📅

Хаширсан уу ...

🕔 2017/10/31 13:32

Одоо болтол цээж хорсгодог утаанаас илүү нэг зовлонг нэрлээч гэе. Өдий болтол өөдлөөгүйн шалтааныг энэ хариултаас авч болно.  Хамгийн товчдоо бол СОНГУУЛЬ. Төрийн эрх барих, төсвийн эзэн сууж асар хурднаар ойгүй баяжих боломж.  Үүнийг сайтар хөгжүүлсэн явцуу улс төрийн акцуудын үзүүр нэг зорилго нь сонгуульд ялах.  Аль ч улс төрийн нам энэ зорилгоо нуудаггүй. Манай улстөрчид  бол харин нуудаг. Үгүй дээ ичингүйрч гол нь "улс орноо хөгжүүлэх ...”хэмээн гүрийдэг. Яаж хөгжөөд байгаагаа бид мэдэрч л сууна.

 

Яг үнэндээ ард түмэн цагаан цаас байсан юм. 20 жилд нүүр нуруу, нэр төр, эх орон, газар шороон дээр нь улстөрчид юу дуртайгаа бичиж цоохорлоод Сонгууль дөхөхөөр балуурдаад хаячихдаг.

 

Хариуцлага, тооцоо судалгаа, эдийн засгийн боломж чадавхаа тооцсон үндэслэл бүхий төлөвлөлт, хөгжлийн бодлого гэдэг манай аль ч намд  "Түй май ” болжээ.

 

Их хурлын гишүүдийг их мэдлэгтэйд нь, төгс боловсорсон болохоор нь сонгоогүй гэдгийг тэд ухаарах хэрэгтэй болж. Тэд бол улстөрчид. Төрийн эрх барилцах эцсийн ганц зорилгодоо хүрч чадсан хүмүүс. Улс төрд хорчин байх, эд хөрөнгөтэй байх, Түгжилдэх, түйвээх, буцаагаад эмхлэх  зэрэг бүх шалгуурыг давж бохир өрсөлдөөнд гарч ирсэн хүмүүс. Супермэнүүд ерөөсөө биш.Үе үеийн Парламентийн 76 дотор инженер ч, ганзагачин наймаачин ч байсан. Эдийн засагч ч байгаа. Офицер, цагдаа бөхчүүд бий. Жирийн л хүмүүсийн бүрдэл. Тэгсэн байтлаа яагаад төгс эрдмийн чанадад хүрсэн мэт бүхнийг мэдэж, хэлэлцэж шийдвэр гаргаад байдаг юм бэ гэж 10 жилийн хүүхдүүд гайхдаг байх. Би ч зарим тохиолдолд гайхаж л байдаг. Гишүүн бүр 1-2 туслахтай атлаа хажуудаа нийгмийн шинжээч судлаач , эдийн засгийн ганц ч зөвлөхгүй байдаг юм бэ. Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь хажуудаа гарын арван хуруунд арай гэж багтах албатай хэрнээ судалгаа хийдэг, бодлого боловсруулдаг шигшсэн эрдэмтэд зөвлөхүүдээр бүрдсэн шинжилгээ судалгааны институц дэргэдээ байлгаж яагаад болдоггүй юм бэ.

 

Төрийн дэргэдэх нэг судалгааны баг цалинг нэмэх бус орлогыг нь нэмэгдүүлэх , 300 мянгыг бэлэн тараах хоёрын эдийн засгийн эерэг сөрөг тусгалыг харьцуулж тавиад ярих байтал яагаад   Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг гэдэг хоёр сайд хамаг мэдлэг дээрээ хар ухаан мэдрэмжээ  шавхаад яриад явна вэ. Гаргасан шийдвэр нь амьдралд буулгүй дампуурдаг, нэг бол гараан дээрээ ард түмний дургүйцлийг хүргэдэг гашуун сургамжийн ганц тайлбар бол асудалд судалгаа тооцоо хийдэггүй. Хэн нэг сайдын гэнэт шийдсэн мэргэн оюунаар явсаар энэ улс туршилтын  туулай боллоо. ОУВС-ийн сэхээн тасагтаа туршилт явуулдаг, тэрийг нь бас дампууруулж чаддаг улсаар тодорлоо.

 

Одоо болтол цээж хорсгодог утаанаас илүү нэг зовлонг нэрлээч гэе. Өдий болтол өөдлөөгүйн шалтааныг энэ хариултаас авч болно.  Хамгийн товчдоо бол гаж СОНГУУЛЬ. Хоёр нам бүх авлигаа ард түмэндээ шавхаад,  баялгаа барьцаалж дампуурлыг дэврээсэн хамгийн сүүлийн том эмгэнэл бол сая төгрөгийн амлалт. Түүнийг босгосон, тараасан байдал.

 

"Эх орны хишиг”-ээс үлдсэн юм гээд хавтгай зурагт үзэж суугаа айл ч байхгүй. Өгсөн мөнгийг нь нийлүүлээд гадаадад аялчихсан гэр бүл ч таарсангүй. Эрээний бараа эргэлтийг нэмэгдүүлж, ээж нар хүүхдүүдтэйгээ хэдхэн хоног тансаг идэж уусан. Хэдэн "мудак” үхэтлээ архидсан дүр зураг харагдсан. Арай хямгач нь хур өрнөөсөө жоохон хумсалсан. Энэ их мөнгийг хүн бүрт гэж аманд ч үгүй, хамарт ч үгүй " ходоодонд” хийсэнд нь улстөрчдөөс илүүтэй иргэд ихээр харамсдаг.

 

Энэ бэлэн мөнгө тараалтаас нүүрсэнд Хятадын Чалко, Оюутолгойд Ри Тинто завшиж,  Монголын  өмнөд хилийн баялагт эзэн сууцгаасан.  Тийм болохоор ард түмэн бараг дуу нэгтэй дахин бэлэн мөнгө тараалтыг сошиал ашиглан эсэргүүцлээ. 300 мянгыг идчихээд дахин цэцэрлэгийн сугалаанд хүүхдийнхээ нэрийг хуйлж суухаас залхсан байна. Үүгээр нь 50 цэцэрлэг барьчихаасай гэж хүсч байна. 300 мянгаар 3 саяын зээлийнхээ ганц сарын хүүг төлчихөөд намар нь 60 хүүхдэдтэй ангид хүүхдээ бүгчимдүүлж суумааргүй байна. Үүгээр хороо дүүрэгт минь ганц сургууль барьчихаасай гэж хүсч байна. Ард түмэн "төрийн авлига”-д үгүй гэж хэлж чадаж байна.

 

Улс төрийн том нам бол нийгмийн судалгаа шинжилгээний хамгийн том хараат бус институт. Манай намууд төр барихаараа энэ давуу талаа, инстүүцийн мөн чанараа шууд хаядаг. Хэрвээ төр салбарын төлөөллийг батгаасан том багтай хамт сууж бодлого гаргаж, гарц шийдэл ярьсан бол өөр. Энэ удаад гэхэд эхнээсээ л цалингийн нэмэгдэлтэй  барьцуулж нэг удаа 300 мянгыг өгнө гэж дуугарахгүй. Зөвхөн төрийн албан хаагчдад гэж онцлон цохож бусдынх нь дургүйцлийг сэвэхгүй байсан. Эхнээсээ л энийг "урамшуулал” гэж томьёолон гаргалгаа ба үндэслэлийг нь жин тан боловсруулж тавих байлаа. 

 

Засаг төр заримдаа үнэн будилуу харагддагыг нуугаад яахав. Нийгмийн бухимдал шахалтад орлоо. Орой нь хуралдлаа. Ганган шийдвэр бодож оллоо. Байнгын хороо дэмжлээ, Их хурал нь баталлаа. Өглөө нь хэвлэлээр зарлалаа. Орой нь навс, шүүмжлэлтэй тулгарлаа. Маргааш өглөө нь  дахин ярилцлаа, хуралдлаа. Орой нь жоохон засварлаад жинхэнэ "гоё” шийдвэр болголоо. Энэ хошин шогийн нэг үзэгдэл биш. Манай төрд цикль болчихоод байгаа нь хамгийн том түгшүүр. Төрийн ийм эндүүрэл хэн нэг сайдын сайн, муудаа ч бус судалгаанд суурилсан бодлого, хөгжлийн стратеги байхгүй байгаад л суурь зовлон авчраад байгаа. Энэ ташаагүй үнэнийг судлаачид үг бүртээ төрдөө дайж байна.

 

Яг үнэндээ ард түмэн цагаан цаас байсан юм. 20 жилд нүүр царай, нэр төр,  эх орон газар шороон дээр нь улстөрчид юу дуртайгаа бичиж цоохорлоод Сонгууль дөхөхөөр баллуурдаад хаячихдаг.

 

Одоо бол тэр  өхөөрдөм, цагааахан ард түмэн хаширсан байна. Анх удаа аархсан намыг  сөрж санал өгсөн бол нэг удаа бэлэн мөнгө авч "жорлонд” үлдээхийн эсрэг мөн анх удаа дуу нэгтэй байлаа. Хөгжилд, бүтээн байгуулалтад наад мөнгөө өгчихөөч гэж эв нэгдэлтэй дуугарлаа. Үнэндээ бол хавтгайрсан халамжийн эсрэг байгаа ОУВС-ийн талд төр засаг биш иргэд нэгдлээ. Бид хаширч байна. Харин улстөрчид ухаажихгүй юм  ... 55 тэрбум тараагдах юм байна.

 

Пүрэвжав  Баярхүү / тоймч /

Эх сурвалж: Shuud.mn

http://www.shuud.mn/content/read/490134.htm

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?