📅

Гурван нэр дэвшигчийн гурвалжин өнгө

🕔 2017/06/14 11:07
 

Ерөнхийлөгчийн сонгуулийн цэнхэр, улбар шар, улаан өнгөтэй пи-ар нь хэрээс хэтэрч нэг нэгэн рүүгээ зүү байтугай тэвнэ, тэвнэ цаашаа хутга шидэх нь холгүй болж байх шиг байна. Ялангуяа цэнхэр, улбар шарын улааныгаа дарах гэсэн пи-ар нь хэрүүлийн шинжтэй, хов жив хөөсөн, удам судар руу нь дайрч, довтолж байгаа нь хэрээс хэтэрлээ. Ард түмний тархийг угаах гэж халаасалсан хэдийгээ харамгүй сэгсэрч байгаа нь илтэд мэдрэгдэж байна. Чухам хэн нь хэн бэ гэдгийг гагцхүү бодлогын мэтгэлцээний үр дүнд л монголчууд үнэн мөнөөр нь танина. Харин хар, цагаан пи-араас худал мэдээлэл, хуурмаг цуурхал л олж авна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурван эрхэм чухам хэн бэ, ямар зам туулж өнөөдөртэй золгосон бэ гэдгийг товчхон хүргэе!

Цэнхэр нэр дэвшигчийн "цензургүй” өнгө

"Женко” компанийг үүсгэн байгуулагч Халтмаагийн Баттулга анх улстөрд хөл тавихдаа өнөөдрийн өндөрлөгийг зүүдлээ ч үгүй явсан гэдэгт бат итгэдэг. Учир нь сумын ИТХ-д ч гологдмоор боловсролтой түүнийг энэ өндөрлөгт чухам юу хүргэв ээ. Хамгийн эхлээд "Женко” найдвартай ар талдаа бүрэн итгэсэн. Түүний ар талыг, бүр тодруулбал түрийвчнийх нь зузаан, нимгэнийг шийдэж суудаг хүн нь "Хятад Лим” хочит нэгэн байх. Тэрбээр Баянгол зочид буудал, "Талх, чихэр”, "Мах импекс”-ийг хувьчилж авахад "Женко”-гийн зөвлөгчөөр ажилласан төдийгүй гол хөрөнгийг нь гаргасан хүн гэдэг нь нэгэнт хэвлэлээр ил болсон зүйл. Дараа нь видео контент, хэвлэлийн багтаа бүрэн итгэсэн. "Монгол тулгатны 100 эрхэм” хэмээх сүржин нэртэй, нус, нулимс холилдсон нэвтрүүлгийг бэлтгэн гаргадаг "Hero” энтертайнмент, Л.Мөнхбаясгалан тэргүүтэй хэвлэл мэдээллийн баг нь түүнийг энэ өндөрлөгт хүргэсэн гэхэд маргах хүн гарахгүй. Гэхдээ тэдний хийж чаддаг гол зүйл нь ард түмний тархи угаалт. Ямар ч муу муухай зүйлийг сайн сайхан харагдуулж, ямар ч сайн сайхан зүйлийг муухай харагдуулж чадах тийм л баг. Гэхдээ "Hero” энтертайнмент архивын дүрснээсээ сонгуулийн үед ашигласан нь асуудал дагуулаад эхэллээ. Хамгийн түрүүнд Монгол Улсын гавьяат тамирчин, дархан мэргэн Ш.Даваахүү өөрийн фэйсбүүктээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль эхлээд хэд хонож байна. АН-аас нэр дэвшигч Баттулгын штабаас эрхлэн гаргасан Монгол ялна видео сурталчилгаа олон нийтийн сүлжээнд тавигджээ. Харамсалтай нь миний дүрсийг надад хэлэлгүй ашигласан байна. Энэхүү дүрс нь одоогоос 5-6 жилийн өмнө "Hеро” энтертайнментээс эрхлэн бүтээсэн наадмын нэвтрүүлгийн дүрс шиг санагдаж байна. Улстөрийн нам болох Ардчилсан намын сонгуулийн штаб Монгол ялна сурталчилгаандаа миний дүрс бичлэгийг ашигласан явдалдаа уучлалт гуйхыг хүсэж байна. Миний бие сонгогчийн хувьд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж байгаа билээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжихийг уриалж байна. Сонгуульд өрсөлдөж буй намууд шударга, эв нэгдэлтэй, хуулийн дагуу өрсөлдөхийг мөн уриалж байна. Та бүхэн олон нийтэд миний мэдэгдлийг хүргэж тус болно уу. Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын Дархан мэргэн Шагжсүрэнгийн Даваахүү” гэсэн байна. Түүний дараагаар Монгол Улсын дархан аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр "Сүүлийн үед АН-ын сонгуулийн төв штаб гэсэн хаягтай дүрсийг сонгуулийн сурталчилгаанд ашиглаад байгаа. Энэ нь нэлээд өмнө авсан дүрсийг ашиглаад байгаа юм. Би бол төрийн албан хаагч хүн. Тийм болохоор ямар нэгэн сонгуулийн сурталчилгаанд оролцох нь угаасаа хуулиараа хориотой зүйл. Тийм болохоор АН-ын нөхөд энэ сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байгаа дүрсээ даруйхан зогсоочээ гэж шаардаж байна” гэжээ. Цэнхэр нэр дэвшигч маань пи-артаа жаахан "цензур” тавихгүй бол нөгөөдөх нь халиад, халил дээрээ хальтарч унаад бөөн юм болох вий дээ.

Улбар шар нэр дэвшигчийн "уран” өнгө

Иргэний хөдөлгөөн, төв талбайн тэмцэгчээс улстөрд хөл тавьсан түүний өмнөх амьдрал монголчуудад төдий л танил биш. Хоёр жилд нэг удаа хэрхэн баяжих тухай лекц уншиж явсныг нь гадарлах нэг нь гадарлах л байх. Мөн "Фэнг шүй” хэмээх хятад амьдралын ухааныг монголд нутагшуулах үйл хэргийг анх санаачлан эхлүүлсэн хүн нь өнөөдөр МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж яваа С.Ганбаатар. Угтаа "Фэнг шүй” гэдэг нь "далайн давалгаа” гэсэн хятад үг. УИХ-ын гишүүн болчихоод өрөөнийхөө тохижилтыг "фэнг шүй” ухаанаар тохижуулж, зарим нэгийг нь уруу татах гэж үзсэн ч чадаагүй гэдэг.
Мөн тэрбээр газар шорооны төлөө цогтой тэмцэгчийн дүрээр тодорсон нэгэн. Харамсалтай нь түүний амнаас гарч байгаа үг, биеийнх нь үйл хөдлөл Монгол Улсад хохирол учруулсан уу гэхээс хожил лав авч ирээгүй. УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй ч билүү юу билээ нэг тийм хуулийн заалтын ачаар нөхөр С.Ганбаатар УИХ-ын дугуй танхим дотор дур зоргоороо чалчсаны горыг монголын ард түмэн, Монгол Улс нуруундаа үүрч явна. Түүний ачаар гадаадын хөрөнгө оруулагчид монголоос зайгаа барьж, хөрөнгө оруулалтаа татсан. Энэ үйлдлийг тэрбээр баатарлаг гавьяа байгуулсан гэж бодож, цээжээ дэлдэж яваа нь үнэндээ юм мэддэг хүнд бол ичмээр дамшиг л даа. "Би тэмцэгч хэвээрээ л байна.
Хэзээ ч төрийн ордонд орж суухгүй” хэмээн шар тууз хүзүүндээ зүүж, 200-гийн торх доош нь харуулаад нүдэж байхдаа хэлж байсан С.Ганбаатар төрийн ордонд, төрийн гишүүн болж орчихоод "гудамжны” гэдэг нэрнээсээ ичсэн үү яасан гэнэт л "босоо” болоод явчихсан. Ямар сайндаа С.Ганбаатарын үг, үйлдэл хоёрыг тэвчихээ байсан Ч.Сайханбилэг "Босоо Ганбаа ч хэвтээд өглөө” гэж хэлж байх вэ дээ. Удмаараа худлаа ярьж үзээгүй, босоо явсан /өөрийнх нь хэлснээр/ С.Ганбаатар нэг л өдөр унах нь тэр. Учир нь "Ийгл” телевизийн "Үнэнээ хэлэх мөч”-ид оролцоод баларч орхисон. Хуурамч дипломтой нь илэрч, гадаадад сурсан биш, аяга таваг угааж яваад ирсэн нь илчлэгдсэн. "Ичсэн хүн хүн ална” гэгчийн үлгэрээр туслахууд руугаа нялзаагаад өнгөрч байсныг мартаагүй байх. Саяхан гитарчин Өөжгий "Харь оронд аяга, таваг угаагаад явж байсан хүн манай улсын Ерөнхийлөгч болно гэхээр нэг л итгэл үнэмшил төрөхгүй байна” хэмээн телевизээр ярьж суусан. Уг нь ухамсарт ёс суртахуунтай нийгэмд бол худлаа ярьсныхаа төлөө албан тушаалаа өгч, огцордог жамтай. Тэгвэл "босоо” Ганбаа ухаарах нь битгий хэл зиндаа өгсөж барилдах гээд байгааг ойлгохгүй хүн олон байна. Гэхдээ түүнд нэг л авууштай зан чанар бий, тэр нь уран илтгэх.

Улаан нэр дэвшигчийн "хурц” өнгө

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нэг онцлогтой. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг дээд боловсролгүй хоёр нөхөртэй дээд боловролтой нэг нөхөр үзэж байгаа нь Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд. Түүний хувьд улстөрийн карьер нь үргэлж дээшилж байснаас биш уруудаж байсангүй. Төрийн ажлын дадлага туршлага нь нөгөө хоёроосоо хол илүү гэдэг нь намтрыг нь уншихад л тодорхой харагдах зүйл. Өөрөөсөө нэг ах, өөрөөсөө зургаа дүү хүнтэй өрсөлдөж байгаа гэхэд дайрч, давшилсан, хэлбэр хөөсөн, тархи угаасан пи-ар бараг явуулахгүй байгаа.
Энэ нь нэгдүгээрт, намтай нь холбоотой болов уу. Хоёрдугаарт, хувь хүнийх нь онцлогтой хамааралтай болов уу хэмээн таамаглаж сууна. Хоёрын хооронд, гурвын дунд хов жив хөөцөлдөж байхаар уулзалт бүртээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хотын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд байхдаа хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж яваа нь нөгөө хоёр нэр дэвшигчээ болоогүй байна гэдгийг далдуур хэлээд байгаа хэрэг л дээ. Мөн түүний хотын залуустай чөлөөт уулзалт хийж байгаа нь хүмүүст нэлээдгүй хүрснийг нийгмийн сүлжээгээр тархаж байгаа контент, комментээс харж болно. Нөгөө хоёрыгоо бодвол улстөрийн арвин туршлагатай ууган намын нэр дэвшигчийн сонгуулийн өрсөлдөөнд баримталж байгаа зарчим нь дараа дараагийн сонгуульд жишиг болоод явбал зүгээрсэн. Хүн муулахаасаа илүү юу хийх вэ, хийхээр зорьж байна вэ гэдгээ ярьж бодлогын өрсөлдөөнийг бий болговол Монгол Улс хөгжинө. Тэрнээс биш хэн нэгнийг сайн муулснаараа, хэн нэгнийг хятад болгосноороо ялж гарч ирээд монголыг хөгжүүлнэ гэвэл итгэхэд бэрх. Эцэст нь гурван нэр дэвшигч зэрэгцэж зогсоод бодлогын мэтгэлцээн хийвэл бодит мэдээллээр ард түмэн хангагдана.

Эх сурвалж: Өглөөний сонин


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?