📅

Удирдах Зөвлөлийн хурал дээр У.Хүрэлсүх буулт хийжээ

🕔 2017/08/17 09:31

Удирдах Зөвлөлийн хурал дээр У.Хүрэлсүх буулт хийжээ

 

-Тэрбээр өөртэй нь холбоотой асуудал сөхөгдөх үед "Би ажлаа өгнө өө” гэж хэлээд гараад явжээ. Хэвлэлээр мэдээлээд байгаа шиг хэрүүл уруулдаа хүрсэн, тэр тусмаа "М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарыг ажлаа өгвөл би ч ажлаа өгнө" гэж огт хэлээгүй гэв-

Монгол морьдоор торгон жолоо өргүүлсэн наадмын тоос, намрын бороонд ч дарагдахгүй шинжтэй. Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүхийн шийдвэрээр "үүлдэрлэг байдал” гэх үзэмж голдуу харсан үзүүлэлтээр эрлийз морьдыг уралдаанаас хассаны учир шалтгаан нь улстөртэй очиж холбогдох тухай утасны яриа урьд орой нь задарснаар МАН-ын Удирдах зөвлөлийн хурал асуудлаа зангидаж чадалгүй дуусжээ.

Нэлээдгүй хугацааны өмнө тов нь тогтож, намын даргын түр үүрэг гүйцэтгэгчийг тодруулах асуудлыг ярина гэж хэвлэлээр бичигдэж байсан энэ удаагийн Удирдах зөвлөлийн хурлаас юутай ч тийм шийдвэр гарсангүй. Урд орой нь У.Хүрэлсүхийн фактыг дэлгэсэн бичлэг нийтэд цацагдаагүй бол Удирдах зөвлөлийн хурлын уур амьсгал, үр дүнд өөрөөр эргэх магадлал үнэхээр байв. 

Намын дарга нь наадмын дэвжээнд өвдөглөж босоод өөдтэйхөн шороогоо ч гөвж амжаагүй байгаа дээр дөрөөлөөд дараагийн хүнийг өрөг дээр гаргах гэсэн улс төр Удирдах зөвлөлийн хурлын өмнө өрнөж байсан ч шатрын "хүү" бүдэрч орхив. Хожилд нь намаа засагтай нь хамт авах бооцоотой байсан "хүү" өөрөө бүдрэв үү, эзэн буруу нүүв үү, бүү мэд. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй хойно энэ намын дарга, удирдлага солигдож, холигдоход гайхах зүйлгүй. Харин одоогоор унасан ч бөхгүй, давсан ч бөхгүй, нэг үгээр бол удирдлагагүй болж орхилоо.

Удирдах зөвлөлийн хурал дээр У.Хүрэлсүх өөртэй нь холбоотой асуудал сөхөгдөх үед "Би ажлаа өгнө өө” гэж хэлээд гараад явжээ. Хэвлэлээр мэдээлээд байгаа шиг хэрүүл уруулдаа хүрсэн, тэр тусмаа "М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарыг ажлаа өгвөл би ч ажлаа өгнө” гэж огт хэлээгүй аж. Харин уг хурлаас гарсан албан ёсны ганц шийдвэр нь ирэх есдүгээр сарын 5-10-ны хооронд МАН-ын Бага хурлыг хуралдуулах тов бололтой.

Тэр хүртэл өөр ямар "гэнэтийн бэлгүүд” задрах нь одоогоор тодорхойгүй. Ямартай ч өчигдрийн Удирдах зөвлөлийн хуралд зориулсан гэнэтийн бэлгүүд багадсангүй. "Бэлгийг” хэн хаанаас илгээгээд байгаа нь чухал биш. Хайрцгийг нь задлах тоолонд дотроос нь шинэ хайрцаг гарч ирж, тэр бүрд МАН дотор "бөмбөг” тэсэрч, хүч нь суларч байгаа нь л хамгийн том асуудал.

Төрийн эрх барьж буй намыг дотор нь задалж бужигнуулах гэсэн тоглоом аль ч цаг үед улстөрд байсаар ирсэн. МАН-ын өмнө эв нэгтгээд төрийн ажлаа хийх үү, цуваагаараа галтай дээсэн дээгүүр харайж тоглох уу гэсэн сонголт тулгарчээ. Юутай ч Удирдах зөвлөлийн өчигдрийн хурал дээр болсон явдлыг харвал У.Хүрэлсүх өөрийнхөө асуудлыг зөвшөөрч, намаа бужигнуулахгүй гэсэн "буулт" хийжээ.

Болоод байгаа асуудлуудад тэр ганцаараа буруугүй нь мэдээж. Төрийн албыг худалдах тухай ярианд нэр холбогдоод байгаа Ц.Сандуй нарын гэмийг шүүвэл "Хүрээний булайг яривал далай” гэдэг л болж таарна. Уг асуудлыг өчигдрийн хурлаар юу гэж ярьсан нь тодорхойгүй ч "тэр бол эвлүүлэг, тэгэхээр Сандуйг хөөхгүй” гэж шийдсэн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан нь ор үндэсгүй гэж эх сурвалж хэллээ. МАН-ын өнөөгийн удирдлага хамаг муу, муухайгаа хаацайлж байгаа мэт харагдуулах гэсэн явуулга бололтой.

Сонгуулийн болоод ойн түймэр зэрэгцсэн халуун зуныг залгуулаад зэвэргэн намар, зудтай өвөл хаяанд ирээд байгаа энэ үед хадлан тэжээл, отор нүүдэл, бас дээрээс нь валютын сангийн хөтөлбөр, тусламж хэлэлцэж суугаа Засгийн газарт уйлах зав байхгүй л болов уу. Бас удахгүй ажилдаа орох УИХ-д ч уйдах цаг олдохооргүй их ажил бий. Учир нь тэд эрх баригчид.

Улстөрийн тоглоомоо түрдээ хойш тавиад удирдлагаа өөрчилбөл өөрчлөөд урдах ажилдаа ханцуй шамлан шамдах нь тэдний үүрэг. Утасны бичлэг байсхийгээд задардаг шинэ төрлийн "бэлэг" тэднийг бага дарамтлаасай гээд залбирчихвал бараг л улс орны төлөө хийж буй "гавьяа" болох нь ээ дээ?!

Нэг газраа долоо бүдэрнэ гэгчээр дараагийн ээлжинд намын дарга болох магадлал өндөртэй гэж яригдаж байсан У.Хүрэлсүх нэг шөнийн дотор "намаа худалдсан" болж хувирлаа.

Эх сурвалж: 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?