📅

Гацаанаас гардаггүй төмөр зам нүүрсний экспортыг “чөдөрлөж” байна

🕔 2017/09/08 11:48

Гацаанаас гардаггүй төмөр зам нүүрсний экспортыг “чөдөрлөж” байна

 

"Coal Mongolia” чуулган долоо дахь жилдээ болж байна. Гадаад, дотоодын нүүрсний салбарынхан цуглаж тулгамдсан асуудал, гарц гаргалгааг эрэлхийлж буй санал бодлоо харилцан солилцдог. Сүүлийн зургаан жилийн турш нүүрсний салбарынхан хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэх вэ, нүүрсний гарц, чанарыг яаж сайжруулах вэ, техник технологийн шинэчлэлийг хийх шийдэл зэрэг асуудлыг хөндөж байсан. Тиймээс ч тэдний ярьж байсан бүхэн алхам алхмаар урагшилсаар өдгөө дэвшилд хүрсэн гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэллээ. Эдийн засгийн хөшүүрэг болдог нүүрсний зах зээлийн өсөлтийг ашиглахын тулд энэ жил борлуулалтаа хэрхэн өсгөх вэ, экспортын хэмжээг нэмэгдүүлэх гарц гаргалгааг хайж чуулах нь зүйтэй хэмээн гол зорилгоо болгожээ.

 

ГАРЦ БАЙНА, ШИЙДЭЛ АЛГА

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийн асуудал тулгамдаж байгаад чуулганд оролцогчид санал нэгтэй байв. Гэхдээ энэ цоо шинэ сэдэв биш гэдгийг ч хэлсэн юм. Өмнө нь ч энэ асуудал тулгамдаж байсан, одоо ч хэвээр. Долоон жилийн өмнө нүүрсний салбарынхны том асуудлуудын нэг нь тээвэрлэлт байсан. Үүнийг шийдвэрлэх гарц байгаа, гаргалгааг нь ч олчихсон. Харамсалтай нь шийдэлд хүрч чадахгүй талцаж муудалцсаар өнөөг хүрч байгаа нь улсын эдийн засаг болоод бизнест хор хөнөөлтэй гэж салбарынхан халаглаж буй юм. Тиймээс энэ удаагийн чуулганд тээвэрлэлтийг хэрхэн шийдвэрлэж болох талаар тусгайлан чуулахаар төлөвлөжээ. Гадны төлөөлөгчдийн хувьд дэлхийн зах зээл дээр өрсөлдөхийн тулд тулгамдсан асуудал нь тээвэр-ложистикийн асуудал гэдгийг онцолсон. Тэгэхээр үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт илүү анхаарлаа хандуулж байгаа аж. Өмнө нь олон жилийн турш цаасан дээр буулгаж, хоосон ярьсаар өнгөрсөн төмөр замын төслийг эцэслэн шийдэж чадаагүй байхад дахин төмөр замын төсөл шинээр хийнэ гэдэг тийм ч оновчтой шийдэл биш гэдгийг бас хэлж байна лээ.

Улс төр, эдийн засаг холилдох нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээх зэмсэг болж байгаа нь чуулганы үеэр анзаарагдаж байлаа. Бид энэ алдааг олон удаа давтаж байгаа ч суралцахгүй л байх шиг.

 

ХЯТАДЫН ХОРИГ БА БИДНИЙ БОЛОМЖ

Манай улс энэ оны эхний хагас жилд урд хөршдөө 19.5 сая тонн нүүрс экспортложээ. Тэгэхээр манай улсад нүүрсээр орлого олох боломж бий гэсэн үг. Ялангуяа дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсч буй энэ цаг үед зөв маневр хийж чадвал хожих, бүр цаашилбал мөрөөдлөө биелүүлэх боломжтой хэмээн "Сoal Mongolia”-гийн ерөнхий зохион байгуулагч Л.Наранбаатар онцолсон юм.

 

Түүнчлэн Хятад улс БНАСУ-д хориг тавьж, тэндээс нүүрс авахаа больсон нь коксжих нүүрсний үнэ өсөхөд нөлөөлснийг тус салбарынхан онцоллоо. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийн асуудлаа дариухан шийдвэрлэж чадвал бидэнд том боломж гэсэн үг. Учир нь дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ 310 ам.доллар хүрсэн ч монголчуудын хувьд үүнийг ашиглаж чадахгүй байгаа нь тээвэрлэлттэй холбоотой. Хэрэв төмөр замтай байсан бол үүнээс илүү ихийг экспортод гаргах боломж байгаа гэдгийг Монголын нүүрс ассоциацийн ерөнхийлөгч Т.Наран хэлсэн юм. Тэрээр нүүрсний салбарт тулгамдсан асуудлыг улс төрийн "хэрүүлийн алим” болгож хувир­гаснаар асар их алдагдал хүлээж, боломжийг боомилж байгаад харамсч байгаагаа илэрхийлж байв. Тиймээс энэ удаагийн чуулганы гол зорилго буюу экспортыг нэмэгдүүлэх, үүний тулд дэд бүтцийг нь шийдэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэдгийг чуулганы оролцогчид сануулсан. Хэрэв төмөр зам барих ажлыг нэн түрүүнд богино хугацаанд шийдэж, бодит ажил болговол эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ. Түүнээс гадна цаг хугацаа биднийг хүлээдэггүй гэдгийг монголчууд тэр аяараа мэддэг болсон учраас Хятадын хоригийг өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд талцаж хэрэлдэх бус тайван сууж ярилцах шийдэлд хүрэх хэрэгтэй гэдгийг экспертүүд онцолж байна.

 

Энэ үеэр Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд, "Мера” компаний маркетингийн менежер Ц.Гангаалхам, "S&P GLOBAL PLATTS”-ийн ахлах шинжээч Эдвин Ёо нарын байр суурийг сонирхлоо.

 

Д.Ариунболд: ДЭД БҮТЦИЙГ ШИЙДВЭРЛЭСНЭЭР ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БОЛНО

 

-Манай компани энэ онд нийт 20 сая тонн нүүрс олборлосон. Мөн 1072 ширхэг хувьцааг амь оруулах ажлыг эхлүүлэх эхлэл болгож, бүртгэлийг баталгаажуулж байна. Компанийн дунд хугацааны төлөвлөгөөндөө нөөцөө баталгаажуулж, үнэлгээ хийлгэнэ. Ингэхдээ хайгуул хийгээд гар­сан үр дүнгийнхээ дараа үнэлгээгээ хийх юм. Манай компани коксжих нүүрсээ 67-68 ам.доллараар борлуулж байна. Хэдийгээр борлуулалт хэвийн явж байгаа ч тулгамдсан асуудал бий. Тухайлбал, тээвэрлэлтийн асуудлыг шийдэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр нүүрсний томоохон тоглогчидтой өрсөлдөхийн тулд дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй. Тээвэрлэлт, бо­ловс­руулалтын өртөгийг бууруулахад анхаарлаа хан­дуулан шийдэлд хүрсний дараа өрсөлдөх чадвартай болно. Тиймээс дэд бүтцийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх нь зүйтэй.

 

Ц.Гангаалхам:

"Coal Mongolia”-Д ОРОЛЦСОНООР ҮР ДҮН ГАРСААР ИРСЭН

 

-Манай компани долоо дахь жилдээ "Coal Mongolia” чуулга уулзалтад оролцож байна. Бид олон улсын технологийг нутагшуулах, импортын бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа. Тухайн төслүүдийг гадаад, дотоодын хэрэглэгчдэд танилцуулахаар зорьсон. Ер нь энэ уулзалтад оролцсоноор олон давуу тал болон боломж гардаг. Мөн шинэ санаа, бусад орны туршлагаас суралцах, судлах боломж бүрддэг учраас өгөөжөө өгдөг. Манай компанийн зорилтот зах зээл нь нүүрсний салбар. Тиймээс энэ чуулганд оролцсоноор тодорхой хүрээнд амжилт олох боломжтой. Түүнчлэн зорилтот хүмүүстээ бү­тээг­дэхүүн, үйл­чилгээгээ танил­цуулснаар шинэ харил­цагчидтай уулзах давуу талтай.

 

Эдвин Ёо:

МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН 99 ХУВИЙГ УРД ХӨРШ ЭЗЭЛДЭГ

 

-Би "Хувьсан өөрчлөгдөж буй нүүрсний зах зээл дэх Монголын үүрэг” сэдвээр итгэл тавьсан. Коксжих нүүрсний үнэ сүүлийн арван жилд гурван удаа 300 ам.доллар давснаас маш их үнийн хэлбэлзэлтэй бүтээгдэхүүн гэдгийг харж болно. Энэ нь нийлүүлэлтээс хамаарсан зах зээл юм байна гэдэг нь харагдаж байгаа юм. БНХАУ бол томоохон худалдан авагч, харин Австрали том нийлүүлэгч. Тиймээс энэ хоёр улсаас үнийн өөрчлөлт хамаарч байна. Энэ жилийн хувьд долдугаар сараас хойш 30-40 хувийн өсөлт үүссэн. Энэ нь Автралийн нийлүүлэлт буурсан, БНХАУ-д гарсан дөрвөн удаагийн үйлдвэрийн осолтой холбоотой.

 

Монгол Улс, Канадтай ижил хэмжээний коксжих нүүрсийг экспортлодог болохоор дэлхийн зах зээлд том байр суурь эзэлдэг. Мөн газар зүйн байрлалаасаа хамаараад экспортынхоо 99 хувийг урд хөршдөө нийлүүлдэг. Тэгэхээр БНХАУ-ын зах зээлд өөрийн байр сууриа эзэлсэн гэсэн үг. Өнгөрсөн хоёр жилд БНХАУ-ын нүүрсний хэрэглээнд Австралийн нийлүүлэлт багасч Монголынх өссөн.

Монгол нүүрсний чанар боломжийн Австралийн нүүрсийг ор­­лох боломжтойн дээр БНХАУ-ын нүүрстэй хольж ашиглах боломжтой” гэдгийг тэрбээр хэлсэн юм.

 

Долоо дахь жилдээ зохион байгуулж буй чуулга уулзалтад оролцохоор гадаадын 120 гаруй төлөөлөгч иржээ. Эндээс харвал нүүрсний салбар гадны хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаа гэсэн үг. Олон улсын судалгаагаар 2030 он хүртэл нүүрсний хэрэглээ буурахгүй гэсэн байв. Үүнтэй ч холбоотой байж болно. Гэхдээ улс төрийн тогтворгүй байдал алга урвуулахын адил байдлыг эргүүлэх вий гэсэн болгоомжлол хө­рөнгө оруулагчдад байна.

Чуулган үргэлжилж байна.

 Д.ОЮУНЧИМЭГ /ЗУУНЫ МЭДЭЭ/


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?