байв. Тухайн үед Д.Тэрбишдагва Шадар сайд, Ч.Улаан Сангийн сайд, Н.Удвал Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байлаа. Харин өнөөдөр МАХН засагтаа хэвээр байгаа хэдий тэдний хэн нь ч албан тушаалдаа алга. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар Н.Энхбаяртаа гомдлын үгс цухуйлгах болсон. Д.Тэрбишдагва Г.Шийлэгдамба шиг матаач захидал бичээгүй ч даргадаа захидал бичээд сэмхэн өгчихсөн гэж байгаа. Хүмүүс нэг намд байж өдөр бүр уулздаг хүмүүс бие биедээ захидал өгөх болсоныг анхааран ажиглаж байгаа.

Удахгүй Д.Тэрбишдагвын захидал Г.Шийлэгдамбын захидал шиг олны хүртээл болж мэднэ. Д.Тэрбишдагвын яриагаар бол намынхаа даргад хэлэх ёстой чухал зүйлийг бичсэн, гащаараа бодож эргэцүүлэг гэсэндээ ийм алхам хийсэн гэсэн. Сонирхолтой нь Н.Энхбаяр Эх орончдын баярын хурлын индэр дээрээс, илтгэлийнхээ бүр эхэнд өөрийг нь өвдөж, зовж явахад ар талыг нь дааж явсан журмын нөхдөө дайруулан өөнтөглөж буй нь хэнд ч сайхан санагдсангүй. "Өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийг хараад эх орноо таниагүй” гэдэг түүний үг товчхондоо Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарт хаягласан мессэж байлаа.

Тэр үед МАН-ынхан ямар алба хашиж байсан биш. Гудамжинд сөрөг хүчин хийгээд явж байсан үе л дээ. Н.Энхбаярыг дагаж явсан нөхдөө хаячихдаг гэмтэй гэж намынхан нь ярьдгийг өөрөө үйлдлээрээ батлаад зогсохгүй, баярынхаа өдөр илэрхий шүүмжлэв. Хажууд нь МАН-ын дарга М.Энхболд намбатай илтгэл тавьж, харин ч намаас нь гараад явсан хүмүүсийг уучилж, эвлэрч бүтэх ухаан зааж суув. Учир нь Н.Энхбаяр нэгэн цагт М.Энхболдын Засгийн газрыг огцруулах хорыг найруулсан түүхийг улс төрийн хүрээнийхэн мартаагүй.

Гэвч М.Энхболд энэ түүхийг сөхөх хусэл сонирхолгүй байна. Харин ч огцруулж байсан Н.Энхбаярын "баяраа хамтарч тэмдэглэе” гэсэн саналыг хүлээн авч хэрэгжүүлэв. Ингэж хоёр даргын араншин хэлсэн үг, хандлагаас нь ихээхэн тод ялгарч байна.

Г.Гэрэл

Монголын мэдээ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?