📅

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

🕔 2017/05/03 12:32

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

Эрхэм сэтгүүлчид ээ,

Хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтнууд аа,

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Та бүхэндээ Монгол Улсын Их  Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин  сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, үзгэн хөлөг тань  шандастай байхын ерөөл өргөе.

        Чөлөөт хэвлэлийг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, шударга ёсны дуу хоолой болох,  иргэн түмний нийтлэг эрх ашгийг төлөөлөх, буруу  бусармаг бүхнийг илчлэн тэмцэхийн төлөөх  сэтгүүлчийн ажил үйлсийн зам мөр бартаатай  хэрнээ бахархалтай.

Энэ аян сэтгүүлч Танаас ихээхэн тэвчээр  хатуужил, зориг зүрх, мэдлэг ухаан, үл шантрах  тууштай чанарыг шаарддаг. Тэр хэрээр  сэтгүүлчийн хөдөлмөрийг даяар олноор дээдлэн  хүндэлдэг билээ.

Хэдийгээр чөлөөт сэтгүүлч, төр засаг хоёр  найзлан нөхөрлөх учиргүй гэсэн нийтлэг зарчим  байдаг ч засаглалын байгууллагуудын бодлого, шийдвэрийг түмэн олонд хүргэх зууч нь, төрийн хоймор, гал голомт цэвэр тунгалаг байхын нэгэн дархлаа нь чөлөөт сэтгүүл зүй, хараат бус сэтгүүлч гарцаагүй мөн.

Энэ утгаараа Та бүхэн төр, засгийн дотнын нөхөр нь, гашуун боловч үнэнийг ил хэлдэг үнэнч туслагч нь билээ.

ЮНЕСКО-гоос 2017 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг "Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь: Тайван, шударга, бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал амаргүй бэрхшээлтэй байна. Уналтыг зогсоох, улмаар тогтворжуулах, цаашдын өсөлтийг хангах, иргэдийнхээ амьжиргааг өөд татахын төлөө бид хичээн чармайж байна.

Чухамхүү "эгзэгтэй энэ цаг мөчид” монгол хүн бүр эрүүл саруул ухаанаар хүлээц тэвчээртэй байж, эв нэгдэл, ойлголцол зөвшилцөл, нийгмийн тогтвортой байдлыг эрхэмлэх нь нэн чухал байна.

Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг, нөлөө онцгой ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж хэлье.

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал иргэдийнхээ үнэнийг мэдэх эрх, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, чөлөөт хэвлэлийн түгээмэл зарчмууд жинхэнэ утгаараа төлөвших эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр цөөнгүй хууль, тогтоол батлан гаргасан билээ. Энэ чиглэлээр цаашид хийх зүйл бидэнд их бий.

Тиймээс эдгээр болон бусад асуудлаар сэтгүүлчдийнхээ санаа бодлыг сонсох, хэлэлцэн зөвшилцөх, хамтран ажиллахад бид ямагт бэлэн байх болно.

"Эрх чөлөөт сэтгэлийн мөн чанар нь иргэний зориг, үнэн шударга үг мөн” гэдэг билээ. Энэ үг сэтгүүлч та бүхэнд илүү хамаатай гэж би боддог.

Тиймээс эрх чөлөөт сэтгэлийн гүнд урган соёолсон иргэний, хариуцлагатай сэтгүүл зүйн үр жимс улам улмаар дэлгэрэх болтугай гэж ерөөе.

Монголынхоо өчигдөр, өнөөдөр, маргаашийн үнэн түүхийг үгээр, үзгээр туурвин бичих, эрүүл нийгмийг бүтээн цогцлоох үйлс тань ямагт бүтэмж төгс байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?