📅

Э.Эрдэнэжамъян: МАХН гурав дахь шатны сонгуулийг зарлах хүртэл тэмцэх болно

🕔 2017/06/28 10:42

Э.Эрдэнэжамъян: МАХН гурав дахь шатны сонгуулийг зарлах хүртэл тэмцэх болно

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнгийн эргэн тойронд болж өнгөрсөн үйл явдлын хүрээнд ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль шударга болсон эсэхэд  ард түмэн эргэлзэж  эхэллээ. Ард түмэн МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 11 аймагт ялалт байгуулж, авсан саналынхаа тоогоор МАН-аас нэр дэвшигч М.Энхболдоос 10 мянгаар илүүрхэж явснаа санал тоолох систем хоёр удаа гацахад л "идэгдэж” гуравдугаарт эрэмбэлэгдсэнд дургүйцэж эхэлсэн. Энэ үйл явц өөрөө Монголын төр хэн эрх мэдэлтэй байна түүнд үйлчилдэг болохыг гэрчилж байгаа хэрэг бус уу? 

-МАХН-ыг дэмжиж, манай  намаас  нэр дэвшсэн С.Ганбаатарын төлөө санал өгсөн  Монголын ард түмэндээ юуны өмнө баярлаж байгаагаа хэлэхийг хүсэж байна. Таныг манай өрөөнд орж ирэхийн өмнөхөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуай надтай ярилаа.  

Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн энэ  эрхэм хүн юу гэж хэлсэн бэ гэвэл "МАХН-ыг улс төрийн гуравдагч хүчин гэж боддог байлаа. Одоо харин Монголыг авч явах  гурван том намын нэг болтлоо өсөж бойжжээ гэж бодох боллоо. 

Өмнө нь  хоёр том нам эрх барьж байна гэдэг байсан бол одоо гурван нам гэж хэлэгдэхүйц боллоо шүү. Та бүхэнд, танай намын гишүүдэд  баяр хүргэе” хэмээсэн. Энэ эрхмийн үгийг бид ард түмний санаа бодлын хураангуй гэж ойлгож, хүлээж авсан. Мэдээж луйвар булхай болсон. Үүнийг ард түмэн бие сэтгэлээрээ туулж өнгөрүүллээ. 

Ард түмэн Далайцэрэн давсан гэж ярьдаг шүү дээ. Үнэхээр тийм. Далайцэрэн давсан.  Ноёны бөхийг унагаж болдоггүй хуулийн өмнө бид  хүчгүйдлээ.  Бүх зүйл ард түмний нүдний өмнө болж өнгөрсөн учраас бидэнд эмээгээд байх зүйл алга. Арга нь барагдаж тэвдэхдээ  компьютерээ гацааж байгаад л сонгуулийн  дүнг өөрчиллөө шүү дээ.

Хоёр удаа гацахад л тав таван мянган иргэний саналаар нэмэгдчихэж байсан, М.Энхболдынх.Эцэст нь дүгнэж хэлэхэд, бид салхи наашаа эргэжээ. Цаг өөр болж байгаа юм байна гэдгийг мэдэрлээ. Ер нь бол энэ удаагийн сонгууль хийгээд сурталчилгааны явц хэд хэдэн сэдвийг хамарсныг та бүхэн анзаарсан нь лавтай.

Тухайлбал, нэгдүгээрт, хамгийн өргөн хүрээнд яригдсан сэдэв нь Үндсэн хууль байлаа.  МАН-ынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж  албан ёсоор төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьж, бүх ард түмнээр  хэлэлцүүлэх гэж оролдлоо.

АН-ын нөлөө бүхий хүмүүс Үндсэн хуулийн талаар байр сууриа  илэрхийлээгүй сэн бол асуудал тэднийхээр шийдэгдэх байсныг үгүйсгэхгүй. Мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан.  АН-ынхны тухайд анх удаагаа  Оюутолгой, Тавантолгойн гэрээ хэлэлцээрийг зөв зүйтэй тал руу нь оруулна. Ард түмний мэдэлд шилжүүлнэ гэж нэр дэвшигч нь ярьж эхэллээ. АН, МАН-ынхан офшорыг шалгах хэрэгтэй хэмээн дуугарлаа.  

Үүнийг нь МАН ажил хэрэг болгож, өрсөлдөгчийнхөө офшор дансыг сурвалжилж ирээд л  олон нийтэд дэлгэлээ. Энэ бүх сэдэв бол МАХН-ын гаргаж  тавьсан санаа төдийгүй бидний цаашид баримтлах  байр суурь,  үзэл санаа юм. Иргэд сонгогч та бүхэн  миний хэлсэн бүхнийг эргэж санахыг хүсвэл  дээр дурдсан бүхнийг МАХН санаачилж, түүнийгээ ард түмэндээ  таниулахыг хичээсэн. 

Хүссэн хүсээгүй МАН, АН үнэнд гүйцэгдсэн. Хүссэн хүсээгүй  энэ хоёр нам МАХН-ын  гаргаж тавьсан үзэл санааг хэрэгжүүлэх болно. Тэр хэрээр МАХН хүчирхэгжиж, хатуужна.  Янз бүрийн сорилт бэрхшээлийг даван туулах л байх. Янз бүрийн явуулга муу муухайтай зөндөө учирлаа. Эцсийн үр дүн  ард түмэн МАХН-ыг дэмжиж, бидний талд зогсож байгаа юм байна гэдгийг бид мэдэрсэн явдал.  

Нөгөөтээгүүр, МАХН хэний ч нөлөөнд,  ямар ч мөнгөний нөлөөнд автаагүй.  Хэрэвзээ бид санхүүгийн хувьд хөл дээрээ боссон, санхүүжилт сайтай байсан сан бол 50+1 хэмжээний санал авах байсан байж мэднэ. Ийм хэмжээний сонгууль болж өнгөрлөө гэж ойлгож байгаа.

-Хөдөө, орон нутагт олонхын саналыг авна гэдэг цаад утгаараа нэг зүйлийг хэлж байгаа байж мэднэ. Санал хураалтын дүнг дэлгэцээр шууд харуулсан эхний хоёр цагт С.Ганбаатар хоёрт эрэмбэлэгдэж байлаа. Зарим аймагт тасархай байсан. Тэр үед хоёр дахь шатны сонгуулийн талаар ямар гаргалгаа хийж байв, нууц биш бол?   

-Хоёр дахь шатны сонгууль болох нь тодорхой болж ирсэн ч бид эцсийн үр дүнг харна гээд л сууцгааж байсан. Яагаад гэвэл иймэрхүү луйвар анх удаа болж байгаа юм биш шүү дээ.  Ер нь  УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгууль болгоны дараа ийм зүйл болдог шүү дээ.  Энэ удаад ч ялгаагүй. Гагцхүү МАН-ын хийсэн луйвар  бүх хүний нүдэн дээр улаан цайм ил харагдсанд хэргийн учир оршино.

Эл хууль бус үйлдлийг нь ард түмэн ойлгосон байх гэж бодож байна. 2012 оны УИХ-ын сонгуулиар С.Удвал сайд дээр яг ийм зүйл болсон юм. Аймгийн төв дээр нэгээр гараад ирсэн байсан. Дүн гарч, олонхын санал авсан нь тодорхой болоод ирсэн чинь хэдэн сумын саналын дүн ирэхээ больсон. Гэтэл Засаг дарга нь саналын хайрцгаа аваад зугтсан, хар машинаа аваад зугтсан, цахилгаанаа тасалсан хэрэг гарсан. Иймэрхүү арга залиар тэд ялсан байхгүй юу. Шүүхдээд явахаар ялдаг л юм билээ. 

Яг үүнтэй адилхан. Монголын 21 аймагт сонгуулийн дүн гарчхаад байдаг. Баян-Өлгийн 20 хэсгийн хорооны үр дүн гардаггүй. Ховдын Үеч сум бас таг.  Удалгүй санал унших систем гацаад эхэлсэн. Үнэндээ бусад аймгийнх гацсан үед ч ирсээр байсан мөртөө Баян-Өлгийнх огт ирэхээ больчихож байгаа байхгүй юу.

Тэгээд би бүх хүмүүстэй хэлсэн. Маш хурдан, яаралтай гар талоноо ав гэж.  Харамсалтай нь  тэд нар талоныг нь өгөөгүй. Тодруулж хэлбэл, 22:00 цагт бүх санал авах байрууд үйл ажиллагаагаа зогсоогоод хар машинаас талон авах ёстой юм.  

Өнөөдрийг хүртэл нэлээн олон газар машин  гацсан  гээд талоноо өгөхгүй байгаа. Тэгэхээр иймэрхүү зүйл нь  өөрөө  дээрээс зохион байгуулалттай  гэдгийг илчлээд байгаа хэрэг. Магадгүй их мөнгө тараасан, эрх мэдлээр далайлгасан сонгууль болж байгаа нь эхнээсээ тодорхой болж эхэлсэн учраас  сонгуулийн үр дүнг харж байя гэсэн байдлаар  асуудалд хандсан. Хоёр нам ч ялгаагүй. Гэтэл дүн нь өөрчлөгдөөд ирсэн сүүлийн мөчид  МАН ганц хоёр тойргийг барьж байгаад түүндээ зөрүү саналаа шингээсэн.  

Энэ бол  Монгол Улсад хэрэгжиж чаддаг сонгуулийн бохир технологийн нэг л дээ. Харамсалтай нь үүнийг хэн хийдэг вэ гэхээр намууд биш, төрийн алба, сонгуулийн хороо нь хийдэг юм. Өөр боломж байхгүй. Тэр хар машин, программдаа ч байгаа юм биш. Угаасаа сонгуулийг зохион байгуулж байгаа сонгуулийн хэсэг, тойргийн хорооны хүмүүс л хийж байгаа.

Харамсалтай байгаа биз. Монголын төрийн албан хаагчид төрийнхөө сонгуулийг ийн будилуулчхаад юу ч болоогүй юм шиг байгаа нь. Ийм л нөхцөл байдал үүсчихээд  байна.

-Танаас асуух бас нэг зүйл бол нэр дэвшигчдийн дунд зохион байгуулсан халз мэтгэлцээн. Тоглоомын дүрэм эхнээсээ М.Энхболдын талд үйлчилсэн гэх яриа байгаа.  Үүнийг анзаарсан С.Ганбаатар "Сэтгүүлчдийн тавьсан асуулт М.Энхболд бид хоёрт хөнгөн туслаа” хэмээсэн бус уу?

-Би шударга байх ёстой гэдэг үүднээс тайлбар хийе. Би тэнд нь байсан юм. Бас ний нуугүй хэлэхэд, учиргүй сэтгүүлчид илэрхий М.Энхболдод үйлчилсэн гэж бодохгүй байна. Мэтгэлцээн болохоос өмнө гурван намын төлөөлөл болон ажлын хэсгийнхэн бүх асуултыг шүүгээд, хамгийн олон давтагдсан эхний 20 асуултыг авъя гэж тохирсон байсан.  

Гэвч  М.Энхболдод ирсэн 1,000 асуултын  960 нь хувь хүний амьдрал, ар гэртэй нь  холбоотой үлдсэн нь газрын наймаа гэсэн  асуулт ирсэн. Тиймээс  урьд нь ярьж тохирсноороо эхний 20 асуултыг тавьсан хэрэг.

Ямар 60 тэрбумаа 60 удаа асуултай нь биш. Тэгж  хөөрхий амьтныг хэлмэгдүүлж болохгүй.Тэр бол үнэхээр тийм зүйл болсон. Х.Баттулга дээр найман төрлийн их олон асуулт ирсэн. Хүнд ч асуултууд байсан. С.Ганбаатарын тухайд 1,000 асуултынх нь 950 нь сая воноо тайлбарлаач гэсэн байв.

Тэгэхээр М.Энхболд, С.Ганбаатар хоёрын хувьд угаасаа асуух зүйл нь цөөхөн байсан гэж ойлгох хэрэгтэй.  Магнай дарга ч байсан, МАН-ын ажлын хэсгийн дарга ч байсан. Бидний хувьд иргэдийн ирүүлсэн асуултад цензур тавиад яах юм гэсэн байр сууриас хандсан. Тийм л зүйл болсон.

Бид хажууд нь байсан учраас хэвлэл мэдээллээр нөгөө намаа гүтгэж муулаад яах вэ.Үнэндээ М.Энхболд манай Ганбаатар хоёроос өөр асуух зүйл байхгүй л байхгүй юу.  Энэ байдлаа МҮОНРТВ-ийнхэн ард түмэндээ ойлгуулж чадаагүйгээс ийм нөхцөл байдал үүссэн хэрэг. Мэдээж МҮОРТВ-ийнхэн өөрсдөө асуултаа зохиосон бол арай ч тийм муухай асуулт тавихгүй байсан байлгүй.  

Одоо тийм байдалд орсноосоо болоод  ичиж үхэх гэж байгаа биз. МАН-ын өөрсдийнх нь санаачилж зохион байгуулсан арга хэмжээ. Зарчим нь ч тийм байсан.

-Одоо нийгэм МАХН-ын яахыг нэн анхааралтай ажиглаж байгаа нь нууц биш. Та бүхэн ч тавагтай хоолоо бусдад  сул тавиад өгөх бодолгүй байгаа биз. Шүүхэд хандах уу?

-Бид яах вэ, бүх хяналтын үйл ажиллагааг дуусгана. Сонгуулийн хэсэг, тойргийн хороод дээр нэлээд олон будлиан гарсан. Мөнгө тараасан нь  баригдсан. Нотолгоо нь бий. Тэр  бүх будлиануудыг бүх шатны  шүүхийн  байгууллагаар шийдвэрлүүлнэ  гэж бодож байгаа.  

Болсон үйл явдал үнэхээр сонгогчдын саналд нөлөөлөхүйц байвал сонгууль өөрөө дахих ёстой.  Жишээ нь МАН нь юм уу, АН нь юм уу мянгаас  илүү олон  хүнд  мөнгө тараасан байвал тэр нь өөрөө гэмт хэрэг байхгүй юу. Яагаад гэвэл  сонгогчид  манай намд саналаа  өгөх байсан ч юм билүү. Саналын тоо 1,000-аар зөрөхөд л  асуудал тодорхой болно.

Иймэрхүү будлиантай зүйлийг шалгуулна гэж бодож байгаа. Дээрээс нь манай намын эсрэг зохион байгуулалттай муухай пи арыг хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан ард түмэнд цацсан. Яагаав өнөө гаднын хүнтэй холбоотой  50 сая вонны асуудал. Үнэнийг хэлэхэд, энэ хэрэгт багийн найз нь оролцсон байдаг. Тодруулбал, багийн найз нь хандив өгөх нэрээр гаднын хүн дагуулж орж ирээд бичлэг хийгээд гарсан байдаг. 

Ний нуугүй хэлэхэд, үүнийг сонгуулийн үеэр дэлгэхэд  маш  хүнд  туссан. Тэр үед манай хүн ч бусдын захиалсан зүйл болоод өнгөрлөө гэж мэдээд хэрэлдэж, энэ тэр болж чадаагүй гэнэ лээ. Тэгээд бидэнд болсон үйл явдлын талаар ярьж, "Би хэрэлдэж, муудалцаж чадсангүй. Гэхдээ би найздаа итгэж байна. Та нар минь энэ асуудлыг зохицуулж өгөөч” гэсэн. 

Тэгээд ч нөгөө  хоёр хүн  тэр өдрөө онгоцонд суугаад нисчихсэн байдаг. 23-нд шүүх хуралтай гээд ирж байхад  өнөө багийнх нь найз нь Монголд 23-нд ирж байх жишээтэй. Үүнийг бид шалгуулна. Учрыг нь олно гэж бодож байгаа. Энэ бол мянга  байтугай 10, 20, 30, 40 мянган хүний саналд нөлөөлсөн утгагүй явдал. Гэх мэтчилэн ярих  олон юм бий. Эрх барьж байгаа хүчнүүд эрх мэдлээ алдахгүйн төлөө  хэт их улайрч байгаа. Эрх мэдэлд очихын тулд юу ч хийхээ буцахаас больж байгаа юм байна.

Найз нөхдийг нь ашиглаж байна. Гадаадын хүмүүсийг ашиглаж байна. Шүүх цагдаа, хөрөнгө мөнгө ашиглаж байна.  Ер нь байж болох бүх арга залийг зүйлийг хэрэглэж байна. Манай нам иймэрхүү үйл ажиллагаанд харьцангуй бэлтгэлтэй  байсан учраас цаг тухайд нь арга хэмжээ авч,  ямар ч байсан хууль зөрчилгүйгээр бүх асуудлаа цэгцлээд явж ирсэн. 

-Сонгууль дахих нь тодорхой болж, тов нь ч тодорлоо. Магадгүй С.Ганбаатарт саналаа өгсөн сонгогчид одоо М.Энхболдод өгөхийг үгүйсгэхгүй. Эсвэл хэнд ч өгөхгүй гээд хоосон цаас  уншуулж мэднэ. Ийм тохиолдолд улс төрийн хүчнүүд нэгдэн нийлдэг жамтай. МАХН ч үүнээс ангид оршихгүй нь лавтай. Харин хэнтэй гэдэг нь хэн бүхний сонирхол татах нь мэдээж?

-Манай намын нэг онцлог байдаг.  Бид нэр дэвшүүлэхдээ ч хэлж байлаа. Нэг л  зарчмыг барина гэж. Заавал намынхаа даргыг гээд байгаа юм биш. Монголын ард түмэн хэнийг хүсэж  хүлээж байна, түүнийг рейтингийг харж байгаад л  Н.Энхбаяр даргын нэрийг дэвшүүлсэн. Харамсалтай нь СЕХ бүртгээгүй учраас дараагийн хувилбарыг сонгоход хүрсэн. Ард түмний хүсэж байсан дараагийн хүн  нь С.Ганбаатар болж таарсан. 

Тэгээд  л  дэвшүүлсэн. Улс төрийн том хүчний хувьд өөрсдийнхөө, фракц бүлэглэлийнхээ эрх ашиг гэхээс илүүтэй ард түмэнд  хэн хэрэгтэй байгаа юм, тэд юуг хүсээд байгаа юм гэдгийг судалж байж нэр дэвшигчийг тодруулсан.  Гишүүдээсээ ч асуусан.  Аймаг орон нутгийнхаа мянгат,  зуутынхаа хурлын саналыг үндэслэсэн. Албан ёсны хурлуудыг хийсэн.  

Эцсийн бүлэгт хэнийг дэмжих, дэмжихгүй гэдэг нь ард түмний эрхийн асуудал. Ямар ч  шийдвэрийг гаргаж магадгүй.  Харин  миний хувьд ийм луйвар булхайтай сонгуулийг албажуулаад хүчин төгөлдөр болгохгүй гэсэн байр суурьтай байгаа. Ер нь сонгуулийн бүрмөсөн хүчингүй болтол явах  болно  гэж  бодож байна.

-Тэгэхээр таныхаар гуравдагч шатны сонгуулийг зарлах ёстой  байж таарах нь ээ. Тийм тохиолдолд   улс  төрийн намууд  нэр дэвшигчийг шинээр тодруулах ёстой шүү дээ?

-Тийм хэмжээнд очтол нь  бид тэмцэх болно. Чадах ч юм билээ. Яагаад гэвэл ирц хүрэхгүй байж болно. Ирсэн ирцдээ олонхын санал авахгүй байх хэмжээнд  байж болно. Аль ч хувилбараар. Гэхдээ энэ бол  миний хувийн л бодол шүү. Намын хамт олон өөр шийдвэр гаргавал түүнийг  нь дагахаас өөр арга байхгүй. Би хувьдаа юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл бидний  өрсөлдөгчид ард түмний санаа сэтгэлд төдийлөн  нийцээгүй.

Тиймээс гурав дахь шатны сонгууль болох нь тодорхой. Харин  улс төрийн намууд сайн хүнийг олох  ёстой. Бид ч тэр хүртэл нь явах болно. Төрөөс ч зардал их гарна. Намууд ч их зардал гаргана.  Хамгийн чухал нь  зөв хүнээ сонгож гаргаж ирж чадаж гэмээнэ ард түмэн хожно.  Зөв хүн нь л хэрэгтэй байна. Тэгж чадвал түүнээсээ хэд дахин илүү төсвийг бид хэмнэж чадна.

Хэд дахин илүү мөнгийг буцаж офшорчдоос татаж чадна. Хоёр нам  угаасаа илүүдээ гарсан их мөнгөтэй юм  билээ. Тэр бум тэр бумаар нь өөрт нь санал өгөхгүйг мэдсээр байж л  мөнгө тараагаад байсан. Илүү дутуу их ч зардал гаргасан байх. Ер нь тэгээд мөнгөтэй нам хэд ч дахин сонгууль хийхээс айхгүй биз. 

-Өөр асуучхаасай гэж бодож байсан зүйл юу үлдэв?

-Би өмнө нь нэг ярилцлага дээр хэлсэн. Дэндүү уваагүй сонгуулийн сурталчилгаан дунд явж ирлээ, бид.  Хууль зүйн сайд нь яриад байна. Үнэхээр тийм юм бол  түүний хилийн чанадад хадгалсан мөнгийг   Монголд авч ирэх ажлыг яагаад хийхгүй байгаа юм. Яагаад  шүүхэд өгөхгүй байгаа юм. Цагдаад яагаад мэдэгдэхгүй байгаа юм бэ.

С.Ганбаатар гэж хүнийг болохоор  цагдаад өгөөд л баривчлах гэж оролдоод л.  Хэдэн аймаг даган явж, хурал цуглааныг нь  зогсоох гэж оролдоод л. Гэр орноор нь очиж,  эхнэр хүүхдийг нь айлгаад  яваад байдаг юм. Өдөр болгон шүүх дээр дууддаг. 

Мөн АН бусдын гарал үүслээр их тоглолоо. Өнөөдөр Монголд амьдарч байгаа иргэний үнэмлэхтэй  бүх хүүхэд Монгол Улсын иргэн. Тэгэхээр өнөөдөр бид иймэрхүү зүйлээс болж талцаж муудалцаж болохгүй. Үүний эсрэг сурталчилгаа яагаад хийж байгаа юм. Ийм байж яаж  улсын Ерөнхийлөгч болох юм.

Хэзээ нэг цагт Монголд орж ирсэн хүмүүсийг та нар Казахстан руугаа зайлцгаа гэж хөөх  хэрэг үү. Үүнийг яагаад хууль хяналтынхан авч хэлэлцэхгүй байна вэ. Үүнийг авч хэлэлц. Нөгөө талаар М.Энхболд 60 тэрбумын бичлэгийн талаар  цагдаагийн газарт очиж тайлбарлахгүй байгаа юм бэ. Яагаад зөвхөн пиарын аргаар тайлбарлаад байгаа юм бэ. Өөрөө  яагаад шүүхэд  очиж тайлбарлаж болохгүй гэж.  

Цагдаа нар яагаад  М.Энхболд гэдэг хүнийг дуудахгүй байгаа юм. Ингэж ялгавартай хандаж болох юм уу. Тэгэхээр хууль ёс ярьж байвал гурвууланд  нь адилхан хандах ёстой. Дараа нь гурван саяуланд нь шударга хандах ёстой.

Тэгэхгүйгээр бид Монгол Улсад шударга ёс, хууль цааз ярихгүй. Хууль , цагдаагийн байгууллагын ажиллаж байгааг харвал эртний Ромын эзэнт гүрэн нуран унаж байх үеийнх шиг. Эсвэл дундад зууны үеийн Европ шиг язгууртнууд нь нэг хуультай, язгууртан бусууд нь нэг хуультай. Ийм хоёр анги үүсгэсэн гэдгийг  өнөөдөр хууль цагдаагийн байгууллагынхан ард түмэнд  үйлдлээрээ харуулаад байна.

Эх сурвалж: Монголын мэдээ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?