📅

Бидний мэдэхгүй долларын “нууц”-ууд

🕔 2016/10/24 11:54

 

Америк долларын ханш "больё оо, болоо шд ээ” гэдэг дээрээ ирлээ. 2300 төгрөг хүрч цааш хазаарлах уяа үгүй мэт боллоо. Оюутолгой хөдөлвөл ядаж доллар буурна гэж аргаддаг байсан. Цаанаа ам.доллараар том төслөө тулгаад байгаа мэт. Ер нь бол манай улсын худалдаа эргэлтэд биежээд байгаа валютын хомсдол үнэхээр бодитой юу гэдэгт мэргэжлийн эдийн засагчид нэгдсэн хариулт өгмөөр гэсэн бодлоо хуваалцаж байна.

Гадаадын хөрөнгө оруулалт их байвал ам.доллар эдийн засагт цутгадаг мэт гэнэн үлгэрээ одоо болимоор. Үнэн хэрэгтээ ам.доллар нь овоо юм байжээ. Гэхдээ эдийн засагт цус гүйлгэж эргэлтэд ордоггүй, шууд хэдэн олигархийн гарт ашиг болж очоод өөр замаар гарчихаад байсан бололтой. Бүтээн байгуулалтын төсөл хийх, зөвлөх үйлчилгээ авах, хэзээ ч баригдахгүй төсөлд ТЭЗҮ хийлгэх зэргээр томоохон төслүүд дээр бөөн цулаараа гадны компаниудын данс руу оржМонголын эдийн засгаас гараад явчихсан доллар сая саяар л бичигдэж байна. Нэг л шийдвэр тушаалаар сая саяар шүү... Энэ мөнгийг Монголын зуун зуун компани баялаг бүтээгчид ямар ч авилга дарамтгүй хуваан авч, салбар салбартаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж бие биенээ тэтгэн татаж, буцлан амьдрах ёстой байсан. Энэ мөнгөөр ажлын байр бий болгож, татвараа төлөөд амиа аваад явчих олон бизнесмэн өнөөдөр зээл бүтээгүй гээд дампуурсан. Урам нь хугарсан.

Эдийн засаг сайн мэддэгтээ бус эрх баригчдын хэлээд байсан олон хүлээлтийн ард энэ долларын ханш дураараа дээшилсээр байгаад хувьдаа тайлбар хайж сууна. Том төсөл, уул уурхайн олборлолтууд зарим нэг нь эхэлсэн. Эргэлтэд орсон. Гэвч авилгад шимэгдэх мөнгө нь их, эдийн засагт өгч буй бодит өгөөж нь дусаалга төдий байгааг сануулж ам.доллар зоргоороо өсч байгаа шүү. Цаад шалтгааныг ганцхан хөрөнгө оруулалт, уул уурхайтай холбон тайлбарлах нь туйлын биш гэдгийг бид харж байна. Эдийн засаг халуунтай, балансгүй байгаагийн дохио байгаа ч төрийн тархи маш том голомтод үрэвсэл байгаа харагдана.

Сүүлийн жилүүдэд ам.доллар гарцаагүй өсдөг графикийг захиалгаар мэт дураараа бичиж гаргадаг болжээ. Намар хичээл сургуулийн бэлтгэл эхлэхээр өсөх ёстой гэж сэтгэл зүйд суурь тавина. Аравдугаар сард бензин шатахуунаа ид татаж төлбөр хийгддэг тул бас өсөх учиртай гэнэ. Оны эцэс шинэ жил гээд бас жоохон нэмэх байх. Хавар цагаан сарын үе болохоор баараггүй өсөх ёстой болно. Харин буух ёстой "сезон” гэж хэзээ ч байхгүй.

Өнгөрүүлсэн хорин жилийнхээ хоймроос харахад бараг 90 хувь импортлогч болсон манай улсын гадаад худалдаа арилжаа ам.доллараар тооцогдсоор ирсэн. Гэхдээ ханш  ингэж "үсрэнгүй өсөлтөд” хүрдэггүй байлаа. Сүүлийн хоёр том сонгууль дамнаад төгрөгтэй харьцах ханш нь дээшээ огцом явж эхэлсэн. Үүний ард өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүний үнэ чимээгүй тахал гэдэг шиг нэмэгдсээр. Бүрэн хямраад байгаа манай макро эдийн засгийн багана хөрөнгө оруулалттай хэтэрхий бөх уягдсан уу. Авилгажсан төрийн бүрэн шинж цогцолж, хавдар нь эдийн засагтаа үсэрхийлсэн үү... Хариулах цаг болжээ.

Нэг нь алдаж байхад нөгөө нь хожиж байдаг нь зах зээлийн харгис үнэн. Энэхүү долларын ханшийн өсч буй динамикийн ард хэний ашиг паралель өгсөж байгаа вэ гэдэг зүй ёсны асуулт. Хэдхэн цөөнх гэдэг нь тодорхой. Ханшийн зөрүүний ард далд эдийн засгийн том бурхад яаж томорсныг бид үнэндээ таашгүй. 2008 оны эдийн засгийн өршөөлөөр дөрвөн тэрбум ам.доллар буюу тэр үеийн ханшаар 5.7 их наяд төгрөг эдийн засгийн эргэлтэд орсон гэдэг. Сүүлийн буюу 2015 оны өршөөлөөр 565.2 тэрбум төгрөгийн хөрөнгө, орлогыг ил болголоо гэж зарласан. Энэ их мөнгө төгрөгөөр дансандаа хэвтэж байгааүй. Манай түвшинд ийм боломж ч байхгүй. Бүгд ногоон өнгөнд хувиран эргэлдсэн байж болох.

Өнөөдрийн хувьд яаж ханшийг барих вэ гэхээс илүүтэй ам.долларын далд урсгал хэсэг хүний хяналтад орсон уу гэдэгт яг таг хариулт авах. Зохиомол хомсдол үүсгэж ханшаар тоглогч нар байгаа эсэхийг тогтож ярих, хариу өгөх болсон.

Олон жилийн өмнө зах зээл гэдэг арилжаа наймааны энгээр яригддаг байхад Нарны титмийн гэх хэдэн ченж ханшаар хөөрхөн тоглоод сурчихсан байв. Эрээний галт тэрэгтэй, наймаачид пиг үеэр нь доллараа өсгөчихнө. Галт тэрэг хөдөлсний орой нь жоохон буулгачихна гэх мэтээр. Гэхдээ хэзээ ч нэмсэн шигээ баланс барьж буулгахгүй. Өсгөсөн талдаа дасгаад үлдэнэ.

Сүүлийн жилүүдэд ам.доллар гарцаагүй өсдөг графикийг захиалгаар мэт дураараа бичиж гаргадаг болжээ. Намар хичээл сургуулийн бэлтгэл эхлэхээр өсөх ёстой гэж сэтгэл зүйд суурь тавина. Аравдугаар сард бензин шатахуунаа ид татаж төлбөр хийгддэг тул бас өсөх учиртай гэнэ. Оны эцэс шинэ жил гээд бас жоохон нэмэх байх. Хавар цагаан сарын үе болохоор баараггүй өсөх ёстой болно. Харин буух ёстой "сезон” гэж хэзээ ч байхгүй. Ноён гэдэг өргөмжлөлтэй болсон энэ гадаад валютаас 100 доллар ч гартаа барьж үзээгүй иргэд хүртэл бултаараа ханшийн зөрүүний дарамт үүрсээр байгаа гажиг тогтолцоо одоо бүр бэхжлээ. Долларыг 100 төгрөгөөр өсөхөөр нь чимээгүй өнгөрөөдөг банкныхан 6 төгрөгөөр буурахаар нь бөх барилдуулж, баяр хийх шахам мэдээлж байна.

Ам.долларын ханш чангарах бүрт удахгүй "суларна” гэсэн мэдээгээр вакцинжуулаад байгаа нь мөн заль. Доллар 1800 давж байхад Оюутолгойн далд уурхайг хөдөлгөлөө. Удахгүй ам.доллар цутгаад эхэлнэ. Бүр дөрвөн тэрбум ногоон эдийн засагт шууд эргэлдэх шахуу мэдэгдлийг Дубайн гэрээний ард хийж байсан экс Ерөнхий сайдын саяхны дурсамж байна.

Ам.доллар өсөх бүрт түр зуурын үзэгдэл гэж цаг агаарын мэдээ шиг тайвшрал зүүх. Өнөөдөр  $ 2300 гараад ирэхээр бүр ч олон "валидол” угсруулан хэлэн дор тавьж байна. ОУВС-ийнхан ирж яваа, Жайка бас доллар өвөртлөөд хамт ирж байгаа. Сая Хятадаас сураг гарсан 4 тэрбум доллартай тэнцэх юаны зээл бараг бүтнэ гэх мэтээр цувруулж байна. Яг ингэж хэлж байгаад одоогийн өсөлтөд нь иргэдээ дасгаж төгрөгөө унагасаар ирсэн юм.

Их мөнгө зээл нь үр дүнтэй ухаалаг зарцуулагдаж, уул уурхайн төслийн сураг нь бодитой бууж эдийн засагт ээлээ өгдөг. Төр нь төр шиг явж ирсэн бол өдийд ноён доллар ядаж 1500 дээрээ л эргэлдэж байхаар. Хөрөнгө оруулалт нэмэгдэнэ долларын урсгал цутгана гэх найдлага төрүүлсэн олон тайтгарлыг өгсөөр ирлээ. Гэвч төр маань өөрөө дэндүү их асуудалтай. Олигархжсаар, баялгийн тэгш биш хуваарилалтад төр өөрөө хутгалдан орсон байна.

Би андуураагүй бол ам.долларын ээлжит нэг үсрэнгүй өсөлтийн үеэр тэр үеийн сөрөг хүчин МАН-ын гишүүд найман шарга дээр очиж ченжүүдтэй гар барин уулзаж ярилцаж байсан санагдана. Энэ онцгой анхаарлыг одоо хэн гаргах вэ. МАН төр барьж дайралтаас хамгаалалтад шилжлээ. АН-ынхан ойрд ийм сэдвээр дуугарах сөхөөгүй дотроо үзсээр. Ам.долларыг хазаарладаг газар нь төр биш гэхэд хяналтаасаа гаргачихаад байгаа харагдана. Монголбанк улстөрчдийн шахаасаар нэг хэсэг нөөцөө шавхан интервенц хийсээр төгрөгөө бүр цаас болгож эхэлсэн тул цаашид биеэ барьсан байх талтай.  

Бондын төлбөр, төсвийн хямралаас ч хурдан бодит дарамт мэдрүүлж, иргэдийн хэтэвчийг хумслах ноён долларын ханш төрийн бодлогын ямар хийн дээр оодроод байна вэ. Төсвөө батлахдаа хүртэл ханшийг нь нам дарж суулгадаг. Ард нь сох зөрүү гарахаар тодотголоор баллуурдаад өнгөрдөг энгийн хүн ойлгохооргүй сонин жишиг манай төрд байна.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Эх сурвалж: Shuud.mn

Линк:http://www.shuud.mn/content/read/474943.htm


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?