📅

С.Баяр VS М.Энхболд

🕔 2017/08/22 11:15

Нэгэн зуныг барж ирэх намраа даахаар байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ба явцад хөшигний ард юу болсон талаар одоо дүгнэж болохоор. Ялалт ялагдлын талаар олон сайхан тайлбар, дүгнэлт буруутгал нийтлэл ба зөвлөмжөөр гарлаа. Бүрхэг байгаа зүйл ч цөөнгүй үлдсэн.  

 

С. Баяр үнэхээр МАН-ын сонгуулийн штабыг гардаж  байсан уу. Удирдаж байсан байж болох ч ухаан зарж, гараа гаргаагүй нь тодорхой боллоо. Машинаар бол тэнхлэг тохиргоо алдагдсан сонгуулийн штабыг харсаар байж,  салгалуулж явуулсаар ялагдлыг баараггүйд нь оруулжээ.

 

Х.Баттулга ерөнхийлөгч ялна гэсэн "хандаа” эрт авсан байсан. Тэрбээр МАН-ын зарим шудрага талынхны дургүйцэл ба далд бугшсан хагарал нь сонгуулийн гол хүчийг сулруулж,  төлөвлөсөн, дайралтад  үзүүлэх реакц муу байхыг тоцоолж байсан. Үүнд эрс алхам хийх хүний тоонд С. Баяр багтаж болно. Тэрээр пялдагуудыг бодвол бодит дүгнэлттэй ба бүх талын судалгаанд М.Энхболд тааруу рейтэнгтэй явааг мэдэхийн дээдээр мэдэж байх ёстой. Өрсөлдөгчөөсөө 20  хувь доогуур гараанаас гарч, үүнийгээ улам алдсаар байгаа нэр дэвшигчээ татаж гаргахад хуруугаа ч хөдөлгөөгүй харагдана. Нүдэн дээр нь эмхцэгцгүй болсон штабыг их мөнгө, эрх мэдэл дунд хөөрцөглөх хэдэн хөөрүү бацаануудтай нь хаяад зайгаа барьсан бол ард нь С. Баярт хаяаглагдах олон асуулт хөврөнө. С.Баяр том улс төрч, хөгжсөн стратегичийн хувьд энэ ялагдлыг зөгнөөгүй гэхэд урьдчилан харж мэдэрч чадна. Гэвч хөдөлсөнгүй.  Яагаад....

 

Үүнд хариулт хайж нэлээд урт түүх сөхөх байна.Загалмайлсан эцэг Н.Энхбаярыгаа ерөнхийлөгчид дэвшүүлэн зайлуулж аваад эхлүүлсэн МАН-ын даргын төлөөх тэмцлээс дээрх асуултын гол хариултыг нэхэн харж болно. Энэ баян Монголын эзэн нь арай биш гэхэд том намыг эрхшээн бялуу хувиарлагчаар тодорч,Монголын төрд номер нэг болоход нь С.Баярт  ганц хөндөлсөж байсан хүн нь Н.Энхбаяр . Түүний араас гарч ирсэн М. Энхболдын залгамж байлаа.

 

2005 онд МАХН /МАН / Н.Энхбаярыгаа Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялуулж чадлаа.  Ингээд дүрэм ёсоор намын шинэ дарга сонгох  асуудал босч ирсэн. С. Баяр М. Энхболд хоёр өрөг дээр гарч ирлээ. Хэн хэн нь хүчтэй, нөлөөтэй ба бага хурлын төлөөлөгчдөө багцалж, цэгцэлж авсан байлаа.  Энэ үед намын дотоод амбиц харьцангуй бага боловч урвалт ба худалдагдах байдал бага хурлын гишүүдийн хувьд халдварт өвчин мэт даамжирч эхэлсэн гэдэг. Хэдэн хүний дэмжээгүй саналаар ялагдах бол гэхээс илүүтэй хэн нь урваж  тооцоог нурааж алах болдоо гэсэн айдастай байсан байх.

 

Ингээд түүхээ нэхэн өгүүлье. 2007 оны ерөнхийлөггчийн сонгуулийн дараах зун цаг.Шөнө дундаар үргэлжилсэн МАХН -ын  ээлжит нэгэн хурлын индрийн дээр байх нууц санал хураалтын хайрцагт төлөөлөгчид саналаа шидэж эхлэв. Санал тооллого гар аргаар тоологдож дүнг хурал даргалагч багцалж үүрээр гишүүддээ сонсголоо. Ердөө дөрөвхөн хүний саналаар С. Баяр ялагдсанаар М. Энхболд Н.Энхбаярынхаа орыг залгаж намын даргыг авсан. Маргааш өдөр нь С. Баяр хуралдаа ирсэнгүй. Нөгөөдөр үдээс хойшхон нэлээн ядрангуй царайтай хуралдаа ирж эрүүл мэндийн ялихгүй шалтгаанаар хурлаа тасалсан болохоо шазруухан учирласанаар  төлөөлөгчид түрдээ тайвшрав. С. Баяр энэ үед ялагдалтайгаа түр эвлэрсэн ч ЕНБ даргаа авч эргэн үзэлцэх  холын алхмуудаа хийж эхэлсэн. Түүний улс төрийн алхам тун нарийн тооцоотой хийгдэж байсан. Их хуралд ойролцоо суудалтай байсан ч Ерөнхий сайд болоод унасан АН-ын лидер Ц.Элбэгдоржийн амбицийг М.Энхболдын эсрэг тавих багц сумандаа хавчуулж чадсан. Нарийн тооцоолсон алхам бүр нь намын даргыг авах туйлын ганцхан зорилгод чиглэгдсэн. Тэр үеэс МАХН-ынхан  суудал дутуун зовлон дээр нь тоглож АН -ыг дотоод дайндаа амархан ашиглачихдаг "школ” тавигдсан гэж би хувьдаа үздэг. 

 

Намын даргын төлөөх ширүүн тэмцлийн энэ үе бол улс төрийн намынхаа хувьд МАХН нь олигарх төрөлөөс мафижсан дээд төрөлдөө шилжсэн, бизнес бүлэглэлийн нөлөөнд орж  эхэлсэн үе нь. С. Баяр ба М. Энхболд гэсэн эрс тэс арга барил, хувийн тактиктай улс төрчдийн баг халз бас сэм үзэлцэв. Намын гишүүдээ мөнгө хийх албан тушаал, алтан боломжоор урхидах Н.Энхбаяр даргынхаа уламжлалыг өвлөж авсан ба улам төгөлдөржүүлэн өөр өөрийнхөөрөө хөгжүүлэв.

 

Өгсөн боломжийнхоо хариуд  эргээд шилдэх Н.Энхбаяр даргынхаа технологиийг халж зөвхөн эрх ашгаар түр зуур нэгдэх, сүлбэлдэх уян хатан бодлогыг явуулсан харагддаг. Энэ нь  хөгжсөөр НАМ гэсэн том  мөнгөний авдарыг бий болгож, түлхүүрийг нь  ганцхан хэв цутгажээ. Ганц түлхүүрийг зөвхөн намын дарга халаасалж байх дүрмийг бататган тогтоож авсан. Энэ давуу талаа дархлаажуулж их хуралд нэр дэвших эрхийг зөвхөн намын дарга ганцаарчилсан уулзалтаар бие даан шийдэж байхыг хуурай хууль болгосон. Авдранд хандиваа эхлээд хийчих, ялалт байгуулаад суудал чирээд ирдэг юм бол хийсэн мөнгөө үржүүлээд аваарай гэсэн энгийн дүрэмтэй. Н. Энхбаярын үед дөнгөж хэлбэржиж байсан энэ гоё сувагийг цөөхөн азтан үздэг байв. Төрд үнэлэгдсэн бөгөөд чадвартай тул ямарч таксгүй нэр дэвшиж байсан улс төрийн зүтгэлтнүүд байсан гэдгийг энд дурьдах ёстой байх.

 

Даргын ойр шадарлаж, үг дуугүй морь нохой мэт зүтгэх, нэг бол баригдашгүй хов зөөгч байх зэрэг дэндүү хямд төсөр аргаар намын даргын ивээлд багтдаг байдал дараагийн дарга нарын мөнгөний авдарны дүрэм гарснаар явцгүй болсон.  Мөнгө, мөнгө бас дахин мөнгө болов.  Гэхдээ их мөнгийг засаг төрд алба хашиж байж буюу намын буянаар амар олж авах тул ганцаараа гүлдийгээд зүтгээд байж болохгүй. Өөрийн багтай байх хэрэгтэй. Бас хамгаалалт хэрэгтэй. Эндээс эрх ашиг, төсвийн шахааны лоббигоороо халаас нэгтэй фракцууд бий болж эхлэв. Улс төрийн тодорхой бодлого, дэвшилтэд  үзэл бодлын бус зөвхөн мөнгө эрх ашиг харсан нам доторх далд фракцуудыг бий болгож эхлэв. Лиценз тендер хамахаас энэ фракцуудын хүсэл биелэж омог нь дарагддаг болов.  Хүн адгуусны зөнгөөр амиа хамгаалж тэмцэлддэг бол намын хаялагаар их мөнгө хийх хуурай хуулиар улс төрчдийг өндөр байр суурийн төлөөх тэмцэлд татаж эхлэв. Нөгөө утгаараа боломжоо харилцан хангаж, мөнгөө хамт өсгөж, хууль бусыг мөн халхалж хамгаалж байх бүлэглэлүүд бий болсон. Ирээдүйн оффшорчид эндээс замналаа эхэлсэн. Төрөөс төрсөн тэрбумтнууд гэдэг бол үнэндээ намаас төрсөн шинэ баячууд төдийхөн бус. Монголын хөгжөөгүй ба цаашид хэзээ ч хөгжихгүй байж мэдэх олон суурь өвчний голомт.

 

С.Баярын өөрийх нь эсрэг өдүүлсэн намын даргыг төрийн эрх мэдэлтэй хаман авах цахилгаан дайны эсрэг М.Энхболд нь хамгаалалт  босгож бага хуралдаа олонхоо хадгалан нийслэлийн намын хороогоор овоглосон хүчирхэг бүтэц зангидаж байлаа. С. Баяр намын дарга, Ерөнхий сайд байх үед М.Энхболд яаж ч ядрахад шадар сайдтайгаа үлдээд байдаг нь нийслэлийн нам гэх хүчтэй бүлгийнх нь  шахагдахгүй орон зайг харуулдаг. С. Баяр  яаруу хэрнээ, хайр найргүй довтлон намын даргыг авч байсан бол М. Энхболд алгуур няхуур, нөхцөл байдал өөрчлөгдөхийг хүлээн намын даргын суудлаа авах тайвшралаар улс төрөө ахиулж байсан харагддаг. Ингээд С. Баяр дотроос нь шахсаар намынхаа XXV иххурлыг хуралдуулж намын даргаараа сонгогдсон.Мэдээж олон мянган гишүүд минь итгэлээ нэг мөсөн өгсөн бол хариуцлагаа нэг мөсөн үүрье гээд Ерөнхий сайдын суудлыг нь М Энхболдоос салгаад авчихсан.

 

Энэ зайнд С. Баяр Ерөнхий сайд хийж байхдаа АН-ыг хамт засаг бариулах эрхээр урамшуулж хариуд нь Оюутолгойн гэрээг сайд нараар нь үзэглүүлж, Монголын үүцийг харийнханд бэлэглэсэн  хожмын хам хэрэгт унагааж орхисон.

 

Энэ бүхнийг Ерөнхийлөгчийн сэнтийгээс Н.Энхбаяр зүгээр хараад суухгүй. Ана мана үзэлцэх хоёрын уяаг тааруулж баланс барьж буй харагдах боловч цаагуураа С. Баяраас жийрхэж М. Энхболдынхоо толгойг илж байсан харагддаг. Их суудлаа орхиод босохдоо л халуун суудал дээрээ М. Энхболдыг залгамжлагчаараа зарлаад байсанд нь таагүй ханддаг С.Баяр шар дээлтээс нэг мөсөн салах маш нууц "Х” төлөвлөгөөндөө аль хэдийн орчихсон байж. Үүнийгээ 2009 онд төгс хэрэгжүүлж дуусгасан гэж судлаачид үздэг. Үүний угтал нь 2008 оны сонгуулийн маргаан гэх шалтагтай өдүүлсэн 07 сарын 01 ний үймээний дараа С. Баярын зарлан байгуулсан стандарт бус шийдэл буюу хамтарсан засгийн газар байлаа. АН-ын тодорхой нөлөөтэй бүлэглэлийг С.Баяр ийнхүү ивээлдээ татаж авчирав. Үүний хажуугаар иргэний хөдөлгөөнүүдтэй хээгүү архидаж дуугүй болгож чадсан байлаа.  Оюутолгой дээр амаа скочдуулж, нүдээ боолгосон мэт иргэний хөдөлгөөнүүд дорвитой хөдөлсөнгүй.  Сөрөг хүчин засгийн газрын бялуунаас том хазсан тул С.Баярыг үг шийдвэр гаргахад Ким Ир Сен нь амилсан хойд Солонгосчууд мэт алга ташиж суулаа. Төдөлгүй 2009 онд АН-ын гол бүлэглэлийн төлөөлөгч найдвартай хамтрагч Ц.Элбэгдорж МАН-ын дарга С. Баяраас дараагийн хариу нэхээгүй тусыг хүлээж авлаа.  2009  оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж 50.1 хувийн босгоор  Н.Энхбаярыг ялав. Н. Энхбаяр С. Баярын халуун дэмжлэгээр ялагдал хүлээсэн гэж гомдож явдагаа байнга хэлдэг. МАХН –ын олон гишүүд энэ урвалтыг гадарлаж байсан. Гэвч хэлээ хазсан. Яагаад гэвэл өнөөх НАМ гэх их мөнгө гадагшлуулдаг  авдарны түлхүүр ганцхан хувь хэвээр. Тэр нь тухайн үеийн намын дарга С. Баярын халаасанд амь орон тонгожич, олон шудрага түшээдийн амыг барьсан. Энэ үеэс дүрмийн тогтолцоотой ба гишүүдийн төлөөллөөр дээд эрх мэдлээ хэрэгжүүлдэг улс төрийн намын ардчилсан хувилбар төгс устах замдаа орсон. АН ч ах намын энэ төгөлдөршлийг яг хуулж эхэлснийг 2008- 2016 онуудад яруу тод харуулсан.

 

Өгүүлэн буй  энүүхэн зайд хавчуулж хэлэхэд манай улс төрчид эх орноосоо  урвасан мэт ийм үйлдлүүдийг яаж хийж чадваа гэдгийг дүгнэн харах цаг болсон. Жижиг зургаараа бол шазруун  зандаа улайран хөтлөгдсөн мэт. 

 

Ер нь бол НАМ гэсэн асар их баяжих боломж, мөнгөний авдарны хар зургийг нь Н. Энхбаяр ах нь гаргасан байсан бөгөөд тийм ч сайн хөгжүүлж чадаагүй ба төгс дарангуйлагч болох, монголын төрийн бүх өндөрлөг эрх мэдлийг гүйцээх хүслээр Ерөнхийлөгчрүү алхсан. Гэхдээ Н.Энхбаярт авдранд нь мөнгө хийхээс илүүтэй, намынх нь нөхдүүд өөрөөс нь айдаг ер бусын сахилга баттай байх нь илүү кайфтай байсан харагддаг. Энэ утгаараа өөрт нь үнэнч ба  морь нохой мэт дуугүй ташуурдуулах багыг бүрдүүлж байснаараа том намыг нэг гарт зохион байгуулалттай байлгаж чаддаг байв.  Н.Энхбаярын ид үед хэн нэгэн горилогч нам төрийн пирамидын хаана байрших нь  мөнгөний хандиваас нэг их хамаарахгүй байсан тул нөгөө талдаа урвалт бараг байхгүй. Одоогийнх шиг мөнгөтэй тал дээр кноп дарах ба том мөнгө албан тушаалын төлөө  удирдагчаа, нөхрөө түгжилдэхгүй байх тогтолцоог хангаж байж.

 

Тухайн үед Н.Энхбаяр даргынхаа хэмжээгүй мэт болж ирсэн хаанчлалыг ил эсэргүүцсэн цөөхөн хүний нэг нь У.Хүрэлсүх. Тэрээр эхнэрт нь эгдүүцэж, энэ улс орныг  Н.Энхбаяр удирдаад байна уу, эхнэр нь удирдаад байгаа юм уу гэсэн хатуу үг шидээд хариуд нь нэг фургон машин хандивт авсан хэргээр аавынд орох шахаж байв. Уул нь тэртээ 1998 онд архагшиж хөшсөн МАХН-д  эргэлт гаргаж, хуучинсаг удирдлагаа унагааж өөрт нь намын тамгыг гардуулж өгсөн ойр шадар У.ХүрэлсүхийгН. Энхбаяр их удирдагч болсон хойноо өршөөж болох байв. Гэтэл эрс нүүр буруулж, ийнхүү шоронгийн хаалганд тулгаж чадсанаараа Н.Энхбаяр ханцуйндаа гараа зангидаж байсан бусад дургүйцэгчдийг нэг мөсөн нам болгосон. Ямар хатуу , өршөөлгүй сахилга батыг намдаа тогтоож байсныг  эндээс  харж болно. 

 

 

Энэ тогтолцоог өөрчилж, өөр боломжоор мөнгө өсгөх авдарны хэвийг С. Баяр АН-тай хамтран цутгаж байгааг М.Энхболд ахлагчтай хотын фракцынхан мэдсэн. Тэд түүнээс дутахгүй том мөнгөний хайрцгыг тэрүүхэндээ урлаж мөн нэг том түлхүүрийг цутгаж М.Энхболд дарга халаасандаа хийлээ. Ингээд С. Баяр , М. Энхболд хоёр мөнгөөр ч, нам доторх нөлөөгөөр ч хэн хэн нь дутахгүй. Үнэнч арми ба  урвагчдын бие бүрэлдэхүүнээрээ мөн хоёулаа адил харьцаатай  болж ирсэн. Харин С. Баяр АН-тай ахан дүүсийн барилдлага  болж чадах том наймааг Оюутолгой дээр нэгэнт  хийсэн байлаа. Үүгээр С.Баяр улс төрөөс өнгөн талаасаа холдох цаг болсноо зөв тооцоолсон ба  хэрэгтэй цагт цугларах бүрээ татахад өөр дээр нь төвлөрөх ахан дүүсийг МАН, АН д хоёуланд нь үлдээгээд хилийн чанадад гарсан.  

 

2012 оны  сонгуульд С. Баярын хувьд дахин ялалт байгуулж тугаа мандуулах боломж байсан харагддаг. Чалког бэнзийлгэсэн өр тавьж, Оюутолгойг ашиггүй ч гэсэн хөдөлгөөд сонгуулиар амалсан бэлэн сая төгрөгөө тараасан уу, тараасан. Гэхдээ улс төрчдийн хувьд тэр зөрчиж болохгүй нэг хязгаарыг аль хэдийн давчихсан байсан.  Оюутолгойн гэрээний төлөө  стандарт бус засаг байгуулж, аль ч цаг үеийн улс төрчийн хийж байгаагүй эх орондоо халтай, иргэддээ ямарч  хаяалгагүй гэрээг хийчихсэн тул сонгуульд амжилт гаргахгүй гэдгээ урьдчилаад харчихсан байх талтай. Үүн дээр жижиг шалтгаан гэвэл том наймаан дээр гар барьчихсан АН- тайгаа урьдынх шигээ шазруун үзэх сонирхол ба хөшүүрэг С. Баярт байхгүй болсон байх. МАН яллаа ч ахин Ерөнхий сайд болох нь босгосон бүхнээ самрах үйлд хөтлөнө гэдгийг олж харсан. Аймаар том мөнгөний зураг ард түмэндээ харуулж байгаад Оюутолгойг үндсэндээ Рио -д хадганд боогоод өгчихсөнийг өнөө хүртэл Рио Тинтод  өрөө дарсаар суугаа бидний энэ байдал хэлээд өгнө. Хожим Ч.Сайханбилэг,С.Баярцогт нарын хоршил С. Баяр ба АН-ын нөхөрлөлийг улам батжуулж Дубайн гэрээгээр Оюутолгойн газар ордоо нэмж  барьцаалан Монголын ашиг хүртэх он жилийг даруй 30 жилээр ухрааж өгөөд  яваад өгсөн.

 

Өгүүлэн буй  энүүхэн зайд хавчуулж хэлэхэд манай улс төрчид эх орноосоо  урвасан мэт ийм үйлдлүүдийг яаж хийж чадваа гэдгийг дүгнэн харах цаг болсон. Жижиг зургаараа бол шазруун  зандаа улайран хөтлөгдсөн мэт.  С. Баярын хувьд өнөөх мөнхийн өрсөлдөгч  М. Энхболдын  улс төрийн ба бизнесийн дагуул бүлэглэлийг санхүү эрх мэдлээр дарангуйлах, төгс ялах  улайралдаа хөтлөгдөөд хийцэн гэж болохоор харагддаг. Мэдээж өөр олон хүчин зүйл, тодорхой гэр бүлүүд, санхүүгийн бүлэглэлийн далд эрх ашгийн шахаа байсныг  Оюутолгойн гэрээн доторх  Монголд ашиггүй мөр бүрт шингэсэн байгаагаас харж болдог.

 

Гол сэдэвтээ эргэн ирэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын хүлээсэн ялагдлын шалтгаан сонгуулийн гарааны ба явцын олон хүчин зүйлд байгаа хэдий ч гол суурь шалтгаан бол өөр. 2007 оноос бодитой болсон МАХН-ын /МАН/-ын хоёр том улс төрчийн урт хугацааны тулааны үр дагавар байсныг тооцож болно. Тодорхой зайд бие биедээ буулт хийж ирсэн ч урт насгүй  улс төрийн тохирооны гор, хайр найргүй эрх ашгийн золиос  байсан гэдэг эцсийн тайлал энэ удаагийн М. Энхболдын ялагдал нь  болж байна. Н.Энхбаяраас хойш фракцлан задарч эхэлсэн МАН –ын дотоод дайныг зуралцсан хоёр том улс төрчдөөр фонн хийсэн эрх мэдлийн тулаан үүгээр дуусч байгаа бус. Дараагийн хүнд үерүүгээ шилжиж байгаа.

 

Ямар ч байсан М. Энхболд Их хурлын дарга цаашлаад Ерөнхийлөгч болохоор С. Баярын нойрыг тавгүйтүүлээд байсан цаг үед завсарлага орлоо. Энийг мөнхийн завсарлага болгох хүсэлтэй олон хүн байгааг бид одоогийн их хагаралдаанаас харж байна. Үүгээр улс орондоо золиос ихтэй, улс төрийн ноёрхохын төлөөх хязгаараас давсан тэмцлийг нэг мөр зогсоох хэрэгтэйг ч улс орны минь өнөөгийн өрөнд баригдсан унхайгүй байдал хэлээд байна.

 

Нэгэнт хоёр том улс төрчийн хоорондох тэмцэл, улс төрийн амьдарлын нөлөө хамаарлыг гол сэдэв болгон өгүүлж буй тул хувийн зан чанарынх нь талаар дурьдах ёстой байх. С.Баяр бол М. Энхболд шиг багаа, хүнээ гэж нялуураад байдаггүй. Ганцаарчилсан тоглолттой хашир чоно. Хайр найргүй ба бас хэт өршөөлтэй харагдах ч эдгээрийн аль нь  ч өөрийнх нь  мөн чанар бус. Тухайн цаг үеийн шаардлагаар ямарч эргэлт хийж, тооцоо гүйлгэж  чадах супер араншинтай. М. Энхболдын хувьд өөрийг нь  унагасан  пялдага асуултын доторх " аядуу зөөлөн” хүн гэдэг тийм ч оргүй зүйл биш гэдгийг ойр дотных хүрээлэгчид нь хэлдэг. Өөрийн итгэсэн хүмүүсийнхээ хүрээлэлд амархан уусч, тэднийхээ үнэнч  зүтгэлийн төлөө алдаа урвалтыг нь ч цээжээрээ хаагаад зууралдах нь энэ удаа хязгаарыг давжээ. М.Энхболд хэт элэг зөөлөн улс төрч болохоо 60 тэрбум дээр тултал нь харуулж байна. 

 

За 60 тэрбумын схем яригдсан гэх хурал дээр С. Баяр сууж байгаад энэ нь өндөр авсан бол гэж төсөөлье. Тэгсэн бол баараггүү дээ, 2012 оны сонгуулийн ид халуунаар Ц. Сандуй бичлэгээ алдсан гэж зарласан тэр цагаас намдаа мартагдсан дууль болох байсан байх. С. Баяр бол дэргэдээ тэжээвэр ба хий ихтэй, чадваргүй хүнийг муур шиг эрхлүүлээд чирээд байх хүн биш. 2007  онд  намын даргаа аваад, намынхаа бугшааг олон нийтэд дэлгэж оноо авч байсан  маневраа хийгээд Ц.Сандуй, А.Ганбаатар хоёрын карьерийг ундуй сундуй юм болгоод   орхиж чадна. С. Баяр байсан бол Доржзодовыг ТВ хэвлэлээр  зодохын оронд дэргэдээ авч шагнаж ч мэднэ. Хариуд нь ард түмнээс оноо авна. Намын нэрийг гутаалаа гэж өнөөх хоёроор туг тахидаггүй юмаа гэхэд намаас хөөж эрсдлээ  дарах л  байсан.  Харин М. Энхболд дүү нараа хамгаалсаар, хүн чанар заасаар... Нам дотроо ус цацаад ч унтрахгүй болж байгаа галын дэргэд нүүрээ улайлгасаар үлдэж байна. Одоо МАН дотор болж буй хагарал ч юм уу, хуваагдал нь хэмжээндээ тулсан шаар хагарч байгаа үзэгдэл. Доторх хий нь даацаасаа хэтэрсэн. Өөрөө хагарах, нэг бол өөрсдөө ам боосон уяагаа суллаж хийгээ хөнгөлөх хоёр л сонголт дээр байна. Нэгэнт хэт хөөж өндөрт гарсан энэ бөмбөлгийг  жижигхэн зүүгээр ганц хатгаад амархан хагалчих боломжоо олж  харсан  тэмцэгчдийг улс төрийн талаас нь буруутгах аргагүй.      

 

Дээр товч өгүүлсэн улс төрийн лидерүүд, тэднийг хаяалсан бүлэглэлүүдийн өөр хоорондоо өдүүлсэн зарлаагүй дайн, ялалт ба ялагдлыг тэмцэл гэхээ түр түдгэлзэж өрсөлдөөн гэж зөөлрүүлье. Хөлд нь чирэгдэж  20 жил хохирсон ард түмний амьдрал, хоосорсон төсөв, өчүүхэн хөгжилтэй улс орон, үнэ цэнэгүй болсон эх оронч үзэл, ухагдсан уул ус, гутарсан сэтгэхүйтэй залуус, архичдаар бүрдсэн ажилгүйчүүдийн армитай харцуулахад яагаад ч зөөлрөхгүй байгаа юм. Алтан амь, эд эрхтнээсээ бусдыг барьцаанд тавьж өр зээлээр өдөр хоног өнгөрөөн амьдарч буй нэг үеийнхний өмнө тэд ямар ч хариуцлага хүлээсэн юм бэ. 24 тэрбум ам долларын өрөнд уначихсан төр, өнөөдрийн хямарсан нийгэм, ядарсан Монгол хэний бүтээл вэ.үүнд МАН АН-ын өөр хоорондоо хор хутгаж ирсэн  улс төрчид хариулж, үйл үгэндээ  дүгнэлт хийх цаг болсон. Намаа шинэчлээд манийгаа хөгжүүлнэ гэсэн тэнэг хийрхэлдээ цэг тавих , нам төвтэй авилгалжсан олигарх тогтолцоог хумих суурь шинэчлэл дээр бүгд дуу нэгтэй болж, сошиал дээрээ "бахиралдмаар” болжээ. 

 

Энэхүү нийтлэл нь тухайлсан улс төрч тухайлбал С. Баяр, М.Энхболдыг  хар ба цагаанаар товойлгох зорилгогүй. Манай улс төрийн намууд, санхүүгийн асар бохир схемэндээ дарангуйлагдаж, эх орны эрх ашгаар зааглагдах хэм хэмжээ, Монголоо мартах чанад хязгаарыг давсан байна. Одоо өрнөж буй засаг огцрох эсэх ч улс орны аврал ба сүйрэл биш. Ж.Эрдэнэбат У. Хүрэлсүх хоёрын сөргөлдөөн төдийхөн ч биш. Үндсэн хуулиас ч дээгүүр эрх эдэлсэн хуйвалдааны үүр, дарангуйллын машин болсон улс төрийн нэг намын ялзрал сүйрлийн хамгийн доод хар ангалын цуурай.  Манай улс төрчид ингээд хоорондоо уралцаж байгаад эргээс халтирахдаа ард түмнээ чирж унадаг.

 

ПҮРЭВЖАВЫН БАЯРХҮҮ / ТОЙМЧ /

ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?