📅

Оффшорын хуулийг одоо л батлах хэрэгтэй. Гэхдээ...

🕔 2017/04/05 10:36

Оффшорын хуулийг одоо л батлах хэрэгтэй. Гэхдээ...

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт оффшорын талаар баримталж буй байр сууриа хэвлэлээр дамжуулан дайв. Тэрбээр "Монгол Улс хэдий хэмжээний татвар төлөгдөхгүй оффшор бүсээр дамжаад байгааг, хэдий хэмжээний хууль бус мөнгө тэдгээр бүс нутагт байршиж байгааг тогтоох болно. Олон улсын валютын сангаас 52 улс, бүс нутгийг оффшор бүс гэж зарласан байдаг юм. Үүнд үндэслэж Засгийн газар оффшор бүсэд ийм улс орнууд, энэ бүс нутаг хамаарна гэдгийг тодорхойлж гаргана. Хууль батлагдсаны дараа Монголын төр оффшор бүсэд хувьцаа данс эзэмшиж байгаа болон хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгөө нуусан, авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүсийг тодорхой хугацааны дотор ийм мөнгөө улсдаа яаралтай оруулж ир гэдэг шаардлага тавина. Гурван сарын дотор оффшор бүсэд хадгалсан, байршуулсан хөрөнгөө 30 хоногийн дотор ходбогдох байгууллагад мэдүүлэх үүрэгтэй байхаар хуулийн төсөлд тусгасан. Ингээд байхад мөнгөө оруулж ирэхгүй бол тэдэнд төрийн хуулийн төмөр буулга ямар байдгийг үзүүлэхээс өөр арга байхгүй. Тэдний энд тэндэхийн оффшор бүсэд нуусан хөрөнгө мөнгийг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд илрүүлж, хүчээр хураан авах бодно” гэв.

 

Харин арлын Японоос Гималайн нурууны өвөр бэл дэх Бангладеш Улс хүртэл албан айчлал хийсэн УИХ-ын дарга М.Энхболд эх орондоо ирсэн даруйдаа цахим хуудсаараа дамжуулан "Оффшор данстай хүн монгол төрийн албанд ажиллахгүй байхаар хуульчилна. Төрийн албаны мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлнэ” хэмээн мэдэгдэв. Хууль тогтоох байгууллагын хоёр ч өндөр албан тушаалтан шил шилээ даран зүгээр ч нэг байр сууриа илэрхийлж мэдэгдэл хийгээгүй нь лав. Харин Оюутолгой хэмээх мөлжих ганц сэдэвтэй явсан улстөрчид оффшор гэсэн нэг томъёог Монголын хөрсөн дээр буулгахаар хэрэндээ хичээж явааг битүүхэндээ илэрхийлсэн нь энэ байх.

 

Үнэхээр ч оффшор гэхээр зөвхөн УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг онилдог, ярьдаг, чичилдэг байсан үетэй харьцуулахад одоо цаг өөр болсон. Учир нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс УИХ-ын сонгуулийн өмнө Панамын оффшор бүсэд данс эзэмшдэг эрхмүүдийг ил болгоход манай нөлөө бүхий улстөрчид холбогдсон нь нийгмийн чиг хандлагыг өөрчилж, С.Баярцогт ба бусад гэсэн ойлголтыг төрүүлэх болсон. Тэгэхэд оффшорт нэр ходбогдсон улстөрчдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх тухай яриа өдөлсөн ч газар авч чадаагүй.

Харин сонгуулийн үр дүнгээр МАН УИХ-д олонхи болж Засгийн газраа эмхэлсний дараа оффшорыг хязгаарлах сэдэл дахин өдөлсөн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульдаа гар хүрэхэд хүргээд байна. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар төрийн албан хаагч ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд данс эзэмшихийг хориглож, энэ тохиолдолд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх заалт оруулаад байв. Мөн Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг төрийн 38 мянган албан хаагчаас гадна тэдний ар гэрийнхэн оффшор бүсэд данс, хөрөнгө, хувьцаа эзэмших эрхийг хуулиар хязгаарлах байлаа. Байлаа гэсний учир нь 38 мянган албан хаагчийн тоо 300 болж буурахын зэрэгцээ оффшортой тэмцэх уг хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцүүлгийн шатандаа бүдгэрсээр намрын чуулгантай хамт "өндөрлөсөн”.

 

Өнөөдөр хөшгөө нээх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд ч энэ асуудлыг тусгаагүй нь оффшортой тэмцэх улс төрийн зориг одоогийн УИХ-д бий юү гэсэн эргэлзээг нийгэмд төрүүлж эхлээд байх шиг. Гэхдээ УИХ-ын дарга М.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нар оффшорын асуудлыг цэгцлэхээ, хуульчлахаа хэн хэн нь амласан учир нийгэм хийгээд улс төрийн хүрээнд хамгийн их хүлээлт үүсгэсэн хуулийн төсөл хаврын чуулганаар урагшлах нь ээ. Гагцхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө үү, хойно уу гэдэг нь хууль санаачлагчид болон парламентын төвшинд шийдэхээр болж байна. Нөгөөтэйгүүр, оффшорын эсрэг хуулийг энэ сард багтаан шийдвэрлэхгүй шаардлага бидний өмнө ирээд байна. Учир нь, ирэх тав, зургадугаар cap бол бүхэлдээ Ерөнхийлөгчийн сонгуулиар амьсгалах үе.

 

Намууд нэр дэвшигчдээ тодруулахаас эхлээд нийгмийн анхаарал бүхэлдээ тийш төвлөрөх хэрэг. Олон нийтийн анхаарлыг суларсан үед оффшорын хуулийг хуурайгаар нь зүтгүүлдэггүй л юм бол энэ асуудалд хариуцлагатай хандах, хамгийн тохиромжтой үе нь дөрөвдүгээр буюу энэ cap гэсэн үг. Хууль зүй, дотоод хэргийн сайд ОУВС-гаас зарласан 52 улс, бүс нутагт үндэслэн Монгол Улс оффшор бүсийг тодорхойлж гаргахаа онцолсон. ОУВС-гийн хувьд Африк, Ази, Номхон далай, Европ, Ойрхи Дорнодоос 52 бүс, нутгийг оффшор бүс хэмээн зарласан байдаг аж. Ингэхдээ оффшор бүсгүй болон зөвшөөрөгдсөн, тодорхой хязгаарлалтай хэмээн гурван ангилалд хамруулжээ. Ингэхдээ Ази, Номхон далайн бүс нутагт Хонгконг, Макао, Филиппин, Тайланд, Сингапур зэрэг улсыг багтаасан байна. Харин Их Британи, Люксембург, Лихтенштэйн, Нидерланд, Швейцарь Улсыг Европын бүс нутагт оруулсан байна. Эдгээрээс бидэнд хамгийн танил улс нь Хонгконг, Швейцарь, Нидерланд, Люксембург, Их Британи. Мөн өнгөрсөн оноос олон нийтийн анхаарлын төвд орж ирсэн Панамын бүс.

 

Тэгэхээр ОУВС-гаас зарласан 52 улс, бүс нутагт үндэслэж оффшор бүс нутгийг тодорхойлж гаргах салбарын сайдын үг үнэн л юм бол дээрх улс орнуудыг хамаатуулах нь мэдээж. Өөрөөр хэлбэл, Xoнконг, Макао, Тайланд, Сингапур, Их Британи, Люксембург, Лихтенштэйн, Нидерланд, Швейцарийг Монгол Улс оффшор бүс нутгийн хэмжээнд авч үзэж, хуульдаа тусгана гэсэн үг. Гэхдээ Их Британи, Швейцарь, Люксембург, Нидерланд зэрэг улстай "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, давхар татвараас чөлөөлөх” тухай хэлэлцээр байгуулсан байдаг учраас оффшор бүс нутгаас Монголд оруулж буй хөрөнгө оруулалтыг давхар татварт хамруулахдаггүй юм билээ.

 

Харин Тайланд, Сингапур, Xoнконг, Макао, Филиппин Улстай ямар нэгэн хэлэлцээр байхгүй учраас оффшор бүс нутгаар зарлах нь тодорхой. Гэхдээ энд нэг асуудал байна. Тэр нь дэлхийн санхүүгийн томоохон төв болох Хонконг болон Макаог оффшор бүс нуггаар тогиоож, хуульчлах нь зөв үү. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, цаг үеийн шаардлагаар оффшорчидтэй тэмцэх, хуулиар зохицуулах нь зүйн хэрэг байх. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь ч энэ Засгийн газар, УИХ, МАН-ын үүрэг. Гэхдээ Хонконг, Макаогийн хувьд Хятадын засаг захиргааны онцгой бүс гэж явдаг. Дээрээс нь, Монголын уул уурхайн хэд хэдэн томоохон компаниуд Хонгконгийн бирж, толгой компаниуд нь оффшор бүсэд бүртгэлтэй явдаг.

 

Тэгэхээр оффшор тойрсон асуудлыг хэдхэн хүний хүрээнд холбогдох хуульдаа өөрчлөлт оруулаад шиндвэрчих асуудал биш бололтой. Харин Төрийн албан тухай болон бусад хуульд тогтоомжид нарийвчлан тусгах нь эргээд хуулийн хэрэгжилтэд хэрэгтэй болов уу. Хуулийн өөрчлөлтэй холбогдуулж Төрийн албаны тухай оруулж буй нэмэлт өөрчлөлтөөр төрийн албан хаагчийн төрд ажиллах хугацааг тав хүртэлх жилээр хязгаарлаж байгаа юм билээ. Мөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй бол хуулийн хариуцлага хүлээлгэж оффшор данс дахь мөнгийг нь улсын орлого болгох, албан тушаалаас нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах ажээ.


С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?