📅

Уйлахгүй...

🕔 2017/11/07 11:30

Уйлахгүй. Гэхдээ уйлна. Санахгүй. Гэхдээ санана. Дурсахгүй. Гэхдээ дурсана. Яагаад гэвэл тэдний үхэл зүрхийг минь нэгэн хором зогсоож, тэдний үлдээсэн гуниг сэтгэлийг минь нэг бус удаа сэмлэв. Яагаад гэвэл тэдний эр зориг цусыг минь нэгэн хором шатааж, тэдний хүсэл тэмүүлэл оюун санааг минь нэг бус удаа эзлэв. Энэ бол далавч дэлгэхийн өмнөх жигүүртний мэдрэмж, хурд авахын өмнөх гөрөөсний амьсгал, ангаа олзлохын өмнөх арслангийн дайралт, үүрнээсээ хөөрөхийн өмнөх бүргэдийн дэгдээхийн хашгираан... Агаарт агаар болон уусч, ууланд уул болон сууж, тэнгэртэй хамт цэнхэртэж, салхитай хамт исгэрч, өвсөнд өвс болон нэгдэж, газарт газар болон шингэх яг тэр ганцхан агшны мэдрэмж. Энэ гайхамшигт мэдрэмжийн төлөө бүх амьдралаа золиослохоос ч буцахгүй зан бидний олонхид бий.

 

Уйлахгүй...

 

Учир нь хүн гэдгээ, байгалийн эд эс гэдгээ, энэ цэнхэр гаригийн эзэн гэдгээ олж харахыг хүсэхгүй хэн байх билээ. Амьдралыг исгэлэн, гашуун, чихэрлэг, давсархаг, бас амттай болгодог энэ оргил агшнуудын төлөө зүрхээ шатааж, сэрэл мэдрэмжээ дэнсэлнэ гэдэг хүн хэвээрээ байгаагийн хамгийн төгс илрэл байдаг. Эс бөгөөс иднэ, унтана, босно, ажиллана, харина...хэмээх нэгэн тойрогт хүмүүн хэмээгч нэг л мэдэхэд өөрсдийн зохиосон зохиомол ертөнцийн зохиомол хүүхэлдэй болон үлддэг нь үнэн аж.

 

Намрын сэрүүн өдрүүдээр Отгонтэнгэр хайрханыг зорьсон уулчин залуусаар бахархсаны минь шалтгаан энэ. Тэд хайрханы оргилд гарсан. Тэд хүсэл мөрөөдөлдөө хүрсэн. Тэд жаргалтай байсан...ийм л бодол одоо надад үлджээ. Тэд энэ агшны төлөө л явсан. Тэд эрсдэл туулна гэдгээ мэдэж байсан. Мэдсээр байсан хэрнээ ухарч буцаагүй, шантарч эргээгүй. Үүнийх нь төлөө би тэднийг биширнэ. Үрэгдсэн 17, үлдсэн 10, тэднийг буруутган үглэсэн бид...ийм л өдрүүд өнгөрөв. Хүн хэмээгч хэрхэн хувирсныг харав. Адлав. Ам асуув. Баалав. Муулав. Бархирав. Бах таваа хангав...яах гэж ингэнэ вэ? Цасан бударсан энэ үдэш Цаст Отгонтэнгэр бүгдийг дүнхийн харж байгаа...зуу зуун жилийн турш монгол түмний жаргал зовлонг харж, харуусч, халгиж байсан яг л тэр хөдөлшгүй харц... хүний чанар ямархан ядуу болсныг сонжиж байгаа.

 

Үнэндээ халуун хөнжлийг бус, хан тэнгэр, хайрхан уулсыг хүнд хэцүү нугачаа гүвээтэй нь сонгосон 17 залуу тэр шөнө сарьдаг өндрөөс цастай хамт нураагүй. Монгол хүний мөн чанар нурсан...ингэж ч хэлэхийг хүсч байна. Хэлж үл чадах, хэмжиж үл болох байгалийн гэнэтийн үзэгдлийн өмнө хэн маань үрэгдэж, хэн маань үлдэхийг хэрхэн мэдэх. Хорвоо гэдэг заримдаа зүрхэнд зүүгдсэн ачаа, сэтгэлд ээдсэн сүү. Эмгэнэн гашуудаж, эрэмгий уулчдын араас элэг зүрхнээсээ шархиран харууссан хэн бүхэнд талархъя. Элдэвлэн гоочилж, эрээнийг урсгаж, эрүү амаа эцтэл боорлосон хэн бүхнийг бурхан өршөөг. Учир нь бүргэд дүүлэх халилд царцаа царгих дуун хэзээ ч хүрдэггүй...Би уйлахгүй. Гэхдээ уйлна...

 

Нийтлэлч Р.Эмүжин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?