📅

АТГ & У.Хүрэлсүх

🕔 2017/08/28 10:52

АТГ & У.Хүрэлсүх

Сүүлийн үед Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, биед нь халдахыг завдсан гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл түүнийг хэн тагнаж чагнуулсан бэ гэх асуудал өнөөг хүртэл хүмүүсийн сонирхлыг татаж байна. Олон нийт түүнийг Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа тагнаж чагнасан хэмээн ойлгож байсан ч өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээс эхлэн тагнаж байсан тухай Шадар сайдын ажлын албанаас мэдэгдсэн билээ.
Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Шадар сайдын ажлын албанаас мэдээлэл хийхдээ төрийн өндөр албан тушаалтай нэр бүхий хүмүүс У.Хүрэлсүхийг тагнаж, чагнах даалгавар өгч, улмаар биед нь халдахыг завдсан гэнэ. Тус ажлын алба болоод Шадар сайд энэ асуудлыг шалгуулахаар өнгөрсөн долоодугаар сарын 3-нд АТГ, ТЕГ, УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарт хандсан аж. Түүнчлэн уг мэдээллийг хийсний дараа буюу энэ сарын 11-ний өдөр Шадар сайдын өмгөөлөгч Ц.Баасандорж хэвлэлийнхэнд дараах мэдээллийг өгч байв. Тэрбээр "Монгол Улсын Шадар сайдыг 2017 оны тавдугаар сараас эхлэн хэд хэдэн хүн дагасан, мөрдсөн, тагнасан байдаг. Ажлын хөлс нь 50,000,000 төгрөг гэдэг. Нэг сая төгрөгийн урьдчилгаа төлбөр авч дагаж байсан Ч.Батболд гэх залуу хэргээ илчилснээр уг хууль бус ажиллагаанд МАН-ын байрыг гэрээгээр хамгаалж байсан компаниудын удирдлагууд захиалгаар зохион байгуулсан болох нь гэрчийн мэдүүлгээр нийтэд ил болсон. Хэргээ илчилсэн гэрчийн мэдүүлснээр "Нью Фалкон” ХХК, "Очир” ХХК гэх харуул хамгаалалтын компанийн захирлууд болох З.Золбаяр, Энхмэнд нар уг хэргийг Ерөнхий сайдын даалгавраар хийж байгаа гэж хэлсэн гэдэг. Тиймээс Монгол Улсын Шадар сайдыг дагаж, мөрдөнө гэдэг нь зүгээр нэг иргэний, хувийн харуул хамгаалалтын компанийн хийх ажил биш, ашиг сонирхлыг зөрчил бүхий төрийн өндөр албан тушаалтны захиалгаар л хийгдсэн гэж хардаж байгаа. Энэ хэрэгт гардан оролцож байсан гэрч Ч.Батболд оролцсон, зохион байгуулсан, захиалсан хүмүүсийг илчилснээр энэ сарын 03-ны өдөр Шадар сайдын Ажлын албанаас ТЕГ, АТГ-т гомдол хүргүүлсэн байна. Гэвч нэг сар гаруйн хугацаанд тэдгээр байгууллага юу ч хийгээгүй нь уг байгууллагуудын хэргийг шалгахгүй байх ашиг сонирхол байсан гэж хардах үндэслэл болж таарч байна. Түүгээр ч үл барам хэргээ илчилсэн гэрч мэдүүлэг өгөх гээд очтол зугтаасан, байцаагч нь солигдсон тохиолдол ч гарчээ. Үүнээс гадна энэ хэргийг илчилсэн гэрчүүд, гэмт хэргийг илрүүлэхэд үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн хоёр албан хаагчийг сар гаруйн дараа цонхыг нь хагалж, үүрээр гэртээ унтаж байхад нь баривчилсан байна. Эдгээр гэрчүүдийг баривчлах үндэслэл байхгүй, хэргээ илчлээд байгаа гэрчийг хорих асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчим болоод, 14.9-т нийцэхгүй” хэмээж байсан юм. Тэгвэл энэ асуудлаар өнгөрсөн баасан гарагт АТГ-аас мэдээлэл хийж, хэргийг хэн захиалсан бэ, үнэхээр тагнаж, чагнасан уу, хэрэг ямар шатандаа явж байгаа талаарх мэдээллийг олон нийтэд өгсөн юм. Тухайлбал, тус хэрэгт холбогдсон есөн хүнээс дөрвөн хүнийг нь хууль хяналтынхан саатуулж, таван хүнийг гадуур байцааж байгаа аж. Мөн Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн төрсөн дүү У.Отгонбаяр болон төрөл садны хүмүүстэйгээ хамтран эвлүүлэг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр нийслэлийн Прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгэхээр саналаа явуулжээ.

Э.Идэрцог: У.Хүрэлсүх зохиомол хэргийг зохион байгуулсан

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "Энэ асуудалд есөн хүнийг шалгаж байна. Өнөөдрийн байдлаар тогтоосон асуудал нь гэвэл Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн төрсөн дүү Отгонбаяр, хамаатны дүү Амарсанаа нараар дамжуулаад өөрийгөө мөрдөн шалгасан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Энэ асуудалд яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ асуудалд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон гэх зүйл тогтоогдоогүй. Харин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн дүү, төрөл садны хүмүүстэйгээ нийлээд өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Энэ үндэслэлээр нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байна хэмээн прокурорын байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн” гэв. Тэгвэл энэхүү мэдээллийг хийсний дараа Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албанаас түүнийг яллагдагчаар татсантай холбогдуулан дараах мэдээллийг хийсэн юм.

А.Үйлстөгөлдөр: ТЕГ, АТГ бодит үнэнийг мушгин гуйвуулж байна

Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр "Шадар сайд У.Хүрэлсүх удаа дараа хуулийн байгууллагад гомдол хүсэлт гаргасан байдаг. Гэтэл гомдол гаргаснаас хойш сарын хугацаанд мөрдөн шалгах ажлыг эхлүүлэхгүй, ямар нэг ажиллагаа хийхгүй удсан. Өөрөөр хэлбэл, ТЕГ, АТГ сарын хугацаанд энэ хэргийн дагуу ямар ч дорвитой алхам хийгээгүй атлаа өнөөдөр /өнгөрсөн баасан гарагт/ ийм мэдээлэл хийж буй нь илтэд нэг талыг барьсан, улс төрийн зорилготой, бодит үнэнийг мушгин гуйвуулсан үйлдэл гэж үзэж байна. Хэргийн гэрч, оролцогч болох иргэн Н.Батболд болон холбогдох гэрчийн этгээдүүд хууль хяналтын байгууллагад хандан бодит үнэнийг хүлээн зөвшөөрч нотолсоор байсан. Гэтэл хууль хяналтын байгууллага үнэнийг олон нийтэд мэдээлээгүй. АТГ, ТЕГ-ын холбогдох албан тушаалтнуудын гаргаж буй энэхүү үйлдэл нь зарим төрийн өндөр дээд албан тушаалтан хүссэн үедээ улс төрийн зорилгоор хууль хүчний байгууллагыг өөрийн эрх ашигт үйлчлүүлж буйг нотолж байна. Удахгүй Шадар сайд У.Хүрэлсүх болон түүний өмгөөлөгч нар бодит байдлыг өөрийн биеэр тогтмол олон нийтэд мэдээлнэ” гэв.

Д.Болдбаяр: У.Хүрэлсүх намын эсрэг үйл ажиллагаа явуулсан бол намаасаа хөөх хэрэгтэй

Эдгээр дээрх мэдээллүүдийн дараа МАН-ын гишүүд болон тус намын 33 дугаар үүрийн дарга Д.Болдбаяр нарын тэргүүтэй хүмүүс Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэд "Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбоотой мэдээллийг АТГ-аас хийлээ. Тухайлбал, МАН-аас өндөр албан тушаал хашиж буй У.Хүрэлсүх нь өөрийгөө тагнаж, чагнуулсан гэдгийг нь хууль хяналтын байгууллагаас тогтоож, прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Намын удирдах албан тушаалтан хүн ийм увайгүй үйлдлийг өөрөө хийсэнд харамсаж байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд намыг хагалан бутаргах, хоёр хуваах гээд олон зүйлийг хийсэн хүн. Тухайлбал, өнгөрсөн 2012 онд нам ялагдсан байхад У.Хүрэлсүх гэдэг хүн огт байгаагүй алга болсон хэрнээ сая 2016 оны УИХ-ын сонгуульд олонх болонгуут гэнэт гарч ирээд Шадар сайдын албан тушаалыг авсан хүн. Гэтэл өнөөдөр ийм увайгүй үйлдэл хийж МАН-ын жирийн гишүүд болон намын олон мянган залуусын итгэлийг эвдэж байгаад харамсаж байна. У.Хүрэлсүхийн иймэрхүү увайгүй үйлдлүүд ээлж дараалан ил гарч эхэлсээр байна. Тиймээс энэ хүнийг намаасаа хөөж, МАН-ын нэр хүндийг цэвэрлэхийг намын хяналтын хорооныхонд анхааруулж байна. Хоёр дахь асуудал нь 60 тэрбумтай холбоотой асуудлаар Монголын ард түмнийг хоёр талцуулж байна. Хэрвээ үнэхээр 60 тэрбум төгрөгийг авсан, идсэн, уусан хүн нь байдаг юм бол Шадар сайдын хэргийг мөрдсөн шигээ яаралтай шийдэж өгөөч ээ гэж хүсмээр байна. Дахин хэлье. МАН өөрийн гэсэн дүрэм журамтай нам. Иймэрхүү увайгүй үйлдэл хийж байгаа хүмүүсийг намаасаа хөөх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж:

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?