📅

Төр төсвөөр амьсгална, харин поп тулгалтууд холуур тойроосой

🕔 2017/10/23 13:42

Хууль номоороо бол арваннэгдүгээр сарын сарын 15 гэхэд дараа жилийн улсын төсвийг баталсан байх учиртай.  Харин энэ жилийн тухайд намрын чуулган эхэлснээс хойшхи сар шахам хугацаанд хууль тогтоочид шинэ Засгийн газрын томилгоо гээд төсвөө барьж авах завгүй байв бололтой.  Одоо энэ зорилгынхоо ард гарсан болохоор энэ долоо хоногоос эхлээд төсвөө хэлэлцэж байх.  Урьд жилүүдийн төсөв баталж байсан явцаас харахад наанадаж 3-4  удаагийн хэлэлцүүлэг хийж  баталж байсан гээд бодоход шамдахгүй бол цаг хугацаа тийм ч хангалттай  үлдээгүй байна.

Төсөв гэснээс 2017 оныхоо төсөвт ч бас тодотгол хийх шаардлага үүсчихээд байгаа. Тэгэхээр улс төр нэг хэсэгтээ төсвөөр л амьсгалах гээд байна.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнгөрөгч есдүгээр сарын сүүлчээр 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл гэхчлэн  төсвийн багц хуулиудыг УИХ-д өргөн барьсан юм. Гэвч аравдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төслийг буцаан татах шийдвэр гаргалаа.  Энэ нь шинээр томилогдох  Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төсөлтэй танилцах, шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах боломж олгох үүднээс гаргасан шийдвэр байв.

Төсөв бол монголчуудын ирэх оны аж амьдралын толь. Хаанаас хэдийг олж, түүнийгээ хаана юунд зарцуулахыг шийднэ гэсэн үг. Олсноосоо илүү зарах хэрэг гарвал дутсаныг нь гаднаас зээлнэ. Тэр дутаад байгааг нь төсвийн алдагдал гэнэ. Товчхондоо ийм.  Одоогоор 2018 оны нэгдсэн төсөв батлагдаагүй байгаа ч ерөнхий төсөөллөө гаргачихсан байгаа. Төсвийн зарчим гэж бий. Тэр нь:

-Улсын төсөв нэгдмэл байх.

-Тэнцвэртэй байдлыг хангах

-Төсвийн сахилга бат, алдагдлыг үе шаттай бууруулах

-Төсвийн тогтвортой байдлыг хангах гэхчлэн. АН-ын засаглалын үед янз бүрийн нэр хаягтай олон төсөв байсныг  Ж.Эрдэнэбатын Засгийн газар нэгтгэж төсийн нэгдмэл байдлыг бий болгоод байгаа.  Ирэх жилийн төсвийг боловсруулахдаа "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-ийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг  тус тус үндэслэсэн гэдгээ мэргэжлийн байгууллагынхан тодотгоод буй.  2018 оны төсвийн ерөнхий тоймыг тодотговол:

Төсвийн орлого:

  1. УИХ-аас баталсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл, ОУВС-тай тохирсон Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тусгасны дагуу татварын 2 дахь шатны шинэчлэлийн ажлыг эрчимжүүлнэ.

Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2018 оны  нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,218.0 тэрбум  /7,2 их наяд/ төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь байхаар тооцжээ.

Энэ оны буюу 2017 оны төсвийн тодотголын төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт  тэнцвэржүүлсэн орлого 6,035.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.2 хувь байгаатай харьцуулахад  нийт орлого 1.2 их наяд төгрөгөөр илүү байхаар төлөвлөжээ.  Орлогыг ингэж өсгөж тооцох бодит шалтгаан байгаа байх. Юуны урьд татварын орлого чамгүй нэмэгдсэн,  уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өсч байгаа зэрэг бодит боломжийг тооцож үзсэнийх болов уу.

Түүнчлэн энэ жилийн тухайд төсвийн орлого 2.0 их наяд төгрөгөөр давж биелчихээд байгаа нь ирэх лоны төсөвт нэлээд өөдрөг төсөөлөл болж байгаа нь тодорхой. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ийм боломж, аз таарахыг дэлхийн эдийн засаг, тэр дундаа манай өмнөд хөршийн нүүрс, зэс, төмрийн хүдрийн хэрэглээ  тодорхойлно.

Төсвийн зарлага:

  1. Төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан бааз суурийг нэмэгдүүлнэ гэжээ.

2018 оны төсвийн төлөөлөлд нэгдсэн төсвийн нийт зарлага 9,828.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.4 хувь байхаар тооцсон нь 2017 оныхоос 1.2 их наяд төгрөгөөр  нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

Зарлага ингэж  нэмэгдснээр нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,610.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.6 хувь болохоор байгаа юм байна.

Төсвиийн алдагдлын тухайд гэвэл энэ жил орлого 2.0 их наяд төгрөгөөр нэмэгдсэн учир төлөвлөж байсан алдагдал мөн ийм хэмжээгээр буурч одоо 700 тэрбум орчим төгрөг болоод байгаа. Эдийн засаг дахь хамгийн мэдээ гэвэл энэ жилийн тухайд энэ болоод байгаа билээ.

Ер нь төсвийн алдагдлыг  ДНБ-ний 9.5 хувиас хэтрүүлэхгүй байх зарчим бий. Ирэх жилийн төсвийн алдагдал  одоогоор 8.6 хувь гэж байгаа нь энэ хэмжээний хүрээнд байгаа ч хэлэлцүүлгийн явцад хэлбэлзэж болох юм.

Одоогоор төсөөлөгдөж байгаа нь нэг иймэрхүү. Шинэ Засгийн газрын хувьд ирэх жил тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ гэдгээ илэрхийлсэн бол харин цалин нэмэх асуудалд тоймтой хариу өгөөгүй байгаа. Багш нар, эрүүл мэндийн салбарынхан цалин нэмүүлэх шаардлага дээрээ хатуу байгаа нь ирэх оны төсөвт нэмэлт ачаалал үүсгэх магадлалтай.

Ирэх жил бүх хүүхдийн 60 хувьд хүүхдийн мөнгө тэтгэмж  олгоно гэж байгаа ч бүх хүүхдэд олгох ёстой гэсэн сөрөг хүчний байр суурь  ядарсан төсвийг бүр сульдааж мэдэх юм. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх гэсэн Засгийн газрын  байр суурийн эсрэг иймэрхүү поп шаардлага тулгалтууд  төсөв хэлэлцэх үеэр нэлээдгүй дуулдах байх.

М.Нэргүй

Эх сурвалж: Zaluu.com

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?