Төрөл арилжсан АН
Таван намын нэгдлээр бий болсон Ардчилсан нам 17 дахь жилийнхээ цикл дээр нэгэн шинэчлэлийн давалгаа өрнүүлэх болов. Машинаар бол мотор, тос, дугуй гээд бүгдийг нь шинээр сольж буй мэт. Түүхэндээ анх удаа нийт гишүүдээсээ сонгогдсон гэх автортой намын дарга С.Эрдэнэ үүнийг "Ардчилсан нам бодлогын нам, институци болж өөрчлөгдөж байна. Үүгээрээ бусад улс төрийн намуудад өндөр босго, сайн жишиг тогтоож өглөө. Санхүүгийн хувьд ч нээлттэй ил тод болж байна.
Өмнө нь дэнчин хураамж, хандив татвар бүгд нууц байсан. Хэн нь хэндээ хэдийг өгөөд байгаа нь ч мэдэгдэхгүй. Тийм л байсан. Өнөөдөр намын бүх шатны сонгуульд нэр дэвшиж байгаа гишүүдийн дэнчин, хураамж, гишүүдийн татвар намын дансанд төвлөрч байгаа. Өөрөөр хэлбэл. бүх орлого зарлага гишүүдэд төдийгүй олон нийтэд нээлттэй болсон. Ардчилсан нам бодлогын төвшинд шинэчлэгдэж, санхүүгийн хувьд шилэн болж байна.
Үр дүнд нь нам, намын гишүүд цөөн тооны олигархи хөрөнгөтнүүдээс салж, тэднээс хараат байдлаас гарч чадлаа. Энэ бол маш том ололт гэж харж байна. Түүнчлэн санхүүгийн эрх чөлөөтэй байна гэдэг Ардчиллыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломжоор хангагдлаа гэсэн үг” хэмээн үе үе тодотгох болов. Гэвч С.Эрдэнэ даргын үг, АН-д өрнүүлж буй "аварга том” шинэчлэл нийт гишүүдийнх нь биш нэгээхэн хэсэг бүлэг хүний дунд явах болсоор удаж байна.
АН-ын даргын сайрхаж ярих дуртай санхүүгийн ил тод байдал нь ч намын бус нэг хүний данс руу орж эхэлсэн үү гэсэн эргэлзээ, хардлага гишүүдийнх нь дунд гарч эхлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, АН шилэн байшинд нүүж орсноос биш шилэн болж чадсангүй. Жишээ нь, намын даргын сунгаанд оролцсон таван нэр дэвшигчийн тушаасан тэрбум 250 сая төгрөгийн зарцуулалтын задаргаа өнөөг хэр нь ил болсонгүй. Саналын эрхтэйгээр оролцсон 180 мянган гишүүний хураамжийг ч хаагуур, яаж шингээсэн нь тодорхойгүй байна.
Үүнтэй холбогдуулж АН-ын дарга С.Эрдэнэ бусад дөрвөн нэр дэвшигчээс хураасан мөнгөө жирийн гишүүдэд буцаан тараах замаар сонгогдсон гэх бодит хардлага дотоод уур амьсгалд нь хэдийнэ бий болж эхэлжээ. Хамгийн сонирхолтой нь, АН-ын даргын анхны шийдвэрээр зохион байгуулсан дотоод сонгуулийн үеэр хураасан татвар, дэнчингийн мөнгийг намын бус хувь хүний нэр дээрх дансанд төвлөрүүлсэн нь нийт гишүүдийнх нь эгдүүцлийг төрүүлэх болжээ.
АН-ын дотоод сонгуулийн хүрээнд нийслэл, аймаг, дүүргийн намын даргад 52, Үндэсний бодлогын хороонд 511 эрхэм бүртгүүлж өрсөлдсөн билээ. Эндээс зөвхөн татвар, дэнчингээс төвлөрүүлсэн мөнгө нь 10.3 тэрбум төгрөг болсон байдаг. Үүн дээр нэр дэвшигчдийн сонгуульдаа зарцуулсан мөнгийг оруулж тооцвол хэд дахин өссөн тоо гарах нь мэдээж. Хачирхалтай нь, татвар, дэнчингээс төвлөрүүлсэн мөнгийг юунд зарцуулсан нь олон нийт тэр дундаа намын гишүүдэд нь хаалттай хэвээр байна. Гэвч АН-ын дарга С.Эрдэнэ "АН-ын татвар, дэнчин гээд бүх тооцоо баримт ил байгаа. Одоогоор дэнчингийн мөнгө хэчнээн төгрөг болсон талаар тооцоо хэлж мэдэхгүй байна. Өнөөдөр шилэн данс гэж яриад байгаа боловч эрх баригч нам нь төрийн бүх шатанд хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Эрх барьж байгаа нам нь өөрөө хаалттай байна. Энэ тохиолдолд ганцхан АН шилэн байх ёстой гэж ярьж болохгүй” хэмээн гэдийсээр буй нь хачирхалтай. Оны өмнө өрнөсөн намын даргын төлөөх сунгааны үеэр таван нэр дэвшигч нь хоорондоо үзэлцэж, дээгүүрээ гар барин тэврэлдэвч доогуураа өшиглөлцсөн. Тэрнийхээ бурууг сүүлдээ тэс хөндлөнгийн МАН руу хүртэл чихэж, МАН-ынхны явуулга гэж тайлбарлаж байсантай агаар нэг зүйлийг АН-ын дарга нь ийн ярьсан хэрэг. Харин энэ удаад дотоод сонгууль тойрсон хэрүүл маргаанаа МАН-д шууд тохож чадахгүй л байна. Нөгөө талаар зарим нэр дэвшигчийг ялалт байгуулсны дараа саналын хуудсыг нь дахин тоолж өрсөлдөгчид нь шилжүүлсэн тухай шүүмжлэл одоо ч тасраагүй байна. Намын гишүүний батлахгүй хүмүүсээр санал өгүүлсэн, зарим хүнд хоёр саналын хуудас давхар өгч санал өгүүлсэн гэх мэтээр АН-ын дотоод сонгууль булхай, луйвар одоо ч үргэлжилж байгаа нь энэ.
Дээрээс нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг "Сунгаагаар тодруулна. Ардчилсан нам гшпүүдээсээ асуух зарчмаас ухрахгүй” хэмээн хатуу мэдэгдэж байсан С.Эрдэнэ дарга түрүүчээсээ үнэнд гүйцэгдэж эхлэв. Шинээр бүрэлдсэн тэр дундаа "Шонхор” фракцын төлөөллийг "арвилжуулсан” Үндэсний бодлогын хороо нь хэзээ хурлаа хийх тодорхойгүй яваа. Тиймдээ ч сунгаа явуулахгүйгээр нэр дэвших сонирхолтой хүмүүсээ олон нийтэд өөрсдийгөө зарла гэх боловсон болзол тавьж эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Хажуугаар нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах шинэ журмыг Дүрмийн ажлын хэсгээс боловсруулж буй ч үүнд нь бүх гишүүдээсээ асууна гэсэн заалт байхгүй аж. Сонгуулийн хуульд ч энэ талаар хориотой заалт бий учир Ардчилсан нам шинэ гарц гаргалгаа олж чадаагүй явна. Тиймээс С.Эрдэнэ дарга 21 аймгаа дахин тойрч ажиллан, гишүүдийнхээ санал бодлыг сонсох төдийхнөөр өнгөлөн далдлалт хийх болов. Нөгөө талаар намын дотоод сонгуульд ялалт байгуулсан аймаг, сум, багийн үүрийн дарга нараа батламжилж яваа гэсэн тайлбарыг намын хэвлэлийн албанаас нь өгч буй.
Эдгээр үйл явдлаас харахад намын даргаа өөрчлөхөөс эхэлсэн АН-ын шинэчлэл бүтэц бүрэлдэхүүн, төсөв санхүү талаасаа төрөл арилжих хэмжээнд явжээ. Өөрөөр хэлбэл, "Шонхор” фракцид харьяалалтай явсан эрхмүүд Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүнд 100 хувь сонгогдсоноос өөрөөр шинэчлэл явсангүй. Хамгийн гол нь, шинэчлэгдэж буй гэх малгай зүүх болсон АН-д жирийн гишүүдийн төлөөлөл бус мөнгөтэй нь л хүч түрж, эрх мэдлийн хуваарилалтад оржээ. Арав хүрэхгүй хоногийн өмнө АН-ынхан төрсөн өдрөө нижгэр тэмдэглэсэн. Тэгэхэд АН-ын дарга С.Эрдэнэ "Манай нам цөөн тооны олигархиудаасаа салж санаа амарлаа” хэмээн тунхаглаж байсан удаатай. Гэвч шинэчлэл нэрийн дор хөрөнгө, мөнгөний эрэмбэ зааж, босго тогтоох замаар бодитоор нь олигархи, бэл бэнчинтэй гишүүдийн төлөөллөөр анхан, дунд шатны намын дарга, Үндэсний бодлогын хороогоо бүрдүүлснийг нь С.Эрдэнэ даргын шинэчлэл гэж хэлэхэд бэрх. Намын даргад нэр дэвшигчид нь мөнгөнийхөө хүчээр намын гишүүдээ хайрцаглаж, фракцлахын хажуугаар, хатуу гишүүнчлэлтэй бүртгэл хийж эхэлсэн нь намаа шинэчлэх бус дарга болох өрсөлдөөнийг л эхлүүлсэн нь нууц биш. АН-ын барилга нь шилэн болсноос бус бүтэц бүрэлдэхүүн, төсөв санхүү үнэндээ шилэн болсонгүй. Эсрэгээрээ С.Эрдэнэ даргыг тойрон хүрээлэгчдийн тугаа хатгадаг, намируулдаг оргил л болжээ.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/