📅

А.Гансүх: Нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэх хоёр дахь гарцыг нээсэн

🕔 2017/09/14 14:08

Ерөнхийлөгчийн ОХУ-БНХАУ-Монгол Улсын хамтын ажиллагаа болон Эдийн засгийн коридор хариуцсан бие төлөөлөгч А.Гансүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн анхны айлчлал Владивостокоос эхэлсэн. Энэ үеэрээ Дорнын эдийн засгийн форумд оролцсон. Эндээс ямар үр дүн хүлээж байна вэ?

-Дорнын эдийн засгийн форум гурав дахь удаагаа ОХУ-ын Владивосток хотод болж өнгөрлөө. Харин манай улсын Төрийн тэргүүн анх удаа оролцож байна. Гэхдээ Ерөнхийлөгч зөвхөн форумд оролцоогүй, ОХУ-д ажлын айлчлал хийснийг хэлэх хэрэгтэй.

Тэгэхээр Ерөнхийлөгч анхны гадаад айлчлалаа ОХУ-д хийсэн төдийгүй, олон улсын эдийн засгийн томоохон чуулганд оролцож, гуравдагч хөршийн төрийн тэргүүнүүдтэй уулзсан. Улс төрийн яриа хэлэлцээрүүд маш амжилттай болсон. Уулзалт хийсэн төрийн тэргүүнүүд нээлттэй, нөхөрсөг, ажил хэрэгч байдлаар хүлээн авч, асуудлуудад шийдэл гаргасан хэлэлцээр хийсэн. 

Жишээлбэл, БНСУ-ын Ерөнхийлөгчтэй анх удаа уулзсан хэдий ч ажил хэрэгч яриа хийсэн. Тухайлбал, манай улсын Ерөнхийлөгч визний асуудлыг хөндөхөд нөгөө тал нааштайгаар шийдэх боломж байгаа эсэхийг судлах үүргийг холбогдох байгууллагуудад нь өгөхөө илэрхийлсэн. Тиймээс энэ асуудалд ахиц, дэвшил гарах байх гэсэн итгэл байна.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ манай улсад өмнө нь гурван удаа ирж байсан. Монгол Улстай харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажилладаг хүн. Түүнчлэн Япон-Монголын стратегийн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрийг өнгөрсөн жил баталсан. Энэ хөтөлбөрт багтсан төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх талд анхаарлаа хандуулахаа Японы ерөнхий сайд илэрхийлсэн.

-Ерөнхийлөгчийн Дорнын эдийн засгийн форумд оролцсон агуулга юу байв?

-Владивосток хотод уламжлал болгон зохион байгуулдаг форумд оролцохдоо манай Ерөнхийлөгч улс төр, эдийн засгийн олон талын зорилго агуулж очсон. Форумын индэр дээрээс Ерөнхийлөгч Х.Баттулга "Миний олон жил бодож явсан зорилго биеллээ” гэж хэлсэн шүү дээ. Хойд хөршийн нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах гарцыг бий болгох нь чухал байсан юм.

Оросын далайн боомтуудыг ашиглан манайх уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл, гуравдагч орон руу гаргах боломжийг нээсэн транзит тээврийн гэрээний нөхцөлийг үндсэнд нь тохирлоо. Энэ бол том амжилт. Алс дорнодын бүс нутгийг хөгжүүлэх ОХУ-ын сонирхол нь Монгол Улсын хөгжлийн хэтийн төлөвлөгөө, эдийн засгийг хөгжүүлэх, дэлхийн зах зээл рүү гарах бодлоготой нийцэж байгаа юм.

-Далайд гарах гарцыг оновчтойгоор шийдвэрлэвэл эдийн засгийн үр өгөөж нь өндөр байх тухай ярьж байсныг санаж байна. Гэхдээ?

-Манай улс далайд гарах гарцгүй. Тэгэхээр гуравдагч орон руу экспортлох, дэлхийн зах зээл рүү гарах нэг зам нь хоёр хөршөөрөө дамжуулан далайд гарах боломжийг эрэлхийлэх учиртай. Энэ нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийн эрх ашиг болоод эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байх юм. Монгол Улсыг хөгжүүлэх стратегийн чухал үзэл баримтлал, төрийн бодлого учраас аль ч нам эрх барьсан хийх л хэрэгтэй.

Хэрэв далайд гарцтай болбол манай улсад нөлөөлөх эерэг үзүүлэлтийг энд дурдах нь илүүц. Яагаад гэвэл, далайн тээвэр хамгийн хямд зардлаар бүтэж байгааг хүн бүр мэднэ. Түүнээс гадна дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулах нэг боломж. Мөн өрсөлдөөнийг бий болгохын зэрэгцээ нэг худалдан авагчаас хараат байх явдлыг өөрчилнө. Бас нэг зүйл, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөж байгаа ч бид маш бага үнээр борлуулсаар байна. Хэдийгээр эрэлт байгаа боловч худалдан авагч нь ганц учраас тэдний хэлсэн үнээр өгөхөөс аргагүй байдалд байна. Харин дахин нэг далайд гарцтай болчихвол, өрсөлдөөн бий болно шүү дээ.

Бидний борлуулах бараа дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байгаа атал ганц худалдан авагчтай учраас түүндээ захирагдан хэлсэн үнээр нь хямд зарж байна. Харин үүнийг өөрчилж, өрсөлдөөнийг бий болгохын тулд гуравдагч орон болон олон улсын зах зээл рүү гаргахыг зорих хэрэгтэй юм. Өмнө 2014 онд БНХАУ-тай  төмөр замын салбарын хамтын ажиллагааг цогцоор нь шийдвэрлэж Засгийн газар хооронд гэрээ, хэлцлийг байгуулсан гэдгийг сануулмаар байна.

Тодруулбал, 2014 оны наймдугаар сард Хятадын төрийн тэргүүний албан ёсны айлчлалын үеэр БНХАУ-ын нутгаар дамжуулан транзит тээвэр хийх, далайн боомтуудыг ашиглах зэрэг нөхцөлүүдээ тохиролцон гэрээ хийсэн юм шүү дээ. Түүнчлэн манай улсын урд хилийн хуурай боомтуудыг олон улсын статустай болгох зэрэг олон асуудлыг тусгасан гэрээ хэлцлийг цогцоор нь хийсэн.

Эдийн засаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд урд хөрштэй хийсэн гэрээг одоо хойд хөрштэйгөө хийж байна. Манай улсын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэйгээ тэнцүү харилцааг үзүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс хүн гайхаад мушгин гуйвуулаад байх зүйл огт байхгүй гэдгийг хэлмээр байна.

-"Восточный” боомтоор нүүрс тээвэрлэх нь эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүй гэдгийг зарим эдийн засагч, бизнес эрхлэгчид хэлж байна. Учир нь зөвхөн тээвэрлэлтийн зардал гэхэд л 5-6 дахин өснө. Тиймээс ашигтай байх эдийн засгийн тооцоо судалгаагаа ил болгооч ээ гэж байгаа шүү дээ?

-Ямар нөхцөлөөр гэрээ байгуулагдаж байгаа гэдгийг огт хараагүй, мэдээгүй байж эсэргүүцэх нь буруу. Шүүмжлэл байж болно. Гэхдээ шүүмжилж байгаа хүмүүс байгуулж байгуулагдаж байгаа гэрээг уншиж үзээгүй байгаа. Наймдугаар сарын 29-нд энэ гэрээг үзэглэж тохироод сая хоёр улсын Төрийн тэргүүнүүд улс төрийнх нь шийдлийг гаргасан юм.

Хамгийн гол нь манай улсад ашигтай байх тодорхой тохиролцоонд хүрсэн гэдгээ Ерөнхийлөгч зарласан. Тэгэхээр энэ гэрээг ажил хэрэг болгох үед тухайн салбарт үйл ажиллагаа эрхлэгчид судалж үзээд ямар боломж нээгдэж байгааг олж харна гэдэгт итгэлтэй байна. Хоёр дахь гарцыг л нээж өгч байгаа юм. Энэ нь Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

-Нүүрсээ экспортлох гарцыг нэмсэн нь сайн хэрэг. Гэхдээ дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа нь өнөөх л тулгамдсан асуудал байсаар байна?

-2010 онд Монгол Улс анх удаа төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлоготой болсон. Энэ хооронд царигтай холбоотой маргаан гарсан нь улстөржүүлээд байгаа мэт харагдсан байх. Ингээд 2014 онд царигийн талаарх маргаан шийдэгдэж төмөр замын ажил эрчимтэй явсан. Энэ хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын далангийн ажил 86 хувьтай баригдсан.

-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих эхний ээлжийн 400 сая ам.долларыг шийдсэн тухай албаны эх сурвалж хэлж байсан. Гэтэл Ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн форумын үеэр зүүн чиглэлийн төмөр зам барих ажлыг ирэх жил эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Эдгээр замыг барих хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас олох вэ?

-Ямартай ч ирэх жил Гашуунсухайтын төмөр замыг барихын тулд Засгийн газар Хятад улсаас 400 сая ам.долларын зээл авч байгаа юм байна гэж ойлгосон. Бусад чиглэлийн төмөр замыг барихын тулд өөр чиглэлийн санхүүгийн эх үүсвэр гарах болов уу. Ер нь санхүүгийн маш олон эх үүсвэр байдаг шүү дээ.

-Зүүн чиглэлийн төмөр замыг төсвийн санхүүжилтээр эсвэл Засгийн газрын баталгаатай бондын эх үүсвэрээр барих нь буруу хэмээн зарим эдийн засагч хэлж байсан. Таныхаар?

-Аль нь ч буруу биш. Санхүүгийн менежментээ зөв хийх нь маш чухал. Гадны шууд хөрөнгө оруулалт гэдэг олон аргын зөвхөн нэг нь. Тэгэхээр төмөр замаа барихын тулд ямар хувилбар ашиглах вэ гэдгээ тодорхойлох нь зүйтэй. Төр дангаараа барих уу эсвэл төр хувийн хэвшлийн түншлэлийг ашиглах уу гэх мэтчилэн сонголт бий. Түүнээс гадна бондын мөнгөөр зам барих нь буруу гэдэгтэй санал нийлэхгүй. Учир нь өнгөрсөн дөрвөн жил аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон нь эдийн засгийн үр өгөөжөө өгөөд эхэлчихсэн. Үүнийг хүмүүс хэлж байна.

-Ер нь зүүн чиглэлийн төмөр замын ажил эхэллээ гэхэд хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. Хөрөнгө оруулалтаа ямар хугацаанд нөхөх боломжтой гэж харж байна. Тооцоолол бий юу?

-Томоохон төслийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд тооцоо, судалгааг нь хийдэг. Төмөр замын ТЭЗҮ-ийг АНУ-ын "Маккензи” компани, техникийн зургийг нь Японы "Ниппон коэй” зэрэг дэлхийд нэр хүндтэй, туршлагатай компаниуд хийсэн юм шүү дээ. Тэгэхээр тодорхой тооцоо судалгаа хийсэн байгаа гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

-Дорнын эдийн засгийн форумын үеэр 32 төсөл хөтөлбөр хэрэгжих боломжийн талаар ярилцсан байна. Эдгээрээс манай улстай хамтарч хэрэгжүүлэх хөтөлбөр байсан уу. Ер нь гаднын хөрөнгө оруулагчид манай аль салбарыг сонирхож байв?

-60 гаруй орны хөрөнгө оруулагч нар оролцсон бөгөөд төрийн тэргүүнүүд нь хурлаа удирдаж, асуултад хариулж, хөрөнгө оруулагчдад өөрсдийн төлөвлөгөөг танилцуулан мэдээлэл өгснөөрөө онцлог байсан. 32 төсөл арга хэмжээ гэдэг  нь гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх  юм. Одоо нэн тэргүүнд хийх төслөө эрэмбэлэх тухай ярьж байна.

Төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт судалгааны хамтарсан төвийг байгуулахаар тохирсон. Бидний зүгээс Улаанбаатарт байгуулах санал оруулсан. Оросын тал дэмжсэн. Харин Хятадын талаас Бээжинд байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс тодорхой шийдэлд хүрч чадаагүй, хүлээлттэй байна.

Д.ОЮУНЧИМЭГ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?