📅

Хууль тогтоогчид хуулийг хэрхэн “гурилддаг” болохыг нотлох хоёр жишээ

🕔 2017/10/27 08:04

 

Өмнөх парламентуудынхаа "шавхай"-г цэвэрлэх үүрэг М.Энхболдын тэргүүлсэн танхимд ирж байх шиг байна. Тодруулбал өмнөх хоёр ч парламаентын үед баталсан хуулиудад "НО" байгааг Цэц дунд суудлын хурлаараа нотлов.  

Хоёр хоногийн өмнө ҮХЦ нэгэн дүгнэлт гаргав. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн дүгнэв. Тиймээс энэ заалтын үйлчлэлийг тухайн өдрөөс  эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлээд байна.  Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.4-д байгаа "Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ” гэсэн заалтын үйлчлэлийг ийн зогсож байна.

Харин энэ тухайд бидний "Эцэг хууль” хэмээн хүндэтгэдэг Үндсэн хууль дээр дээрхээс огт өөр агуулгатай заалт байдаг. Хуулийн 33 дугаар зүйлийн 1-ийн хоёрдугаарт Засгийн газрын томилгоон дээр Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэх үндсэн бүрэн эрхийг "Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах буюу уламжлах эрхтэй ” гэжээ.

Засгийн газрын тэргүүнийг томилох нэг процедур дээр хуулийн ийм хоёр өөр заалт байгаа юм.  Эцэг хууль суурь хууль учраас энэ хуулийнхаа заалт агуулга, хүрээн дотор бусад хуулиуд гарах учиртай. Энэ бол хууль боловсруулах үндсэн зарчим.

Ерөнхий сайдын томилгоон дээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ийн томсгож өгөхдөө Үндсэн хуулийн заалт зөрчигдөж байгааг анзаарсангүй юу, аль эсвэл цаанаа өөр зорилго, ач холбогдлын үүднээс мэдэн будилсан уу гэдэг нь тодорхойгүй.

Харин асуудлын гол нь 2007 онд батлагдсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн энэ заалт өдийг хүртэл чимээ аниргүй явсан байгаа юм. Энэ хууль батлагдах үе буюу 2004-2008 оны парламентад улс төрийн хоёр тэргүүлэх нам ижил тэнцүү шахам санал авч Засагт хамтарч байсан билээ. Тухайлбал,  тэр сонгуулиар МАХН 36, Ардчилсан Нам, Эх Орон Намын "Эх орон-Ардчилал" эвсэл 36, БНН 1 суудал авч, Ардчилсан Намын 3 гишүүн бие даан нэр дэвшиж сонгогдсон үндсэндээ хүчний харьцаа тэнцүү парламент байсан юм. Эрх мэдлийн хуваарилалтыг саармагжуулж, засаглалын хомсдлыг бий болгосон энэ заалт 10 шахам жил үйлчилж иржээ.    

Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдоогүй эрхийг ийн хуульчилсан хэмээн үзэж ҮХЦ уг заалтын үйлчлэлийг хүчингүйд тооцож байгаа нь энэ юм. Томилгоон дээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ийн томсгож өгөхдөө Үндсэн хуулийн заалт зөрчигдөж байгааг хууль тогтоогчид анзаарсангүй юу, аль эсвэл цаанаа өөр зорилго, ач холбогдлын үүднээс мэдэн будилсан уу гэдэг нь өөрөө асуудал. Ийм хуулиа зөрчсөн хууль батлагдаад 10 шахам жил өнгөрчихөөд байхад энэ заалтыг дөнгөж одоо л хүчингүй болгож байгаагийн цаана хэн нэгний тухайлбал, экс Ерөнхийлөгч нарын эрх ашиг явж байсан юм биш биз гэж хардах эрх бас бий.  Ямартай ч энэ бол хууль тогтоогчдын хариуцлага, хууль боловсруулах чадамжийг харуулсан бодит жишээ. Энэ мэтээр хуулийн цоорхой өөр хэд байдгийг  бид мэдэхгүй. Цоорхой хууль байдаг, түүгээр нь жараахай байтугай тул ч багтаад гардаг жишээ бий.

Хууль тогтоогчидтой холбон ярих хоёр дахь жишээний тухайд дээрхээс нэг их хол гажихгүй. Тэднийг өөрсөддөө болон хэн нэгний захиалгаар хууль санаачилдаг гэх шүүмжлэл. Гэхдээ хэнд зориулаад ямар хууль санаачилсан нь тодорхой бус. Зүгээр хардах эрхийн хүрээндээ ингэж хэлдэг байж мэднэ. Харин тодорхой нэг зүйл бий. Тэр нь өөрсдөдөө зориулж хуулийг өөрчилдөг гэх яриа. Үүний тодорхой нэгэн жишээ нь гишүүний бүрэх эрхийн асуудалтай холбогддог.  

УИХ-ын тухай хуульд урьд нь "УИХ-ын гишүүн хүн гэмт хэрэг үйлдэх явцад эд мөрийн баримттайгаар баривчлагдсан тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хуулийн  хачирхалтай гэмээр заалт байв. Үнэхээр хошин хэрнээ гунигтай заалт. Мөн ч олон жил шүүмжлэгдсэн энэ заалтыг ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж холбогдох заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан байдаг. Энэ шийдвэр хэрэгжихгүй явсаар байгаад 2013 онын нэгдүгээр сард  З.Энхболдын тэргүүлсэн парламент үүнийг "Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр өөрчилжээ. Ийнхүү зүгээр л үгийг нь сольж агуулгыг нь яг хуучин хэвээр баталсан энэ өөрчлөлтөөр эрхэм гишүүд өөрсддөө хуулиар хамгаалагдсан эрхээ дахин дархлаажуулав. Энэ заалтын үйлчлэл өнөөдөр Д.Гантулга гэх гишүүний эргэн тойронд эргэлдэж байна.

Түүний нэр хүчингийн хэрэгт нэр нь дуулдаад хэдэн сар болж байна. Эргүүлэн татах эсвэл бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах асуудал яригддаг ч өнөөг хүртэл Монгол төрийн ордныг бөгс бөөрний хэрүүлтэй хутгаж явна. Худал бол шалгуулаад нэр төрөө цэвэрлээд авах хугацаа өнгөрсөн үү гэвэл өнгөрсөн. Одоо бүр энэ сэдэв дэлгэцэн дээр амилах сурагтай.

УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэрэгт хохирогчийн эрхийг хамгаалан ажиллаж  байгаа өмгөөллийн "Веритас партнерс” хуулийн фирм хэргийн оролцогчдын эрх тэгш байдлыг хангах үүднээс Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгуулах хүсэлтээ хангуулахаар УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Холбогдох заалт гээд байгаа маань мөнөөх дээр дурдсан нотлох баримттайгаа баригдах тухай заалт шүү дээ.

Уг хүсэлтийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбат шалгаад, Улсын их хурлын Тамгын газар руу хуулийн алдаа засах тухай агуулга бүхий албан тоотыг хоёр хоногийн өмнө хүргүүлээд байна. Тэнд "Гэмт хэрэг үйлдэх явцад” гэдгийг "гэмт хэрэг үйлдэж байхдаа”, "Эд мөрийн баримттай” гэснийг "Нотлох баримттай” гэж өөрчилчихөөд, Үндсэн хууль зөрчсөн заалтаа засчихлаа гэж хуурсан УИХ-аас болж УИХ-ын гишүүнд хэт давуу байдал олгож, эрх мэдлийн хамгаалалтад оруулж буйг” анхааруулжээ.

Эндээс юу анзаарагдаж байна вэ гэвэл хууль тогтоогчид дээрээ хөх тэнгэрээс өөр юмгүй ҮХЦ-ийн шийдвэрийг өөрчлөхдөө яаж нүглийн нүдийг цаасаар хуурч, хуучин заалтыг зөвхөн үг үсэг солих төдийгөөр өөрчилж, "гурилддаг” болохыг, манийгаа хэрхэн яаж молигддог нь харагдаж байна. Энэ мэт илэрхий юмыг  ч иргэд анзаардаггүй аж.  

Дурдагдаж буй хоёр жишээ өнөөгийн парламентад хамааралгүй. Харин өмнөх хоёр парламентын үлдээсэн "үйлийн үр”-ийг тэд засч залруулах хэрэгтэй болж байна.

М.Нэргүй

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?