📅

Ирж яваа Засгийн газарт эчнээ хүргэх үг

🕔 2017/09/19 12:10

Ирж яваа Засгийн газарт эчнээ хүргэх үг

Сүүлийн 17 жилийн хугацаанд хамгийн цөөн хоног /426 өдөр/засагласан Ж.Эрдэнэбатын Засгийн газар тахимаа өгч, МАН-ын бүлгийн 65 гишүүн шинэ Засгийн газраа бүрдүүлэхээр яарч байна. УИХ-ын төвшинд хоёр сар үргэлжилсэн нанчилдаан өнгөн дээрээ өндөрлөсөн ч ажиглагчид "Одоо нам дотроо илүү том зодоон болно” л гэлцэн анаж байна.

Гэвч энэ зодооны үр дүнд Засгийн газрыг огцруулахаар анхлан хөдөлсөн аваргууд хээр хонож, хоосон бэдрэх магадлал өндөр. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдсаны дараа энэ намын дараачийн дарга, Ерөнхий сайдаар эчнээ тодроод байсан, Шадар сайд асан У.Хүрэлсүхийн нэрийг лав төлөгчид жагсаалтын хамгийн сүүлд бичсэн байна.

Ердөө жил гаруйн өмнө "АН засаглаж чаддаггүй” хэмээн баалж, манай нам ялбал цагийн байдал ч тогтворжоод, эдийн засаг ч сэвхийгээд босоод ирэх юм хуна гэлцэж байсан МАН-ынхан эрх мэдлийн  хаалга татангуутаа хөнжилдөө хөлөө жийлцээд, засгаа татаж унагаад эхэлсэн нь даанч харамсалтай. Ийм болсон намаас ихийг хүлээх шаардлагагүй ч юм шиг.

Атал нөгөө талаас Засгийн газраа огцруулахдаа МАН-ын бүлгийн гишүүдийн хэлсэн, ярьсан зүйл бийг бас мартаж болохгүй. "Готов нь авна уу, Шадав нь авна уу” гэгчээр хэнийгээ томилохоо нам нь мэддэг юм байгаа биз. Гэхдээ хэн нь засгаа тэргүүлж, хэрхэн бялуугаа хуваахаас үл хамаараад ядаж л огцруулсан Засгийн газраасаа давж ажиллах ёстойг тэд мартсан байлаа ч бусад нь сануулах ёстой. Хамгийн наад зах нь сайд нараа томилохдоо хэн их мөнгө төлснөөр нь биш, хэн нь энэ салбарыг илүү мэдэх вэ гэдэг дээр төвлөрч шийдвэрээ гаргах ёстой болж байна. Одоо л эл дол болоод мартагдах тийшээ хандаж яваа болохоос биш Ж.Эрдэнэбатын танхимыг анх байгуулж байх үед салбартаа тэнцэх сайд  тийм олон байгаагүй юм. Барилга барьдаг Б.Чойжилсүрэнд улсын сан хөмрөгийн түлхүүр атгуулж, боловсролын бодлогоо Ж.Батсуурьт бариулна гэж хэн ч төсөөлөөгүй л байлаа, тэр үед.

Дээр нь хоёр нам /АН, МАН/ хамтарч засаг байгуулахдаа цомхотголд оруулаад орхисон дэд сайдын орон тоог МАН дангаараа нугалаад оруулаад ирнэ чинээ хэн нь саналаа. Энэ бүхэн эцсийн дүндээ нөгөө 60 тэрбумын л хаялга болж харагдаж байв. Хэрэв 60 тэрбумын санхүүгийн схемийг Засгийн газрыг байгуулахад  бус, УИХ-ыг бүрдүүлэхэд ашигласан гэвэл, энэ схемээр орж ирсэн 65 хүний ашиг сонирхлыг нэг бүрчлэн гүйцэлдүүлнэ гэвэл нэг байтугай нэлээн хэдэн Засгийн газар хүрэлцэхгүй юм.

Тиймээс засаг байгуулж, буулгаж тоглож байгаа МАН-ын олонхид сануулахад "60 тэрбумын” гэх зайгуул нэрээс ангижрахыг хүсвэл хамгийн түрүүнд салбартаа илүүдэж, төсөвт дараа болсон дэд сайд нараасаа салж үзээрэй дээ. Дээр нь "Албан тушаал горилсондоо бид Засгийн газраар оролдоогүй, сайдын суудалд шунаагүй шүү” гэж ам андгай тавьсан МАН-ын 31 гишүүн /Т.Аюурсайхан, Сү.Батболд, Б.Баттөмөр, Б.Батзориг, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Гантулга, Ц.Гарамжав, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар, Г.Солтан, Я.Содбаатар, А.Сүхбат, Д.Тогтохсүрэн, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, С.Чинзориг, Б.Энх-Амгалан, Л.Энхболд, Л.Элдэв-Очир, Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр/ нар шинэ Засгийн газарт сүүдрээ бүү унагаарай даа. Хэрэвзээ 2020 оны сонгуулиар энэ танхимдаа эргэж орж ирье гэвэл.

Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөөд төрийн оролцоогүйгээр эдийн засаг урсгалаараа сэргэж, төсвийн орлогыг өдөр өдрөөр зузаатгаж байгаа энэ үед эрх барьж байгаа намын ганц үүрэг нь тэр мөнгийг шаардлагатай салбарт нь зөв зүйтэй хуваарилах л асуудал шүү дээ. Энэ ажлаа л хариуцлагатайхан хийхийн оронд дотогшоо ярьдаг асуудлаа гадагшаа хашгираад, гадагшаа яриад ирсэн ажлаа дотооддоо зодолдож унагаад байвал гавьяа болохоосоо гай удахын л нэмэр.

Эцсийн бүлэгт 2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид АН-ыг МАН-аар сольсон шалтгаан нь улс төрийн тогтвортой байдал. Ашиг сонирхлын зөрчилтэй АН-ын олон фракцийг МАН гэдэг нэгдмэл цул хүчнээр сольж, эрх мэдлийг нь тултал нь өгөөд хариуцлагыг нэг мөр үүрүүлэх гэсэн л сонголт байсан. МАН сая Засгийн газраа огцруулснаараа энэ сорилтод аль хэдийн нэг удаа бүдэрчихээд байна. Тиймээс одоо байгуулах Засгийн газар нь мандуулаад тэнгэрт тулдаггүй юм гэхэд онхолдуулаад газартай тэгшилчихэлгүй ирэх гурван жилийг даагаад гарах буурьтай, суурьтай байх ёстой болж байна. Сая хуралдсан ээлжит бус чуулган шиг амных нь салиа арилаагүй "бандааштай” банди нар энэ намын өнгө болж, явах замыг чиглүүлнэ гэвэл жинхэнээсээ "нохойн наадам” болоод өнгөрөх талтай.

Б.Сэмүүн

http://www.zuv.mn/page/newsmore/14527

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?