📅

Хуйвалдааны улс төрд хуулийн байгууллагыг хутгах учиргүй

🕔 2017/08/29 10:00

Хуйвалдааны улс төрд хуулийн байгууллагыг хутгах учиргүй

 

МАН-ынхан хоорондоо дайтаад байна гэсэн чинь монголчууд хоёр талд гарчихсан үзэж байх юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх хоёр зөрчилдөөд байна гэсэн чинь нам байтугай нутаг хамаагүй болчихсон толхилцож байна.

Явсаар энэ юу ч биш болох бололтой. Монголд байтугай дэлхийд болж байгаагүй үйл явцын амьд гэрчүүд нь бид болж олон үйл явдлыг үзлээ, харлаа.

Хамгийн дуулиан шуугиан дагуулж байгаа нь У.Хүрэлсүхийг тагнасан, эсвэл У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан гэх асуудал юм.

Эх сурвалжуудын ярих нь, өөрийгөө тагнасан гэдэг зүйлчлэл манай ямар ч хуульд байхгүй. Тэгээд ч ер нь хүн өөрийгөө тагнана гэж юу байхав гэж байна.

Ер нь бол асуудлын гол нь У.Хүрэлсүхдээ биш. Харин У.Хүрэлсүхээр дамжин илэрч буй Монгол төрийн дампуурлын илрэл гэж болох ажээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хэлснээр Монголд энэ мэт гүйцэтгэх ажиллагаа явуулдаг зургаан субьект байдаг. Эдний "учир”-ыг олохгүй бол болохоо болилоо гэлээ.

Д.Хаянхярваагийн хэлдгийг өмнө нь нэг бус удаа нэжгээд хүн хэлж байсныг бид мэднэ. Даанч тэр нь эрх мэдэлгүй нэгэнд үйлчилдэг байсан болоод эрх баригчид авч үзэлгүй өнөөдрийг хүрсэн байгаа юм.

Гэхдээ энэ удаад арай л дэндсэн үйл явдлууд ар араасаа хөвөрч байна.

Анх 2017 оны долдугаар сарын сүүлчээр Шадар сайд У.Хүрэлсүхэд "сүүл” тавьсан тухай мэдээлэл хэвлэлүүдээр гараад эхэлсэн. Тэр мэдээлэлд олон хүн итгээгүй байх. Гэтэл удалгүй Шадар сайдыг дагаж, тагнах багт орж ажилласан гэх Ч.Батболд гэдэг хүний ярьсан дүрстэй бичлэг нийтэд цацагдсан. Ингээд араас нь Шадар сайд АТГ, ТЕГ-т хандсан тухай мэдээлэл гарав. Харамсалтай нь уг "хэрэг”-ийг үйлдэгчид нь журмын нөхөд нь, Засгийн газарт хамтран зүтгэж байсан хүмүүс нь байсан гэлээ.

У.Хүрэлсүх энэ сарын 16-нд намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр энэ тухайгаа дэлгэрэнгүй ярьсан байдаг. Тэрээр "...Өнөөдрийг хүртэл би дуугүй явлаа. Улс төрийн сонгууль явж байсан болохоор шүд зуугаад тэсээд явсан юм шүү. Намайг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш дагасан. Солонгост явж байхад хүртэл араас хүн явуулаад тэр чинь баригдсан. Энэ асуудлыг илчилсэн залуусыг барьж хориод У.Хүрэлсүхийн эсрэг мэдүүлэг өг гэж тарчлааж байгаа дуулдаж байгаа шүү. Шадар сайдын чинь амь нас, аюулгүй байдалд аюул учраад байна гэж М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёрт хэлсэн. Гэтэл хөдлөхгүй байсан хүчний байгууллагынхан чинь тэр залууд бяраа гаргасан. Намайг аалз болгоод хөл гарыг нь тасдана гэсэн. Одоо болохоор намынхнаа халиарууд гэж байгаа чинь ил болсон биз дээ. Ер нь намайг тэр цагаас хойш тагнаж, чагнаж байжээ гэж үзэж байгаа. Одоо харин та нарын бүрдүүлсэн 60 тэрбумын авлигын гав гинжийг таслах цаг болжээ. Хууль хяналтын байгууллагыг ийм байдлаар улстөржүүлэхээ боль. Одоо бүр өөрийгөө тагнасан, чагнасан хэрэг рүү явуулна гээд ярьж байгаа чинь ил байгаа шүү. ...Өчигдрөөс Ерөнхийлөгчтэй холбоо­той гэх утасны яриаг зохион байгуулалттай тарааж байна. Би 1990 оноос хойш энэ намд зүтгэхдээ нэг ч удаа намынхаа эсрэг ажиллаагүй. Та нар битгий өөрсөдтэйгөө адил бод. Намынхаа тугаар толгойгоо боогоод сөрөг өлсгөлөнд хүртэл оролцож явсан.

...Та нар намайг алдаггүй юм бол, хилс хэргээр шоронд суулгадаггүй юм бол өвөг дээдсийнхээ намын төлөө ясаа цайтал явна” гэсэн байдаг.

Тэгвэл өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 25-нд АТГ мэдээлэл хийж, У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан гэж мэдэгдлээ. Өнөөдрөөс энэ үйл явц илүү хурц үргэлжилж таарна.

Энэ бүхнийг тоочихын учир нь энэхүү тагнасан, чагнасан үйлдлийг У.Хүрэлсүх нарын мэдэгдсэнээр МАН-ын хамгаалалтыг хариуцдаг компанийнхан хийв үү, аль эсвэл Д.Хаянхярваагийн харамсан ярьсан гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх бүхий зургаан байгууллага оролцсон уу.

Хөөрхий, тэр компанийн залуус зүгээр л дагаж, тэгээд өдөж байгаад цохиулчих зорилготой байсан гэж гэрч залуу нь яриад байна лээ.

Тэгвэл У.Хүрэлсүхийн Б.Баатартай ярьсан бичлэг энэ тэрийг хэн хийж таарах вэ. Дээрх залууст тийм боломж байхгүй. Тэгэхээр манай хүчний байгууллага хийсэн байж таарах гээд байгаа юм. Тагнах эрх бүхий байгууллага шүү дээ.

Дээрээс нь АТГ-ын мэдэгдэл улс төрийн зорилготой байх магадлалтай талаар ажиглагчид хэлж байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд хууль дээдлэх зарчимд хэн нэгнийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд үл тооцож болно гэсэн байдаг. АТГ-ын хувьд нэг хэсэг Үндсэн хуулийн энэ заалтыг огоорч явсан үе бий. Ер нь АТГ сүүлийн жилүүдэд улстөрчдийн оролцоотойгоор мөн ч олон хүний үйлийг үзсэн дээ. Бүгдийг нь гээгүй шүү.

2012-2016 онд олон аймгийн Засаг дарга, Засаг дарга асангуудыг шалгасан. Ганц нэгийг нь шоронд хорьж, ихэнхийнх нь асуудал сураг алдарсан. Энэ нь тэр дарга гэм буруугүй байсан гэсэн үг.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шалгаж, бүр баривчилж, эцэст нь шүүхээс ял оноолгосон. энэ асуудалд баахан хүн хоморголж шалгаад, эцэст нь ямар "хэрэг”-ээр түүнийг ялласныг олон нийт мартаагүй байгаа. Нааж болох бүгдийг л түүнд наасан. Яг үнэндээ түүнийг баривчилсан, хорьсон, ялласан нь 2012 оны сонгуулийн өмнө нь л болсон явдал. Дараа нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль болсон. 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болов. Энэ бүх сонгуульд л Н.Энхбаярыг оролцуулахгүй байх нь хүчний байгууллага, тэр дундаа АТГ-ын үүрэг байсан. Үүнийг худлаа гэж хэн ч хэлэхгүй. Сонгууль болохоор л Н.Энхбаяртай холбоотой ямар нэгэн "хэрэг” гарч ирдэг болсон. Хэвлэлийн хуудас сөхвөл энэ бүхэн дурайгаад л гараад ирнэ.

Мөн өдгөө Ерөнхийлөгч болсон Х.Баттулгыг шалгаж байсан. Баянгол зочид буудал дахь оффисыг нь бүсэлж байгаад баахан баримт бичиг "олзлоод” явж байв. Түүнийг ганцааранг нь бус хамтран зүтгэгчидтэй нь шалгаж байв. 2016 оны хоёрдугаар сарын 19-нд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Судалгаа шинжилгээний албаны дарга Н.Дуламсүрэн, Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Н.Сүх-Очир, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр нар мэдээлэл хийж, Мөн Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа болон Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн тухай ч мэдээлэл өгсөн юм. Тэд "...Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяатай холбоотой хэргийг нарийвчлан шалгаж байгаа. Анх цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн Улсын ерөнхий прокуророос АТГ-т харъяалал тогтоосны дагуу цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулаад мөрдөн байцаалтын ажиллагааг явж байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга, сайд асан А.Гансүх нарыг ч уг хэрэгт холбон шалгаж байна” гэж байв.

Мөн энэ үеэрээ "...Н.Дэнзэнгийн Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байна. Прокурорын байгууллага руу шийдвэрлүүлэх саналтайгаар удахгүй шилжүүлнэ гэлээ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2017 оны наймдугаар сарыг хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт хийж Засгийн газарт хүргүүлсэн” гэж байлаа. 2016 оны сонгууль дөхсөн үе л дээ.

Түүнээс гадна Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг "Нүүрс” хөтөлбөртэй холбогдуулан шалгаж, шүүхээс ял оноосон. Одоо тэр хүн ял эдлээд гарсан. Л.Гансүх шалгагдаж байх үедээ эрх баригчид болон хуулийн байгууллагынханд хандаж хоёр ч удаа захидал илгээсэн байдаг. Эхнийхийгээ УИХ-ын гишүүдэд хандаж 2014 оны дөрөвдүгээр сард бичсэн. Тэр үед АН-ынхан засгийн толгойд байсан юм. Захидалдаа ..."Авлигатай тэмцэх газрын удирдлагууд Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөрийг мушгин гуйвуулж намайг олон тэрбум төгрөгөөр улсыг хохироосон, охиныхоо компаниар дамжуулан олон тэрбум төгрөг завшсан мэтээр зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлэн хорилоо. Ахлах зөвлөхийн албан тушаал нь ямар ч шийдвэр гаргах эрхгүй, тэр дундаа мөнгө захиран зарцуулах мэдэлгүй байдаг. Уг хөтөлбөрийн менежмент хийсэн компани нь манай охин болон надтай ямар ч хамаагүй юм. Сүүлдээ бүр надтай ямар ч холбоогүй хоёр иргэний дансаар ихээхэн мөнгө орсон, гарсаныг надтай холбох гэж оролдлоо.

Би Ерөнхий сайдын даалгасны дагуу уг хөтөлбөрт оролцогч төрийн байгууллагууд, хувийн компанийн хоорондын харилцан уялдааг зохицуулагч, хяналт тавигчаар ажилласан юм. АТГ-ын мөрдөн байцаагч Золжаргал албан тушаалаа ашиглан намайг Эрүүгийн хуулийн 273-р зүйл буюу төсөв захиран зарцуулагч, 150-р зүйл буюу аж ахуйн нэгж байгууллага иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд мэтээр хэрэг зохиомжлон ялын тогтоол үйлдэж, шүүхээр хоёр cap хорих шийдвэр гаргууллаа.

...Энэ олон хууль бус үйлдлээ АТГ-ынхан ямар ч хяналтгүй хийж байна. Надтай улс төрийн хоригдол шиг харилцаж байна. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг АТГ-ын дэргэд аваачсан нь энэ газрын удирдлагуудыг ямар ч хяналтгүйгээр, хязгааргүй эрх мэдэлтэйгээр хууль зөрчих, бүх хуулийн байгууллагуудаас эхлээд төрийн болон хувийн байгууллагууд түүгээр зогсохгүй улс төрийн зорилгоор Засгийн газар, Ерөнхий сайдынхаа гаргасан шийдвэрийг эсэргүүцэн дарамтлах, хэлмэгдүүлэх боломжийг олгожээ.

Лхүмбийн хэрэг, Лоохуузын хэргийг ямар үед ямар Улсын захиалгаар зохиомжилж байсныг бид мэднэ. Гэтэл XXI зуунд аль ч улсаас хараат биш Ардчилсан нийгэм байгуулж буй өнөө үед Засгийн газар, Ерөнхий сайдаа огцруулахын тулд зохиомол хэрэг үүсгэн улс төрийн зорилготой ажиллаж буй ийм хязгааргүй эрх мэдэлтэй хүчний байгууллагын аюулыг биеэр мэдэрсний хувьд яаралтай энэ гажуудлыг засах болжээ гэж шийдвэр гаргах түвшний хүмүүст сонордуулж байна. Ер нь энэ байгууллага Үндсэн хуулийн бус байгууллага гэдгийг олон хүмүүс хэлж ярьдаг билээ…Өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг Ерөнхий сайдын даалгавраар хэрэгжүүлж байсан намайг ингэж зохиомол хэрэгт хэлмэгдүүлж чадаж байгаа улсууд төсөв захирагч ямар ч албан тушаалтныг яаж ч гуйвуулан хэлмэгдүүлж Засгийн газрын үйл ажиллагааг харлуулж чадах юм байна. Тэгвэл төрийн албан хаагчид яаж итгэл үнэмшилтэй ажлаа хийх юм бэ? Итгэл үнэмшилгүй төрийн албан хаагчидтай улс яаж хөгжих юм бэ? АТГ-ын удирдлагууд олон бизнесмэнүүдийг дарамтлан газар, лиценз, компанийх нь хувь, мөнгө авсан тухай сонсож байсан. Энэ бүгд үнэн байж гэдэгт одоо би огт эргэлзэхгүй болсон” гэсэн байдаг.

Мөн 2017 оны хоёрдугаар сарын 1-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж захидал илгээсэн байдаг. Тэр үедээ Л.Гансүх шүүхээс 4.6 жилийн ял аваад байсан юм. Захидалдаа "....Таны захиалгаар, таны томилдог АТГ, прокурор, Шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийн хилс хэрэг зохион хэлмэгдүүлэн байж өгсөн ялыг чинь миний бие өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр эдлээд дууссан.

...2017 оны нэгдүгээр сард энэ хорих ангиас долоон хүн прокурор руу очиход зургааг нь цааш нь шүүх рүү явуулаад ганцхан намайг буцааж надад үндсэн хууль, эрүүгийн хуулиар олгогдсон эрхийг минь эдлүүлэхгүй хоёр сар боллоо.

...Одоо хуулийн дагуу гурав дахь удаагаа прокурорт хорих ангиас миний тодорхойлолт очсон байгаа.

Цаашид ийм байдлаар намайг магадланд оруулахгүй үндэслэлгүйгээр хориод байвал өлсгөлөн зарлаж тэмцэхээ мэдэгдэж байна. Өөрөө шоронд юу ч хийж чадахгүй байж байгаад эхнэрээ алдсанд орвол энэ шударга бус зүйлсийг чинь засахын төлөө бидний амь хэрэгтэй бол ав гэж хэлье” гэсэн байдаг.

Түүнчлэн Ерөнхий сайд асан, өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй Н.Алтанхуяг ч энэ байгууллагад шалгуулж байв. 2017 оны нэгдүгээр сарын 31-нд АТГ-аас Н.Алтанхуягийн "хэрэг”-ийн өөрийн сайтаар дамжуулан "... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг авахаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагт АТГ-ын байранд дуудсан боловч цагтаа ирэлгүй 19.00 цагт хүрэлцэн ирсэн.

Н.Алтанхуяг нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч түрэмгийлэн, иргэдэд буруу, ташаа мэдээлэл өгч буй нь хууль бус үйлдэл юм. Иймд хууль сахиулах байгууллагын үндсэн чиг үүргийхээ хүрээнд хийж буй мөрдөн байцаалтын ажиллагааг аливаа нэгэн улс төрийн намын гишүүн, сонгуулийн сурталчилгаандаа ашиглахгүй байх, иргэдийг худал хуурмаг мэдээллээр хангахгүй байхыг сануулж байна” гэж тайлбар хийсэн байдаг.

Энэ мэтчилэн олон хүн дээрх хуулийн байгууллагуудын хаалгыг татаж, шалгуулж байв. Харин зарим нь сонгуулийн дүнгээс шалтгаалан улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс болж "цагаадсан” бололтой юм.

Хуулийн байгууллагын иймэрхүү сүүлийн үед түр завсарлаад байсан. Гэтэл өнгөрсөн баасан гаригт тэр "өвчин” нь эргээд сэдэрлээ.

Уг нь монголчууд Төрийн минь сүлд өршөө хэмээн төрөө дээдэлж ирсэн ард түмэн. Одоо ч хэвээрээ. Төр шиг төртэй байхын тулд хуулийн дор захирагдах учиртай. Харин тэр хуулийг хэрэгжүүлэгч буюу нэр дурдаад байгаа байгууллагууд, тэдний дарга нар бол гагцхүү хуульд захирагдаж, түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй улс. Тийм учраас тэд малгай дээрээ Төрийн сүлдээ залсан онцгой эрхтэй хүмүүс юм.

Харамсалтай нь цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх гээд хууль хяналтын байгууллагууд илтэд улс төрийн тоглоомд оролцож, улстөрчдийн хоорондоо дайтах зэвсэг нь болж буй эмгэнэлтэй дүр байдал ажиглагдах болов. Уг нь хэн нэгэн даргын албан тушаалдаа үлдэхээс илүүтэй Монгол төрийн хууль хэнд ч алаггүй үйлчилж байх ёстой. Үүнийг дагаад "Төрийн сүлд өршөө” хэмээн залбирах иргэдийн тоо цөөрч байгаа юм. Нөгөөтэйгүүр хууль, шүүх, хүчний байгууллагад итгэх олны итгэл суларч байгааг удирдлагууд нь анзаарч байгаа болов уу. Хууль хэрэгжүүлэхдээ эрх мэдэлтний бус хуулиа л дагах үүрэгтэйгээ тэд мартав уу.

Хэрэвзээ, "... Энэ даалгаврыг гүйцэтгэхгүй бол чамайг ажиллуулахгүй” гэж хэн нэгэн дарга дарамталбал хаяад гардаг эр зориг, хууль сахиулагчийн хариуцлага байх учиртай. Эс тэгвээс ирээдүй тэднээс хариуцлага нэхэж таарна

Чухамдаа өнөөдөр эрх ямбанаасаа салахгүй гэж зууралдсан хэн нэгэн даргын нохойд барьдаг мод болж байгааг нийтээрээ хэлж байгааг тэр дарга нар анзаарах хэрэгтэй. Тэдэнд Монгол төрийн өмнө, хуулийн өмнө хүлээсэн тангараг бий. Тангаргаа санаж, хуулиа дагахыг тэд мартаагүй байлтай.

Нөгөөтэйгүүр, төрийн эрхэнд гарсан улстөрчид өөр хоорондын зөрчил тэмцэл, хуйвалдааны шинжтэй улс төрдөө хууль, хүчний байгууллагыг ингэж ашиглаж байгаа нь тодорхой. Тиймээс улстөрчид л хуулийн байгууллагаас гар, хөлөө татаж, Монгол төрийн хуулийг хэрэгжүүлэгчдэд хуулийн дагуу ажиллах боломж бүрдүүлэх ёстой юм.

Энэ дашрамд Чингис хааны Их засаг хуульд "...Нэгэн зүйл. /211/ Миний /Чингис хааны/ алтан ургийн төрлийн эрхтэн баатрууд хийгээд ноёдууд хэрэв "Их засаг” ба зарлигийг чанга журамлан сахихгүй болбоос улс төрийн явдлууд тэр дороо гуйвах буюу зогсоход хүрнэ гэдгийг ямагт анхаарна уу” гэсэн байдгийг төрийн эрх баригч түшээдэд сануулах цаг ирсэн бололтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?