📅

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

🕔 2017/02/01 08:34

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2017.01.31/ хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүнээс өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы энэ сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг энэ хугацаанд гурван удаа хуралдаж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад анхдагч хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 22, дагалдаж өргөн баригдсан хуулийн төслөөр гурван санал бэлтгэсэн байна. Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.

Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлд "Энэ зүйлийн 5.1-д заасан зарчмыг зөрчиж зөвлөлдөх санал асуулгын үр дүнд нөлөөлөх, санал асуулгын дүнг санаатайгаар гуйвуулахыг хориглоно” гэсэн агуулгатай 5.2 дахь хэсгийг нэмэх, төслийн 6.3 дахь хэсгийг "Шийдвэр гаргах эрх бүхий этгээд энэ хуулийн 6.1-д зааснаас бусад асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг санаачлан явуулж болно” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 11.11 дэх хэсэгт "Энэ зүйлийн 11.4-т заасан зөвлөлдөх санал асуулгын санал авах хуудас дахь мэдээлэл нууц байна” гэж нэмэх, төслийн 11 дүгээр зүйлд "Энэ хуулийн 11.10.4 дэх заалтад заасан хөтлөгч нь өөрийн байр сууриа илэрхийлэх, өөр мэдээлэл өгөх зэргээр хэлэлцүүлэгт оролцож нөлөөлөхийг хориглоно” гэсэн агуулгатай 11.15 дахь хэсгийг тус тус нэмэхээр тогтов.

Түүнчлэн зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбогдон гарах зардлыг улсын төсөв, орон нутгийн төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр өөрчлөн найруулахыг дэмжлээ. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлт, хуулийн төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?