📅

Сонгуулийг тойрсон миний бодол төгсөв

🕔 2017/07/08 15:24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Х.Баттулга, өрсөлдсөн М.Энхболд нарт баяр хүргэе! Энэ хоёр маань төрийн гурван өндөрлөгийн хоёр нь болох тул цаашид хамтран ажиллаж, улс орноо хөгжүүлнэ хэмээн бүрэн найдаж байна. Монголчууд түүхэндээ анх удаагаа хоёр дахь шатандаа гартал чардайж байж, арай гэж нэг юм Ерөнхийлөгчийнхөө сонгуулиа дуусгалаа.

Гэхдээ маш их хар хэл ам дагуулсан, хэт их хувааж талцуулсан, хүч тэнцвэргүй зэрлэг хэлбэрийн сонгууль болж өнгөрөв. АН дан ганц сайндаа энэ удаагийн ялалтыг байгуулсан юм биш шүү. Хагас сая хүн нөгөө талыг дэмжсэн, зуун мянган хүн энэ сонгуулийг эсэргүүцсэн гэдгийг мартаж үл болно. Маш олон хүчин зүйл энэ сонгуулийг АН-ын талд шийдэхэд нөлөөлсөн. Хамгийн түрүүнд хэлэхэд АН бол зохих хэмжээнд дэвшилттэйгээр шинэчлэгдсэн, нэр дэвшигчээ зөв сонгосон, намын даргын зохион байгуулалтын ур чадварыг илэрхийлсэн, сонгуулийн багаа зөв бүрдүүлсэн, тэд маш сайн гар нийлж, нэн мэдрэмжтэй, бас хяналттай ажилласан зэрэг сайн талууд болно.

МАН-ын хувьд бол хэдийвээр төрийн эрхийг барьж буй ч нам дотроо хагарал зөрчилтэй, нэр дэвшигчээ зөв олоогүй, нэр дэвшигчдээ туслах гээд болчимгүй үйлдлээрээ баллаж сохолсон, нэг үгээр хэлбэл бусдын олз болсон, нөгөө талаас эрх мэдлийнхээ хүрээнд хэт хавчих гэж оролдсон, ард түмний уур амьсгалыг бүрэн дүүрэн мэдрээгүй, ташаа мэдээлэлд удирдлага вакуумжсан зэрэг алдаа дүүрэн байв. АН-ын "Монгол Ялна!” гэдэг давхар утгатай уриа бол үнэндээ надад тийм их таалагдаагүй. М.Энхболд нөгөө талаас гарсан тул зориуд энэ уриаг гаргасан мэт сэтгэлд хар буусаар байв. Энэ удаад тус уриа тусгалаа олж, ялалт авчирч чадлаа. Гэхдээ энэ бол алсдаа тун явуургүй эд. Хожим хойно ийм хагалж буталгах аястай уриа аль ч тал нь хэрэглэхгүй байх болтугай.

М.Энхболд яагаад ялагдсан бэ? Өөрөө сонгуульд өрсөлдөх нь буруу шийдвэр байсан. Багын тоглолт хийж чадаагүй, хэт хүчиндээ эрдээд, ганцаарчилсан тоглолт хийсэн нь гол алдаа нь байсан болов уу. Түүний болон МАН-ын зүгээс хийсэн, элдэв алдаатай үйлдлүүд олон давхар хачир болсон гэж үзэж байна. Удам судрынхаа талаар тодорхой байр сууриа илэрхийлээгүй нь түүний нэг алдаа болов. Хүн ямар эцэг эхээ сонгох биш, уг гарлаа хэт нуусан нь сөргөөр нөлөөлсөн. Цус сэлбэсэн ч Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүс олон байсан нь үнэн. Монгол улсын зуугаад жилийн түүхэн замналд цус сэлбэсэн эх оронч, хөдөлмөрч, авъяастан монголчууд олон байсан билээ. Гол нь Дундад иргэн улс ихэд хүчирхэгжсэн, манай орон тэдний эдийн засгийн хараанд орсон тул хүмүүсийн сэтгэл зүйд хүндээр туссан буй за. Түүний дэмжиж ирсэн бизнесийн бүлэглэл нь ихэнхдээ урд хөрштэй харилцаа холбоотой байдаг тул тэр нь бас нэрмээс болов.

Мөн Улаанбаатар хотын дарга байхад нь цэцэглэсэн газрын наймааны асуудал түүнийг буруутгах бай болсон. Өнөөгийн Улаанбаатарын хот төлөвлөлтийн замбараагүй байдал, утааны асуудал гээд түүнийг нэр холбох сөрөг хүчин зүйл олон байлаа. Гол нь төрийн албан хаагч байж яагаад тэрбумтан болдог билээ гэдэг асуудал бас байна. УИХ-ын сонгуульд МАН их булхай гаргасны илрэл нь зарим гишүүдийн ёс зүйгүй үйлдэл юм. Тэдний болхи алдаанууд М.Энхболдын сонгуульд сөргөөр нөлөөлсөн.

Х.Баттулгыг ялахад юу нөлөөлөв? Түүний ясны хөдөлмөрч чанар, улаан гараараа босгосон эгэл бор амьдралын түүх, тамирчин хүний зориг тэвчээр, өр нимгэн, тусч зөөлөн сэтгэл, түүний хийж бүтээсэн нүдэнд үзэгдэх зүйлс, эх орноо гэсэн итгэл үнэмшил зэрэг нь ард түмний сэтгэлд хүрчээ. Энэ хүнийг олон жилийн өмнөөс сонжиж ирсэн нэгэн билээ би. Тэрвээр амьдралын их сургууль төгссөн, төрийн хар ухаантай эр хүн болох нь алхам тутамд мэдрэгдэж байв. Хүн л юм хойно түүнд сул муу талууд бий л байх, гэхдээ асуудлыг ойлгох, гацаахгүй байх тийм хэмжээний монгол хүний оюун билэг, саруул ухаан түүнд бий гэж итгэж байна.

Сонгуульд юу хүчтэй эерэгээр нөлөөлөв? Сошиал медиа, гар утасны сүлжээ маш их нөлөөллөө. Нөгөө хар масс гэгдэх ард түмэн нь бүгд гар утастай! Түүний багийнхны мэдрэмж, чадвар их бас нөлөөлөв. Намын дарга С.Эрдэнэ гуайн зохион байгуулах чадвар, Намын нарийн бичгийн дарга С.Эрдэнболд дүүгийн зөв монгол хүний зарчим, Сүмо бөхийн их аварга Д.Давгадорж дүүгийн чин сэтгэлээсээ хийсэн Аса явуулын станцын бодит мэдээлэл, Н.Алтанхуяг, Д.Сосорбарам, Э.Бат-Үүл, Н.Түвшинбаяр, Б.Лхагвасүрэн гуай, Ц.Хулан нарын ноён нуруу, миний үл мэдэх бусад олон хүмүүсийн сэтгэл зүтгэл их нөлөөлөв.

Сонгуульд юу сөргөөр нөлөөлөв? Цагаан хуудас бол нэгэн хэлбэрийн байж болох сонголт мөн боловч нэгэнт сонгуулийнхаа хуулинд тусгаагүй нөхцөлд хууль зөрчсөн үйлдэл боллоо. Төрийн хуулийг сайн ч, муу ч ард түмний төлөөлөл болсон УИХ-аас баталдаг тул алдаатай байсан ч бид бүх нийтээрээ баталсан хуулиа даган мөрдөх ёстой. Энэ удаагийн Цагаан Хуудсыг дэмжих уриалга бол энэ сонгуулийг зогсоох гэсэн нэг этгээдийн бачир, ов мэх байв. Харамсалтай нь энэ удаад түүний санаархал бүтсэнгүй. Гэхдээ хойчид бид сонголтын ийм хэлбэрийг сонгуулийнхаа хуулинд оруулах хэрэгтэй болжээ. Тэр бүү хэл нам бус нэг хүнд санал өгөх эрхийг хуульчлан баталгаажуулах хэрэгтэй байна. Олон хүн өрсөлдсөн тохиолдолд тавь дээр нэмэх нэг хувийн дүрэм бол үйлчлэхгүй нь тодорхой болов.

Жич хэлэхэд ажлын хүндийг үүрч, хоёр талаасаа нүдүүлсэн Сонгуулийн Ерөнхий Хорооны хамт олонд маш их баярлалаа. Одоо хүсэх юм бол ахиж хуваагдаж талцалгүй, гацаалгүй, нэг баг болж, улс орноо хамтдаа хөгжүүлээрэй! За би долоосон ч юмгүй, пялдагдсан ч юмгүй бодож буйгаа хэллээ.  За тэгээд сайхан наадаарай!

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?