📅

Өртэй ТӨР- өөс мөнгөтэй ТӨР

🕔 2017/05/29 12:11

Өнгөрөгч долоо хоногт манай валютын нөөц 38.6 сая ам.доллар огцом нэмэгдсэн. Энэ бол дотоодын эх үүсвэр, алтны татвараар бүрдсэн орлого биш. Өрний маань өр шүү гэдгийг сануулах хэрэгтэй болж байна. 

 

Өртэй юу, өглөгтөй юу ?

 

Өрийн удирдлагын тухай хуультай болсон улс тийм олон биш.

 

2016 оны гарах үед өрийг өглөг гэж ойлгох тухай хуулийн төсөл хэлэлцүүлж батлахаа алдаж байлаа. 2012 оноос эхлэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн таазыг ил далд нэмэгдүүлсээр 60 хувьд хүргэх тухай хэлэлцэхэд бид халуун цочмог бас эмзэг байжээ. Харин өнөөөдөр манай улсын нийт өрийн хэмжээ 21.5 тэрбум ам.доллар аль хэдийн давсан гэж санхүүгийн шинжээчид мэдэгдэж байхад бид ёстой тоохгүү сууна.  

 

Ингэснээр манай улсын нийт гадаад өр ДНБ-ний 180 хувьд хүрч байгаа юм. 2013 онд "Economist” сайт дээр хамгийн их өрийн дарамтад орсон орны жагсаалтад Монгол маань хоёрдугаарт бичигдэж байсан юм. Тухайн үед манай улсын өмнө Африкийн Зимбабвэ улс бичигдэж байв. Харин үүний дараа 2013-2015 онд хоёрхон жилийн дотор манай төр хур өрөө гурваас илүү хувиар нэмэгдүүлсэн байдаг.

 

Өр ихэдсээр өрцөнд хутга тавиад байгааг ард түмэн мэдрээд ирэх үед энэ чинь өглөг юм шүү дээ гэж нэг гишүүн тайлбарлаад эхэлсэн. Энэ нь зүгээр нэг хошин яриа биш болж сүүлдээ өрийг өглөг болгон сэхээрүүлэх хуулийн төсөл амилж байсан. Яг энэ үед нь  Монгол улс 2016, 2017 онуудад нийт дөрвөн тэрбум гаруй ам.доллар төлөх ёстой” хэмээн гадаадын сэтгүүлүүд мэдэгдэж байлаа. Харин бид өнөөдөр 5.5 тэрбумыг нэмчихээд сууж байна. АН-ын эрх баригчдын асар их өр хаачсан бэ. Ямар газрын хаана байдаг элсэн цөлд  ус болгоод асгаж орхив. Чингис Самурай зэрэг бондын мөнгө зам  бүтээн байгуулалт болж байсан ч ойрын 30 жилдээ бодит эргэлт болохооргүй хөрөнгө оруулалтад  ихэнх хувь нь шингэсэн байв. Мөн том сонгууль ойртох тусам хэзээ ч төлөгдөхгүй ангиллаар буюу улс төрчдийн найзуудын хараа үзээнд бондын тал нь замхарсан гэсэн тоо бааримт хөвөрсөөр байна.

 

Хэн нь хариуцлага хүлээх вэ ?

 

Асар их улс төрчихийн хажуугаар хэт баяжсан буюу эрдсэн улс төрчид хувийн гэмээр амбицаар бодит бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг гацааж байсан гашуун үнэнийг энд онцлон ярих ёстой байх. Гадаад зах зээлд нүүрс ид байх  үед бид их мөнгөний урсгалд нийлүүлэх төмөр замаа барьж чадаагүй. Эхлээд тавих хэрэгтэй хэрэггүй гэж хоорондоо заамдалцаад дараа нь өргөн нарийн цариг, дайны аюул ярьж бие биенийгээ айлгаж тоглосон. Энэ үед буугаар биш мөнгө хүчирхэг санхүүгээр үзэлцдэг болсон жинхэнэ дайны фронтын ард үлдчихсэн. Одоо болтол хар тамхичин болох шахсан жолоочдын арми бүрдүүлж, Луугийн амруу хүрзээр нүүрс шидсээр суугаа энэ онигоо бол Монголын улс төрчдийн том хэнээрхэл, атаа жөтөөний оргил цагийн том балаг юм.   АН төр барих үед эрх тэгш байх тухай тунхаг яригдаж, ил тод шудрага ёсны алхмууд хийгдэж байсан ч эдийн засгийн тал дээр бол хар тамхи шахах мэт аяг үзүүлж байсан.  Үнэ тогтворжуулах гэж асар их бэлэн мөнгийг хэвлэн зах зээлд нийлүүлж байснаар  ам доллар хэд дахин үржиж, ханшийн зөрүү хаданд  гарсан. Бүтээн байгуулалтын сүрт сурталчилгаа явуулж мөнгөөр бульдаж сайхан харагдуулж байсан. Сонгууль дуусахад  их өрийн ард бид цоорхой төсөвтэй үлдлээ гэж дараагийн нам уйлагнасан.

 

МАН засаг аваад бүх булхайг эрх барьж байсан хүчинд тохоод эхэлсэн ч огт гар цэвэр байгаагүй гэдгийг олон нийт багцаална. Хөгжлийн банкны хөнжлийг сөхөж олон булхай, араар тавилтыг нь илчилсэн боловч үнэндээ ихэнх зээлийг нь  төрийн нэр дээр  цайруулаад жинхэнэ өглөг болгох тохироо хийгээд аргаллаа.  Үндсэндээ ДНБ-ний 80 хувьд хүрсэн өрийн ихэнхийг эрх баригчдын ивээлд байх компаниуд авсан боловч үүнийг нь тэдэнд өглөг болгон үлдээлээ. Хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Харин ч шууд буруутнууд ташаа тулж дараагийн шатанд сонгуульд нэр дэвших гавьяатай гэж нам дотроо ана мана өрсөлдөхийг харахад  үнэхээр цайрсаныг харуулна. 

 

Өрөө өглөгөөр хэрхэн төлөх вэ ?

 

Итгэлт баяны энгийн ухаанаар ч энэ их мөнгө зээл хөлдүү хөрөнгө оруулалт болж царцах учиргүй гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Макро эдийн засгаа дэмжиж, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үр дүнтэй төслүүдэд мөнгө хаявал ажлын байр нэмэгдэж иргэдийн амьжиргаа илт дээшлээд ирэх наад захын өөрчлөлтийг иргэд хүлээж байна. Бизнесийн орчинд саарыг тоочвол олон хэвээр. Татварын орчин хүнд байгаа. Өртэй байхад татварт хатуу талдаа бодлого үргэлжлэх нь тодорхой.

 

Өртэй шүү гэдгийг өглөө бүр сануулах нь...

 

ОУВС-гийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдсанаар ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилт буюу нийт 5.5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт авна гэдгийг бараг бүх ТВ сайтаар бахархан  ярих болсон байгаа нь харамсалтай. Бид өрөндөө дэндүү дасжээ. БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр орчим тэрбум ам.долларын өртөгтэй своп хэлэлцээр энэ зээлийн багцад багтаж байна. Үүний цаана 3.5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад хандивлагч орнуудаас авахаар нийлээд 5.5 тэрбум  ам доллар багц өр бий болжээ.  

 

Гэтэл Энэтхэг улсаас ирэх тэрбум орчим дүнтэй зээлийг газрын тос олборлоход оруулах булхай маягийн төлөвлөгөө яригдаж байна. Ингээд л самарч эхэлдэг. Ямарч тооцоо судалгаа шинжилгээнд тулгуурладаггүй. Газрын тосны үлгэр буюу өөрсдөө шатахуунаар хангах тухай энэ үлгэр авилгажсаар удсан ба мөнгө угаах дэд салбар болсоор ирсэн.  Нэг дарга нь улс төрийн дайны золиос болж хилс хэрэгт орж амиа алдаж  байсан. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат энгэрээ тосоор будсанаас хойш тав дахь Ерөнхийлөгч тодрох гэж байдаг. Гэтэл  Монгол А-92 больё  гэхэд А-76 хаана байна. 

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Засгийн газар, Монголбанк хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсноос хойш Хөгжлийн банкны бондыг шийдвэрлэснээс зээлжих зэрэглэл Caa1 тогтвортой болон сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг уналтаас өсөлт рүү шилжиж, эдийн засагт ногоон гэрэл ассан гэсэн үг" хэмээн мэдээлсэн.  Арай гэж асаасан ногоон гэрлээ улаан болгохдоо манай улс төрчид гарамгай гэдгийг шулуухан зөвшөөрөх ёстой. Орж ирэх зээлийн мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөөд илүү гарсан мөнгөөр юу хийх вэ гэж сэтгүүлчид хөөрцөгдөн асуух болж. Бидний өмнө асуулт ганцхан байгаа. Энэ их өрөө төлөх сууриа яаж тавих вэ ...

 

Өрөө  хэрхэн төлөх вэ? гэсэн энэ асуултыг мөнхийн асуулт болгочихгүй байх сүүлчийн боломж энэ цагт эрх баригч МАН-ын гарт байгааг дахин сануулья. . Өртэй төрөөс өөдлөх үү, хөгжих үү гэсэн  асуултын агуулга огтхон ч өөрчлөгдөөгүй хуучнаараа үлдсэн....

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Эх сурвалж: Shuud.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?