📅

Венесуэльд олон нийтийн эсэргүүцэл намжаагүй байна

🕔 2017/05/09 17:17

Венесуэльд олон нийтийн эсэргүүцэл намжаагүй байна

 

Өмнөд Америкийн Венесуэль улсад Засгийн газрын эсрэг олон нийтийн эсэргүүцлийн давалгаа намжаагүй байна. Ерөнхийлөгчөө албан тушаалаасаа огцрохыг шаардаж, төр засгийн бодлогын эсрэг хийж байгаа ард түмний жагсаал цуглаан сүүлийн нэг сарын хугацаанд тасралтгүй боллоо. Эсэргүүцлийн жагсаалын үеэр амь үрэгдсэн хүний тоо 38 болж өссөн, гэмтэж шархадсан хүний тоо 750-д хүрчээ.

Өчигдөр л гэхэд нийслэл Каракас хотын төв рүү жагсагчид орохыг завдаж, тэднийг Боливирын Үндэсний цагдаагийн хүчнийхэн нулимс асгаруулагч хий, даралттай ус ашиглан зогсоосон байна. Энэ үеэр 60 гаруй хүн гэмтэж бэртсэн гэж Каракас хотын захиргаанаас мэдээлжээ.

Жагсагчид Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Үндсэн хуулийн ассамблей байгуулах шийдвэрийг үгүйсгэж байгаагаа илэрхийлсэн өргөдөл гаргажээ. Мадурогийн байгуулсан Үндсэн хуулийн ассамблей нь өнгөрсөн долоо хоногт шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулахыг шаардсан юм.

Венесуэлийн дээд шүүх конгрессынхоо өмнөх эрх мэдлийг хязгаарлах шийдвэр гаргасан нь тус улсын ард түмнээс төдийгүй олон улсаас шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч, улмаар олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн эхлэхэд хүргэсэн юм. Ард түмэн нь гудамж талбайд эсэргүүцлээ илэрхийлж байх зуур Венесуэлийн Ерөнхийлөгчийн ордонд Мадурогийн Засгийн газар үндсэн хуулийн ассамблейг ямар зарчмаар ажиллуулах талаар улс төрийн болон шашны удирдлагуудтай уулзалт хийж байна.

Гэвч тус улсын сөрөг хүчний удирдлагууд уг уулзалтад оролцохоос татгалзаж, Ерөнхийлөгч Мадурод олон нийтийн саналыг асуухгүйгээр Үндсэн хуулийг өөрчлөх эрх мэдэл байхгүй гэсэн байр сууринаас эсэргүүцэж байна.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?