📅

Яллагдагч Ерөнхийлөгчтэй болох уу

🕔 2017/05/24 16:03

 

Яллагдагч Ерөнхийлөгчтэй болох ууМонгол төрийн босго өндөр. Гэтэл энэ босгыг улсад онц их хэмжээний хохирол учруулсан, төсвийн хөрөнгөнөөс завшсан гэх хэрэгт яллагдагчаар татагдаж байсан хүн давахаар нэр дэвшчихсэн явж байна.

Үүнийг гаднынхан ч хэлж ярьж, бичсээр байна. Ядаж л Монгол Улсын Ерөнхийлөгч нь нэр цэвэр хүн баймаар. Бид ч гэсэн нэр цэвэр хүмүүс нэр дэвшихийг харж, тэндээс сонголтоо хиймээр байна. Тэгтэл хуулийн байгууллагаас Төмөр замын хэрэгт сэжигтэн биш бүр яллагдагчаар татагдаж байсан Х.Баттулга нэр дэвшжээ. Түүнийг ч гэсэн нэр дэвшүүлж л байдаг.

Адаглаад энэ төр захиргааны байгууллагууд нэр цэвэр, хуулийн байгууллагаар шалгагдаагүй, сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй хүнийг нэр дэвшүүлж, ард түмнээ хүндэтгэдэг болмоор. Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болно л доо, гэхдээ эхлээд хуулийн байгууллагаас түүнийг төмөр замын хэрэгт холбогдолгүй гэдгийг албан ёсоор олон нийтэд мэдэгдэх ёстой, эсвэл тийм бичиг авч байж Х.Баттулга нэрээ дэвшүүлэх учиртай. Эс бөгөөс Х.Баттулга Ерөнхийлөгч болчихлоо гэхэд дараа нь түүнийг Төмөр замын хэрэгт холбоотой байжээ, улсаас их хэмжээний хөрөнгө хулгайлжээ гэж тогтоовол гэмт хэрэгтэн Ерөнхийлөгчтэй болох уу. Энэ ёстой дэлхийн шившиг болох бус уу.

Эсвэл Ерөнхийлөгчийн албан тушаалаа ашиглаж өөрийг нь шалгах үйл явцад саад учруулж, хэргийг хаах уу. Дээрээс нь Х.Баттулгыг Зам тээврийн сайдаар ажиллаж байхад доор нь ажиллаж хулгай хийсэн гэх хэрэгт нэр холбогдсон Б.Батзаяа, Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарын нөхдүүд хилийн чанадаас ирж Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж хэрхэн хулгай хийж гадаад уруу зугтдаг талаар зөвлөх үү. Багаар бодоход л тэдэнд ийм албан тушаал оногдоно. Ихээр бодоход газрын дарга, эсвэл аль нэг оронд Элчин сайдаар томилогдоно. Шинэ төмөр зам төслөөс бусадтайгаа нийлж насаараа идэх мөнгө завшсан гэх Ч.Ганбат АНУ уруу, П.Бат-Эрдэнэ Австрали уруу зугтаагаад алга болсон. Ч.Ганбатын хувьд бүр АНУ-ын иргэн болсон гэх мэдээлэл байдаг. Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарын нөхдүүдийг Монголын төрийг доромжиллоо гэж Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хэлсэн байдаг. Тэгвэл Монголын төрөөс гадна Монголын хууль хяналтын байгууллагыг доромжилсон тэд Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдвол эргэн ирж, өөрсдийнхөө буруугүйг нотлохоор анаж суугаа гэх. Тэгээд нэртэйгээр нь Ч.Ганбат АНУ дахь Элчин сайд, П.Бат-Эрдэнэ Австрали дахь Элчин сайд болох биз.

Манайд ийм жишээ байж л байна. Оюутолгойгоос хулгай хийсэн гэх хэрэгт нэр холбогдсон С.Баяр АНУ уруу зугтаж, одоо Англи дахь Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдчихсон явна. Тэгээд "би эх орондоо авлигын эзэн нь” хэмээн улаан цагаан англичуудын өмнө өөрийгөө гайхуулаад явж байна. Төмөр замын хэрэгт олон тоо яригддаг ч 740 сая ам.доллар гэх тоо хамгийн их яригддаг. Тэгвэл ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн 200 гаруйхан км төмөр зам тавих дээрх төслөөс бидэнд юу үлдэв, харья.

Нэг ч км төмөр зам бариагүй, овоолсон шороонууд л үлджээ. Бас Өмнөд Солонгосын "Самсунг” гэх хуурамч компанитай хуйвалдаж, энэ компаниар гүйцэтгүүлнэ хэмээн төсвийн хөрөнгийг гадагш нь шилжүүлж, тэнд нь хэд хувааж эргүүлэн Монгол уруу оруулж ирэн мөнгө угаасан гэх сэжиг, үүнийг шалгаж буй үйл явц, шалгалтад саад болсон улстөржилт л байна. Мөн цөөн тооны улстөрч, тэдний гар хөл бологсод мөнгийг ингэж хуваан өөрсдийнхөө данс уруу шилжүүлэн авсан гэх хэргээ шалгуулахгүйгээр гадагшаа зугтсан. Харин Х.Баттулгын "хөл гар нь тушаатай” хүүхэдтэй, нөхөртэй, нялх биетэй эмэгтэй туслахууд нь Монголдоо үлдэж шалгагдсан байдаг.

Мэдээж энэ хэрэгт нэр холбогдсон "акулууд” болох Х.Баттулга, А.Гансүх нар яллагдагчаар татагдсан ч тухайн үед өндөр тушаал, ар талаа ашиглан уснаас хуурай гарсан. Гэхдээ хэрэг хуучраагүй, хуучрах ч үгүй, дахин сөхөгдөнө. Энэ хэргээс Х.Баттулга УИХ-ын гишүүнээс гадна МоАХ-ын дарга /МоАХ тухайн үед Засгийн газарт дөрвөн сайд, Байнгын хороонд хоёр даргын албан тушаал эзэмшиж байв/-ын албан тушаалаараа түрүү барьж өөрийгөө өмгөөлүүлж чадсан бол Зам тээврийн сайд асан А.Гансүх УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын ахлах зөвлөх гэсэн албан тушаалаараа "амьд гарсан”.

Санаж байгаа бол нөгөө Баянголын үймээн дээр ирсэн нөхдүүд шүү дээ. Бас дөрвөн сайдаа татна хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэмээх "утсан хүүхэлдэйтэй” Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагахаар шантаажилж мэдэгдэл хийж байсан нөхдүүд. Тодруулбал:

Хууль зүйн сайд Д.Дорлигжав

Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн

Зам тээврийн сайд М.Зоригт

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг

Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан

Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракцийн эдгээр эрхмүүдээс Д.Дорлигжав, Л.Пүрэвсүрэн нар Ерөнхийлөгчтэй тун ойр байдаг. Мөн Хууль зүйн сайдын зүгээс Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг ЦЕГ-ын дарга Р.Чингист нэлээд хатуухан бичиг явуулж байж Х.Баттулгыг шалгах ажлыг зогсоосон байдаг.

Ингэхдээ Р.Чингисийг "МСS”-ийн хүн. Ж.Оджаргалын заавраар ажиллаж байна гэх зэргээр улстөржихийг үзүүлж өгсөн. Үнэндээ улстөрчид бүгд л хулгай хийдэг. Харин хулгайн хэмжээ хязгаарыг Х.Баттулга нарын нөхдүүд давав уу гэлтэй Ардчилсан намынхан хүртэл Х.Баттулгыгаа ад шоо үзэж эхэлсэн. Эцэст нь, нийгмийг доргиосон энэхүү төмөр замын хэргээс улбаалж Х.Баттулга, Ц.Элбэгдоржтой дайтаж эхэлсэн.

Удалгүй дайн ч намжиж, төмөр замын хэрэг Ц.Элбэгдоржийн үед шийдэгдэхгүй нь тодорхой болсон. Харин одоо Х.Баттулга Ерөнхийлөгч болбол Ц.Элбэгдоржоос "өшөө авах” байх гэх таамгийг зарим хүмүүс битүүхэндээ дэвшүүлээд байна. Магадгүй энэ үйл явц Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг "яасантай” адил байж болох юм. Ингээд бодохоор "Яллагдагч Ерөнхийлөгч” яллагч Ерөнхийлөгч болчих ч юмшиг. Ерөөсөө манайд Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэн нэгнээс улстөрийн өшөө авдаг, хэн нэгнийг айлгадаг зүйл болон тогтчих вий дээ.

Төгс   

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?