Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2017 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа өнөөдөр дуусч байгаа юм.
УИХ дахь АН-ын бүлэг Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцэн, багш нарын нийгмийн асуудалтай холбоотой саналуудыг хэлэлцүүлгийн явцад төсөлд нэмж тусган хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн болохыг УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж танилцуулав. Хэлэлцэж буй хуулийн төслийг боловсруулах үндэслэл нь багш нарын нийгмийн хэрэгцээ, шаардлага байсныг УИХ-ын гишүүн Н.Учрал хэллээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 10 мянга гаруй багш нарын дунд явуулсан хэлэлцүүлгийн дүнд тэдний гаргасан санал, хүсэлтэд үндэслэн хуулийн төслийг боловсруулсан бөгөөд орон нутагт ажиллаж буй багш нар болон нийслэлд өндөр ачаалалтай ажиллаж буй багш нарт олгох урамшуулал, багш нарын хөгжлийг дэмжихтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудтөсөлд тусгагдсан талаар тэрбээр дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.