📅

Бүртгэл нэрээр ЭЕШ байтугай төгсөх шалгалтаа өгөөгүй хүүхдүүдээс мөнгө хураах нь зөв үү

🕔 2017/03/31 10:12

 

Бүртгэл нэрээр ЭЕШ байтугай төгсөх шалгалтаа өгөөгүй хүүхдүүдээс мөнгө хураах нь зөв үү

 

"МУИС-ийн бүртгэл ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэнэ" гэх мэдээлэл энэ жил их, дээд сургуульд элсэх элсэгчид болон, тэдгээрийн эцэг эхчүүдийг багагүй бухимдуулж байна. Тодруулбал, ЭЕШ-ын дүн, оноо гарсны дараа л их, дээд сургуулиуд элсэгчдээ, оноо тэнцэх хүүхдээ бүртгэдэг байсан жишгийг өнөөдөр олон хүн үгүйлж байна. Учир нь дүн оноогоо мэдсэн хүүхдүүд аль сургуульд элсэх боломжтойгоо мэдэж авдгаас гадна олон сургуульд бүртгүүлж хий дэмий мөнгө үрдэггүй байсан болохоор тэр.

 

Урьд жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээ мэдэж, оноогоо барьсан хүүхэд өөрийгөө ямар сургуульд орох болзол хангасныг мэдэж, тэндээсээ л өөрийнхөө дуртай мэргэжлийн анги байгаа эсэхийг хайж очдог, бүртгүүлдэг байсан. Гэтэл үүнийг өөрчлөн ЭЕШ-аас өмнө, аль хавраас сургуулиуд элсэгчдээ бүртгэдэг болгосон нь иргэдийг багагүй бухимдуулдаг. Энэ жилийн хувьд МУИС салхи хагалж тавдугаар сараас өөрийнхөө сургуульд элсэх сонирхолтой хүүхдүүдийг бүртгэхээ зарласан.

 

"Сургуульд элсэх сонирхолтой хүүхдүүдийг” гэхийн учир нь тавдугаар сарын 1-нд хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалт байтугай, ЕБС төгсөх шалгалтаа ч өгөөгүй байх юм. Зөвхөн МУИС гэлтгүй тавдугаар сар гараад л ихэнх сургуулиуд ар араасаа залгаад элсэхийг хүсэгчдээ бүртгэж эхлэнэ. Харин дараа нь бүртгэсэн хүүхдүүдээ ЭЕШ-ын оноогоор жагсааж тэнцсэн, буюу өөрийн нь сургуулийн тогтоосон босго оноог давсан хүүхдүүдийг авдаг. Гэвч элсэгчдийн шалгалтын оноо, дүн нь долдугаар сарын 1-нд гарч, батламжийг нь долдугаар сарын 3-ны дотор тараах учир хэн хэдэн оноо авахаа мэдэхгүй болохоор хүүхдүүд боломжтой гэсэн бүхий л хувилбарыг эрэлхийлэн олон сургуульд бүртгүүлдэг. Ухаандаа нэг сургуулийнх нь босго оноонд хүрэхгүй бол нөгөөд нь орчих магадлалтай гэсэндээ тэр.

 

Хэдийгээр 12 жил суралцаж ерөнхий эрдмийн мэдлэг эзэмшсэн ч гэсэн хүүхдүүд "далдыг хардаг далай лам” биш болохоор ЭЕШ-д ямар шалгууртай юу ирж, өөрөө ямар дүн авахаа мэдэхгүй тул ёстой л "юмыг яаж мэдэхэв” гээд өндөр нам оноотой өөр өөр хэд хэдэн сургуульд бүртгүүлж бүртгэлийн хураамжаар эцэг эхээ шаналгаж эхэлдэг. Ингээд л айл өрхийн эдийн засаг, мөнгөний яриа гараад ирнэ. Сургууль тус бүрийн бүртгэлийн хураамж өөр өөр байгаа ч дунджаар 10-15 мянгын хооронд байдаг. Тэгэхээр дунджаар нэг сурагч дөрвөн сургуульд бүртгүүлнэ гэж тооцоход л багагүй мөнгө гарах нь тодорхой. Харамсалтай нь, оноо нь хүрээгүй юм уу, өөр нэгэнд нь элсэхээр боллоо гэхэд энэ мөнгийг эргүүлж өгөхгүй гэдгээ сургуулиуд хэдийнэ зарлачихсан. Оноо нь хүрлээ ч гэсэн тухайн сургуульд бүртгүүлсэн, оноо нь хүрсэн олон хүүхэд байвал бас оноогоор жагсааж өрсөлдөнө. Ингээд тэнцэхгүй бол бүртгүүлсэн мөнгөөрөө хохироод л үлдэнэ. Уг нь биднийг төгсөж байх үед, ЭЕШ-ын дүн, оноо гарсны дараа л их, дээд сургуулиуд элсэгчдээ, оноо тэнцэх хүүхдээ бүртгээд, элдэв хэл ам гарахгүй, эцэг эрчүүдэд дарамт үүсэхгүй болоод л байдаг байсан. Учир нь дүн оноогоо мэдсэн хүүхдүүд аль сургуульд элсэх боломжтойгоо мэдэж авдгаас гадна олон сургуульд бүртгүүлж хий дэмий мөнгө үрдэггүй байсан болохоор тэр.

Энэ талаар бид зарим эцэг эхчүүдийн сэтгэгдлийг сонссон юм.

 

БЗД-ийн иргэн А.Сувд:

-Манай охин энэ жил сургуулиа төгсөнө. Өнгөрсөн жил манай хүү төгссөн. Тэр үед л би их сургууль бүртгэл нэрээр эцэг эхчүүдийг "шулдаг" юм байна гэдгийг ойлгосон. Энэ асуудлыг боловсролын яам шийдэх хэрэгтэй байна. Хамгийн гол нь мөнгө л олох зорилготой. Тэртэй, тэргүй элсэлтээ авах нь тодорхой байтал бүртгэл нэрээр мөнгө хүүлж байна. Ялангуяа МУИС.

 

СБД-ийн иргэн н.Ганхуяг:

- Өнөөдөр монголын боловсролын систем дампуурч байна.Та бүхний муулаад байдаг социализмын үед хэрэгцээгээ харгалзаж элсэлтийн хувиар хийдэг байсан бол одоо гарах зардлаа тооцоод түүнийгээ нэг хүүхдээс авах төлбөртөө хуваагаад хэдэн хүн элсүүлэхээ шийддэг болж. Яам нь энэ асуудлыг анхааралдаа авч зарим мөнгө олох луйврыг зохицуулмаар юм. Зүгээр сууж байгаад л 10 мянган төгрөгөө хууль бусаар өгөөд байж болохгүй шүү дээ. Юу ч зохицуулж хийдэггүй юм бол яамаар яах юм бэ. Сайд л хүртэл сургуулиуд өөрөө мэднэ гээд л энэ хэдэн их сургууль бүр давраад захирагдахгүй юмгүй дэндүү байх юм.

 

 

Т.Гэрэл

http://www.zaluu.com/read/104f5e28a



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?