📅

Ч.Наран:Солонгос нөхөр маань байнга зодож, мафийн найз нарынхаа зугааг гаргаж, эцэст нь янхны газарт аваачаад хаясан

🕔 2016/01/18 13:55
Ч.Наран:Солонгос нөхөр маань байнга зодож, мафийн найз нарынхаа зугааг гаргаж, эцэст нь янхны газарт аваачаад хаясанНэг хэсэг Монголчууд гадаадад амьдрах өвчин тусч, хүүхнүүд гадаад нөхөртэй болохын хэнээ тусч баахан гүйсэн. Энэ дүйвээн хичнээн ч хүнийг хамарч, хичнээн ч охид бүсгүйчүүд хилийн цаана, ёсыг нь мэдэхгүй хүний нутагт амь зуух гэж хэрхэн зовж зүдэрч байгааг бид мэддэггүй. Мэдлээ гэхэд "Яах гэж гадагшаа явсан юм. Амар хөнгөн амьдрал хөөлөө. Тэдний хохь нь” гээд л өнгөрдөг. Алдаж гишгэсэн, амьдралд хөл алдсан хөөрхий бүсгүйчүүдийг хэн ч сонсож, хэн ч өрөвдөж, хэн ч тэдэнд туслах юмсан гэж өрөвч зөөлөн сэтгэл гаргаж байсангүй. Харин өнөөдөр бид алдаж гишгэсэн, алс хол хүний нутагт зовж шаналж, ядарсан нэгэндээ дэм болох цаг ирж. Бид чинь дээрээ төртэй, дэргэдээ Засагтай, өрөвдөж хайрлах ах дүүстэй өмгөөлж хамгаалах хууль цаазтай  бүрэн эрхт тусгаар улсад бүртгэлтэй хүмүүс биз дээ гэсэн бодол төрж байсныг нуугаад яахав
-Уучлаарай. Чиний сэтгэлийн шархыг хөндөж ярих хэцүү байна. Яагаад Солонгос хүнтэй суух болсон юм бэ?
-Намайг Ч.Наран гэдэг. Би ээжтэйгээ, дүүтэйгээ нэгдүгээр хороололд ТҮЦ ажиллуулж амьдардаг байсан юм. Орлого бага, гэхдээ болдог л байсан. Гэтэл 2001 онд дүү маань "Арилжаа наймаагаа өргөжүүлье. Би барьцаагүй зээл найзуудаасаа авах боллоо” гэж хэлсэн. Тэгээд л тэр хүмүүсээс 10 сая төгрөг зээлээд наймаа хий гэсэн боловч шатчихсан. Зээлээ төлж чаддаггүй, хүмүүс мөнгөө нэхээд, дүүг маань ч элдвээр дарамтлаад байхаар нь гадагшаа явья, амьдрал ахуйгаа ч өөд татья, өр зээлнээсээ ч гарья гэж бодсон. Тэр үед надад үүнээс өөр арга байхгүй л юм шиг санагдаж байсан.
-Тэр хүнтэй яаж танилцсан юм?
-"Зар мэдээ” сонингийн зараар очоод л уулзсан. "Хан пид” нэртэй зуучлах товчооныхон гадаад паспортоо бэлдэж байгаарай гэсэн. Гурав хоногийн дараа дуудаад "Чи их азтай юм” Их сайн хүн олчихлоо. Одоо явахдаа бэлд” гэж хэлсэн. Тэгээд л 2006 оны 2 сард Солонгос улсын иргэн У Шин Гын гэгч хүнтэй зуучлах товчоогоор дамжуулж танилцан гэр бүл болсон. 2006 оны 4 сард Солонгос улсад очиж У Шин Гынтэй хамт амьдрахаар болсон. Эндээс л миний хар дарсан зүүд шиг аймаар амьдрал эхэлсэн.
-Тэр хүнтэй албан ёсоор гэрлэсэн юм уу? Хэр амьдрал ахуйтай хүн байсан юм?
-Энд гэрлэлтээ батлуулсан. Намайг очингуут бүх бичиг баримтыг маань У Шин Гын өөрөө хураагаад авчихсан. Гэр нь Сөүлээс хол жижиг тосгонд байдаг байсан. Очсон өдрөөсөө л би этгээд сонин гаж зуршилтай хүнтэй нийлжээ гэдгээ мэдэж эхэлсэн. Том байшинтай. Өөрийн гэсэн бизнестэй хүн л гэсэн. Хашаандаа бараг гуч гаруй нохойтой. Бараг нэг метр өндөр аймаар том биетэй, зэрлэг нохойнуудтай. Нохойны хашаа цэвэрлэж, зогсоо зайгүй ажиллаж байсан. У Шин Гын их балмад зантай. Тэжээж байсан нохдоо гэдсийг нь хүү татаж алж, тэндээсээ кайф авдаг. Хүн айлгаж ичээж зугаацдаг зантай хүн байсан. Нэг өдөр баахан хархны зулзага аваад ирсэн, миний толгой дээр асгаж, намайг орилуулж чарлуулж, зугаацсан. Үнэхээр аймаар.
-Тэр хүн харх тэжээдэг байсан юм уу?
-Солонгос аймаар их хархтай. Тэр нохойных нь байрны дээр хархнууд бүр үүрлэчихсэн байдаг юм. Хархны зулзага гээд хачин муухай улаан нялцгай юм саванд хийгээд авчирчихсан, толгой дээрээс асгаж, хувцасруу хийгээд л инээгээд байсан. Үнэхээр аймаар /уйлав/
-Тэр тосгонд чи хэр удаан амьдарсан юм?
-Таван сар хэртэй болоод Сөүлрүү орж ирсэн. У Шин Гын урьд нь бас Монгол эхнэртэй байсан. Намайг очиход ч тэр хүүхнээсээ салаагүй байсан.
-Энэ чинь юу гэсэн үг үү?
-Ерөөсөө л Монгол хүүхнүүдийг эндээс аваачиж, зугаа гаргаж, эцэст нь янханы газар өгчихдөг хүн байсан юм билээ. Надтай суухаасаа өмнө Алтанцэцэг гэдэг Монгол охинтой сууж байсан. Тэр хүүхэн нь бүр хэвтэрт ортлоо бие нь муудаад Монгол руу эргэж ирсэн гэдгийг би хүнээс сонссон. Солонгосын хуулиар бол гэрлэлтээ цуцлуулаад нэг жил болсны дараа л дахин гэрлэлт батлуулах ёстой. Тиймээс намайг Солонгост аваачсныхаа дараа гэрлэлтээ батлуулж чадахгүй байсан. Энэ хүнээс би хэдэн сарын өмнө гэрлэлтээ цуцлуулсан. Гэтэл дахиад л Монголоос нэг охин авааччихсан сураг байгаа. Өөрөөр хэлбэл хоёр жилийн дотор гурван монгол авгай авсан гэсэн үг. Үнэнийг хэлэхэд авгай ч гэж дээ зодож, дарамталж, найз нарынхаа гарт өгч хүчирхийлж, зугаагаа л гаргадаг хэрэг шүү дээ. Намайг очсны дараа Чи хүнд хэдэн төгрөгөөр хүүхэд гаргаж өгөх вэ? Чиний бие эрүүл юм байна” гэж хэлж байсан. Тэр үг хэл нь яах вэ гэхэд аймаар зодож нүддэг. Толгой руугаа би энэ хүнд модоор цохиулж, ухаан алдаж, таван удаа оёдол тавиулж байсан. Гартаа юу дайралдсан болгоноороо цохидог, яг л зарц барлаг шиг амьдарч байсан. Их олон найз нартай. Тэднийгээ дуудаад л намайг өгөөд явуулчихдаг. "Энэ миний найз. Чи энэ хүний хүссэн бүхнийг хийх ёстой” гэдэг байсан.
-Тэр найз гээд байгаа нь ямархуу хүмүүс юм?
-Биеэрээ дүүрэн шивээстэй, манайхаар бол мафийн бүлгийнхэн байдаг. Тэр хүнийг дагаад л гэрт очдог. Хоол ундыг хийж, шал шавхайг нь угааж, тэдэнд хүчиндүүлж, юу хүссэнийг нь л хийдэг. Хэд хоноод л тэд намайг буцаагаад У Шин Гынд аваачаад өгчихдөг байсан. /уйлав/ У Шин Гын хамт байх хугацаанд энэ хүн намайг зодож нүдэн, ёс бус үйлдэл хийхийг шахан дарамталж, этгээд зэрлэг эрүүл бус хүний авир гаргаж байсан учраас би маш их сэтгэл санаа бие мах бодидоо хүнд гэмтэл авч хохирол амссан. Энэ хүн нь Монгол эмэгтэйчүүдтэй гэрлэнэ гэж хуурч аваачдаг л хүн.
-Чи зугатааж болдоггүй юм уу?
-Би зугатаах гэж их олон удаа оролдсон. Дороо л баригдчихдаг. Цагдаа нартай хүртэл хэлхээ холбоотой. У Шин Гын гэгч энэ хүн 2 жилийн дотор 3 Монгол эмэгтэйтэй гэр бүлээ батлуулж Солонгост аваачаад хувийн эрх ашгийн үүднээс бусдад дамжуулж зарах зорилготой гэрлэдэг юм билээ. 2008 онд Дундчонд байдаг бүлэг хүмүүст намайг аваачиж өгчихөөд яваад өгсөн. Тэнд байдаг хүмүүс нь мафийн бүлгийн хүмүүс. Надаар ажил хийлгээд мөнгө өгөлгүй зодож, хүч хэрэглэж, дур хүслээ хангадаг байсан. Би аргаа барахдаа бүр цаашаа хөдөө, аралруу хүртэл зугатаж үзсэн.  Кымил гэдэг арлын цагдаа нарт баригдсан. Тэр арлын цагдаа энэ хүмүүстэй холбоотой байсан. Тэр цагдаа хүртэл намайг буудалд дагуулж ороод хүчирхийлэхээр зодож нүдэн шидэж миний цүнхтэй хувцас мөнгө бүх зүйлсийг аваад явсан. Өглөө буцаж ирнэ эндээ унтаж бай гээд явах үед нь би шөнийн 3 цагт тэр буудлаас электрон түлхүүрийг нь эд мөрийн баримт болгож аваад зугатсан. Сөүл хүртэл 350,000 воноор таксигаар зугатаж хүнээс мөнгө зээлээд  байр хөлсөлж байтал миний гэрийг хайж олоод Юнсангү Ханнамдун гэдэг газраас дахиад л намайг бариад авчихсан. Баахан зодож . Ким На Ёон гэгч эмэгтэй хэсэг бүлэг хүмүүсийн хамт намайг барьж аваад өөрсдийн бааранд хорьж биеэ үнэлэхийг тулган шаардаж, хэлсэн үгээр нь байхгүй бол шоронд гүтгэж хийнэ гэж 5 жил хориулна мөнгө нэхэж дарамталдаг байсан. Тэнд би олон сар хүний эрхэнд тарчилсан. Тэр баар нэртэй янханы газраас   би гарч зугатаж байгаад Ким На Ёон гэгч тэр эмэгтэйтэй  баарны ойрхон таарч баригдчихсан. Тэр эмэгтэйд  зодуулж хөдлөж, чадахгүй болтлоо хүнд гэмтэл авсан. Намайг зодуулж байх үед хажуугаар өнгөрч байсан хүмүүс цагдаа дуудаж тэр даруй ойрхон байдаг Цагдаагийн хэсгийн хүмүүс ирж Ким На Ёон гэгч эмэгтэй болон намайг баривчлан цагдаагийн хэсэг дээр авч ирсэн юм. Гэтэл энэ эмэгтэй Солонгос хүн учраас худлаа хэлж намайг орхичихоод гараад явчихсан. Цагдаа нараар дамжуулан "Чи гараад ир. Чамайг яах ч үгүй” гэж ярьдаг байсан.   Гэвч би " Заавал Монгол руугаа явна” гэж  цагдаа нартай хэл үг хийсээр байгаад энд ирсэн.
-Чамайг зодож, хүнд гэмтэл учруулсан Ким На Ёон гэгч тэр эмэгтэй яасан бэ?
-Тэр хүн намайг зарж, мөнгө олж, боолчилж байсан. Бас зодож гэмтээсэн. Тэгсэн хэрнээ ямар ч ял зэмгүй салсан. Бараг би өөрөө л буруутан болж хоцрох шахсан. Солонгосын цагдаа нар тэр хүнтэй хуйвалдаад л өнгөрсөн. Хэн нь хэнийгээ зодсон бэ гэдгийг тэр гудамжинд байсан хүмүүс, гудамжны хяналтын камер гэрчилнээ гээд байхад цагдаа нар миний үгийг нохой хуцсны дайтай ч сонсоогүй.
-Чи солонгос хүнтэй суугаад юу хожсон юм бэ? Тэр хүнээс мөнгө авч байсан уу?
-Ямар ч мөнгө аваагүй. "Хан пид” гэгч тэр зуучлах товчоо У Шин Гынээс 15 сая төгрөг авчихсан юм байна л гэж ойлгосон. Тэр Солонгос эртэй амьдарч байхдаа ч би мөнгө авч байгаагүй. Надад нэг банкны карт өгсөн. Тэр нь автобус, хоолны мөнгөнөөс илүү мөнгө байгаагүй. Би амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж л явсан. Гэтэл 3 жил гаруй хугацаанд хүний нутагт зовж шаналж байгаад л ирсэн. Үнэхээр энэ гэрлэлт миний амьдралд том хар толбо болж үлдлээ. Одоо ч гэсэн би байнгын сэтгэлийн дарамттай, айдас хүйдэс дунд амьдарч байна.
-Чамайг У Шин Гынтай суухад зуучилсан тэр зуучлах товчооныхон байгаа биз дээ? Тэр хүмүүстэй уулзсан уу?
-Би тэр хүмүүсийг хаана байгааг олохгүй байгаа. Солонгост байхдаа би "Хан пид”-ынхантай  утсаар ярьж, хэд хэдэн удаа гомдол гаргасан.” Өө чи л болохгүй байна. Наадах чинь сайн хүн” гээд тоодоггүй байсан. Намайг аргаа бараад зугатаасны дараа "Хан пид”-ынхэн манай гэрт ирж, ээжийг маань дарамталж, мөнгө төгрөг нэхсэн байсан. Би энэ зуучлах товчоог хайгаад олохгүй байгаа. Гэхдээ ямар ч байсан олж, тэднийг цагдаа нарт өгнө. Над шиг олон эмэгтэй  ингэж зовоосой гэж хүсэхгүй байна.
-Ямар ч байсан нутагтаа ирлээ. Одоо яаж шуухан амьдарч байна?
-Хар дарсан зүүд шиг өнгөрсөн гурван жил би нутгаа санаж л тайтгардаг байсан. Гэхдээ тэнд байх хойгуур  маань ээж маань нас барсан. Муу ээжтэйгээ ч уулзаж чадаагүй. Намайг оргочихлоо гэж  "Хан пид”-ын хүмүүс  гэрт ирж, манай ээж эрэгтэй дүүг  минь дарамтлаж, эрэгтэй дүүг ээжийн дэргэд зодож гэмтээгээд тархинд нь хүнд гэмтэл учруулж сэтгэл мэдрэлийн өвчтэй болгочихсон.  Эрэгтэй дүү энэ бүхнээс болж  намайг буруутгаж өөрийн биеийг авч явах чадваргүй тархи мэдрэлийн өвчтэй болсондоо шаналан намайг ирснээс  хойш удаа дараа зодож алахыг завдаж, байнга ална гэж заналхийлж байна.  Дүү маань надаас л болж, тархи толгойны өвчтэй болчихоод байна. Тиймээс дүүгээсээ айж төрж, өссөн гэртээ орж чадахгүй бас л хүмүүсээс нуугдаж амьдарч байна даа.
-Чи энэ талаар хууль хяналтынханд мэдэгдсэн үү?
-Мэдэгднээ. Хүний эрх гэж байдаг. Би Солонгосын элчин сайдын яаманд гомдол гаргах болно. Солонгост хүний эрх яаж зөрчигдөж байгааг бүх хүнд мэдэгдэх болно. Над шиг хүний наймааны золиос болсон олон зуун охид байгаа. Тэр хүмүүс өчнөөн их хохирчихоод бусдын хэл амнаас айдаг, ичдэг, нэр нүүрээ бодож байна гээд хохироод л үлддэг шүү дээ. Би тэр хүмүүсийн өмнөөс тэмцэх болно.
Тopnews.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?