📅

Хэнтийд “унжсан луу” буюу 1974 онд болсон догшин хар салхи

🕔 2017/07/31 08:39

Хэнтийд “унжсан луу” буюу 1974 онд болсон догшин хар салхи

 

 -Монголд тийм хүчтэй хар салхи урьд өмнө болж байсан эсэх нь тодорхойгүй-

Хэдхэн хоногийн өмнө Булган аймгийн нутагт  теннисний бөмбөгний хэмжээтэй мөндөр орсон бол дараахан нь хотоос холгүй Жаргалант тосгонд үер усны гамшиг боллоо. Ерөөс энэ мэт байгалийн гамшиг гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг.

Хэрэв та санаж байгаа бол өнгөрсөн жилийн зун Архангай аймгийн Хашаат сумын нутагт догшин хуй салхи болж үнээ мал, үхэр адуу агаарт хийсч байсан тухай сонссон байх. Азаар хүний амь нас эрсдээгүй. Багахан хэмжээниий зурвас газрыг хамарсан энэ хар салхины бичлэг цахим орчинд хааяа тавигдсан харагддаг.  

Далайн эрэг хавийн орнуудад нүүрлэдэг хамгийн том гамшиг бол хар салхи. Гэхдээ эх газрын Монголд ч бас хааяа бас хар салхи нүүрлэдэг. Энэ тухай өгүүлсү.

Биднийг багад өвгөд хөгшид "луу унжсан” тухай аймаар үлгэр ярьдаг байсныг санаж байна. Тэр нь одоогийнхоор бол тэр хар салхи гэгч бололтой. Монгол нутагт салхи шуурга болж байхыг алийг тэр гэхэв. Байшин барилгын дээвэр хуулах, утасны шон хугарах энэ тэр бол энүүхэнд. Гэхдээ тээр жил Хэнтийд болсон шиг тийм аймшигтай хар салхи ер тохиолдож байсан эсэхийг нотлоход хэцүү. Энэ салхийг эрдэмтэн судлаачид "цахилгаанжсан хар салхи”  гэж нэрлэсэн бол ахмадууд "луу унжсан” хэмээн өөр өөрсдийнхөөрөө нэрлэдэг юм билээ.  Хэдийгээр хөдөө буйдхан нутгийг хамарсан  ч гэлээ 13 хүний алтан амийг авч одсон энэ гамшгийг нүдээр харсан гэрчүүд цөөнгүй. Тэдний нэг нь Д.Бадамцэрэн гуай. Сургуулийн багшаас захирлыг нь хүртэл алба хашиж явсан энэ бууралтай хэдэн жилийн өмнө уулзаж тэр хар салхины талаар харж мэдсэн зүйлийг нь тэмдэглэн авч байсан билээ. Түүнчлэн тэр үед Батширээт сумын эмчээр ажиллаж байсан Б.Дарийм гамшгийн голомт дээр анхлан ирэгчдийн нэг бөгөөд тухайн үеийн нөхцөл байдлыг нүдээр харсан гэрч нарын нэг юм.

Энэ явдал 1974 оны ид зуны цагаар буюу долоодугаар сарын 21-ний өдөр болжээ. Ер нь "луу унжих” үзэгдэл зөвхөн зуны улиралд л ажиглагддаг юм байна. Нүдээр харсан гэрчүүдийн ярьж байгаагаар тэр өдрийн бага үдийн хэрд бага Хэнтий орчим Биндэръяа хан уулын орой дээр бөөн хар үүл хуралдаж улмаар доош унжиж босоо хуй салхи үүссэн байна. Холоос харахад газар тэнгэрийг холбосон үүлэн багана асар хурдтайгаар шилжиж байжээ. Хожим хийсэн судалгаагаар энэ хар салхи уртаараа 130 км,  175-200м-ийн өргөнтэй зурвас газрыг дайрч өнгөрсөн болохыг тогтоосон. Салхины хурд 70-93 м/сек хүрсэн гэх судалгааг шинжлэх ухааны байгууллагууд дараа нь тооцож гаргасан. Ийм хурдыг догшин хуй салхи хэмээн нэрлэдэг юм байна. Учир нь асар их сүйтгэл, гарз хохирол дагуулдаг аж.

Биндэръяа хан уулын орчмоос хөллөсөн хуй салхи зүүн тийш эргэж уулыг арлан Батширээт сумын  Хурх багийг дайраад цааш Онон голыг гаталж  цаана байсан жижигхэн нуурын  усыг дусал ч усгүй болтол нь ховх сорсон гэдэг.  Тэр үед Хурх бригадын төв дээр сумын кино механик Аюурзана кино гаргах гэж байсан ч хүмүүсээ тараагаад өөрөө голын өмнө эргийн айлууд руу очжээ. Хар салхи бригадын төвийг газартай тэгшилж, дүнзэн байшингуудаас ганцхан шал нь л үлджээ. Тэр үед бригадын төв дээр байсан ачаатай Зил-130 машиныг хийсгэж агаарт яг л онгоц шиг эргэлдэж байхыг голын өмнө зусч байсан хүмүүс харсан байдаг. Машины их биеийг байсан газраас нь  600м, мотор нь дангаараа эсгий дотор ороогдчихсон 800м-ийн хол хаягдсан байсныг олжээ. Барилгын дүнзнүүдийг газарт зоочихсон, бригадын агентийн  11.20-ын чихэр үхрийн гуянд яг л сум шиг шигдчихсэн байсан гэж нүдээр харсан хүмүүс  ярьдаг.  Бригадын улаан булангийн баруун гэрт нэг хөгшин ачаа өвөр тэврээд сууж байсан, нэг мэдсэн гэр ч үгүй, хүүхэд нь ч байхгүй байсан гэдэг. Өөрөө үлдсэн атлаа өвөр дээр нь байсан хүүхдийг хар салхи аваад явчихсан байжээ. Тэр үеэр амь үрэгдэгсэн хүмүүсийн нэг нь яруу найрагч, орчуулагч Ш.Цэндгомбо байв. Тэрбээр Ленинградын Нийгмийг аюулаас хамгаалахын сургуульд суралцаж байгаад орос зодсон хэргээр сургуулиасаа хөагдөж нутагтаа ирчихээд байжээ. Ш.Цэндгомбо хүүхдээ хөтөлж яваад салхинд өртчихсөн байдаг. Өөрийнх нь цогцос бригадын төвөөс 6-7 км-ийн зайтай олдсон, харин хүүхэд нь олдоогүй гэдэг.  Хачирхалтай нь тэрбээр гадна талдаа  ганц ч шалбараагүй хэрнээ толгойных нь яс цоорч тархи нь сорогдчихсон байсан гэнэ. Энэ тухай сонссон Р.Чойном  эрхэм нөхөртөө зориулж "Тэр хүн” гэдэг найраглал бичсэн бөгөөд тэндээ

Тэрсүүд найрагч Цэндгомбыг

Тэнгэр л ганцхан дийлнэ.

Ухаантайг нь өнөөгийн Монгол хэрэглэж чадахгүй болохоор

Уураг тархийг нь тэнгэр аваад явчихлаа хэмээн шүлэглэсэн байна.  

Тэр өдөр сумын сургуулийн багш Рэнцэндорж мотоцикльтэй явж байгаад салхинаас өрсөж нэг айлд буужээ. Тэр айлынхан мал гаргачихсан, гадаа зууханд гэдэс чанаж байв. Салхи өнгөрсний дараа гараад харсан, гадаа байсан зуух тогоо ор сураггүй хэрнээ дэргэд нь байсан савтай гэдэс тэр хэвээрээ байсан гэдэг. Тэгэхээр энэ хар салхины зах нь л дайраад өнгөрсөн хэрэг. Гэхдээ салхины тэр аймшигт хүчний хил зааг тийм бага зайгаар хэмжигдэж байсны илэрхийлэл нь энэ болж байна.

Хар салхины дайрч өнгөрсөн газраар өвс ургамал шатсан байсан нь энд ямар эрч хүч, хурд үйлчилж байсан нь мэдрэгдэнэ. Гамшгийн газар анхлан ирсэн эмч Б.Дарийм "Хурх бригадын төв дээр биднийг очиход үнэхээр аймшгийн байдал угтсан. Байшин барилгуудын шалнаас өөр юм үлдсэнгүй, Уяан дээр байсан морины дээрээс байшингийн дүнз мод унахдаа их биеийг нь нэвт сүлбээд газарт зоогдчихсон,  эндэж гэмтсэн хүмүүс энд тэндгүй, элэг эмтрэм байсан  ” хэмээн ярьсан байдаг.

Тухайн үед  Товгор хэмээх газраас мод бэлддэг байсан бөгөөд хар салхи энэ газрыг дайран өнгөрөхдөө уулын модыг үндсээр нь булга татан бүгдийг нь нэг тийш харуулан ханаруулсан байсан хэмээн Д.Бадамцэрэн багш ярьж байсан. Хар салхинд өртөж 50 орчим мал үхжээ.

Одоогоос 40 шахам жилийн өмнө Монгол нутгийн зүүн хойд хэсэгт ийм нэгэн гэнэтийн гамшиг болжээ. Хэлж ирээгүй хийсч ирсэн тэр гамшгийн ул мөр одоо ч хэвээрээ байгаа гэнэ билээ.

 

П.Булган

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?