📅

Эхнээсээ хил даваад зугтаад эхэлбэл яах вэ

🕔 2016/07/07 13:21

 

Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэдэг. Тэгвэл үнэн зүйлийг мянган удаа худал хэлж өөрийнхөө зөв болгож олон нийтийн толгойг эргүүлсэн улстөрийн соёлгүй, увайгүй улстөрчидтэй тийм нийгэмд бид бүхэн амьдарч байна. Хууль хяналтын байгууллагаас гэм буруутайг нь хөдлөшгүй баримтаар тогтоочихоод байхад үгүйсгэдэг, танил талаараа аргалуулдаг, хэрэгсэхгүй болгодог, ард иргэдийн толгойг эргүүлдэг ийм хэдэн улстөрчдөөс энэ сонгуулиар нэлээд хэдээс нь ангижирч чадлаа. Нөгөө талаас эрх мэдэл, албан тушаалдаа эрдэж байнга энэ хоёртойгоо явах юм шиг санаж улсад онц их хэмжээний хохирол учруулагсад болон түүний тойрон хүрээлэгчид өдгөө үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж явна.

Улсаас хулгайлсан мөнгөөр хэчнээн нэр хүндтэй, том телевиз, сонин худалдан авч, хэчнээн ч хөлсний бичээчдээр өөрийгөө өмгөөлүүлсэн ч гэм буруутай л бол заавал илчлэгдэнэ. Ер нь манайд албан тушаалыг мөнгөөр худалдаж авдаг, авсан хойноо ард түмнийхээ төлөө ажиллах бус шууд мөнгө хийх ажилдаа ордог, тэгээд шалгагдаад ирэхлээрээ хил даван зугтдаг, асуудал намжихаар буцаж ирдэг жишиг тогтоод байна. "Оффшорын загалмайлсан эцэг” гэгддэг С.Баярцогтын хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэх нь эргэлзээтэй байхад нэр дэвшиж чадахгүй бол АНУ уруу сурахаар явна гэнэ лээ хэмээх сураг ажиг Төрийн ордноор эргэлдэж, Оюу Толгойн гэрээнээс хувь хүртсэн гэгддэг, өнгөрсөн дөрвөн жилийг гаднын орнуудад өнгөрүүлсэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт энэ сонгуулийн өмнө "ичээ”-нээсээ гарч ирэн нэр дэвшихээр багагүй мөнгө цацаж эхэлсэн ч түүнийг буруутгасан олон нийтийн ой санамж арилаагүй байснаас эргээд далд орчихов.

 

Оргон зайлсан гэх А.Гансүх энэ долоо хоногтоо багтаж Монголд ирнэ гэв


Тэгвэл сүүлийн жилүүд дэх хамгийн том луйврын хэрэг болон бүртгэгдээд буй Шинэ төмөр замын хэрэгт нэр холбогдсон Зам тээврийн яамны сайд асан А.Гансүхийн талаар өчигдрөөс эхлэн ноцтой мэдээлэл гарч эхэлсэн түүнийг "Сонгуулийн маргааш буюу 6 сарын 30-нд хил даван зугтсан тухай” мэдээлэл байв. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх "Ухаахудаг-Гашуунсухайт”-ын чиглэлийн төмөр замын төсөлд нэр холбогдсон хамгийн том хүмүүс нь УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн сайд асан Х.Баттулга болон УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх, Зам тээврийн сайд асан А.Гансүх нар юм.

Тэднийг шалгаж, сэжигтнээр татсан энэ дээрх хэрэг өнгөрсөн жилжингээ шуугисан ч энэ хэрэгт нэр холбогдсон 10 гаруй хүнээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн ТУЗ-ын дарга асан Б.Батзаяа л зөвхөн саатуулагдаж хэдэн сар хоригдсон болоод эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсанаар түр зуур намжаад байсан юм. Б.Батзаяагийн хувьд Х.Баттулгын хүн гэгддэг бөгөөд үүнийгээ ч Б.Батзаяа хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгвэл Б.Батзаяаг баривчлагдсан дуулианаар Шинэ төмөр зам төсөл дээр ажиллаж байсан Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нар хил даван зугтаж, өдийг хүртэл тэднийг ИНтерполоор эрэн сурвалжлуулж байна. Ч.Ганбатын хувьд Шинэ төмөр замын төсөлд Зам тээврийн сайд Х.Баттулгын удирдлага дор өөрийн "Либерти Партнерс” компаниараа оролцсон бөгөөд улсын хөрөнгө завшсан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.

Харин П.Бат-Эрдэнэ хувьд "Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд мөн л улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. Гэхдээ Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг энэхүү хэргийн зөвхөн "жараахайнууд” гэдэг бөгөөд тэднийг хилийн чанадаас барьж ирснээр жинхэнэ цаад эзэд, акулуудыг нь барьж чадна хэмээн хуулийнхан харж буй. Мэдээж тэдгээр эздийг шалгах, саатуулахад эрх баригч намын улстөрийн нөлөөлөл их байсныг энд тэмдэглэх нь зүйтэй. Харин эрх мэдэл, ар талгүй болсон А.Гансүхийг "Оргон зайлсан нь үнэн. Эрлийн ажиллагаа явуулж байгаа. 2016 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор хил давсан гэх мэдээлэл байна.

А.Гансүхийг улсад онц их хэмжээний хохирол учруулсан, бусадтай бүлэглэн авлига авсан хэрэгт сэжиглэн шалгаад яллагдагчаар татан, хил гарах эрхийг нь хааж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлэх гэж байхад нь хил давчихлаа гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгөөд эхэлсний дараа А.Гансүх хилийн чанадаас өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Хэвлэлээр дахиад л гүтгэлгийн мэдээлэл тараагаад эхэлжээ. Тайлбар хийе. Өмнө нь ч бас ташаа мэдээлэл их тараасан. "Хил гарахыг хориглосон л гэнэ, гарах гэж байхад нь зогсоожээ л гэнэ" гэх мэтээр... Би албан томилолтоор ОХУ, АНУ-д ажиллаж байна. Мөн энэ томилолтын хүрээнд Израйль улс руу очих ёстой. Тухай бүр хуулийн дагуу холбогдох хуулийн байгууллагад мэдэгдээдявдаг. Одоо ч гэсэн шалгалт хийж байгаа АТГ болон байцаагчид хаашаа, ямар ажлаар явж байгаагаа албан ёсоор мэдэгдэж, томилолтын тушаалыг хавсарган хүргүүлсэн. Тэд миний хаана байгааг мэдэж байгаа. Энэ долоо хоногт багтаж Монголд очино гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Надад эх орноосоо зугтах шаардлага, шалтгаан байхгүй. Тэгээд ч тулааны талбарт нөхдөө хаяад бүр ч зугтахгүй” гэж мэдэгдсэн байна.

Одоо түүнийг эргэж ирэх эсэхийг харах л үлдэж байх шиг. Нөгөө талаас А.Гансүх үнэхээр хил даван зугтвал Шинэ төмөр замын хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн байдал улам хүндэрнэ. Ямартай ч А.Гансүхийн хувьд төмөр замын хэрэгт нэр холбогдсон хоёр дахь том хүн бөгөөд тэрбээр оргон зайлвал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ хэрэгт нэр холбогдсон бусад хүмүүсийгээ тулааны талбарт орхиод явсан үйлдэл болох юм. Эцэст нь, засаг солигдсоноор энэ мэт томоохон дүнтэй, "идэж уусан" хэмээгддэг асуудлуудын үнэн зөвийг тогтоож, Монгол Улсын эрх ашгийн төлөө хийгдсэн ажлууд байдаг юм бол түүнийг нь ялгаж салгаж, нэрийг нь цэвэрлэж авах нь зүйтэй юм шиг. Тухайлбал, дээрх дурдсан Төмөр замын төсөл, Оюу Толгойн далд уурхайн гэрээ, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн гэрээ, гадаад улсаас зээлсэн олон тэрбум ам.долларууд, бондууд, Таван толгойн хувьцаа, мөнгө хэвлэлт, гэр хорооллын дахин төлөвлөлт, хөөрөгдсөн төсөвтэй бүтээн байгуулалт, оффшор гээд асуудал зөндөө байна.     

 
Төгс

http://undesten.mn/index.php?newsid=9437

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?