📅

Ханхөхийн тахилга, Хакухо, Жемборитой долоо хоног

🕔 2017/07/29 15:52

Ханхөхийн тахилга, Хакухо, Жемборитой долоо хоног

 

Наадмын дараах нам гүмхэн долоо хоногууд үргэлжилж байна. Товчхондоо бол улстөр "унтаж”, хот хөдөөгүй амралт, аяллын өдрүүд  бороо хураар тэтгэгдэв.

-Долоо хоногийн онцлох үйл явдлын нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулга  Оффшор дахь хөрөнгөө 49 хоногт оруулж  ирэхийг үүрэгдсэн явдал байлаа. Тэрбээр энэ талаар уриалга гаргаж, ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас  нэрлэсэн нийт 42 улсын "оффшор бүс” дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай  байгааг  дурдаад "оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна” гээд  дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.

-Улирч буй долоо хоногт  ОУВС-ийн төлөөлөгчид Монголд ажилласан нь олны анхаарлын төвд оров. Учир нь дээрхи ажлын хэсгийнхэн Монголын яам агентлагуудад ажиллаж, хүүхдийн мөнгөний олголтыг зогсоох тухай шаардлага тавьсан гэх мэдээлэл чих дэлсээд байсан юм.

Гэвч  ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма тэргүүтэй төлөөлөгчдийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзсан бөгөөд харин энэ үеэр тус сангийн төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

-Энэ долоо хоногт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүх нийтийн хэлэлцүүлгийг аймаг, орон нутагт зохион байгуулах асуудлаар УИХ-ын Тамгын газрын Удирдлагын зөвлөл хуралдаж,  өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахад туслалцаа үзүүлэх Ажлын хэсгийг УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга П.Цэрэнгээр ахлуулан байгууллаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж, Ардчилсан нам мэдэгдэл гаргасан нь онцлох  явдлын нэг байв.  Тэрхүү мэдэгдэлд "Эрх баригч Монгол ардын намаас өгсөн захиалгын дагуу хатуу тогтоосон зургаан сэдвийн хүрээнд "Зөвлөлдөх санал асуулга” гээчийг зохион байгуулж "Ард нийтийн санал асуулга” явуулахгүйгээр өөрсдийн явцуу эрх ашигт нийцсэн өөрчлөлт оруулахаар санаархаж байгааг сөрөг хүчин-ий хувьд эсэргүүцэж байгаагаа дурджээ.  Гэхдээ тэдний хэлээд байгаа  ард нийтийн санал асуулга энэ сарын сарын 31-ний өдрөөс орон даяар эхэлж байгааг дуулгая.

-Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал, Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт, Үндэсний бөхийн Дархан аварга, Гавьяат тамирчин Ж.Мөнхбат, ээж Тамир нарын  хамтаар Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

-Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тариалангийн бүс нутагт гангийн нөлөөллийг тогтоож зураглал гаргах, ургацын төлөв байдал, ургац хураалтын бэлтгэл ажлын явцтай танилцаж эрчимжүүлэх, дүгнэлт гаргах, тариаланчдад зөвлөгөө өгөх, тариа хураалтын технологийг тодорхой болгох үүрэг чиглэл өгөв. Үүрэг чиглэлийн дагуу Сэлэнгэ, Төв, Булган, Орхон, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн тариалангийн бүст нутагт 4 ажлын хэсэг ажиллах юм.

-Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн Удирдах зөвлөлийн хурал болов. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, "Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа учир энэ бол чухал ажил юм” гээд энэхүү төслөөс гарсан зөвлөмжийг гарын авлага болгох, цаашлаад бодлогын баримт бичиг болгох шаардлагатай гэлээ.

-Ази, Номхон далайн бүсийн орнуудын Скаут хүүхдүүдийн  жембори буюу  майхант чуулган энэ сарын 27-оос эхлэн долоо хоногийн турш Олон улсын хүүхдийн "Найрамдал” цогцолборт зохион байгуулагдаж байна.  Тус чуулга уулзалтад 40 орны 2000 скаут, Монголын 21 аймаг, 9 дүүргийн 4000 гаруй скаутууд болон сайн дурын удирдагч нарын 7500 хүүхэд залуучууд оролцож байгаа юм.

- Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт  оршдог Төрийн тахилгат Ханхөхий хайрханы тэнгэрийг тайх ёслол болов.

- Арилсан хутагтын орны номын их элч Бакула Ринбүүчийн хойд дүр 20 дахь Бакула Ринбүүчиг /Станзин Наваан Жигмэд Вангчук/ Бэтүб Данжай Чойнхорлин хийдийн арслант ширээнээ залах шашин номын ёслолын үйл ажиллагаа боллоо. Ингэснээр их гэгээнтэн Бакула Ринбуучи Монголд эргэн ирлээ.

- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд энэ сарын 25-ны өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж гамшгийн хэмжээний нөхцөл байдал үүсч эрдэнэт хүний амь эрсдэв. Үерийн улмаас орон гэргүй болсон 12 өрхөд гэр олгох ажлыг нийслэлийн онцгой комиссоос яаралтай шийдвэрлэсэн байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?